Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 83

 

Н.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаар магадлалтай, 1715001260056 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр бичсэн 5/02 тоот эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Н-н А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ. 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.

Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.А-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд бичсэн Булган аймгийн прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 5/02 тоот эсэргүүцэлд “...Давж заалдах шатны шүүх Н.А-т холбогдох хэрэгт нотолбол зохих асуудлууд бүрэн нотлогдоогүй, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлж болохуйц зөрүүтэй нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, ял шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй гэж гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь шүүгдэгч Н.А нь хохирогч Н.Б-ны эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч Н.Б, гэрч О.М, Г.Э, М.Ч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтээр бүрэн нотлогдсон, мэдүүлэгт ямар нэгэн зөрүү байхгүй байхад хавтаст хэрэгт авагдсан ямар нотлох баримт Н.А-ын үйлдлийг үгүйсгэж байгаа болохыг давж заалдах шатны шүүх магадлалдаа дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн.

Мөн магадлалд Н.Б-ны үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэх, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил эсэхийг шалгах, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг нарийвчлан тогтоолгох шаардлагатай гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь шүүгдэгч Н.А, хохирогч Н.Б нар хоорондоо маргалдсан гэх асуудал анх зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэлд бүртгэгдэн шалгагдаж, улмаар Н.А-ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй болох нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалгасан. Н.Б нь зөрчил, гэмт хэргийн алиныг үйлдсэн болохыг шалгах гэсэн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл прокуророос Н.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн ба хохирогч Н.Б-ы үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй, харин Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Зөрчлийн тухай хуулиуд нь өөр өөрийн үйлчлэх хэмжээ хязгаартай, зохицуулах объекттэй бөгөөд зөрчлийн шинжтэй үйлдлийг эрүүгийн хэрэгт хамтатган шалгах ойлголт байхгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3, 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь зүйлд заасан шаардлагыг хангаагүй тул хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсгийг удирдлага болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” тохиолдлыг дурдсан ба анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж гарсан. Мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4-д “Анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.А-ыг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь хуулийн зүйн үндэслэлтэй ба түүнд ял оногдуулахад нөлөөлсөн буюу нөлөөлж болох ноцтой зөрүү байхгүй. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг удирдлага болгосон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүх ямар журмыг хэрхэн, яаж зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаар огт дурдаагүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн бие махбодид гэмтэл учруулаагүй өөр нөхцөл байдлаас болж гэмтсэн талаар мэдүүлж, гэм буруугийн талаар маргаж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байхад шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдаж байна. Мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэсэн заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нь эргэлзээтэй, өөрийн буруугаас болж бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулаагүй гэж маргаж байгаа нь хүсэлтээсээ татгалзаж байгаа илэрхийлэл гэж үзэх үндэслэлтэй. Анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх огт өөр үндэслэлээр буюу хохирогчийн үйлдэлд зөрчлийн болон эрүүгийн шинжтэй гэмт хэрэг байгаа эсэхийг шалгуулахаар буцаасан шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцааж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр бичсэн 5/02 тоот эсэргүүцлийг үндэслэн Н.А-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Н.А нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг “Хунтайж” нэртэй рестораны гадна иргэн Н.Б-ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.А-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Харин давж заалдах шатны шүүх хохирогч Н.Б-ы үйлдлийг шалгуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтыг зөрчихөд хүргэжээ.

Мөн гэмт хэрэг гарахад хохирогч Н.Б-ы зүй бус үйлдэл нөлөөлсөн хэдий ч энэ нь зөрчлийн болон эрүүгийн гэмт хэргийн шинжийг агуулаагүй тул шалгах шаардлагагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.       

Шүүх хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн байтал хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хэлэлцэхгүй орхих тухай хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын хууль зүйн дүгнэлт үндэслэлгүй болохыг дурдвал зохино.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

 

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН