Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/01484

 

  

Ц.Бямбаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Л.Атарцэцэг, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2020/00131 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 583 дугаар магадлалтай,

 

Ц.Бямбаагийн нэхэмжлэлтэй,

Д.Батчулуунд холбогдох,

 

Газар чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Маргаж буй газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оргилын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оргил, хариуцагчийн өмгөөлөгч С.Галцацрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Бямбаа миний бие 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 13 дугаар гудамж, 30/б/ тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2201010437 дугаарт бүртгэгдсэн газрыг хууль ёсны дагуу өмчлөх болсон. Үүнээс хойш өөрийн өмчлөлийн газар дээрээ хашаа хатгах гэж байтал 2011 оноос эхлэн Д.Батчулуун гэх иргэн хашаа хатгаж, байшин бариад амьдарч эхэлсэн. Харьяа дүүргийн Газрын алба болон өмчлөгч миний зүгээс газар чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч чөлөөлж өгөхгүй өдийг хүрсэн тул тус газрын хууль ёсны өмчлөгч нь иргэн Ц.Бямбаа миний бие мөн болохыг тогтоолгох, иргэн Д.Батчулуунд Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Их нарангийн 13 дугаар гудамж, 30 /б/ тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2201010437 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий 357 м.кв газрыг 2019.05.01-ний өдрийн дотор чөлөөлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2008 оноос хойш манайх амьдарч байгаа. Бямбаа ер нь тэр газраа зарчхаад сүүлд нь бичиг баримтаа өөрийнхөө нэр дээр болгочхоод хэл ам болоод байгаа гэдэг энэ их сонин байгаа. Тухайн үеийн ханшаараа уг нь зарсан хүн байгаа. Манайд эзэмших эрхийн гэрчилгээ гарчихсан байгаад тэрийг нь өмчлөх болгох гэхэд буцаагаад Сонгинохайрхан дүүргийн газрын албанд өгчихсөн, тэр нь байхгүй болгочхоод байгаа. Кадастрын зураг гарчихсан газар эзэмших эрхийн гэрчилгээ гарчихсан байсан,Цогтсайхан би өмчлөх болгоно гэж аваад буцаад газрын албанд өгчихсөн, ингээд буцаж авах гэхээр байхгүй. Бямбаа гэдэг хүний нэр дээр гарсан байгаа, Бямбаа нь болохоор миний газар гээд байдаг. Бидэнд газар чөлөөл гэж шүүх, цагдаа энд тэндээс ирсэн юм байхгүй, гар хөлийн үсэг зуруулж барьсан юм байхгүй. Хэрэв тэгсэн бол бид нар бас хөөцөлдөнө. Гэтэл чив чимээгүй байж байгаад сая 2019 онд гэнэт шүүхээс дуудсан. Түүнээс биш эзэнгүй газар дээр хашаа хатгаад, байшин бариад байя гэж хэн ч гэсэн бодохгүй. Нэгэнт худалдаад авчихсан өөрийн юм болохоор цаашаа байшин, гарааш барьсан байгаа. Тог цахилгаан авах гэхээр заавал кадастрын зураг юм нь хэрэгтэй болдог юм байна лээ, тэр баримтуудаа канондож өгч авч байсан. Тэрийгээ гаргуулчих гээд авах гэхээр архив боломжгүй эсвэл 10-аас дээш жил болчхоороо тэндээсээ гарчихдаг юм уу...2008 оноос өмнө Бямба гэдэг хүн газар авсан байж байгаад манайд зарсан нь үнэн. 2008 оноос өмнө нь газрын албаны гэрчилгээ юмыг авсан гээд яриад байгааг үгүйсгээгүй, гол нь өөрийнхөө юмыг зарчхаад буцаад минийх өмнө нь минийх байсан байна гэдэг байдлаар авах гээд байгааг ойлгохгүй байна, утгагүй байна. Өмнө нь хэнийх ч байсан байж болно гэжээ.

