Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2020/00131

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 09 өдөр                  Дугаар 184/ШШ2020/00131                             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: ......... тоотод оршин суух И овогт Цын Ц.Бгийн /регистрийн дугаар ................/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ................... тоотод оршин суух Б овогт Дийн Д.Бд /регистрийн дугаар  ................../ холбогдох

“Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 13 дугаар гудамж, 30 /б/ тоот хаягт байрлах Г-2201010437 улсын бүртгэлийн дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээтэй 357 м.кв газрын хууль ёсны өмчлөгч нь Ц.Б мөн болохыг тогтоолгох, газрыг чөлөөлж өгөхийг даалгах” тухай иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, хариуцагч Б.Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч  С.Г, гэрч П.Ц, нарийн бичгийн даргад М.Оюу-Эрдэнэ нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Б миний бие 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 13 дугаар гудамж, 30/б/ тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2201010437 дугаарт бүртгэгдсэн газрыг хууль ёсны дагуу өмчлөх болсон. Үүнээс хойш өөрийн өмчлөлийн газар дээрээ хашаа хатгах гэж байтал 2011 оноос эхлэн Д.Б гэх иргэн хашаа хатгаж, байшин бариад амьдарч эхэлсэн. Харъяа дүүргийн Газрын алба болон өмчлөгч миний зүгээс газар чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч чөлөөлж өгөхгүй өдийг хүрсэн тул тус газрын хууль ёсны өмчлөгч нь иргэн Ц.Б миний бие мөн болохыг тогтоолгох, иргэн Д.Бд Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Их нарангийн 13 дугаар гудамж, 30 /б/ тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2201010437 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий 357 м.кв газрыг 2019 оны 05 сарын 01-ний өдрийн дотор чөлөөлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гаргасан тайлбартай танилцаад дараах дэлгэрэнгүй тайлбарыг гаргахын зэрэгцээ нэхэмжлэлийн “Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Их нарангийн 13 дугаар гудамж, 30 Б тоот хаягт байрлах Г-2201010437 улсын бүртгэлийн дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээтэй 357 м.кв газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох” тухай шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагч нь тайлбар гаргасан атлаа тайлбар дотроо хэд хэдэн хүсэлтүүд дурджээ. Үүнд: 1/Архиваас лавлагаа хуулбар авхуулах хүсэлтэй байна гэжээ. Ц.Б нь 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 13 дугаар гудамж, 30/б/ тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2201010437 дугаарт бүртгэгдсэн газрыг хууль ёсны дагуу өмчлөх болсон бөгөөд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж хууль ёсны өмчлөгч болсон. Архиваас яаж гэрчилгээ авсан эсэх талаар лавлагаа гаргуулах нь энэ хэрэгт ач холбогдолгүй бөгөөд нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэгэнт хууль ёсны өмчлөгч гэсэн шаардлагаас татгалзаж байгаа нь архиваас лавлагаа гаргуулах гэсэн хүсэлтийг хангахгүй байх үндэслэл болж байна. Мөн хариуцагч тайлбартаа ямар үндэслэлээр, ямар шалтгааны улмаас ямар нөхцөл байдлыг тогтоолгох зорилгоор Ц.Бгийн өмчлөлийн газрын талаар Архиваас лавлагаа гаргуулах талаараа тодорхой дурдаж өгөөгүй байна. Хэрэв уг газрын талаар маргах бол тухайн харъяалах шүүхэд нь хандах нь зүй хэрэг гэж үзэж байна. 2/Иргэн Ц.Б нь уг гэрчилгээгээ аваад 2010 онд Н Ю интернэшнл ХХК-д барьцаанд тавьсан. Өнөөдрийг хүртэл суллаагүй байгаа болно. Мөн эд хөрөнгө бүртгэлийн газраас лавлагаа хуулбар авах хүсэлтэй байна гэжээ. Ц.Б нь дээрх газрын хууль ёсны өмчлөгч тул Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д “газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах эрхтэй” гэж заасны дагуу өөрийн эрхээ хэрэгжүүлсэн явдал бөгөөд энэ нь одоо барьцаалагдсан үгүй эсэх асуудал нь энэ хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй юм. 3/Иргэн Ц.Б нь тус Н Ю интернэшнл ХХК-д өргүй бол, тус компанийн захирлын хүү С овогтой Б 2014.10.07-ны өдрийн А/251 захирамжаар олгогдсон газрын захирамжийг хүчингүй болгож Ц.Бд өгч эвлэрлийн гэрээгээр асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж байна гэжээ. Энэ нь боломжгүй юм. Учир нь Ц.Б нь нэхэмжлэлд дурдсан газрыг хууль ёсоор өмчилсөн байсны дараа П.Ц нь би наад газрыг чинь өөр хүнд зарчихсан. Оронд нь Найрамдал зусланд байдаг газар өгье гэж хэлсэн. Үүний дагуу Ц.Б нь П.Цтай хамт Найрамдал зуслангийн газрыг нь очиж үзсэн боловч уг газар таалагдаагүй учраас ямар нэгэн худалдаа, солилцоо явагдаагүй. Үүнээс хойш П.Ц нь Ц.Бд удахгүй танд газар олж өгнө гэсээр байгаад газар олж өгөлгүй өдий хүрсэн. Ц.Бгийн зүгээс нэг бол өөрийн өмчлөлийн газрыг авъя, эсвэл газар олж өг гэсэн шаардлагыг удаа дараа тавьж харъяа дүүргийн газрын албанд хандан газар чөлөөлүүлэх тухай шаардах хуудсыг хариуцагчид хэд хэдэн удаа хүргүүлж байсан байдаг. Иргэн Ц.Бгийн гаргасан нэхэмжлэл нь шүүхийн өмнөх шатнаас урьдчилан шийдвэрлүүлэхээр заасан хэргийн төрөлд хамаарахгүй юм. Учир нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өмчлөгч нь хөрөнгөө хуульд зааснаар хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй ба шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж заасан. Мөн Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд зөвхөн эзэмших, ашиглахтай холбоотой газрын маргааныг тухайн байгууллагын дээд шатны албан тушаалтан шийдвэрлэхээр заасан тул өмчлөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой маргааныг шүүх хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна...Манайх анх 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 1 нь тус газрын  өмчлөгч мөн болохыг тогтоолгох, энэ шаардлагаас бид хариу тайлбарын дэлгэрэнгүй тайлбараараа татгалзсан байгаа. Харин хавтаст хэрэгт байгаа баримтаар энэ газрыг чөлөөлөх тухай шаардлагын хүрээнд хэрэг хэлэлцэгдэнэ.  Ц.Б нь уг газрыг хуулийн дагуу, Газрын тухай хууль болон, мөн холбогдох журамд заасны дагуу материалаа бүрдүүлж зохих засаг даргын шийдвэрүүдийн дагуу газраа өмчилж авсан. Өмчилж авснаас нь хойш хашаа хатгах гэж байсан гэдэг тайлбарыг хэлж байсан, тэгэхэд Д.Б хашаа хатгачхаад чөлөөлж өгдөггүй энэ үеэр нь Цогтсайхан нь хоёулангаас нь мөнгө аваад явчихсан байж байгаа. Газар чөлөөлүүлэхээр Цогтсайхантай харьцахаар өөр газар олж өгнө, та энэ газраа орхио гэдэг өөр газар олж өгдөггүй яваад байсан. Энэ хугацаанд газрыг чөлөөлөх мэдэгдлийг газрын албанаас  2 удаа  шаардсан шаардлага өгсөн байдгийг хэрэгт хавсаргасан. Ингээд газрыг чөлөөлж өгөөгүй учраас нэхэмжлэл гаргасан байгаа. Эхнээсээ газрын өмчлөгч нь Ц.Б мөн болох нь тогтоогдоод, өмчлөх эрхийн  хугацаа 9-10 жил болчихсон, гэтэл энэ эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа байдлыг Иргэний хуульд тодорхой заасан байж байгаа. Иргэний хуулийн  106.1, 106.2, 106.3  мөн Иргэний хуулийн 22-р зүйлд заасан шаардлагын дагуу өмчлөх эрхийн асуудлаар тухайн шатны Засаг даргад хандан баталгаажуулж авсан. Ц.Бгийн өмчлөлийн газар мөн байгаа. Талуудын хүсэлтээр Нийслэлийн газрын алба, Нийслэлийн архив, Сонгинохайрхан дүүргийн газрын алба зэрэг байгууллагуудаас удаа дараа лавлагаа авсан ч хариуцагч Д.Бтай холбоотой өмчлөлийн материалууд огт гарч ирээгүй. Тийм учраас Ц.Бгийн гаргасан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй. Өмчлөх эрхээ хэрэгжүүлж байгаа, бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхээр хандаж байгаа нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэж байна...Газар өмчлөх эрхийн гэрчилгээ бол 2009 оны 03 сарын 18-ны өдөр гарсан байдаг, шийдвэр нь 2008 оны 09 сарын 30-ны өдөр гарсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээ бол 2008 оны 3 сард гарч байсан байна. Тэгэхээр хариуцагч гэрчилгээ гарахаас өмнө бид амьдарч байсан юм гээд байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны баримтууд байгаа. Хорооны Засаг даргын цохолт байгаа, энэ нь 2007 оных. Тэгэхээр бид өөрийн чинь ярьж, амьдарч энэ газрын асуудлыг мэдэхээс ч өмнө хорооны Засаг даргаар бид энэ газар бол биднийх гэдэг цохолтоо хийлгэчихсэн байсан байгаа. Харин хорооны Засаг дарга С.Х гэдэг хүн хүсэлт гаргаагүй, Ц.Б гэдэг хүн хүсэлт гаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээг нь гаргаж өгье гэсэн цохолт байдаг.Зарчхаад гэх юм. Ц.Б ерөөсөө энэ газраа худалдаагүй. Хэрвээ зарчихсан юм бол та энэ газар чинь таны өмчлөл биш байна гээд шаардах эрхээ та хэрэгжүүлэх ёстой байсан, энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна. Та энэ газрыг минийх гээд тайлбарлаад байгаа боловч таны гаргасан тайлбараар энэ Ц.Бгийн газар байж, энэ дээр Ц.Б өмчлөх эрхийн гэрчилгээг авчихжээ энэ дээр маргахгүй гэж хэлээд хүлээн зөвшөөрч байна. Энэ дээр юунд нь маргаад байх вэ, анхнаасаа Цогтсайхантайгаа учраа олоо л гэж байгаа...гэв. 

Хариуцагч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... 2008 оноос хойш манайх амьдарч байгаа. Ц.Б ер нь тэр газраа зарчхаад сүүлд нь бичиг баримтаа өөрийнхөө нэр дээр болгочхоод хэл ам болоод байгаа гэдэг энэ их сонин байгаа. Тухайн үеийн ханшаараа уг нь зарсан хүн байгаа. Манайд эзэмших эрхийн гэрчилгээ гарчихсан байгаад тэрийг нь өмчлөх болгох гэхэд буцаагаад Сонгинохайрхан дүүргийн газрын албанд өгчихсөн, тэр нь байхгүй болгочхоод байгаа. Кадастрын зураг гарчихсан газар эзэмших эрхийн гэрчилгээ гарчихсан байсан,Цогтсайхан би өмчлөх болгоно гэж аваад буцаад газрын албанд өгчихсөн, ингээд буцаж авах гэхээр байхгүй. Ц.Б гэдэг хүний нэр дээр гарсан байгаа, Ц.Б нь болохоор миний газар гээд байдаг. Бидэнд газар чөлөөл гэж шүүх, цагдаа энд тэндээс ирсэн юм байхгүй, гар хөлийн үсэг зуруулж барьсан юм байхгүй. Хэрэв тэгсэн бол бид нар бас хөөцөлдөнө. Гэтэл чив чимээгүй байж байгаад сая 2019 онд гэнэт шүүхээс дуудсан. Түүнээс биш эзэнгүй газар дээр хашаа хатгаад, байшин бариад байя гэж хэн ч гэсэн бодохгүй. Нэгэнт худалдаад авчихсан өөрийн юм болохоор цаашаа байшин, гарааш барьсан байгаа. Тог цахилгаан авах гэхээр заавал кадастрын зураг юм нь хэрэгтэй болдог юм байна лээ, тэр баримтуудаа канондож өгч авч байсан. Тэрийгээ гаргуулчих гээд авах гэхээр архив боломжгүй  эсвэл 10-аас дээш жил болчхоороо тэндээсээ гарчихдаг юм уу...2008 оноос өмнө Б гэдэг хүн газар авсан байж байгаад манайд зарсан нь үнэн. 2008 оноос өмнө нь газрын албаны гэрчилгээ юмыг авсан гээд яриад байгааг үгүйсгээгүй, гол нь өөрийнхөө юмыг зарчхаад буцаад минийх өмнө нь минийх байсан байна гэдэг байдлаар авах гээд байгааг ойлгохгүй байна, утгагүй байна. Өмнө нь хэнийх ч байсан байж болно... гэв.

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2008 онд газар зарна гэсэн сургаар өөрийн танилаар дамжуулан иргэн Пийн Ц гэгч хүнтэй уулзан тохиролцож дээрх газрыг 1,500,000 төгрөгөөр худалдан авч Ц.Б гэх хүний нэр дээр байсан кадастрын зургийг С.Х өөрийн нэр дээр шилжүүлэн гаргуулж тухайн үедээ Сонгинохайрхан дүүргийн газрын албанд журмын дагуу материал бүрдүүлэн өгч газар эзэмших гэрчилгээг гаргуулан авсан юм. Удалгүй П.Ц газрын гэрчилгээгээ өгч бай, өмчлөхийн гэрчилгээг чинь гаргуулж өгнө гэж аваад хүлээж бай одоохон гарна гэж хэлсээр удаашруулсан юм. Тухайн үед миний нөхөр Д.Б Солонгос улсад ажиллаж амьдарч байсан учир С.Х би газар худалдан авах тухайгаа нөхөртэйгээ хэлэлцэн ярилцаж тухайн газар өндөрлөг бөгөөд хавь ойрын иргэд аж ахуйн нэгж хог хаягдлаа хаядаг хогийн цэг болсон байсан учир техник хэрэгсэл ашиглан хүч түрэн ойр орчмыг цэвэрлэн газар шороог тэгшлэн хашаа хатгаж эзэмшиж байгаад 2014 онд байшин барих болж П.Цаас өмчлөлийн гэрчилгээ шаардахад байшингаа барьж бай асуудалгүй гэж удаа дараа шаардахад хэлсээр бид ая тухтай амьдрахын тулд байшингаа бартьж амьдарч 12 жилийн нүүр үзэж, байх тул дээрх дээрх иргэдийн биднийг хуурч мэхлэн хууль бусаар өмчлөх бичиг баримт гаргуулан авч, эрх ашгийг хохироон чирэгдүүлж байгааг С.Х, Д.Б биднийг шударга эзэмшигч болохыг тогтоон хуульд заасан үндэслэлээр эд хөрөнгө өмчлөх эрхийг олж авах давуу эрхийг тогтоон өмчлөгчөөр тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О сөрөг нэхэмжлэлд холбогдуулан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б нь 2009 оны 03 сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 13 дугаар гудамж, 30 /б/ тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2201010437 дугаарт бүртгэгдсэн газрыг хууль ёсны дагуу өмчлөх болсон бөгөөд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж хууль ёсны өмчлөгч болсон. Ц.Бгийн зүгээс 2001 оны 07 сарын 16-ны өдөр, 2009 оны 04 сарын 09-ний өдөр тус тус өөрийн өмчлөлийн газрыг чөлөөлүүлэхээр шаардлагыг удаа дараа тавьж харъяа дүүргийн газрын албанд хандан газар чөлөөлүүлэх тухай шаардах хуудсыг хэд хэдэн удаа хүргүүлж байсан байдаг. Мөн Д.Б, С.Х нар нь маргаан бүхий газарт 11 жил амьдрахдаа харъяа газрын алба, Засаг дарга гэхчлэн газар эзэмшүүлэх, өмчлүүлэх талаар холбогдох шийдвэр гаргах, эрхтэй субьектэд ямар нэгэн байдлаар тус газрыг эзэмших хүсэлт, өргөдөл гаргаж байсан эсэх, дээрх хугацаанд газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхээр бодитой, идэвхитэй үйлдэл хийсэн эсэх нь тогтоогдохгүй байна. Газар эзэмших эрхийг холбогдох байгууллагаас авалгүйгээр газар чөлөөлөх шаардах хуудас хүргүүлсээр байтал маргаан бүхий газарт хөрөнгө оруулалт хийж амьдарсан нэхэмжлэгчийн шударга эзэмшигчээр тогтоолгож, Эд хөрөнгө эзэмшигчийг өмчлөгч гэж тооцуулах, гэсэн шаардлагууд нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 90, 91, 104, 105 дугаар зүйлд заасныг үндэслэн сөрөг нэхэмжлэл гаргасан нь тухайн үедээ хуульд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байх тул дээрх хуулийн заалт үйлчлэхгүй юм. Сөрөг нэхэмжлэлдээ Д.Б түүний өмгөөлөгч С.Г нар нь иргэн Ц.Бгийн яг ямар үйлдэл хууль зөрчиж, тэдний шударга эзэмшигч болох эрхэд халдсан талаар нэг ч өгүүлбэр дурьдаагүй тул иргэн Ц.Бг хариуцагчаар татах үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.Өнөөдөр хэрэгт байгаа баримтад хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсанчлан ямар нэгэн гэрчилгээ, кадастрын зураг байхгүй. Хэрэв ямар нэгэн байдлаар Д.Б ч бай С.Х ч бай эзэмших эрхийн гэрчилгээ нь гараад ирсэн бол нээрээ энэ чинь гэж хүндэтгэж үзээд шударга эзэмшигч нь мөн байна гэх асуудал яригдахаар байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан байдлаас харвал С.Хгийн нэр дээр юм бол С.Х яагаад нэхэмжлэлээ гаргахгүй байгаа юм, С.Х өөрөө мөн хэргийн оролцогч байх этгээд мөн үү биш үү гэдэг нь  эргэлзээтэй байна. Иргэний хуулийн 90-р зүйлд энэ газрыг эзэмшээд авч байгаа юм бол хүнийх хууль бус,  өөрийн чинь газар гэдгийг мэдээд байгаа юм бол 3 жилийн дотор шаардлага гаргах ёстой байсан.Иргэний хуулийн 91-р зүйл бол угаасаа гуравдагч этгээдтэй холбоотой. Иргэний хуулийн 104-р зүйл бол эзэнгүй эд юмсыг 10 гаруй жилийн хугацаанд  өөрийн юм шиг эзэмшиж ирсэн байна, энэ бол эзэнгүй эд юмс биш эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээтэй зүйлийг хууль бусаар эзэмдчихээд байгаад байгаа.Иргэний хуулийн 104-р зүйлээр няцааж шударга эзэмшигч, өмчлөх давуу эрхийг олгох шаардлагыг сөрөг нэхэмжлэлээр гаргаад байгаа нь хууль бус тул хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэв.       

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.       

                                                                        

                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Д.Бд холбогдуулан  “Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 13 дугаар гудамж, 30 /б/ тоот хаягт байрлах Г-2201010437 улсын бүртгэлийн дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээтэй 357 м.кв газрын хууль ёсны өмчлөгч нь Ц.Б мөн болохыг тогтоолгох, газрыг чөлөөлж өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргасанг хариуцагч Д.Б нь эс зөвшөөрч “Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 13 дугаар гудамж 30/б/ тоотод байрлах иргэн С.Хгийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээтэй 357 м.кв газрын шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгож, эд хөрөнгө эзэмшигчийг өмчлөгчөөр тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

Хэрэг хянан ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Б нь “Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 13 дугаар гудамж, 30 /б/ тоотод  байрлах Г-2201010437 улсын бүртгэлийн дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээтэй 357 м.кв газрын хууль ёсны өмчлөгч нь Ц.Б мөн болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзжээ.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг   хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: “Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 13 дугаар гудамж, 30/б/ тоот хаягт байрлах Г-2201010437 улсын бүртгэлийн дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээтэй, гэр бүлийн зориулалтай 357 м.кв газрын хууль ёсны өмчлөгч нь Ц.Б мөн болох нь  тогтоогдож байна. /хх 6-8,14-17,36, 66-72,114-127/

   

Тухайлбал дүүргийн газрын албанаас 2007 оны 12 сарын 06-нд Ц.Бг  хүсэлт гаргасны дагуу маргаан бүхий  газрыг ашиглах, эзэмших түр зөвшөөрлийг олгож, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15 тоот захирамжаар “Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их наран 13-30/б/ тоотод  байрлах, нэгж талбарын 18634311915358 дугаар бүхий 500 м.кв газрыг 15 жилийн хугацаатай амины хашааны зориулалтаар эзэмших эрх олгосны дагуу  0149460 дугаартай газар эзэмших эрхийн  гэрчилгээг 2008 оны 01 дүгээр сарын 30-нд авсан, 

мөн  Ц.Б нь 2008 оны 09 дүгээр сарын 15-нд тус газраа өмчилж авах хүсэлтээ гаргахад Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 466 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн дүүргийн 4 дүгээр хороо, Их наран 13-30 /б/ хаягт байрлах 357 м.кв газрыг Ц.Бд гэр бүлийн зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэр гарсаны дагуу Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар гэр бүлийн зориулалтай газраа бүртгүүлж, 2009 оны 03 дугаар сарын 18-нд 000040234 тоот өмчлөх үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн  гэрчилгээ авч, кадастрын зураглал хийлгүүлжээ. /хх 8,114-127/

Дээрх байдлаас үзэхэд тухайн маргаан бүхий газар нь  Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасны дагуу давхцалгүй байсан тул дүүргийн газрын албанаас нэхэмжлэгч Ц.Бд 15 жилийн хугацаатай амины хашааны зориулалтаар газар эзэмших эрх олгож,   Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1 дах хэсэгт “ Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх” гэж зааснаар Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 466 дугаар  захирамжаар  Сонгинохайрхан дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт байрлах 357 м.кв  газрыг Цэрэнбалтавын Ц.Бд  гэр бүлийн зориулалтаар өмчлүүлсэн ба дүүргийн  газрын албанаас 2009 оны 4 сарын 9, 7 сарын 16-нд хариуцагчид газрыг чөлөөлөх талаар шаардах хуудас хүргүүлж байжээ.     

Хариуцагч Д.Б нь 2008 оноос өмнө Бямба гэдэг хүн газар авсан байж байгаад манайд зарсан. 2008 оноос хойш өдийг хүртэл 12-13 жил тасралтгүй амьдарч байгаа. 2008 оноос өмнө нь газрын албаны гэрчилгээ юмыг авсан гээд яриад байгааг үгүйсгээгүй, гол нь өөрийнхөө юмыг зарчихаад буцаад минийх өмнө нь минийх байсан гэдэг байдлаар авах гээд байгааг ойлгохгүй байна, өмнө нь хэнийх ч байсан байж болно, манайх газар эзэмших эрхийн гэрчилгээг авах гээд газрын албанд  2008 оны 7 сард өгөхөд  маргаантай байгаа гэж Цогтсайхан хэлсэн, түүнтэй  яриад л яваад байсан, би Солонгост байсан, намайг байгаагүй болохоор тухайн үедээ манай эхнэрийн нэр дээр бичиг баримт эзэмших эрхийн гэрчилгээ нь гарч байсан юм” хэмээн тайлбарладаг,

гэрч П.Ц шүүхэд...Тэр үед О хэлж байсан, газар дээр нь маргаан байгаад байна, Ц.Б гэж хүн энүүгээр ирээд сүйдийн юм болж байна гэсэн, би материал юмнуудаа тэгээд өгчихсөн, тэгээд буцааж аваагүй гэж мэдүүлэг боловч  хариуцагч Д.Б нь маргаан бүхий газрыг нэхэмжлэгч Ц.Бгаас хэдэн төгрөгөөр худалдаж авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, хуульд зааснаар нотолж чадаагүй байна гэж шүүх үзэв.

 

Учир нь гэрч П.Ц нь хариуцагч Д.Бы эхнэр ...С.Хгээс 1,500,000 төгрөг аваад Энхбаатар гэгчид өгсөн талаар мэдүүлэг ба Энхбаатар нь нэхэмжлэгч Ц.Бд тус мөнгийг  өгсөн талаар бичгийн баримт хэрэгт авагдаагүй, энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй тул гэрчийн мэдүүлэг нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна гэж шүүх үзсэн, 

мөн Д.Б болон түүний гэр бүлийн хүн болох С.Х нар  Сонгинохайрхан дүүргийн дүүргийн 4 дүгээр хороо, Их наран 13-30/б/ тоотод  байрлах 357 м.кв  газрыг  эзэмшээд ,ашиглаад байгаа  атлаа  нэхэмжлэгч Ц.Бг тухайн газрыг өмчилж авахаас нь өмнө  тус газрын талаарх маргаанаа Газрын тухай  хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга”шийдвэрлүүлнэ”  гэж заасны дагуу тухайн үед буюу 2008 оны 9 сарын 30-наас өмнө /өмчлөхөөс/ албан тушаалтанд хандаж гомдол гаргаж шаардах эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд хэргийн 24-р талд авагдсан С.Хгийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын 2008.5.22-ны зураг нь газар эзэмших эрхийн гэрээ болон гэрчилгээгээр давхар нотлогдоогүй, хариуцагч нь газар эзэмших эрх олгох хүсэлт гаргаж, эрхээ баталгаажуулаагүй байх тул зөвхөн бодитойгоор эзэмшиж, ашиглаж байгаа гэх нөхцөл байдлын улмаас түүнийг шударга эзэмшигч гэж үзэх боломжгүй юм.

 

Өөрөөр хэлбэл Д.Бы эхнэр С.Х, нэхэмжлэгч Ц.Б нар маргаан бүхий 376 м.кв газрыг худалдах, худалдан авах гэрээ болон хэлцэл хийгээгүй, хариуцагч талаас гэрч П.Цд 1,500,000 төгрөг өгсөн гэх, гэрч нь Э гэгчид энэ мөнгийг өгсөн гэх мэдүүлэгээр талуудын хооронд газар буюу үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан гэж үзэх боломжгүй бөгөөд хариуцагч нь хуульд заасны дагуу тухайн маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмших эрхтэй болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байна.

 

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших“ гэдэг нь газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгана гэж ойлгох, энэ хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д ”газрыг энэ хуульд заасан зориулалт хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ “ гэсэн,  27.3-т ” нэгж, талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж, 27.4-т ”Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасан ба хуулийн энэ зохицуулалтаар Монгол Улсын иргэн хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар эзэмших эрхтэй ба эзэмших эрх нь зөвхөн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр баталгаажиж  энэ үндсэн дээр газар эзэмших эрх үүсэх бөгөөд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүйгээр аливаа этгээд газрыг эзэмших нь хууль зөрчсөн үйлдэл болох тул нэхэмжлэгч Ц.Бгийн  гэр бүлийн зориулалттай  өмчлөлийн газрыг  хариуцагч Д.Б нь өөрийн эзэмшилд хууль бусаар байлгаж  байгаа  бөгөөд үүний улмаас тэрээр өөрийнхөө өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах  эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон  байна гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт ”Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж, энэ хуулийн 106.3-т ”Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ц.Б нь шаардах эрхтэй байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Бгийн  өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 13 дугаар гудамж 30/б/ тоот хаягт байрлах 357 м.кв газрыг хариуцагч Ц.Д.Бы хууль бус эзэмшилээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Сөрөг шаардлагын талаар:

Хариуцагч Д.Баас “Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 13 дугаар гудамж 30/б/ тоотод байрлах иргэн С.Хгийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээтэй 357 м.кв газрын шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгож, эд хөрөнгө эзэмшигчийг өмчлөгчөөр тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс: бид нар бол шударга эзэмшигч мөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Эзэмшигч гэдгийг хууль зүйн ойлголтоор эзэмших эрхийн гэрчилгээ гарснаар эзэмшигч гэж үзэх үндэсгүй, эзэмшээд, түүнийг ашиглаад байх логик ойлголт байгаа. Эзэмшиж байгаа хүн бол Д.Б болон түүний гэр бүлийн хүн С.Х. Яагаад Иргэний хуулийн 104-г барьсан гэвэл тухайн үед Д.Б болон түүний гэр бүлийн хүмүүс энэ газрыг эзэмшиж өөрсдөө амьдрах нөхцөл байдлыг бүрдүүлж, хашаа хатгаж, хог цаасыг цэвэрлэж байхад Ц.Бд гэдэг хүний нэр дээр өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй байсан, тэгэхээр энэ илээр шударгаар олж авсан, яагаад шударгаар вэ гэхээр мөнгөө төлөөд кадастрын зураг энэ хүний нэр дээр байдаг. Тийм учраас энийг өөрсийнхөө нэр дээр шилжүүлж авах ёстой юм байна гээд өөрсдийнхөө нэр дээр шилжүүлж аваад шударгаар хууль ёсоор авсан. Тухайн үеийнхээ нөхцөл байдлаас шалтгаалаад эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээгүй гэдэг. Эзэмшээд, ашиглаад байгаа газрыг өөр нэгэн этгээд өмчлөх эрхийн гэрчилгээ аваад миний өмч юм гээд байгааг шударгаар олж авсан гэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрж байгаа учраас бид шударга эзэмшигчээр тогтоолгохын тулд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан “ хэмээн  тайлбарлав.  

  

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, энэ хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4 дэх хэсэгт зааснаар аливаа этгээд буюу иргэн нь хуульд заасны дагуу газар эзэмших эрхтэй ба эзэмших эрх нь зөвхөн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр баталгаажиж энэ үндсэн дээр газар эзэмших эрх үүсэх бөгөөд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүйгээр аливаа этгээд  газрыг эзэмших нь хууль зөрчсөн үйлдэл болох талаар хуульд тусгагджээ. 

 

Гэтэл хариуцагч талын тайлбарлаад байгаа шиг Д.Б нь маргаан бүхий маргаан бүхий 30/б/ тоотод байрлах 376 м.кв газрыг 2008 оноос хойш 11 жил эзэмшсэн боловч эзэмшлийн зүйл болох газар нь эзэнгүй эд хөрөнгө биш тухайн газрыг хуульд заасны дагуу эзэмших эрхийг олж авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч Ц.Бгийн өмчлөлийн газар байх тул Иргэний хуулийн 104, 105 дугаар зүйлд хамаарахгүй, шударга эзэмшигч гэж үзэх  хууль үндэслэлгүй, тэрээр газар эзэмших эрх олгох хүсэлт гаргаж, эрхээ баталгаажуулаагүй тул зөвхөн бодитойгоор эзэмшиж, ашиглаж байгаа гэх нөхцөл байдал нь хуулийн заалтад  хамааралгүй байна. 

   

Тэрээр  Д.Б болон түүний гэр бүлийн хүн болох С.Х нар  Их наран 13-30/б/  тоотод  байрлах 357 м.кв  газрыг  эзэмшээд, ашиглаад байгаа  атлаа  нэхэмжлэгч Ц.Бг тухайн газрыг өмчилж авахаас нь өмнө тус газрын талаарх маргаанаа Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасны дагуу тухайн үед буюу 2008 оны 9 сарын 30-наас өмнө /өмчлөхөөс/ албан тушаалтанд хандаж гомдол гаргаагүй ба хэргийн 24-р талд авагдсан С.Хгийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын 2008.5.22-ны зураг нь газар эзэмших эрхийн гэрээ болон гэрчилгээгээр давхар нотлогдоно гэсэн  хуулийн шаардлага хангаагүй,  хариуцагч нь Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрх олгох хүсэлт гаргаж, эрхээ баталгаажуулаагүй байх тул түүнийг бодитойгоор эзэмшиж, ашиглаж байгаа гэж  үзэж  шударга эзэмшигчээр тооцох үндэслэл болохгүй юм.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар бол Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас 2007 оны 12 сарын 06-нд Ц.Бг  хүсэлт гаргасны дагуу маргаан бүхий  газрыг ашиглах, эзэмших түр зөвшөөрлийг олгож, Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их наран 13-30 /б/ тоотод байрлах, нэгж талбарын 18634311915358 дугаар бүхий 500 м.кв газрыг 15 жилийн хугацаатай амины хашааны зориулалтаар эзэмших эрх олгосны дагуу  0149460 дугаартай газар эзэмших эрхийн  гэрчилгээг   2008 оны 01 дүгээр сарын 30-нд авсан ба

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 466 дугаар  захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их наран 13-30/б/ тоот хаягт байрлах 357 м.кв газрыг Ц.Бд гэр бүлийн зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэр гарч, 2009 оны 03 дугаар сарын 18-нд 000040234 тоот өмчлөх үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн  гэрчилгээ олгогджээ. /хх 8,114-127/

 

Ингээд Ц.Б нь  Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 13 дугаар гудамж, 30/б/тоотод байрлах Г-2201010437 улсын бүртгэлийн дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээтэй, гэр бүлийн зориулалтай 357 м.кв газрын хууль ёсны өмчлөгч болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба шүүх энэ үндэслэлээр нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. /хх 6-8,14-17,36, 66-72,114-127/         

Шүүх хариуцагчийг  хуульд заасны дагуу тухайн маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмших эрхтэй болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй гэж үзэв.

Иймд хариуцагч Д.Б нь бусдын өмчлөлийн 376 м.кв газрыг эзэмшиж буй нь хууль бус байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Д.Б нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 06 дугаар сарын 14-нд Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч шүүх хүлээж аваагүй ба маргаан бүхий газар нь нэхэмжлэгч Ц.Бгийн өмчлөлийн газар болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул шүүх хуульд зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй гэж үзсэн тул хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдав.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт ”нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны дагуу шүүх үнэлэхдээ хэргийн 24-17, 49-51 дүгээр талд авагдсан нотлох баримт хэрэгт хамааралгүй тул үнэлээгүй болно.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Ц.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, хариуцагч Д.Бы сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

                                

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 119 дүгээр  зүйлд заасныг  удирдлага болгон   

ТОГТООХ нь:

  

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Бгийн /регистрийн дугаар:ЦА59062981/ өмчлөлийн  Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 13 дугаар гудамж 30/б/ тоот хаягт байрлах  гэр бүлийн зориулалтай Г-2201010437 дугаар бүхий  357 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Д.Бы /регистрийн дугаар:ФБ67032313/ хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

2.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1,104 дүгээр зүйлийн 104.1, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Д.Бы “Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 13 дугаар гудамж 30Б тоотыг иргэн С.Хгийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээтэй 357 м.кв газрын шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгож, эд хөрөнгө эзэмшигчийг өмчлөгчөөр тооцуулах” тухай сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Баас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Д.Баас сөрөг шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

    

4.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дах хэсэгт зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.ОЮУНЖАРГАЛ