Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2021/00795

 
 

Б.Ганбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/00128 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 694 дүгээр магадлалтай,

 

Нэхэмжлэгч: Б.Ганбаяр

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

 

нэхэмжлэл: үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаярын хяналтын журмаар 2020.04.20-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Уртнасан, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Б.Ганбаярын өмчлөлийн 200 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 329,848,200 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. НШШГГ-с 200 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн 1 м.кв-н үнийг 1,649,241 төгрөгөөр, зах зээлийн үнээс хэт багаар тогтоосон байна. Тухайн байршилд орон сууц, үл хөдлөхийн үнэ 1 м.кв н үнэ 2,5- 3 сая орчим төгрөгийн үнэтэй ба үнэлгээнд ашиглагдахад хэрэглэсэн үнэ цэнийн суурийг зөв тодорхойлоогүй, хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Шинжээч томилж, үнэлгээ тогтоолгох тогтоолоо талуудад танилцуулаагүй, ШШГТХ-н 47.3-г зөрчин үнэлгээ хийлгүүлсэн. Мөн хуулийн 16.4-т заасан эрхийг хэрэгжүүлэх эсэх, шинжээч, шинжилгээ хийж үнэлгээ тогтоох шинжээчийн байгууллагыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах эсэхийг төлбөр төлөгч Б.Ганбаяраас асуугаагүй. Иймд Ү-2206015450 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 329,848,200 төгрөг гэж тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч тайлбартаа: Б.Ганбаяр ХУД-н 11-р хороо, зайсан гудамж 10/1 байр, 1 тоот хаягт байрлах орон сууц, авто машины зогсоолыг 480 сая төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Амияа ББСБ ХХК хүлээн зөвшөөрөөгүй тул 2019.11.20-ны өдрийн 393 тоот тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход Хөрөнгө эстимэйт ХХК нь 329,848,200 төгрөгөөр үнэлсэн болохыг 4/27252 тоот албан бичгээр 2019.11.29-ний өдөр Б.Ганбаярт мэдэгдсэн. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 183/ШШ2020/00128 дугаар шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Б.Ганбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 694 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/00128 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: магадлалд Нэхэмжлэгчийн ...шинжээч жилийн өмнө худалдан борлуулсан болон худалдан борлуулагдаагүй орон сууцны үнэтэй харьцуулж, орон сууцны үнэлгээг тогтоосон нь үндэслэл бүхий бодит байх шаардлагыг хангахгүй гэх гомдлыг хангах боломжгүй. Тодруулбал. Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.1, 9.2-т заасан шаардлагыг хангасан, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан байх тул үнэлгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байна гэжээ. Үнэлгээний тайлангийн Нийцэл, хязгаарлалтын тухай мэдэгдэл-д зааснаар ...Үнэлгээ нь энэхүү тайланг бэлтгэсэн цаг үеийн дүгнэлт гэж тодорхойлж өгсөн байх боловч хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин нь 2019.11.29-ний өдөр гаргасан үнэлгээний тайланг гаргахдаа 2018.10.31-ний өдөр буюу 1 жилийн өмнө худалдан борлуулсан орон сууцны үнэтэй харьцуулж, үнэлгээ гаргасан нь үнэлгээний тайлан нь үндэслэл бүхий, бодит байх шаардлагыг хангахгүй байна. 2. Магадлалд Хэргийн баримтаар уг үнэлгээг хийсэн шинжээчдийн хувьд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16.1.1, 16.1.4-т заасан татгалзан гаргах үндэслэл байсан болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэжээ. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43.7-д тус тус зааснаар хэргийн оролцогч нь шинжээч, шинжилгээ хийж үнэлгээ тогтоох шинжилгээний байгууллагыг татгалзан гаргах тухай хүсэлт эрхтэй талаар тус тус хуульчилсан байдаг. Гэвч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нь шинжээч, үнэлгээчнийг татгалзах гаргах эсэх талаар хүсэлт гаргах тухай шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хангах ажиллагаа хийгдээгүй, татгалзан гаргах хүсэлт гаргах боломж олгоогүйд нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байгаа болно. Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хэргийн оролцогчийн хүсэлт гаргах эрхийг хангах ёстой. Үнэлгээчнийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэхийг тогтоох, татгалзан гаргах үндэслэл байсан болохыг нотолсон баримт байгаа эсэх асуудал нь хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэх явцад хамаарах үйл баримт юм. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Ганбаяр 2019.12.06-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Хан-уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн гудамж 10/1 байр, 01 тоот хаягт байршилтай 200 м.кв талбайтай орон сууц, автомашины зогсоолын зориулалттай нэг хүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2019.11.29-ний өдрийн дүгнэлтээр 329,848,200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг шаардсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.20-ны өдрийн 183/ШЗ2019/03429 дугаар захирамжаар Б.Ганбаяр нь Амияа ББСБ ХХК-д 315,022,877 төгрөг төлөх, төлөөгүй тохиолдолд Хан-уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн гудамж 10/1 байр, 01 тоот орон сууц, автомашины зогсоолоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар эвлэрсэн, төлбөр төлөгдөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн нь тогтоогджээ.

 

Хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

 

2. 200 м.кв талбайтай орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эрх бүхий этгээдээр үнэлүүлж, зохих журмын дагуу талуудад мэдэгдсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн 55.2.-т нийцжээ.

 

Шинжээч 200 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг буюу орон сууцыг, зогсоолыг 329,848,200 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт бага болсон гэх тайлбараа нэхэмжлэгч нотлоогүй тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1., 107 дугаар зүйлийн 107.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн 55.2.6 дахь хэсэг болон Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй юм.

3. Нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа нотлох үүргийг зохигч хүлээнэ. Шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль болох бусад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/00128 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 694 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД, Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН