| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 188/2019/1131/Э |
| Дугаар | 123 |
| Огноо | 2020-01-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.3., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 123
С.Б-, Д.Б- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Ганчимэг,
хохирогч Л.Дондог,
шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат,
шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч П.А-,
нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Л.Баатар, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1134 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат, шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч П.А- нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.Б-, Д.Б- нарт холбогдох эрүүгийн 1808010420330 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1. С.Б-, 1979 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,
- Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 223 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 514 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
2. Д.Б-, 1979 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Жавхлант Орд” ХХК-д операторч ажилтай байсан, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
С.Б- нь дангаараа 1 удаагийн үйлдлээр:
1. 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12/Б байрны 8-320 тоотод оршин суух иргэн Д.Алтансүхийн гэрт хууль бусаар нэвтэрч, 3 үе дамжсан улаан шүрэн толгойтой хөөрөг, алтан нуухтай, мөнгөн халбагатай, халтар манан хөөрөг, их гарын цагаан шүрэн хөөрөг, 8 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг алтан гинж, 1 ширхэг монетон гинж, 2 ширхэг монетон бөгж, 2 ширхэг монетон ээмэг, 1 ширхэг нэг нүдний дуран, цагаан мөнгө, бэлэн 200.000 төгрөг зэргийг хулгайлан авч, нийт 13.250.500 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор дугуйн лапатик төмрийг зэвсгийн чанартайгаар хэрэглэж, иргэн Б.Жаргалбаярын эзэмшлийн “Toyota Axio” загварын, 50-57 УНҮ улсын дугаартай автомашиныг ашиглаж үйлдсэн,
С.Б-, Д.Б- нар бүлэглэн 5 удаагийн үйлдлээр:
1. 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 52/Б байрны 10 тоотод оршин суух иргэн Л.Дондогийн гэрт хууль бусаар нэвтэрч, бэлэн 55.900 ам.доллар, 10.000.000 төгрөг, 17 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг алтан бөгж, 1 ширхэг монетон бөгж зэргийг хулгайлан авч, нийт 153.606.780 төгрөгийн буюу ноцтой хохирол учруулсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор дугуйн лапатик төмрийг зэвсгийн чанартайгаар хэрэглэж, иргэн Б.Отгонбаярын эзэмшлийн “Toyota Prius-30 загварын, 73-27 УНК улсын дугаартай автомашиныг ашиглаж үйлдсэн,
2. 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 41 дүгээр байрны 90 тоотод оршин суух иргэн Д.Адарсүрэнгийн гэрт хууль бусаар нэвтэрч, 9 ширхэг мөнгөн аяга, хос монетон бөгж зэргийг хулгайлан авч, нийт 4.133.200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор дугуйн лапатик төмрийг зэвсгийн чанартайгаар хэрэглэж, иргэн Б.Жаргалбаярын эзэмшлийн “Toyota Axio” загварын, 50-57 УНҮ улсын дугаартай автомашиныг ашиглаж үйлдсэн,
3. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 53 дугаар байрны 13 тоотод оршин суух иргэн Э.Янжиндуламын гэрт хууль бусаар нэвтэрч, бэлэн 630.000 төгрөг, дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, даваа толгойтой алтан бүрмэл нуухтай, ясан халбагатай хөөрөгний толгой зэргийг хулгайлан авч, нийт 1.430.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
4. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 53 дугаар байрны 9 тоотод оршин суух иргэн Б.Одонмаагийн гэрт хууль бусаар нэвтэрч, 1 ширхэг монетон гинж, 2 хос монетон ээмэг, 1 хос алмазан шигтгээтэй монетон ээмэг, 1 ширхэг алмазан шигтгээтэй монетон бөгж, 2 ширхэг монетон бөгж, 1 ширхэг “Swarovski” шигтгээтэй том бөгж, 5 өнгийн “Swarovski” шигтгээтэй цагаан алтан хос ээмэг гинж, кулон хосоороо, бэлэн 60.000 төгрөг зэргийг хулгайлан авч, нийт 6.959.150 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
5. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 53 дугаар байрны 12 тоотод оршин суух иргэн Д.Дуламын гэрт хууль бусаар нэвтэрч, 1 ширхэг их гарын мөнгөн аяга, 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг бага гарын мөнгөн аяга зэрэг нийт 5 ширхэг мөнгөн аягыг хулгайлан авч, 666.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор Б.Отгонбаярын эзэмшлийн “Toyota Prius” загварын, 73-28 УНК улсын дугаартай автомашиныг ашиглаж үйлдсэн гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалт болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч С.Б-ыг дангаараа болон бүлэглэж, шүүгдэгч Д.Б-ийг бүлэглэж хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, машин механизм ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар С.Б-ыг 8 жилийн хорих ялаар, Д.Б-ийг 7 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Б-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, Д.Б-ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, шүүгдэгч нарын тус бүр цагдан хоригдсон 63 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч нар хохирогч Д.Адарсүрэнд төлөх төлбөргүйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Б-аас 89.356.317 төгрөг гаргуулан хохирогч Д.Алтансүхэд 8.576.500 төгрөгийг, Л.Дондогт 76.803.390 төгрөгийг, Э.Янжиндуламд 715.000 төгрөгийг, Б.Одонмаад 2.928.427 төгрөгийг, Д.Дуламд 333.000 төгрөгийг, Д.Б-оос 80.779.817 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Дондогт 76.803.390 төгрөгийг, Э.Янжиндуламд 715.000 төгрөгийг, Б.Одонмаад 2.928.427 төгрөгийг, Д.Дуламд 333.000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Янжиндулам, Б.Одонмаа, Д.Дулам нар нь хаалга шинээр худалдан авсан гэх зардлаа, хохирогч Д.Алтансүх нь шинжээчийн ажлын хөлс төлсөн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 50-57 УНҮ улсын дугаартай, “Toyota Axio” загварын автомашины үнэ болох 7.505.000 төгрөгөөс 5.253.500 төгрөгийг С.Б-аас, 2.251.500 төгрөгийг Д.Б-оос, 73-28 УНК улсын дугаартай “Toyota Prius” загварын автомашины үнэ болох 10.117.500 төгрөгийг С.Б-, Д.Б- нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгож, шүүгдэгч нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон, тэдэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Б- гаргасан давж заалдах гомдолдоо: “...миний бие Б-ын хамт хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ айлуудын гадаа хүн харж зогсдог байсан бөгөөд айлууд руу нэг ч удаа орж байгаагүй. Б- нь дотогш ганцаараа нэвтэрч эд зүйлс хулгайлж аваад гарч ирдэг байсан. Заримдаа энэ айлд юм алга гээд гарч ирдэг байсан. Б-ын ямар айлаас юу юу хулгайлсныг нүдээр үзэж хараагүй учраас мэдэхгүй байна. Хохирогч нарын алдагдсан эд зүйлсийг Б- сайн мэдэж байгаа. Б- нь Дондог гэх айлаас 4 боодол 100 ам.доллар, 4 боодол 20.000 төгрөгийн дэвсгэртүүд авч гарч ирээд надад 2 боодол 100 ам.доллар, 2 боодол 20.000 төгрөгийн дэвсгэртүүд өгсөн. Би Б-аас салж яваад тоолж үзэхэд 2 боодол 100 ам.долларын дэвсгэрт нь 16.000 ам.доллар, 2 боодол 20.000 төгрөгийн дэвсгэрт нь 4.000.000 төгрөг байсан. Гэтэл хохирогч Дондог нь нийт 55.900 ам.доллар, 10.000.000 төгрөг байсан гэж нийт 153.606.780 төгрөг нэхэмжилснийг шүүх бид хоёрт хувь тэнцүүлж хувааж, надаас 76.803.390 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн хохирогч Адарсүрэн, Одонмаа, Янжиндулам, Дулам нарын гэрээс Б- нь нэг удаа 3 ширхэг мөнгөн аяга, нэг удаа 4 ширхэг мөнгөн аяга тус тус авч гарч ирсэн. Бусад айлд юу ч байхгүй байна гэж хэлж байсан. Тэгээд 4 ширхэг мөнгөн аягыг нь 160.000 төгрөгөөр, 3 ширхэг мөнгөн аягыг нь 80.000 төгрөгөөр худалдан борлуулж, тэнцүү хувааж авсан. Үүнийг Б- мэдэж байгаа. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгвөл миний бие нь бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулахад бэлэн байна. ...” гэжээ.
Шүүгдэгч С.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч Алтансүх, Дондог, Одонмаа, Адарсүрэн нарын гэрээс эд хөрөнгө хулгайлснаа үнэн зөвөөр мэдүүлсэн. Хохирогч Алтансүхэд учруулсан хохирлоос 5.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдсэн хохирлоо төлж барагдуулах болно. Хохирогч Адарсүрэнд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Хохирогч Дондогт учруулсан хохирлыг төлж барагдуулах гэсэн боловч тэрээр хохирлын хэмжээгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд үнийн дүнгээ нэмэгдүүлсэн байдаг. Би түүнд “Toyota Land Cruiser 100” загварын автомашинаа өгье гэхэд авахгүй гэсэн. Б- бид хоёр хохирогч Одонмаагийн гэрээс хулгайлсан эд хөрөнгийн үнэлгээг дахин хийлгүүлэхэд 3.150.000 төгрөг гарсан. Үүнийг төлөхөд бэлэн байна. Гэтэл хохирогч Одонмаа хохирлын хэмжээгээ 10.000.000 төгрөг болгож нэмсэн учир бид хоёр төлж чадахгүй байгаа. Би өндөр настай, хэвтэрт байдаг эх, авто ослын улмаас татаж унадаг болсон эхнэр, насанд хүрээгүй хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг. Өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, хохирогч нараас чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Иймээс надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Б.Эрдэнэбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглээгүй. Энэ хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн эрэгтэй ялтны хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт хүндэвтэр гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 5 жил хүртэл хугацаатай байхаар зааж өгсөн. Миний үйлчлүүлэгч Б- нь 2002 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байхад буюу 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хохирогч Дондогийн орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байдаг. Иймээс 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хууль буцаан хэрэглэх зарчмыг баримтлан Б-д оногдуулсан хорих ялын хэмжээг 5 жилийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү. Түүнчлэн шүүгдэгч нар хохирогч Дондогийн гэрээс 40.000 ам.доллар, 8.000.000 төгрөг авснаа тууштай мэдүүлдэг. Гэтэл хохирогч Дондог нь алдагдсан гэх мөнгөнийхээ хэмжээг 55.900 ам доллар, 10.000.000 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Хохирогч Одонмаагийн гэрээс алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ 3.150.000 төгрөгөөр тогтоогдсон байхад тэрээр хохирлын хэмжээгээ 10.000.000 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл хохирлын хэмжээг буруу тогтоосноос ялын хэмжээ өөрчлөгдсөн. Мөн анхан шатны шүүх улсын яллагчаас гаргасан ялын саналыг харгалзалгүйгээр хохирогчийн саналыг харгалзан шүүгдэгч нарт хүнд ял оногдуулсан. Иймээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч П.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч Б- үйлдсэн хэргээ анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж ирсэн. Энэ нь мөрдөн байцаалтын явцад хохирлоо төлсөн, төлөх оролдлого хийсэн, төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлаас зэргээс харагдана. Анхан шатны шүүх түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн байдаг. Хохирогч Дондог нь алдагдсан гэх мөнгөнийхээ хэмжээг 61.500 ам.доллар, 16.000.000 төгрөг эсхүл 55.900 ам доллар, 10.000.000 төгрөг гэх зэргээр зөрүүтэй мэдүүлж байсан. Харин шүүгдэгч Б-, Б- нар 40.000 ам.доллар, 8.000.000 төгрөг байсан талаар тууштай мэдүүлдэг. Гэмт хэрэг гарах цаг хугацаанд хохирогч Дондогийн хэлж байгаа мөнгө түүнд байсан эсэхийг нотолсон баримт хэрэгт байхгүй. Бусад хохирогч нарын хувьд ч мөн адил алдагдсан зүйл нь яг байсан эсэхийг нотолсон баримт байхгүй бөгөөд хохирлын үнэлгээ зөрүүтэй гарсан. Нөгөөтээгүүр үнэлгээнүүдийн хамгийн өндөр үнийн дүнг сонгон хохирлыг бодсон нь буруу болсон. Хохирлын тооцоо, үнэлгээг зөв тогтоосон тохиолдолд хохирлыг барагдуулах боломжтой. Түүнчлэн анхан шатны шүүх улсын яллагчийн гаргасан 5 жил 8 сарын хорих ялын саналыг үл харгалзан шүүгдэгч Б-ид 7 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Улсын яллагчийн саналыг харгалзахгүй юм бол шүүх хуралдаанд ялын санал оруулах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгчид хэргийн болон бусад нөхцөл байдалтай тохироогүй хүнд ял оногдуулсан тул оногдуулсан хорих ялын хэмжээг бууруулж эсхүл хохирлын тооцоог зөв тогтоох үүднээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзвэл улсын яллагчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан ялын саналыг харгалзан шүүгдэгч Б-ид оногдуулсан ялаас хасаж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Л.Дондог тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б-ын хувьд урьд нь 3 удаа хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан. Одоогийн байдлаар шүүгдэгч Б-, Б- нар нь 5-6 удаа хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна. Илэрсэн хэрэг нь л энэ. Үүний цаана хичнээн ч гэр бүлийг хохироосныг хэлж мэдэхгүй байна. Зээ охин маань энэ хоёр хүнийг таниагүй бол манай хэрэг замхрах байсан. Таньсан тулдаа энэ хэрэг илэрсэн. Ийм учраас шүүгдэгч нарыг тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын дээд хэмжээ болох 8 жилийн хорих ялаар шийтгэж, нэг өдөр ч гэсэн олон нийтээс тусгаарлаж, бусдыг хохироохгүй байгаасай гэсэн үүднээс хэлсэн. Шүүгдэгч Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэдгээр 12 жилийн хорих ял эдлэх боломжтой гэдгийг давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлмээр байна. Өмгөөлөгч А- нь миний үйлчлүүлэгч анхнаасаа зөв мэлзэж байгаа мэтээр ярьж байна. Анхнаасаа л адилхан мэлзээд байх юм бол зөв болчихдог гэсэн ойлголттой байгаад харамсаж байна. Мөн намайг удаа дараа хохирлын хэмжээгээ буруу мэдүүлсэн гэж байна. Анхны өдөр хулгай гарсны дараа би шоконд орсон. Юу болсон, яасан эсэхээ ч мэдэхээ больсон. Миний биеийн байдал хүнд байсан. Тэр үед 61.500 ам.доллар, 16.000.000 төгрөг байсан юм шиг санагдаж байсан. Сүүлд нь тайвшраад 2, 3 хоногийн дараа тооцоогоо хийж үзэхэд 55.900 ам.доллар, 10.000.000 төгрөг, 17 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг алтан бөгж, 1 ширхэг монетон бөгж алга болсныг тогтоосон. Хохирлын тооцоог бодитой гаргасан. Ер нь 40.000 ам.доллар эсхүл 55.000 ам.доллар байсан эсэхэд ялгаа байна уу. Ялгаагүй л их хэмжээний хохирол биш үү. Иймэрхүү байдлаар тооны араас хөөцөлдөж хүний толгой эргүүлэх гээд байгаад нь харамсаж байна. Өмгөөлөгч нар хуулиа мэдэж ярих хэрэгтэй гэж бодож байна. Миний хохирлын хэмжээнээс хасуулахаар “Toyota Land Cruiser 105” загварын автомашин үзүүлсэн. Шүүгдэгч нар өөрсдөө 20.000.000 гаруй төгрөг болно гэж үнэлдэг. Би тэр автомашиныг үзэхдээ ченж залуу дагуулж очсон. Тэгэхэд “1999 оны автомашин, авах юм байхгүй, асаж байгаа нь л их юм, мотороос нь тос гоожсон, арам нь хугархай, бүхээг нь сэг болсон, 5.000.000 төгрөгөөс яагаад ч хэтрэхгүй” гэж хэлсэн. Тэгээд 5.000.000 төгрөгийн автомашин өгчихөөд миний хэргийг хааж өгөөч ээ гэсэн хүсэлт тавьж байсан. Иймээс би үүнийг хүлээн зөвшөөрөөгүй юм.” гэв.
Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргүүд нь 2015 оны Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байгаа тул 2002 оны Эрүүгийн хуулийг хольж хэрэглэх үндэслэлгүй. Нийт 6 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн байдаг. Анхан шатны шүүхээс яллах дүгнэлтэд дурдсан хохирлын хэмжээг харин ч шүүгдэгчид ашигтайгаар бууруулж шийдвэрлэсэн байгаа. Түүнчлэн шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэл оролцоо, бусдад учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлөгдсөн байдал зэрэг бүхий л нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан. Миний шүүх хуралдаанд гаргасан ялын санал буюу хорих ялын хэмжээг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд нэмэгдүүлсэн асуудал байгаа. Үүнийг хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Иймд давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
С.Б- нь дангаараа 1 удаагийн үйлдлээр, мөн Д.Б-той бүлэглэн 5 удаагийн үйлдлээр, 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэний улмаас иргэн Д.Алтансүх, Л.Дондог, Д.Адарсүрэн, Э.Янжиндулам, Б.Одонмаа, Д.Дулам нарт нийт 180.045.630 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
Д.Б- нь С.Б-тай бүлэглэн 5 удаагийн үйлдлээр, Баянгол, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэний улмаас иргэн Л.Дондог, Д.Адарсүрэн, Э.Янжиндулам, Б.Одонмаа, Д.Дулам нарт нийт 166.795.130 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримтууд тус тус тогтоогдсон байна.
Хохирогч Д.Алтансүх, Л.Дондог, Д.Адарсүрэн, Э.Янжиндулам, Б.Одонмаа, Д.Дулам нар нь эд хөрөнгөө алдсан цаг хугацаа, газар, алдагдсан эд хөрөнгийн онцлог, шинж байдал, үнэ өртгийн талаар тус бүр тодорхой мэдүүлсэн байх бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар давхар нотлогджээ. Тухайлбал:
1. Хохирогч Д.Алтансүхийн “...2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 15 цаг өнгөрч байхад манай хүү Оюунболд “Гэрт хулгай орсон байна” гэж хэлсэн. Гэртээ очтол хаалга хөшиж эвдээд унтлагын өрөөнд байсан жижиг сейфний хаалгыг хөшиж онгойлгоод 3 үе дамжсан улаан шүрэн толгойтой хөөрөг, алтан нуухтай, мөнгөн халбагатай, халтар манан хөөрөг, их гарын цагаан шүрэн хөөрөг, 8 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг алтан гинж, 1 ширхэг монетон гинж, 2 ширхэг монетон бөгж, 2 ширхэг монетон ээмэг, 1 ширхэг нэг нүдний дуран, цагаан мөнгө, бэлэн 200.000 төгрөг зэрэг байсныг авсан байсан. ...” /1хх 58-59, 61, 77-79, 197-199, 2хх 5-6, 5хх 202-203/ гэсэн мэдүүлэг нь:
- гэмт хэрэг гарахаас өмнөх болон дараах нөхцөл байдлын талаар мэдүүлсэн гэрч Э.Оюунболд /1хх 17-18/, Б.Бат-Эрдэнэ /1хх 20/, Б.Жаргалсайхан /1хх 201/ нарын мэдүүлгүүд,
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 3-11/, гэмт хэрэг үйлдэгдсэн газар буюу 12 дугаар байрны гаднах хяналтын дүрс бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авч, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 9-10/,
- дүрс бичлэгт бичигдсэн хар өнгийн куртиктэй, дотуураа цагаан өнгийн судалтай цамцтай, бараан өнгийн өмдтэй эрэгтэйг гадна төрх, өмссөн хувцсаар нь Б- мөн болохыг таньсан гэрч Ж.Баярмаагийн мэдүүлэг /1хх 13-14/,
- алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /1хх 74-75, 2хх 12-19/, түүнтэй холбогдуулан өгсөн шинжээч Д.Түвшинцэнгэлийн /1хх 70-71/ мэдүүлэг,
- гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн шүүгдэгч С.Б-ын /1хх 90-93, 98-101, 104-108, 162-172, 2хх 3-4/ мэдүүлгүүд, түүний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэмт хэрэг үйлдсэн газар, байршлыг зааж өгч байгаа байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /1хх 162-172/-үүд зэргээр,
2. Хохирогч Л.Дондогийн “...2017 оны 2 дугаар сарын 3-ны өглөө 09 цаг 30 минутын үед гэрээсээ ажилдаа явахдаа хаалгаа цоожлоод шалгаад явсан. Миний ач охин Халиударь над руу залгаад “Танай гэрт хулгай орсон байна” гэж хэлсэн. Би гэртээ очиход манай гэрийн хаалга эвдэрсэн, цагдаа нар ирсэн байсан. Манай гэрт хувцасны шүүгээн дотор сейф байдаг. Энэ сейф дотроо жижиг шургуулгатай ба шургуулга дотор бас жижиг сейф хийсэн байсан. Жижиг сейфэнд 43.900 ам.доллар, шургуулгад 12.000 ам.доллар нийт 55.900 ам.доллар хийсэн байсан. Мөн 10.000.000 төгрөг, 17 ширхэг мөнгөн аяга, алтан бөгж, монетон гинж зэрэг сервантан дотор байсныг авсан байсан. ...” /2хх 132-133, 4хх 12-13, 5хх 203/ гэсэн мэдүүлэг нь:
- гэмт этгээдийн гаднах төрх, шинж байдлын талаар мэдүүлсэн хохирогч З.Халиударь /2хх 135-137/, гэрч Г.Ганболд /2хх 151/, С.Амарсанаа /2хх 157/, У.Хулан /2хх 164/ нарын мэдүүлгүүд,
- гэмт хэрэг гарахаас өмнөх болон дараах нөхцөл байдлын талаар мэдүүлсэн гэрч С.Болдбаатар /2хх 143/, Д.Шинэчулуун /2хх 140/, Б.Батцэрэн /2хх 141/, Т.Баярмаа /2хх 144/, С.Дэмбэрэл /2хх 152/, Б.Төгөлдөр /2хх 161/, Б.Жаргалбаяр /3хх 123-124/, С.Баасанбат /3хх 126-127/ нарын мэдүүлгүүд,
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 59-63, 66-74/,
- алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /2хх 94/, гэмт хэрэг гарсан өдөр буюу 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Монгол банкнаас зарласан валют ханшийн лавлагаа /4хх 25/,
- хохирогчийн дансны дэлгэрэнгүй хуулга /4хх 42/, бусдад хүүтэй мөнгө зээлүүлдэг байсан талаарх бичгийн нотлох баримтууд /4хх 32-40, 43, 45/, гэрч Я.Гэрэлтогтохын /4хх 30-31/ мэдүүлэг,
- гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн шүүгдэгч С.Б- /4хх 20-21/, Д.Б- /3хх 147-148/ нарын мэдүүлэг зэргээр,
3. Хохирогч Д.Адарсүрэнгийн “...2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 21 цаг өнгөрч байхад эхнэр бид хоёр гэртээ иртэл гэрийн хаалгыг эвдээд дунд гарын 5 ширхэг мөнгөн аяга, арай жижиг хэмжээтэй 3 ширхэг мөнгөн аяга, тагштай 1 ширхэг мөнгөн аяга зэрэг нийт 9 ширхэг мөнгөн аяга, мөн эхнэр бид хоёрын хуримын хос монетон бөгж зэрэг алдагдсан байсан. ...” /3хх 206-207, 244, 4хх 14-15/ гэсэн мэдүүлэг нь:
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 193-195, 198-200/,
- алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /3хх 210-212, 246/,
- гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн шүүгдэгч С.Б- /3хх 214, 240-241/, Д.Б- /3хх 215, 242-243/ нарын мэдүүлэг зэргээр,
4. Хохирогч Э.Янжиндуламын “...2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нөхөр залгахаар нь ажлаасаа шууд гэртээ очсон. Манай гэрийн хаалгыг хөшсөн, том өрөөнд ортол хоёр авдрыг эвдэж дотор нь байсан эд зүйлийг гадуур нь тараасан байсан. Бэлэн 630.000 төгрөг, дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, даваа толгойтой, алтан бүрмэл нуухтай, ясан халбагатай хөөрөгний толгой зэрэг алга болсон байсан. ...” /5хх 18-20/ гэх,
5. Хохирогч Б.Одонмаагийн “...2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 16 цаг 30 минутын үед цагдаагаас над руу залгаад “Танай гэрт хулгай орсон байна” гэж хэлсэн. Гэртээ ирэхэд хаалгыг ямар нэг зүйлээр хөшиж онгойлгосон байдалтай байсан. Эд зүйлээ бүртгэхэд 1 ширхэг монетон гинж, 2 хос монетон ээмэг, 1 хос алмазан шигтгээтэй монетон ээмэг, 1 ширхэг алмазан шигтгээтэй монетон бөгж, 2 ширхэг монетон бөгж, 1 ширхэг “Swarovski” шигтгээтэй том бөгж, 5 өнгийн “Swarovski” шигтгээтэй цагаан алтан хос ээмэг гинж, кулон хосоороо, бэлэн 60.000 төгрөг зэрэг алга болсон байсан. ...” /5хх 22-23, 25-26/ гэх,
6. Хохирогч Д.Дуламын “...2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 14 цаг 30 минутын үед манай охин Алтанзул над руу яриад “Та яагаад гэрийнхээ хаалгыг хөшсөн юм бэ” гэж асуусан. 17 цаг өнгөрч байхад гэртээ иртэл манай байранд цагдаа ирсэн байсан. Эд зүйлээ бүртгэхэд 1 ширхэг их гарын мөнгөн аяга, 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг бага гарын мөнгөн аяга зэрэг нийт 5 ширхэг мөнгөн аяга байхгүй байсан. ...” /5хх 28-29/ гэх мэдүүлгүүд нь:
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх 246-250, 5хх 1-5/,
- алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /5хх 34-35, 41-42/,
- гэмт хэрэг гарахаас өмнөх болон дараах нөхцөл байдлын талаар мэдүүлсэн гэрч Г.Ганбилэг /4хх 122/, Б.Отгонбаяр /4хх 135/ нарын мэдүүлгүүд,
- гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн шүүгдэгч С.Б- /5хх 65-66/, Д.Б- /5хх 60-61/ нарын мэдүүлэг,
- шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх тээврийн хэрэгслүүдийн баримт, мэдээлэл /4хх 131-133, 145, 156/, үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 136-137/, эд хөрөнгийн үнэлгээ /4хх 145-147/ зэргээр тус тус давхар нотлогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцсэн байна.
Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахайн сэдэлт, зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, сэм нууц аргаар, хууль бусаар авч өөртөө захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс төгсдөг.
Шүүгдэгч С.Б-, Д.Б- нар дээрх гэмт хэрэгт хамтран оролцохдоо С.Б- нь “лапатик” төмрийг учрах саадыг арилгах зорилгоор хэрэглэн эзэнгүй айлуудын хаалга, сейфийг эвдэж эд хөрөнгийг авах, энэ үед нь Д.Б- үүдэнд хүн харж зогсох, С.Б-ын авч гарч ирсэн эд хөрөнгийг автомашиндаа хамт зөөвөрлөх зэргээр санаа зорилго, үйлдлээрээ нэгдсэн болох нь тэдгээрийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрсдийн гэм буруутай үйлдэл, оролцооны талаарх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Түүнчлэн айлуудын хаалгыг эвдэж дотогш нэвтрэх зорилгоор “лапатик” төмөр авч явж хэрэглэснийг, хулгайлж авсан эд зүйлсийн тоо ширхэг, овор хэмжээнээс хамааран биеэр авч явж чадахгүй эд зүйлсийг тээвэрлэх, бусдыг мэдэхээс өмнө урьтаж хэргийн газраас богино хугацаанд холдох зорилгоор автомашин урьдчилан бэлтгэж авч явсан зэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашигласан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж, 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доор дурдсанаар ойлгоно:”, 4.1-д “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг”, 4.2-т “үлэмж хэмжээний хохирол гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг”, 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж заан хохирлын хэмжээг тодорхойлсон тул гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Б-ыг хохирогч нарт 180.045.630 төгрөгийн, шүүгдэгч Д.Б-ийг 166.795.130 төгрөгийн буюу их хэмжээний хохирол тус тус учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Прокуророос С.Б-ыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
2015 оны Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-д хулгайлах гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинжийг тогтоон хуульчилсан ба энэхүү шинжийг тодорхойлохдоо гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон буюу бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар амьдрах боломжийг байнга эрэлхийлж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулсан байдал, гэмт хэрэг үргэлжлүүлэн үйлдсэн хугацаа, учруулсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан үздэг.
Дээрх байдлуудыг үндэслэн анхан шатны шүүх прокуророос С.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалт болгон өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлтэй болсон бөгөөд шүүгдэгч С.Б-ыг дангаараа болон бүлэглэж, Д.Б-ийг бүлэглэж хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг үндэслэлтэй зөв тогтоосон байх ба шүүгдэгч нарын хариуцан арилгавал зохих төлбөрийн хэмжээнээс зарим төлөгдсөн дүнг хасаж, үлдэх төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийн зохицуулалттай, мөн хохирогч Б.Одонмаа, Э.Янжиндулам, Д.Дулам нарын хаалга шинээр худалдан авсан гэх зардал, хохирогч Д.Алтансүхийн эд хөрөнгийн үнэлгээ дахин хийлгүүлсэн гэх зардал зэрэг тооцоолох боломжгүй хохирлын тухай асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолдоо заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн зохицуулалттай тус тус нийцжээ.
Түүнчлэн, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслүүд бусдын өмчлөлд байгаа нь тогтоогдсон тул шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоог харгалзан 50-57 УНҮ улсын дугаартай, “Toyota Axio” загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 7.505.000 төгрөгийн 70 хувь буюу 5.253.500 төгрөгийг С.Б-аас, 30 хувь буюу 2.251.500 төгрөгийг Д.Б-оос, мөн 73-28 УНК улсын дугаартай, “Toyota Prius” загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 10.117.500 төгрөгийг С.Б-, Д.Б- нараас хувь тэнцүүлэн тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсгүүдэд заасанд нийцсэн байна.
Шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат, шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч П.А- нарын гаргасан давж заалдах гомдлуудад “...хохирлын тооцоог дахин нягталж, хохирогч Б.Одонмаа, Л.Дондог нарт учирсан хохирлын хэмжээг зөв тогтоох шаардлагатай...” талаар дурджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад, хохирогч нарын гэрээс алдагдсан эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй “Дамно” ХХК болон “Мастер Үнэлгээ” ХХК-иар хийлгүүлснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд үнэлгээг хийлгэх явцад тухайн байгууллагын үнэлгээчдэд хууль сануулсан, тэд гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх чадвартай этгээдүүд байна.
Хохирогч Б.Одонмаагийн гэрээс алдагдсан эд хөрөнгийн үнэлгээг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Дамно” ХХК-ийн тайлан /5хх 35/-д 2.090.495 төгрөгөөр тогтоосон байх боловч хохирогч үнийн дүнг эс зөвшөөрч зарим эд хөрөнгийн үнэлгээг дахин хийлгүүлэх хүсэлт /5хх 37/ гаргасны дагуу 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн “Мастер Үнэлгээ” ХХК-ийн тайлан /5хх 41/-д 4.808.655 төгрөгөөр тогтоожээ.
Эдгээрийг үндэслэн түүний гэрээс алдагдсан эд хөрөнгийн нийт дүнг 5.856.855 төгрөг /988.200+4.808.655+60.000=5.856.855/-өөр тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.
Харин хохирогч Л.Дондог мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад “...нийтдээ 55.900 ам.доллар, 10.000.000 төгрөг алдагдсан. Би өөрийн насаараа хөдөлмөрлөж, ажиллаж олсон мөнгөө барьцаалан зээлдүүлэх газарт өгч өсгөдөг байсныгаа гэртээ сейфэнд хийсэн байсан...” гэж өөрийн гэрээс алдагдсан эд хөрөнгө болох бэлэн мөнгөнийхээ тоо хэмжээ, эх үүсвэрийн талаар тодорхой мэдүүлж, түүнийхээ эх сурвалжийг зааж чадсан бөгөөд энэ нь гэрч нарын өгсөн мэдүүлэг, холбогдох бусад бичгийн нотлох баримтуудаар давхар баталгаажсан байна.
Хэдийгээр хохирогч Л.Дондог нь мөрдөн шалгах ажиллагааны үед анх “...43.900 ам.доллар, 10.000.000 төгрөг байсан...” гэж мэдүүлсэн байдаг ч үүнээс хойш өгсөн удаа дараагийн мэдүүлэгтээ “...55.900 ам.доллар, 10.000.000 төгрөг байсан...” гэж тогтвортой мэдүүлсэн ба анх ийнхүү мэдүүлэх болсон шалтгаан, нөхцөл байдлаа давж заалдах шатны шүүх хуралдаанд “...хулгай гарсны дараа би шоконд орсон. Тэр үед юу болсон, яасан эсэхээ ч мэдэхээ больсон байсан. Сүүлд нь тайвшраад 2, 3 хоногийн дараагаас хохирлын тооцоогоо бодитой гаргасан...” хэмээн тодорхой тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.
Иймээс анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ болон шүүгдэгч С.Б-, Д.Б- нарын хариуцан арилгавал зохих төлбөрийн хэмжээг зөв тогтоосон байх тул дээрх оролцогч нарын давж заалдах гомдолд дурдсан асуудал хууль зүйн үндэслэлгүй байна.
Түүнчлэн шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат нар “...2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж хорих ялын хэмжээг багасгаж, ял эдлэх дэглэм нөхцөлийг бууруулах...” тухай, шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч П.А- нар “...анхан шатны шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн ялын саналын хүрээнд хорих ялын хэмжээг багасгах...” тухай давж заалдах гомдол гаргасныг тус тус хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь, 2015 оны Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд энэ хуулийн Нэгдүгээр бүлэг буюу “Нийтлэг үндэслэл”-д ерөнхий ба тусгай ангийн хэм хэмжээг хэрэглэхэд удирдамж болгох суурь хэм хэмжээг, Хоёрдугаар бүлэгт “Гэмт хэрэг”-ийн шинжүүдийг багтаасан тодорхойлолтыг хуульчилсан. Ингэхдээ ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.” гэж, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч С.Б- дангаараа 1 удаагийн үйлдлээр, мөн Д.Б-той бүлэглэн 5 удаагийн үйлдлээр 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд хулгайлах гэмт хэргийг үйлдэж, нэг төрлийн үйлдлүүдийг тасралтгүй хэрэгжүүлсэн ба түүний сүүлчийн үйлдэл 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр буюу 2015 оны Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаанд төгссөн байна.
Шүүх ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ улсын яллагчаас гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар зохицуулалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдаагүй бөгөөд шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтоох нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.
Анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-, Д.Б- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тус бүрийн үйлдэл, оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хэмжээний дотор тус тус ял оногдуулж, хорих ял эдлэх байгууллагын дэглэм нөхцөлийг хуульд нийцүүлэн ялгамжтай тогтоосон нь тэдгээрийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Өөрөөр хэлбэл, шүүх гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, түүний үндэслэл, журам, нөхцөлийг хүндрүүлсэн буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд сөрөг үр дагавартай Эрүүгийн хуулийн тодорхой хэм хэмжээг хэрэглээгүй байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирол, ялын хэмжээ, ял эдлэх хорих байгууллагын дэглэм нөхцөл, хууль буцаан хэрэглэх асуудлын талаар гаргасан шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат, шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч П.А- нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1134 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат, шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч П.А- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН