Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2019/02322

 

 

 

 

 

 

 

 

                    2019        12          18  

                  182/ШШ2019/02322

    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, шүүгч Н.Баярмаа, Т.Наранцогт нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

 

Хариуцагч: ЗД-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 3.396.750.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, Я.А, нарийн бичгийн дарга Ш.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   

“Ц” ХХК нь ЗД-ын хууль бус үйлдлийн улмаас учирсан хохиролд нийт 3.396.750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч компани нь 2008 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Хүдэр-Эрдэнэ” ХХК-иас Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Нарны зам 58” гэсэн хаягт байрлах 1485 м.кв талбай бүхий эзэмшил газартай, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-000058934 дугаартай 120 м.кв талбайтай, агуулахын зориулалттай барилга хашаа, хаалга зэргийг худалдан авсан байдаг. Үүнтэй холбоотойгоор газар эзэмших эрх нь 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ЗД-ын 93 дугаар захирамжаар “Ц” ХХК-ийн нэр дээр шилжсэн байдаг. Тус газар дээр орон сууцны зориулалттай барилга барихад газар эзэмшигч компанийн эрх нь ажлыг гүйцэтгэгч компанийн нэр дээр шилжсэн байх шаардлагатай байсан тул “Ц К” ХХК-ийн нэр дээр дээрх газрын тодорхой хэсгийг шилжүүлэхээр ЗД-д хандаж 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 607 дугаар захирамжаар “Ц К” ХХК-д 594 м.кв газрыг орон сууцны барилга барих зориулалтаар эзэмшүүлэхээр мөн шийдвэрлэсэн байдаг. Үүний дагуу барилгын ажил явагдаж эхэлсэн бөгөөд ингэх явцад зэргэлдээ орших талуудаас шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 5 давхар хүртэл баригдсан барилгын ажил зогссон. “М” ХХК, болон “М Г” ХХК нар нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой энэ маргаан үргэлжилсээр байгаад Улсын Дээд шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 336 дугаар тогтоол гарч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Ингээд газар эзэмших эрхийг “Ц” ХХК-д олгох үндэслэлгүй байсан гэж шийдвэрлэгдсэнээр “Ц” ХХК нь барилгын ажил үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх боломжгүй болж дараах хохирол учирсан. Үүнд орон сууцны дуусаагүй барилгын үнэ 2.035.150.000 төгрөг, газар эзэмших эрх 1.361.600.000 төгрөг, нийт 3.396.750.000 төгрөг болж байгаа. Энэ шаардлагын үндэслэл нь барилга барихад их хэмжээний хөрөнгийг зарцуулсан, барилгын үнэ ханшийн өөрчлөлт их орсон зэрэг шалтгаанаар бид хөрөнгийн үнэлгээний “М-О” ХХК-иар тухайн үед баригдсан 5 давхар барилгад үнэлгээ хийлгэж, тус үнэлгээнд суурилж нэхэмжлэлийн дүнг гаргасан. Иймд ЗД-ын тус хууль бус захирамжуудаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэхийг хүсэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг мэргэжлийн байгууллагын үнэлгээний дагуу гаргасан, хэрэгт өгсөн баримтууд нь үүний цаана ийм эрх ашиг байсан шүү гэдгийг харуулж байгаа болохоос яг нэхэмжлэлийн тоон илэрхийллийг нотлох баримт гэж гаргаж өгөөгүй. Үнэлгээчний гаргасан үнэлгээ санхүүгийн баримтуудыг үндэслэсэн гэж ойлгож байна. Газар эзэмших эрхийн үнэлгээг ямар аргачлалаар, ямар үндэслэлээр яаж тооцсон талаараа үнэлгээнд нарийн заасан байгаа. 2 төрлийн гэрээ зайлшгүй хийгдэх шаардлагатай байсан. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний тухайд агуулах нь хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэлтэй байсан тул худалдах, худалдан авах гэрээ бүртгэгдсэн. Газар эзэмших эрхийн тухайд ЗД-д хүсэлтээ өгөөд газар эзэмших эрхийг шилжүүлж авах гэрээгээ хавсаргаж өгөх, Газрын тухай хуульд заасан шаардлагын дагуу Засаг даргад өгөх, гэрээнд үнэ төлбөргүй шилжүүлсэн гэсэн агуулга илэрхийлэгдсэн юм. Барилгын норм дүрмийн зөрчлүүд аливаа баригдаж байгаа барилгын 80-90 хувьд гардаг, үүнийг техникийн шийдлээр шийдэгдэх боломжтой асуудал. Барилга нь 1458 м.кв талбай бүхий эзэмшил газрын дотор баригдсан, “М Г” ХХК болон “М” ХХК-ийн эзэмшил газрууд руу ороогүй байна гэдгийг захиргааны хэргийг шалгах явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Бид хэрэгт бичгээр дэлгэрэнгүй тайлбараа өгсөн. Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр хариуцагч буруутай нь тогтоогдсон. Манай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон хөрөнгийн үнэлгээг хариуцагч тал татгалзаагүй, гомдол санал гаргаагүй учраас хөрөнгийн үнэлгээ үндэслэлтэй. Барилгын ажил 2010 оны 03 дугаар сард эхэлсэн. Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл 05 дугаар сард гарсан. Энэ хооронд хийгдсэн ажлыг Засаг дарга хариуцахгүй гэж байна. Барилгын ажлыг зохих зөвшөөрөлгүй эхэлсэн асуудал нь захиргааны зөрчил ба зөрчилтэй холбоотой асуудал тухайн үед шийдвэрлэгдээд мэргэжлийн хяналтын газраас ажлыг зогсоогоод 05 сард зөвшөөрөл авсны дараа барилгын ажлыг эхлүүлсэн үйл баримт байгаа. Барилгын ажил хэзээ эхэлсэн, дууссанаас үл хамааран газар эзэмших эрх хүчингүй болсны улмаас тухайн газар дээр барилга барих эрх хязгаарлагдсан. Барилга барихын тулд газар эзэмших эрхтэй байх ёстой, газар эзэмших эрхийг дагаж бүх барилгын техникийн нөхцөл, холбогдох зөвшөөрөл эрхүүд дагалддаг. Энэ эрх хэрэгжих боломжгүй болсон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа хүчин зүйл юм гэж үзэж байна. Засаг даргын захирамжууд нь өөрөө бусдын эзэмшил газруудтай давхцаж байсан байдал нь газар эзэмшигчээс тухайн газарт үйл ажиллагаа явуулах боломжгүй үндэслэл болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлтэй гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  

ЗД-ын 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай” 607 дугаар захирамжаар “Ц К” ХХК-д орон сууцны зориулалттай Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.0594 га газрыг 5 жилийн хугацаатайгаар олгож, тус захирамжийг үндэслэж 11 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан байдаг. 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Ц К” ХХК-д Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 66/2010 дугаар “Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх” зөвшөөрлийг 1 жилийн хугацаатай олгосон. Үүнээс хойш “Ц К” ХХК нь барилгын ажлыг эхлэн явуулахдаа бусдын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Нэхэмжлэгч компани нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь заалтыг зөрчсөн ба үүнийг Захиргааны хэргийн анхан, давах, хяналтын гээд 3 шатны шүүхийн шийдвэрүүдээр тогтоосон байдаг. Бид нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй ба ЗД-ын хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх боломжгүй байна. Анх “Ц” ХХК, “Х” ХХК-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн ба тус гэрээний үндсэн зүйл тухайн газар дээр байсан гараашийг 500.000 ам.доллараар худалдаж авах гэрээ байдаг. Энэ нь газартай холбоотой буюу газрын эрхийг шилжүүлсэн гэрээ биш. Газрын үнэ гэх 1.361.000.000 төгрөгийг хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм. Үндсэн хуулийн дагуу өмчилснөөс бусад газар нь төрийн өмч байдаг бөгөөд газрыг үнэлэх асуудал хууль зүйн онолоор болон логикийн хувьд байх боломжгүй. Барилгын хувьд 5 давхар карказ байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Ц К” ХХК-д архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан тухай яригдсан. 11 дүгээр сарын 20-ны үед барилгын газар шорооны ажил эхэлсэн гэж нэхэмжлэгч анх ярьсан. Гэтэл 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 66/2010 дугаар “Барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон. Хууль болон журмын дагуу барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрлийг авснаар газар шорооны ажлыг эхлүүлэн цаашлаад суурь цутгах, карказан барилга барих ажил хийгддэг. Нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлээд зөвшөөрөлгүйгээр барилгын ажлыг явуулсан харагддаг. Гэтэл үүнийгээ үгүйсгэж 2010 оны 03 дугаар сараас эхэлсэн гэж өмнөх шүүх хурал дээр хэлсэн. Тэгэхээр 2010 оны 03 дугаар сард магадлалын ерөнхий дүгнэлт, техникийн нөхцөлүүд авсан гэдэг. Барилга дээр 2.100.000.000 төгрөгийн хохирол гарсан гэдэг. Гэтэл одоо нэхэж байгаа дээрх хохирол нь зөвшөөрөл олгогдоогүй байж байхад дур мэдэн хууль зөрчөөд барьсан барилгад зарцуулсан зардлыг ЗД төлөх хууль зүйн үндэслэлгүй. Мөн “Ц К” ХХК-ийн нэхэмжлэлтэй ЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.М-т холбогдох хэрэг нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн ба нэхэмжлэгч тухайн эзэмшил газрын зориулалтыг өөрчлүүлж, орон сууц бариулах болсноор 500.000 ам.доллараар худалдан авсан агуулахын зориулалттай барилгаа нурааж, түүнийг буцаан барих боломжгүй болсон. Барилгын ажилд зориулаад 1.300.000.000 төгрөгийн санхүүжилт хийгээд байна гэж дурдагдсан байна. Энэ бол барилга зогссоноос хойш яригдсан асуудал. Гэтэл өөрсдөө ингэж үнэлж байсан байж өнөөдөр яагаад 2 тэрбум гарсан мөнгөн дүнг нэхэж байна вэ. Зөвшөөрөлгүй байх үед ямар хэмжээний зардал гарсан, зөвшөөрөлтэй болсноос хойш ямар хэмжээний зардал гарсан нь тодорхойгүй байна. Барилгын ажил эхлүүлсэн, газар шорооны ажил эхлүүлсэн гэсэн зүйл ярьдаг боловч цаг хугацаан дээр нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч өөрийн ярьсан зүйлүүдийг дор бүр нь үгүйсгээд байдаг. Өөрсдөө зөвшөөрөлгүйгээр барилга барьсан гэдгээ өөрсдөө нотолж байгаа нь харагдаж байна. Иймд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэхгүй байна. Газартай холбоотой асуудал нь зөвхөн хэргийн материалд авагдсан 500.000 ам.долларар тухайн газар дээр байсан агуулахын зориулалттай барилгыг худалдаж авсан болохоос тухайн газрыг худалдаж авсан гэсэн зүйл биш. Энэ нь гэрээгээр нотлогддог. Барилгатай холбоотой асуудлын тухайд зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхэлсэн, хууль зөрчиж барьсан байж 5 давхар карказан барилгын үнийг үнэлгээчний үнэлгээгээр тооцон нэхэж байгааг ойлгохгүй байна. Харин зөвшөөрөл авснаас хойш эхэлсэн бол хохирлын тухай яригдаж болох байх. Гэтэл зөвшөөрөл авахаасаа өмнө барилгын ажил эхлүүлсэн гэдгийг нэхэмжлэгч нар өөрсдөө баталж ярьдаг бөгөөд зөвшөөрөлгүйгээр барьсан 1, 2 давхар барилга нь боссон байсан бөгөөд энэ мөнгийг ЗД төлөх ёстой гэдэг нь үндэслэлгүй байна. Гарсан гэх хохирлыг төлөх ямар нэг үндэслэл байхгүй. Анх гэрээгээр 500.000 ам.доллараар агуулахын барилгыг худалдаж авсан, тус барилгыг дагаж ирсэн 1458 м.кв газар дээр 1 дүгээр ээлжийн орон сууцны барилгыг бариад, ашиглалтад оруулаад, тодорхой хэмжээний үйл ажиллагаа явагдсан. 2 дугаар ээлжийн барилгыг барих явцад нь зэргэлдээ орших газрын эзэмшигч нарын эрх зөрчигдөж маргаан гарсан. Газрыг худалдаж авсан үнэ 500.000 ам.доллар гэдэг. Газрыг 1.361.600.000 төгрөг гэж үнэлж байгаа нь ойлгомжгүй, төрийн өмчийн газрыг үнэлж байгаа нь хууль зүйн ямар үндэслэлтэй байна вэ. Монгол улсын Үндсэн хуульд тодорхой заасан байдаг бөгөөд үүгээрээ “Ц” ХХК-д эзэмшүүлж байгаа газар бол төрийн мэдлийн газрыг зориулалтын дагуу эзэмшүүлж байгаа бөгөөд энэ нь түрээсээр хэрэглүүлж, түүний дагуу газрын төлбөр авдаг зохицуулалт гэсэн үг. Хавтаст хэрэгтэй танилцаж байхад Засаг дарга газрыг үнэлж дуудлага худалдааны анхны үнийг авдаг нь газрыг үнэлж байгаа хэлбэр гэсэн тайлбартай санал нийлэхгүй байна. Газрын дуудлага худалдааны үнэ болон газрын эзэмших эрхийг шилжүүлэн авдаг үнэ гэдэг нь тусдаа зүйл. Газрыг эзэмшүүлэх эрх нь үл хөдлөх хөрөнгө шилжсэнтэй холбоотой үнэ авдаггүй. Энэ хүмүүс 500.000 ам.доллараар агуулахын барилгыг худалдаж авахдаа түүнтэй холбоотой үл хөдлөх хөрөнгө гэдэг утгаараа салшгүй холбоотой газар эзэмших эрхийг шилжүүлж авсан. Түүнээс газрын үнэд төлсөн гэж үзэхгүй. Тийм учраас газрын үнэ нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өмнө нь нэхэмжлэл гаргаад барилгад оруулсан хөрөнгө оруулалт нь 1.300.000.000 төгрөг гэж тодорхойлсон. Барилгын үнэ гэх 2 тэрбум төгрөгийг хийсвэрээр тооцож, үнэлгээчин яаж гаргасан, бодит зардлаар тооцсон эсэх нь мэдэгдэхгүй, зөрүүтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ц” ХХК нь хариуцагч ЗД-д холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохиролд 3.396.750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа шат, шатны шүүхийн шийдвэрүүдээр манай компанид газар эзэмшүүлэх эрхийг анхнаасаа олгох ёсгүй байсан гэж үзэж тэдгээрийг хүчингүй болгосноор компанид дараах хохирол учирсан. Үүнд орон сууцны зориулалттай дуусаагүй барилгын үнэ 2.035.150.000 төгрөг, газар эзэмших эрхийн үнэ 1.361.600.000 төгрөг, нийт 3.396.750.000 төгрөг хэмээн тодорхойлжээ.

 

Хариуцагч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасан бусдын газар эзэмших эрхийг болон Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрмийн 30.01.04 дэх заалтыг зөрчсөн, 594 м.кв газраас хэтэрч 205 м.кв талбайгаар илүү гарган барилга барьсан нь шинжээчийн дүгнэлтүүд, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдээр нотлогдсон, анх “Х” ХХК-иас газар дээрх гараашийг худалдан авсан, газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэж үзэхгүй. Газрын үнэ нэхэмжилсэн нь үндэслэлгүй, төрийн өмчийг буцааж төрд үнэлж зарах эрхгүй, тухайн барилгыг барихад гарсан зардлыг “М-О” ХХК-ийн гаргасан үнэлгээгээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. 2010 онд барилга барих зөвшөөрөл олгогдсон байхад 2009 оноос газар шорооны ажлаа эхэлсэн нь зөвшөөрөлгүй хийгдсэн байх ба зөвшөөрөлгүй дур мэдэн хийсэн ажлын зардлыг Засаг дарга төлөх үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “Ц” ХХК нь хариуцагч ЗД-д холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохиролд 3.396.750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

“Ц” ХХК нь “Х” ХХК-тай 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулжээ.

 

Уг гэрээгээр “Х” ХХК үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-000058934 дугаартай Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарны зам 58-д байрлах 120 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг “Ц” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж байгаатай холбогдуулан түүний дэвсгэр газар болох Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрийн Нарны зам 58-д байрлах төмөр бетонон хашаатай, нийтдээ 1458.3 м.кв газрын эзэмших эрхээ үнэ төлбөргүй шилжүүлэхээр, “Ц” ХХК нь 500.000 ам.долларыг “Х” ХХК-д төлөхөөр, мөн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарны зам 58-д байрлах 1458.3 м.кв газрыг төмөр бетонон хашаа, хаалганы хамтад нь үнэ төлбөргүй шилжүүлэх “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээг тус тус байгуулсан байна. /Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 6-22 дугаар тал/

 

Хариуцагч ЗД-ын 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 93 дугаар захирамжаар “Ц” ХХК-д дээрх хаягт байрлалтай, 1458.3 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. /Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 25-26 дугаар тал/  

 

Нэхэмжлэгч “Ц” ХХК нь өөрийн шилжүүлэн авсан 1458.3 м.кв газар дээрээ орон сууцны барилга барихаар тус газрын зориулалтыг өөрчлүүлэхээр ЗД-д хүсэлт гаргасан байх бөгөөд хариуцагч ЗД-ын 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 607 дугаар захирамжаар “Ц К” ХХК-д 0.0594 га газарт орон сууцны зориулалтаар барилга барих зөвшөөрөл олгосон байна.

 

Үүний үндсэн дээр нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн захиалгын дагуу “Ц К” ХХК нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “М” ХХК-ийн баруун талд өмнө тус компанийн барьсан “Residence-55/1” орон сууцны барилгын зүүн хойно байрлалтай, 44х13.5 м.кв хэмжээтэй, 10 давхар “Residence-55/2” орон сууцны барилгыг барихаар эрх бүхий байгууллагуудаас зохих зөвшөөрлийг авч техникийн нөхцөлийг батлуулан барилгын суурь болон 5 давхар карказ барьжээ.

 

Эдгээр үйл баримтууд нь зохигчдын тайлбар, 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 434/200 дугаартай “Зураг төсөл, хайгуул, судалгааны ажлын улсын экспертизийн дүгнэлт”, мөн өдрийн 66/2010 тоот “Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”, “Ц” ХХК, “Ц К” ХХК-ийн хооронд 2010 оны 05 дугаар сарын 01-нд 02/2010 тоот “Захиалагч байгууллага, гүйцэтгэгч байгууллагын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ”, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаар шийдвэр, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 504 дүгээр магадлал, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 336 дугаар тогтоол болон хэрэгт авагдсан бусад бичмэл баримтуудаар тогтоогдсон болно.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаар шийдвэрээр, “Ц” ХХК-д 1458 м.кв газар эзэмших эрх олгосон ЗД-ын 2009 оны 03 дугаар сарын 04-ний 93 дугаар захирамжийн “Ц” ХХК-д холбогдох хэсэг, мөн 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 476 дугаар захирамжийн “Ц” ХХК-д холбогдох хэсэг, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Х” ХХК-ийн хойд талд байршуулан 0.0594 га газарт орон сууцны зориулалтаар барилга барих зөвшөөрөл олгосон ЗДын 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 607 дугаар захирамжийн “Ц К” ХХК-д холбогдох хэсэг, “Ц К” ХХК-д Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хэлтсийн даргаас олгосон 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 66/2010 тоот “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг тус тус хүчингүй болгон шийдвэрлэсэн байх ба 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 336 дугаар тогтоолоор уг шийдвэрийг хэвээр баталж шийдвэрлэснээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Хариуцагч ЗД-ын 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 607 дугаар захирамжаар “Ц К” ХХК-д 0.0594 га газарт орон сууцны зөвшөөрөл олгохдоо Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасан бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахгүй байхыг хориглох, “Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн 5.36-д заасан хэрэглэгч эрчим хүчний шугам, сүлжээг хамгаалах дүрмийг хангаж ажиллана гэснийг болон Газрын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4-т заасныг тус тус зөрчсөн үйл баримт нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаар шийдвэрээр тогтоогдсон.  

 

Иймд нэхэмжлэгчийн “Residence-55/2” орон сууцны барилгын суурь болон карказыг барихад зарцуулсан зардал буюу учирсан хохирол нь хариуцагч ЗД-ын хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч “Ц” ХХК нь “М-О” ХХК орон сууцны дуусаагүй барилгын үнэ 2.035.150.000 төгрөг, газар эзэмших эрхийн үнийг 1.361.000.000 төгрөг гэж үнэлгээг гаргасан учраас уг үнэлгээний дагуу 3.396.750.000 төгрөгийг шаардсан.

 

Шүүхээс “И” ХХК-ийг дахин шинжээчээр томилсон ба Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Нарны зам 58 хаягт байрлах дуусаагүй барилга 1.816.710.906 төгрөг, газар эзэмших эрхийг 1.508.970.900 төгрөг, нийт 3.325.681.800 төгрөг гэж тогтоож дүгнэлт гарган ирүүлжээ. /Хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 189-218 дугаар тал/

 

Энэхүү дүгнэлтүүдийг нэхэмжлэгч, хариуцагч тал үгүйсгээгүй ба Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Нарны зам 58 хаягт баригдаж байгаа дуусаагүй барилгын төсөвт өртөг, газар эзэмших эрхийн үнэлгээг тогтоосон “И” ХХК-ийн дүгнэлтийг тодорхой тохируулга хийх замаар үндэслэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин нэхэмжлэгч “Ц” ХХК нь маргаан бүхий газарт барилгын ажил эхлэхдээ баталгаажсан зураг төслийн дагуу барилгыг бариагүй, барилгын ажлыг доголдолтой гүйцэтгэсэн гэх нөхцөл байдал хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт дүгнэгдсэн байна.

 

Тодруулбал: Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 336 дугаар тогтоолын дүгнэлт хэсэгт “...шинжээчийн дүгнэлтэд зааснаар барилга нь “М концерн” ХХК-ийн эмийн агуулахын барилгаас 4.8-7.8 метр хүртэл өргөнөөс нарийссан байдалтайгаар баригдсан нь барилга хоорондын зай зөрчигдсөн...” “...онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дүгнэлтэд барьж байгаа орон сууцны барилга нь “М Г” ХХК-ийн машины гарааш хооронд 2.16 метр, “М К” ХХК-ийн агуулахын барилгаас 4.6 метр зайтай байгаа нь хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрмийн 30.01.04 заалтыг зөрчсөн болохыг...” “...Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2010 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2/1348 дугаар албан бичгийн хавсралтад заагдсан дүгнэлтэд барилгын сууриар 5 дугаар хорооллыг дулаанаар хангадаг дулааны шугам байгаа ба техникийн нөхцөлийг олгохдоо шугамыг барилгын талбайгаас зөөж шилжүүлэхийг заасан байхад шугамыг зөөж шилжүүлээгүй, шугам зөөх зай талбай байхгүй...” гэж дурдсан байх ба тус барилгын төсөвт өртгийн үнэлгээг хийсэн “И” ХХК-ийн дүгнэлтэд уг доголдлын талаар тусгаагүй, үнэлгээнд хэрхэн нөлөөлсөн нь тодорхойгүй байна.

 

Төрийн байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас өөрт учирсан хохирлыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх материаллаг эрх зүйн хэм хэмжээний хүрээнд нэхэмжлэгчид хадгалагдах боловч ийнхүү учирсан хохирлын хэр хэмжээг тогтоох үндэслэл болж буй барилгын ажлын чанар байдал, бодит үр дүнг анхаарах шаардлагатай. Хөрөнгийн үнэлгээний “И” ХХК нь барилгын ажлыг үнэлэхдээ бүхий л дүрэм журмын хүрээнд аливаа доголдолгүй чанартай баригдсан ажлын үр дүн гэх нөхцөл байдалд үндэслэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон доголдлын хүчин зүйлийг үнэлгээ гаргахдаа эс хайхарсан байна.  

 

Иймд маргаан бүхий дуусаагүй барилгыг бий болгоход 1.816.710.906 төгрөгийн төсөвт өртөг зарцуулсан гэх дүгнэлт гарсан байх боловч уг барилга нь тодорхой доголдолтой баригдсан ийнхүү доголдолтой барилгын ажил бий болоход нэхэмжлэгч өөрөө гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй тул түүнд барилгын ажлын төсөвт өртгийн дүнгээр учирсан гэм хорын хохирлыг 50 хувиар бууруулж 908.355.450 төгрөгөөр тогтоох үндэстэй гэж дүгнэлээ.

 

“Ц” ХХК-ийн 1458.3 м.кв газрын эзэмших эрхийн үнэд 1.361.600.000 төгрөгийг нэхэмжилж байгаа Хөрөнгийн үнэлгээний “И” ХХК нь газар эзэмших эрхийг 1.508.970.900 төгрөгөөр үнэлжээ.

 

Нэхэмжлэгч “Ц” ХХК нь 1458.3 м.кв талбайтай газрын эрхийн үнэлгээгээр тооцон хохирлоо нэхэмжилсэн байна. Гэвч бодит байдал дээр тус компанийн шаардах эрхэд зүй ёсоор тооцогдох байсан давхцалгүй газрын хэмжээ 864.3 м.кв болох нь зохигчдын тайлбар ба хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч төрийн байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас газар эзэмших эрхийн үнэлгээгээр хохирсон гэж тайлбарлаж байгаа бол энэ нь түүнд хууль ёсоор оногдох байсан давхцалгүй газрын үнэлгээгээр тодорхойлогдох учиртай. Шүүх “И” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээнд тулгуурлан хууль ёсоор олж авах байсан газрын эрхэд оногдох хохирлын хэмжээг тодорхойлох боломжтой гэж үзлээ.

 

“И” ХХК-ийн тогтоосон газар эзэмших эрхийн үнэлгээний дагуу тооцвол 1 м.кв газар эзэмших эрхийн үнэ 1.034.746 төгрөг байна. Улмаар уг үнийг тоо хэмжээний хувьд доголдолгүй талбай болох 864.3 м.кв талбайгаар үржүүлбэл энэ хэмжээний газрын үнэ 894.330.967 төгрөг байна.

 

Гэвч шүүх уг үнэлгээг дахин 50 хувиар бууруулах үндэстэй гэж үзлээ.Учир нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Газрын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Зам шугам сүлжээний газарт цахилгаан, дулаан, хий ус хангамж ариутгах татуурга, зам тээвэр, холбоо, мэдээллийн зориулалтаар хот, тосгон, бусад суурины гадна олгогдсон газар хамаарах”...-ыг заасан байх ба ЗДын 2009 оны 607 тоот захирамжийн “Ц К” ХХК-д холбогдох хэсэг нь зам шугам сүлжээнд хамаарах газар байх ба мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нийтээр ашиглах газар болохыг, улмаар 21 дүгээр зүйлийн 21.2.3 болон 21.2.4 дэх заалтыг тус тус зөрчсөн байна” гэж дурдсанаас үзвэл уг газрыг эзэмших эрх нь дээр дурдсан талбай, хэмжээний доголдлоос гадна холбогдох хэм хэмжээг зөрчсөн эрхийн доголдолтой гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Тодруулбал: Дуусаагүй барилгын үнэлгээний нөхцөл байдалтай нэгэн адил хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон газар эзэмших эрхийн доголдол үнэлгээнд хэрхэн нөлөөлсөн болох нь дүгнэлтэд тодорхой бус байх тул дуусаагүй барилгын үнэлгээнд баримталсан зарчмын нэгэн адил дээр дурдсан 864 м2 талбайд хамаарах үнэлгээ болох 894.330.967 төгрөгийн үнэлгээг 50 хувиар бууруулж энэ хэсэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг 447.165.483 төгрөг байхаар тооцлоо.

 

Ийнхүү хохирлыг бууруулсан хувь хэмжээний асуудлаар нотлох үүргээ нэхэмжлэгч ба хариуцагчийн хэн аль нь хэрэгжүүлээгүй тул шүүх дээрх байдлаар 50 хувиар тооцон гэм хорын хэмжээг бууруулсан нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасантай нийцнэ гэж үзлээ. 

 

Иймд хариуцагч ЗД-аас орон сууцны дуусаагүй барилгын үнэ 908.355.450 төгрөг, газар эзэмших эрхийн үнэ 447.165.483 төгрөг, нийт 1.355.521.176 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ц” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.041.228.823 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийн тус тус удирдлага болгон

 

                                                                                                     ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч ЗД-аас 1.355.521.176 /нэг тэрбум гурван зуун тавин таван сая таван зуун хорин нэгэн мянга нэг зуун далан зургаан/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ц” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.041.228.823 /хоёр тэрбум дөчин нэгэн сая хоёр зуун хорин найман мянга найман зуун хорин гурван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17.141.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЗД-аас 6.935.556 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ц” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ч.ДАВААСҮРЭН

 

            ШҮҮГЧИД                                        Н.БАЯРМАА

                                                                          

                                                                                          Т.НАРАНЦОГТ