 

Хариуцагч Д.Батчулуун шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2008 онд газар зарна гэсэн сургаар өөрийн танилаар дамжуулан иргэн Пүрэвийн Цогтсайхан гэгч хүнтэй уулзан тохиролцож дээрх газрыг 1,500,000 төгрөгөөр худалдан авч Бямбаа гэх хүний нэр дээр байсан кадастрын зургийг С.Хоролсүрэн өөрийн нэр дээр шилжүүлэн гаргуулж тухайн үедээ Сонгинохайрхан дүүргийн газрын албанд журмын дагуу материал бүрдүүлэн өгч газар эзэмших гэрчилгээг гаргуулан авсан юм. Удалгүй П.Цогтсайхан газрын гэрчилгээгээ өгч бай, өмчлөхийн гэрчилгээг чинь гаргуулж өгнө гэж аваад хүлээж бай одоохон гарна гэж хэлсээр удаашруулсан юм. Тухайн үед миний нөхөр Д.Батчулуун Солонгос улсад ажиллаж амьдарч байсан учир С.Хоролсүрэн би газар худалдан авах тухайгаа нөхөртэйгөө хэлэлцэн ярилцаж тухайн газар өндөрлөг бөгөөд хавь ойрын иргэд аж ахуйн нэгж хог хаягдлаа хаядаг хогийн цэг болсон байсан учир техник хэрэгсэл ашиглан хүч түрэн ойр орчмыг цэвэрлэн газар шороог тэгшлэн хашаа хатгаж эзэмшиж байгаад 2014 онд байшин барих болж П.Цогтсайханаас өмчлөлийн гэрчилгээ шаардахад байшингаа барьж бай асуудалгүй гэж удаа дараа шаардахад хэлсээр бид ая тухтай амьдрахын тулд байшингаа бартьж амьдарч 12 жилийн нүүр үзэж, байх тул дээрх дээрх иргэдийн биднийг хуурч мэхлэн хууль бусаар өмчлөх бичиг баримт гаргуулан авч, эрх ашгийг хохироон чирэгдүүлж байгааг С.Хоролсүрэн, Д.Батчулуун биднийг шударга эзэмшигч болохыг тогтоон хуульд заасан үндэслэлээр эд хөрөнгө өмчлөх эрхийг олж авах давуу эрхийг тогтоон өмчлөгчөөр тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оргил сөрөг нэхэмжлэлд холбогдуулан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Бямбаа нь 2009.03.18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 13 дугаар гудамж, 30 /б/ тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2201010437 дугаарт бүртгэгдсэн газрыг хууль ёсны дагуу өмчлөх болсон бөгөөд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж хууль ёсны өмчлөгч болсон. Ц.Бямбаагийн зүгээс 2001.07.16-ны өдөр, 2009.04.09-ний өдөр тус тус өөрийн өмчлөлийн газрыг чөлөөлүүлэхээр шаардлагыг удаа дараа тавьж харьяа дүүргийн газрын албанд хандан газар чөлөөлүүлэх тухай шаардах хуудсыг хэд хэдэн удаа хүргүүлж байсан байдаг. Мөн Д.Батчулуун, С.Хоролсүрэн нар нь маргаан бүхий газарт 11 жил амьдрахдаа харьяа газрын алба, Засаг дарга гэхчлэн газар эзэмшүүлэх, өмчлүүлэх талаар холбогдох шийдвэр гаргах, эрхтэй субьектэд ямар нэгэн байдлаар тус газрыг эзэмших хүсэлт, өргөдөл гаргаж байсан эсэх, дээрх хугацаанд газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхээр бодитой, идэвхитэй үйлдэл хийсэн эсэх нь тогтоогдохгүй байна. Газар эзэмших эрхийг холбогдох байгууллагаас авалгүйгээр газар чөлөөлөх шаардах хуудас хүргүүлсээр байтал маргаан бүхий газарт хөрөнгө оруулалт хийж амьдарсан нэхэмжлэгчийн шударга эзэмшигчээр тогтоолгож, Эд хөрөнгө эзэмшигчийг өмчлөгч гэж тооцуулах, гэсэн шаардлагууд нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 90, 91, 104, 105 дугаар зүйлд заасныг үндэслэн сөрөг нэхэмжлэл гаргасан нь тухайн үедээ хуульд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байх тул дээрх хуулийн заалт үйлчлэхгүй юм. Сөрөг нэхэмжлэлдээ Д.Батчулуун түүний өмгөөлөгч С.Галцацрах нар нь иргэн Ц.Бямбаагийн яг ямар үйлдэл хууль зөрчиж, тэдний шударга эзэмшигч болох эрхэд халдсан талаар нэг ч өгүүлбэр дурдаагүй тул иргэн Ц.Бямбааг хариуцагчаар татах үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Өнөөдөр хэрэгт байгаа баримтад хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсанчлан ямар нэгэн гэрчилгээ, кадастрын зураг байхгүй. Хэрэв ямар нэгэн байдлаар Батчулуун ч бай Хоролсүрэн ч бай эзэмших эрхийн гэрчилгээ нь гараад ирсэн бол нээрээ энэ чинь гэж хүндэтгэж үзээд шударга эзэмшигч нь мөн байна гэх асуудал яригдахаар байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан байдлаас харвал Хоролсүрэнгийн нэр дээр юм бол Хоролсүрэн яагаад нэхэмжлэлээ гаргахгүй байгаа юм, Хоролсүрэн өөрөө мөн хэргийн оролцогч байх этгээд мөн үү биш үү гэдэг нь эргэлзээтэй байна. Иргэний хуулийн 90-р зүйлд энэ газрыг эзэмшээд авч байгаа юм бол хүнийх хууль бус, өөрийн чинь газар гэдгийг мэдээд байгаа юм бол 3 жилийн дотор шаардлага гаргах ёстой байсан.Иргэний хуулийн 91-р зүйл бол угаасаа гуравдагч этгээдтэй холбоотой. Иргэний хуулийн 104-р зүйл бол эзэнгүй эд юмсыг 10 гаруй жилийн хугацаанд өөрийн юм шиг эзэмшиж ирсэн байна, энэ бол эзэнгүй эд юмс биш эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээтэй зүйлийг хууль бусаар эзэмдчихээд байгаад байгаа.Иргэний хуулийн 104-р зүйлээр няцааж шударга эзэмшигч, өмчлөх давуу эрхийг олгох шаардлагыг сөрөг нэхэмжлэлээр гаргаад байгаа нь хууль бус тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2020/00131 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Бямбаагийн /регистрийн дугаар:ЦА59062981/ өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 13 дугаар гудамж 30/б/ тоот хаягт байрлах гэр бүлийн зориулалтай Г-2201010437 дугаар бүхий 357 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Д.Батчулууны /регистрийн дугаар:ФБ67032313/ хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1,104 дүгээр зүйлийн 104.1, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Батчулууны Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 13 дугаар гудамж 30Б тоотыг иргэн Сономын Хоролсүрэнгийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээтэй 357 м.кв газрын шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгож, эд хөрөнгө эзэмшигчийг өмчлөгчөөр тооцуулах тухай сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Бямбаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Батчулуунаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Д.Батчулуунаас сөрөг шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 583 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2020/00131 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оргил хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.16-ны өдрийн 583 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж үзээд хариуцагч тухайн газрыг бодитой эзэмшиж, ашиглаж байгаа эсэх нь тодорхойгүй, иргэний хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай давхцалгүй байхаар заасан байтал уг газарт давхцал байгаа эсэх талаар заавал тогтоох шаардлагатай, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу эзэмшиж байгаа бол Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрхээ хэзээ, хэрхэн хэрэгжүүлсэн зэрэг нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байна гэж дүгнэн дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээр нөхөн гүйцээх боломжгүй гэж үзээд ИХШХШТХ- ийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 заасныг удирдлага болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэжээ.

Шүүгч магадгүй хэрэгт авагдсан баримтуудыг сайтар судлан үзээгүй байж болох юм. Нөгөө талаар дээд шүүхэд хуримтлагдаад байгаа хэргийн ачааллыг хөнгөрүүлэх санаа зорилго агуулсан байж болох. Ер нь сүүлийн үед давж заалдах шатны шүүхээс ялимгүй зүйлийг үндэслэж хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь эрс ихэссэн байгаа нь ажиглагддаг. Хэдийгээр хяналтын шатны шүүхийн ачаалал их байгаа ч хуулийг буруу тайлбарлах, буруу хэрэглэх байдлаар хэргийг шийдвэрлэж болохгүй гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2008.07.21-ний огноотой Бямбаагийн нэр дээр бүртгэлтэй кадастрын зураг, хариуцагч талаас гаргаж өгсөн 2008.05.22-ны огноотой С.Хоролсүрэнгийн нэр дээр бүртгэлтэй кадастрын зураг зэрэг нотлох баримтуудыг шүүх хэргийг шийдвэрлэх үндэслэл болгож үзэхдээ нотлох баримтыг үнэлэх, нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэхэд дүгнэлт хийхгүйгээр нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үндэслэн газрын давхцалтай эсэхийг тогтоох шаардлагатай гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь хариуцагч талаас гаргаж өгсөн Хоролсүрэнгийн нэр дээр бүртгэлтэй 2008.05.22 гэсэн огноотой кадастрын зураг нь ИХШХШТХ-ийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй, нотариатаар гэрчлүүлээгүй нотлох баримтыг үнэлж шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Талууд газар давхцуулж олгосон, эсхүл тухайн газар нь маргаад байгаа газар мөн эсэх талаар маргаагүй бөгөөд чухам хэн нь хуулийн дагуу хүсэлт гаргаж эзэмших эрх авсан бэ гэдэг талаар маргаан өрнөж байгаа. Анхан шатны шүүхэд хэрэг хэлэлцэж байх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн оюуны өмч, улсын бүртгэлийн алба, Нийслэлийн архивын газар зэрэг байгууллагаас удаа дараа шүүхийн болон бусад байдлаар энэхүү СХД-ийн 4-р хороо, Их нарангийн 13 дугаар гудамжны 30Б тоот хаягт байрлах газрын эзэмшигч, өмчлөгч нарын талаар лавлагаа, баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргуулж хэрэгт хавсаргасан байдаг. Хэрэгт авагдсан баримт, лавлагаагаар Бямбаа гэдэг хүний газар эзэмшиж, өмчлөхтэй холбоотой материалууд ирсэн бөгөөд иргэн Батчулуун, түүний эхнэр Хоролсүрэн нарын нэр дээр газар эзэмших, өмчлөхтэй холбоотой баримт гарч ирээгүй. Нөхцөл байдал ийм байтал газар давхацсан эсэхийг тодруулахаар заасан нь буруу байна. Хариуцагч талаас анх маргаан бүхий газарт техник хэрэгсэл ашиглан хогийг цэвэрлэн, шороог нь тэгшилж хашаа хатган 12 жилийн хугацаанд амьдарч байна гэж тайлбарладаг боловч үүнийгээ нотлох баримтыг анхан шатны шүүхэд нэг жилийн хугацаанд хэрэг хэлэлцэж байх үед гаргаж өгөөгүй бөгөөд нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байдаг. Мөн анхан шатны шүүхийн ажиллагааны явцад маргаан бүхий газрыг бодитойгоор эзэмшин амьдарч байгаа болох нь тухайн газар орчинд хийсэн шүүгчийн үзлэгийн тэмдэглэл, фото зургаас тодорхой харагдаж байхад давж заалдах шатны шүүх дүгнэхдээ тухайн газрыг бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа эсэх нь тодорхойгүй байна гэж дүгнэсэн нь алдаатай байна. Магадлалд нэхэмжлэгч шаардах эрхээ хэзээ, хэрхэн хэрэгжүүлсэн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байна гэж үзсэн. Гэтэл хэргийн материалд авагдсан баримтад /XX-14,15/ 2009.04.09-ний өдөр, 2009.07.16-ны өдөр тухайн дүүргийн газрын албанаас Бямбаагийн хүсэлтийн дагуу газар чөлөөлөх тухай шаардах хуудсыг хүргүүлж байсан баримт байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч өрийн биеэр оролцож, бусдын эзэмшил газар дээр буусан, тухайн газрыг иргэн Бямбаагийн эзэмшилд байдаг гэдгийг мэдэж байсан, Цогтсайхан гэгчээс мөнгө авч байж чөлөөлөх тухай асуудлыг ярилцана гэх мэтээр Бямбаагийн газар чөлөөлж өгөхийг шаардсан шаардлагын хариуг өгч байсан талаар шүүх хуралдаанд тайлбарладаг. Мөн хариуцагчийн анхны итгэмжлэгдсэн төлөөлөгч Цогтсайхан шүүхэд бичгээр гаргасан тайлбарт тухайн газрын оронд өөр газар санал болгохоор Найрамдал зуслангийн ойролцоо Бямбаагийн нөхөрт газар сонгуулж үзүүлж байсныг дурдсан зэргээс үзвэл Бямбаа Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрхээ хэрэгжүүлж байсан болох нь хангалттай нотлогдсон байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зүйл байхгүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн эсэх талаар тодорхой дүгнэлт хийлгүйгээр ИХШХШТХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа үндэслэл нь ИХШХШТХ-ийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасан ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн ноцтой зөрчил билээ. Анхан шатны шүүх зохигчийн олж авах боломжгүй буюу ИХШХШТХ-ийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу гаргасан бүх хүсэлтийг хангаж, удаа дараа давхцуулан төрийн холбогдох байгууллагаас лавлагаа, баримт материалыг гаргуулж байсан. Энэ хэрэг бүтэн нэг жилийн хугацаанд хэлэлцэхдээ хариуцагчийн хүсэлтийн дагуу холбогдох байгууллагаас маргаан бүхий газрын талаар лавлагаа, баримтыг дахин дахин гаргуулсаар байсан нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдана. Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолд анхан шатны шүүх оролцогчоос гаргасан ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан хүсэлтийг хангаагүй, эсхүл дутуу хангаж хэргийг шийдвэрлэсэн талаар гомдол гаргаагүй байтал ИХШХШТХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн буруу байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлсэн эсэх, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн эсэх талаар дүгнэлт хийж, ИХШХШТХ-ийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасны дагуу Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.16-ны өдрийн 583 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.09-ний өдрийн 184/ШШ2020/00131 дугаартай шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ц.Бямбаа хариуцагч Д.Батчулуунд холбогдуулан газар чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргаж буй газрын өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

 

Магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

1.   Нэхэмжлэгч Ц.Бямбаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 13 дугаар гудамж, 30/б хаягт байрлах газрыг 2009.03.18-ны өдрөөс хууль ёсоор өмчлөх болсон. Үүнээс хойш өөрийн өмчлөлийн газар дээр хашаа хатгах гэтэл 2011 оноос Д.Батчулуун гэх иргэн хашаа хатгаж, байшин бариад амьдарч эхэлсэн. Харьяа дүүргийн газрын алба болон миний зүгээс газар чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч чөлөөлж өгөхгүй байгаа тул газар чөлөөлөхийг даалгаж өгнө үү, ...сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: ...дээрх газрыг худалдаж аваад 2008 оноос хойш амьдарч байгаа, Ц.Бямбаа нь газраа зарчихаад сүүлд нь бичиг баримтыг өөрийн нэр дээр болгож, хэл ам болоод байгааг зөвшөөрөхгүй, тухайн үеийн ханшаар нь буюу 1,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Бидэнд газар чөлөөлөх тухай цагдаагийн байгууллага болон бусад газраас шаардлага тавьж байгаагүй, нэгэнт худалдаж авсан газраа өөрийн хөрөнгө гэж бодоод хашаа хатгаж, байшин, гарааш барьсан, газрын кадастрын зургаа үзүүлж байж тог, цахилгаан авсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. ...харин газрыг худалдсан П.Цогтсайхан гэх хүн газар эзэмших эрхийн гэрчилгээг өмчлөх эрхийн гэрчилгээгээр солихоор аваад буцааж өгөөгүй тул дээрх газрыг эзэмших эрхтэй шударга эзэмшигч болохыг тогтоон, өмчлөгчөөр тооцож өгнө үү... гэжээ.

 

2.   Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

 

Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч байхаас гадна эзэмшигчийн эзэмшил хууль бус байхыг шаардана, эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй. /Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1./

 

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаантай үйл баримтын үндэслэлийг тогтоогоогүй, улмаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

 

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл маргаж буй газрыг нэхэмжлэгч 2008 оны 09 сараас өмчлөх эрхтэй болсон боловч тухайн үед хариуцагч маргаж буй газрыг эзэмшиж байсан үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

 

Өмчлөгч бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардахад хариуцагч өөрийн эзэмшлийг хууль ёсны болохыг нотлох үүрэгтэй бөгөөд тэрээр 2008 оны 05 сард хийлгэсэн кадастрын зураглалыг Дүүргийн газрын албанаас гаргуулж, тухайн газрыг худалдаж авсан болохоо нотлохоор тус газрыг худалдсан П.Цогтсайханыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авсан байхад анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

Өөрөөр хэлбэл, гэрч П.Цогтсайхан ...тухайн үед мэргэжлийн хяналтын газрын Бямбаа гэх хүн Барилга хот байгуулалтын яамны газрын улсын байцаагч Энхбаатар гэж хүнээр дамжуулан ...банкинд алдах гээд байна... гээд тус газрыг зарахаар санал болгосныг Энхбаатар надад хандаж ...ийм газар байна, авах уу... гэхээр нь найзын эгч Хоролсүрэнд /хариуцагч Д.Батчулууны гэр бүлийн хүн/ хэлж, газрыг 1,500,000 төгрөгөөр худалдан авч, мөнгийг нь өгч, материалыг нь бүрдүүлж өгсөн, тэрнээс хойш энэ газарт амьдарч байгаа, ...сүүлд Бямбаа гэж хүн эргэж гарч ирээд манай материал, энэ тэр бүх юмыг байхгүй болгоод, гэрчилгээ гаргуулсан, мэдээллийн сан өөрчлөгдсөн байсан... гэж мэдүүлсэн байхад шүүх энэ талаар нэхэмжлэгчээс тодруулаагүй, улмаар нэхэмжлэгч нь 2009 оноос хойш шаардлага гаргаж байсан эсэх, үндэслэлийг тогтоогоогүй, түүнчлэн хариуцагч нь газар чөлөөлөх талаар мэдэгдэж байгаагүй гэж тайлбарлаж байх ба хэрэгт авагдсан 2ш Шаардах хуудас 2009 оны 04, 07 сард үйлдэгдсэн атлаа хоёулаа №01 гэж дугаарлагдсан байгааг анхаараагүй, мөн Ц.Бямбаа нь 2008.01 сард 500 м.кв газар эзэмших эрхтэй байсан атлаа 357 м.кв талбай бүхий газрыг өмчилсөн зэрэг нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч болон хариуцагчийн тухайн газрын кадастрын зураглалд маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, Их Нарангийн 13 дугаар гудамж, 30/б хаягт байх байршлаараа давхцаж байгаа боловч солбицол нь зөрүүтэй байх тул зохигчийн маргаж буй газар кадастрын зураглалаар давхцаж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 583 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оргилын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оргилоос 2020.04.22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

 

Д.ЦОЛМОН

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД