Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2020/00128

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2020/00128

Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүн 1 гудамж, 1 тоотод оршин суух, Их хүчит овогт Бариушкагийн Ганбаяр /рд:ШД72071115/-ын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шүүгчийн захирамжийн дагуу А ББСБ ХХК-д 315 022 877 төгрөгийг Б.Г-аас гаргуулж олгуулахаар шийдвэрлэсэн. Уг эд хөрөнгөд үнэлгээ хийгээд 2019 оны дугаар 10 сарын 29-ний өдрийн 4/00000 тоот албан бичгээр үнэлгээг мэдэгдсэн. Үнэлгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй, Б.Г-ын зүгээс үнэлгээг хэт багаар үнэлсэн гэж үзэж байгаа. Нэхэмжлэл гаргахдаа өөрийн 200 м.кв эд хөрөнгийг 480 000 000 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ирээд м.кв-н үнэлгээг 1 649 200 төгрөгөөр үнэлсэн. Харьцуулан судалж үнэлгээг тогтоохдоо гурван төрлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулсан. Үнэлгээний тайлангийн нэгдүгээр жагсаалтанд Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Зайсан 10/0 байр, 00 тоот гэж өөртэй нь харьцуулсан юм шиг хаягтай эд хөрөнгийг үнэлж, м.кв-г 1 735 000 төгрөг үнэлсэн. Хоёрдахь эд хөрөнгийг 1 699 000 төгрөгөөр худалдаалагдсан байртай харьцуулсан. Эдгээр байрууд нь 6 давхар байрны 3 давхарт байрладаг, нөгөө нь 6 давхар байрны 2 давхарт байрладаг. Нэхэмжлэгчийн эд хөрөнгө нь 1 давхарт байрладаг. Үнэлгээг гаргахдаа 1 болон 2, 3 давхрын үнэлгээ ялгаатай байх ёстой гээд үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргахдаа үнэлгээний тайланд дурдсанаар 2019 оны 10, 11 дүгээр сард худалдаалагдсан орон сууцтай харьцуулсан гэх боловч эдгээр заруудыг эх сурвалжийн хүрээнд шүүж үзвэл нэг зар нь 2018 онд зарлагдсан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Удирдлагын академийн хажуу урд, 100.26 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө нь 2018 оны 10 сарын 31-ний өдөр худалдаалагдсан үнээр харьцуулагдсан. Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Удирдлагын академийн баруун талд 99.43 м.кв талбай үл хөдлөх хөрөнгийн м.кв-г нь 1 700 000 төгрөгөөр үнэлэгдэн зарагдсан гэж тайландаа дурдсан байх боловч тухайн үедээ зарагдаагүй, 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн байдлаар 1 750 000 төгрөгөөр нийтэд зарласан зарууд байсан. Иймд эх сурвалжуудтай харьцуулж үзэхэд үнэлгээний тайлан алдаатай байгаа тул үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т заасан эрхийг нь хэрэгжүүлээгүй. Шинжээчээс татгалзан гарах талаарх эрхийг нэхэмжлэгчид танилцуулаагүй, нэхэмжлэгчээс асуухгүйгээр томилж, томилсон талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй. Энэ нь өөрөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.7, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т заасныг зөрчсөн. Шинжээчийн үнэлгээ хийсэн тайлангийн 23 дахь хуудсанд 3-н үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулах байдлаар нэхэмжлэгчийн эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон. Харьцуулсан эхний эд хөрөнгийн хаяг байршил тодорхойгүй, Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, зайсан гудамж 10/0 байр, 00 тоот хаягт байрлах гэж тус байрыг өөртэй нь харьцуулсан юм шиг тодорхойгүй үнэлгээ гаргасан байна. Гуравдах баганад эх үүсвэрт авагдсан эд хөрөнгийг 2019 оны 11 дүгээр сард зарагдсан байр гэж тайланд тусгасан боловч үзлэгийн явцад 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үнээр үнэлгээг гаргасан байна. Үнэлгээний тайланд ижил төстэй хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнтэй харьцуулна гэсэн үнэлгээний аргачлалтай нийцэхгүй байгаа тул энэ үнэлгээ хүчингүй гэж үзэж байна. Шинжээч томилж, ямар компанийн хэн гэдэг шинжээчийг томилсон талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй. Энэ нь өөрөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7, шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т заасныг зөрчсөн гэж үзэж байгаа. Шинжээчийг татгалзан гаргах талаар төлбөр авагч буюу зохигчоос асуух ажиллагаа явагдаагүй” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2009.03.20-ны өрийн 0000 дүгээр захирамжаар Б.Г-аас 315 022 877 төгрөгийг гаргуулж А ББСБ ХХК-д олгож, хариуцагч дурдсан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийн барьцааны хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, зайсан гудамж 10/0 байр, 00 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс албадан гаргуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу төлбөр авагч хүсэлт гаргасан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр үүсгэсэн. Төлбөр төлөгч Б.Г-т 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан боловч биелүүлээгүй. Төлбөр төлөгч Б.Гын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 0000000/00 тоот тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 00000000/02 тоот тогтоолоор орон сууцыг, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0000000/03 тоот тогтоолоор авто зогсоолыг хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт  заасны дагуу талуудад үнийн санал ирүүлэх мэдэгдлийг тус газрын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4/00000 дугаар албан бичгээр хүргүүлсэн боловч Б.Г үнийн санал ирүүлээгүй тул Б.Г-ын оршин суугаа хаягаар очин үнийн санал өгөхийг мэдэгдэхэд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, зайсан гудамж 10/1 байр, 1 тоот хаягт байрлах орон сууц, авто машины зогсоолыг 480 000 000 төгрөг үнэлсэн. Төлбөр авагч А ББСБ ХХК нь үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 393 тоот тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход Хөрөнгө эстимэйт ХХК нь 329 848 200 төгрөгөөр үнэлсэн болохыг 4/0000 тоот албан бичгээр 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Б.Г-т мэдэгдсэн. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох шийвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Х ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №01/000 тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

           Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд улсын бүртгэлийн Ү-000000000, Ү-00000000 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж 10/0 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай 200,0 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч нь Б.Г байх бөгөөд Б.Г, А ББСБ ХХК нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх эд хөрөнгийг барьцаалсан байна. 

 

Зээлдэгч Б.Г зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгч А ББСБ ХХК нь шүүхэд хандаж, улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00000 дүгээр шийдвэрээр хариуцагч Б.Г-аас 315 022 877  төгрөг гаргуулж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл дээрх барьцаа хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэжээ.   

 

Дээрх шийдвэрт шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 183//ГХ2019/00000 тоот гүйцэтгэх хуудас олгосон байх бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар уг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөрөө төлөх талаар мэдэгдэн, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 0000000/01 дүгээр эд хөрөнгийг битүүмжлэх тухай тогтоолоор Б.Г-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж 10/0 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай 200,0 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг хураан авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс тухайн хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцааны зүйл гэдэгт маргаагүй, шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах ажиллагаанд гомдол гаргаагүй тул шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог ба төлбөр төлөгч, өмчлөгч нар зөрүүтэй үнийн санал өгснөөс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 398 тоот “Шинжээч томилох тухай” тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг “...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртөгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ.

 

“Х” ХХК нь хөрөнгөд зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, үнэлэгдэж буй хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний зардлын хандлага болон барилгын төсөвт тооцооллоор, газрыг нормативын аргаар үнэлж, улсын бүртгэлийн Ү-2206009073 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж 10/0 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай 200,0 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 329 848 200 төгрөгөөр тогтоосон байна. Мөн хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиг судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.

 

Иймд дээрх шинжээчийн тогтоосон үнэлгээ зах зээлийн үнээс хэт бага, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй, үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.МӨНГӨНТУУЛ