Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 210/ма2022/01979

 

 

 

 

 

 

 

 

2022 11 11 210/МА2022/01979

 

 

Ц.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2022/02666 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Б-гийн хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2201010437 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их наран 13 дугаар гудамж, б тоот хаягт байрлах 357 м.кв газрыг чөлөөлөхийг хариуцагчид даалгах үндсэн нэхэмжлэлтэй, газрын өмчлөгч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, хариуцагчийн өмгөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1 Миний бие 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их наран 13 дугаар гудамж, б тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2201010437 дугаарт бүртгэгдсэн газрыг хууль ёсны дагуу өмчлөх болсон. Гэтэл 2011 оноос эхлэн Д.Б амьдарч эхэлсэн. Иймээс Газрын албанд газар чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч шийдвэрлэж өгөөгүй. Ц.Б-г хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, Д.Б ыг тус газрыг чөлөөлж өгөхийг даалгах нэхэмжлэлийг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаас татгалзсан. Миний бие Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өөрийн өмчлөлийн хөрөнгөө хуульд зааснаар хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

1.2 Д.Б хашаа хатгачихаад чөлөөлж өгдөггүй, энэ үеэр П.Ц нь хоёулангаас нь мөнгө авсан. Газар чөлөөлүүлэхээр П.Ц тай харьцахаар өөр газар олж өгнө гээд өгөөгүй. Энэ хугацаанд газрыг чөлөөлөх мэдэгдлийг газрын албанаас 2 удаа шаардсан баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Газрыг чөлөөлж өгөөгүй учраас шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан, талуудын хүсэлтээр Нийслэлийн газрын алба, Нийслэлийн архив, Сонгинохайрхан дүүргийн газрын алба зэрэг байгууллагуудаас удаа дараа лавлагаа авсан ч хариуцагч Д.Б тай холбоотой өмчлөлийн материалууд гарч ирээгүй, нэхэмжлэгч нь бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхээр шаардаж байна. Хариуцагч уг газрыг худалдаж авсан гэдэг ч газрыг эзэмшиж, өмчилж байгаа нэхэмжлэгчтэй тохиролцоогүй, мөнгийг нь ч өгөөгүй, өөр этгээдтэй харилцсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Бид 2008 оноос хойшхи хугацаанд амьдарч байгаа. Ц.Б газрыг зарчихаад сүүлд нь бичиг баримтаа өөрийнхөө нэр дээр болгож, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна. Манайд эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг нь гарсан байсан, газрын албанд хандахаар тийм зураг байхгүй гээд гаргаж өгөөгүй. Эзэмших эрхийн гэрчилгээгээ аваад хаягийн бүртгэл, хорооны бүртгэлээ хийлгэсэн, тухайн үед хороо цахим бүртгэл хийж байсан тул гэрчилгээний дугаарыг бичиж аваад, надад цахим иргэний үнэмлэх өгсөн. Газар чөлөөлөхийг шаардсан албан бичиг ирээгүй. 2019 онд шүүхээс дуудсан. Нэгэнт худалдаж авсан учраас байшин, гарааш барьсан, 2008 оноос өмнө Ц.Б авсан газраа манайд худалдчихаад миний өмч гэсэн нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: 2008 онд П.Ц аас газрыг 1,500,000 төгрөгөөр худалдан авч, Ц.Б-гийн нэр дээр байсан кадастрын зургийг С.Х гийн нэр дээр шилжүүлэн эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулан авсан. П.Ц нь өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж өгнө байшингаа барьж бай асуудалгүй гэж хэлсэн. Бид ая тухтай амьдрахын тулд тухайн газарт хувийн сууцны зориулалттай байшин барьсан, энэ газартаа 12 жил амьдарч байгаа тул Д.Б ыг шударга эзэмшигч болохыг тогтоон хуульд заасан үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тооцож өгнө үү гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Ц.Б нь 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдөр газрыг хууль ёсны дагуу өмчлөх болсон. Ц.Б-гийн зүгээс 2001 он, 2009 онуудад өөрийн өмчлөлийн газрыг чөлөөлүүлэхээр шаардлагыг удаа дараа харьяа дүүргийн газрын албанд хандаж байсан. Мөн Д.Б , С.Х нар нь маргаан бүхий газарт 11 жил амьдрахдаа холбогдох эрх бүхий байгууллагад газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхээр бодитой, идэвхтэй үйлдэл хийсэн эсэх нь тогтоогдохгүй байна.

Газар эзэмших эрхийг холбогдох байгууллагаас авалгүйгээр газар чөлөөлөх шаардах хуудас хүргүүлсээр байтал маргаан бүхий газарт байшин барьж амьдарсан, нэхэмжлэгчийн шударга эзэмшигчээр тогтоолгож, эд хөрөнгө эзэмшигчийг өмчлөгч гэж тооцуулах шаардлагууд нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 90, 91, 104, 105 дугаар зүйлд заасныг үндэслэн сөрөг нэхэмжлэл гаргасан нь тухайн үедээ хуульд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байх тул дээрх хуулийн заалтад хамаарахгүй. Иймд хариуцагчийн нэр дээр гэрчилгээ, кадастрын зураг байдаггүй. Нэхэмжлэгч нь газрыг эзэмших, өмчлөх эрхээ цаг тухайд нь эрх бүхий төрийн байгууллагад бүртгүүлж, гэрчилгээгээ авсан, газрыг хариуцагчид худалдаагүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Г-2201010437 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их наран 13 дугаар гудамж б тоот хаягт байрлах, 357 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Д.Б ы хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Д.Б ы сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1 Маргаан бүхий газрыг 2008 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа. Нэхэмжлэгч 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар 357 м.кв талбайтайгаар тус газрыг өмчлөх эрхтэй гэх, 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар 500 м.кв газрыг эзэмших эрхтэй гэрчилгээ гарсан гэх м.кв зөрүүтэй, мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэгт заасны дагуу газар эзэмших гэрээ хийгдсэн байх, газрын төлбөр төлсөн байх зэрэг баримт гаргуулахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Гэрч П.Ц нь ...Ц.Б-г нь газрыг н.Э аар дамжуулан худалдсан гэж мэдүүлсэн. Хэрэгт авагдсан 2 ширхэг шаардах хуудсыг №1 гэж дугаарлагдсан байгааг үл тоомсорлож шийдвэрийн үндэслэлд дурдсан. Маргаан бүхий газрын кадастрын зураглалд маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их наран 13 дугаар гудамж 306 тоот хаягт байршил давхцаж байгаа ч солбицол нь зөрүүтэй байгааг шүүх дурдсан байгаа зөрүүг шалгаж, нягталж тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн, хүний эрх ашгийг ноцтой хохироож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь маргаантай үйл баримтын үндэслэлийг тогтоогоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

7.1 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Нэгж талбарын дугаарыг нэг тоо зөрүүлж бичсэн учраас залруулах нь зүйтэй. Маргаан бүхий газрыг нэхэмжлэгч худалдсан бөгөөд түүнийгээ хүлээн зөвшөөрсөн гэж хариуцагч тал тайлбарласан. Тухайн газрыг П.Ц зуучлаад Ч.Бямбаа өмчлөх эрхийн гэрчилгээ авсны дараа хариуцагч тал мөнгийг аваад гэрчилгээ гаргаж өгнө гэсэн асуудал яригдсан. Ц.Б д танай газрын оронд өөр газар өгье гэсэн тохиролцоогоор өнөөдрийг хүрсэн. Үүнд Ц.Б газрыг худалдаж мөнгийг аваад, худалдсанаа зөвшөөрсөн зүйл огт байхгүй. С.Х гийн газрын кадастрын зургийг 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хийлгэсэн. Энэ хугацаанаас өмнө 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15 дугаартай захирамжаар Ц.Б газар өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Өөрөөр хэлбэл, 5 сарын өмнө гэрчилгээгээ авсан байхад Иргэний хуулийн 101, 104 дүгээр зүйлд заасныг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Дээрх үндэслэлээр шаардлага гаргасан бол Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг аймаг, нийслэлийн байгаль орчны газрын дүгнэлтийг үндэслэн эзэмшүүлж болно гэж заасан. Мөн шаардах эрхээ хэрхэн хэрэгжүүлсэн талаар хариуцагч тал маргасан бөгөөд 2 удаагийн шаардах хуудас байдаг. Гэвч тухайн шаардах хуудас нь өөр өөр он сартай, эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамгатай байгаа. Адилхан дугаартай байгаа нь тухайн байгууллагын дотоод зохион байгуулалттай холбоотой. Өмчлөх эрхийн гэрчилгээтэй газарт нүүж очсон гэдгээ иргэн П.Б мэдэж байсан бөгөөд П.Ц энэ талаар мэдүүлэг өгсөн. П.Б хариу тайлбараараа дээрх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн, газрын кадастр, нэгж талбарын дугаар зөрүүтэй эсэх талаар хариуцагч тал тайлбарласан бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Газар зохион байгуулалтын албанаас ирсэн албан бичгээр дээрх зөрүү арилсан. Эзэмших эрхийн гэрчилгээ 500 м.кв байсан боловч өмчлөх эрхийн гэрчилгээ авахад 357 м.кв болсон. Учир нь Газрын алба, Засаг даргын хооронд энэ газрыг үер усны улмаас шалтгаалан багасгасан. Тухайлбал, өндөрлөг газрын жалга хэсэгт багтсан газрыг үер усны улмаас м.кв-ийн хэмжээг багасгасан гэж үзэж болно. Нэгж талбарын дугаарын зөрүү нь бодитой бөгөөд П.Б ыг тухайн газарт оршин сууж байгааг тодруулахын тулд анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас өмнө шүүгч өөрийн биеэр очиж үзлэг хийж тогтоосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн өмчлөгч шаардах эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой маргаанд хамааралтай үйл баримтыг зөв дүгнэсэн боловч Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

3. Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Д.Б д холбогдуулан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2201010437 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их наран 13 дугаар гудамж, б тоот хаягт байрлах 357 м.кв газрыг чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч газрыг худалдан авсан, 2008 оноос хойш шударгаар эзэмших хугацаанд хэн нэгэн маргаан үүсгээгүй гэх үндэслэлээр татгалзлаа илэрхийлжээ. /1хх-1, 19-23/

3.1 Өөрөөр хэлбэл, Д.Б нь ...нэхэмжлэлд дурдсан газар хог ихтэй байсныг цэвэрлэж, байшин барьж, газрыг нь тэгшилж хашаа барьсан, уг газрын эзэмших эрхийг хуулийн дагуу олж авсан, нэхэмжлэгч нь тухайн газрыг эзэмших эрхээ хуульд заасны дагуу хэрэгжүүлээгүй гэх агуулгаар маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их наран 13 дугаар гудамж, 30/Б тоотод байрлах, нэгж талбарын 18634311925858 дугаар бүхий 500 м.кв газрыг амины хашааны зориулалтаар эзэмшүүлж, улмаар 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Ц.Б-гийн нэр дээр уг газрыг бүртгэж Сонгинохайрхан дүүргийн газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн 0149460 дугаар гэрчилгээг авчээ. /1хх-117/

 

4.1 Мөн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 466 дугаар захирамжаар Ц.Б д дээрх маргаан бүхий 357 м.кв газрыг өмчлүүлж, улмаар 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Ц.Б-гийн нэр дээр уг газрыг бүртгэж Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000040234 дугаар гэрчилгээг олгосон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /1хх-8,119/

 

4.2 Уг газар эзэмших, өмчлөх эрх олгосон Засаг дарга нарын захирамжуудыг дээд шатны байгууллага болон шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч нь маргаан бүхий газрын өмчлөгчийн хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс өмчлөлийн зүйлээ шаардах эрхтэй байх тул Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их наран 13 дугаар гудамж, 30/б тоот хаягт байрлах, гэр бүлийн зориулалттай 357 м.кв талбайтай газрыг Д.Б ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

 

5. Хариуцагч Д.Б ы эзэмшил хууль бус байх бөгөөд хууль ёсоор эзэмшиж байгаа буюу нэхэмжлэгч Ц.Б болон өөр бусад этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр эзэмшсэн, эзэмших эрх үүссэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймд анхан шатны шүүх хариуцагчийг бусдын эзэмшил газар дээр байшин барьж хууль бусаар тухайн газрыг эзэмшиж байгаа гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

6. Харин шүүх хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ уг шаардлагын үндэслэлд хамааралгүй буюу Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөлт оруулах боломжтой байна. Тодруулбал, Д.Б нь маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмших эрхтэй этгээд биш байх тул Ц.Б нь хуульд зааснаар газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхийг Д.Б аас шаардах эрхтэй.

 

6.1 Иймд газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэж байгаа тул тухайн маргаанд Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг баримтлах шаардлагагүй байсныг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас хасч өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

6.2 Нэхэмжлэгч Ц.Б-гийн нэр дээр маргаан бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ 500 м.кв талбай гэж тодорхойлон олгогдсон байх боловч уг газрын өмчлөх эрхийн гэрчилгээг олгох үед тухайн газар нь өндөрлөг газрын жалга, үер усны хэсэгт багтсаны улмаас м.кв талбайн хэмжээг багасгаж 357 м.кв талбай бүхий газрыг өмчлүүлсэн нь анхны өмчилсөн нэгж талбарын дугаар өөрчлөгдөөгүй, талбайн хэмжээ зөрүүгүй, мэдээллийн санд нэгж талбарын давхцалгүй талаар Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанаас ирүүлсэн албан тоотоор тогтоогдож байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй./2хх200/

7. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо ...газрыг нэхэмжлэгч Ц.Б-г аас худалдаж авсан гэх тайлбарын тухайд нотолсон баримтгүй, гэрчийн мэдүүлэг болон өөрийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Ц.Б тай бус өөр этгээдтэй буюу П.Ц тай тохиролцсон, мөнгийг н.Э гэгчид өгсөн нь тогтоогдсон, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмшиж байсан хугацаанаас нь хамааран хариуцагч Д.Б ыг шударга эзэмшигч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй талаар хэрэгт цугларсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

7.1 Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн тайлбараа үндэслэл бүхий баримтаар нотлоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр үйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасантай нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2022/02666 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас ...93 дугаар зүйлийн 93.1 гэснийг хасч өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Д.ЦОГТСАЙХАН