Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00694

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00694

 

 

Б.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/00128 дугаар шийдвэртэй Б.Гын хариуцагч Нт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 20-ны өдрийн шүүгчийн захирамжаар 315 022 877 төгрөгийг Б.Гаас гаргуулж Амияа ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн. Уг эд хөрөнгийн үнэлгээг 2019 оны дугаар 10 сарын 29-ний өдрийн 4/27252 тоот албан бичгээр мэдэгдсэн. Б.Г өөрийн эзэмшлийн 200 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 480 000 000 төгрөгөөр үнэлсэн боловч шинжээч 1 м.кв-ын үнэлгээг 1 649 200 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний тайлангийн нэгдүгээр жагсаалтанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан 10/1 байр, 01 тоот гэж өөртэй нь харьцуулсан юм шиг хаягтай эд хөрөнгийг үнэлж, м.кв-ыг 1 735 000 төгрөгөөр, хоёрдахь эд хөрөнгийг 1 699 000 төгрөгөөр худалдаалагдсан байртай харьцуулсан. Үнэлгээг гаргахдаа үнэлгээний тайланд дурдсанаар 2019 оны 10, 11 дүгээр сард худалдаалагдсан орон сууцтай харьцуулсан гэх боловч эдгээр заруудыг эх сурвалжийн хүрээнд шүүж үзвэл нэг зар нь 2018 оны 10 сарын 31-ний өдөр худалдаалагдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Удирдлагын академийн хажуу урд, 100.26 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, нөгөө нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Удирдлагын академийн баруун талд 99.43 м.кв талбай үл хөдлөх хөрөнгийн м.кв нь 1 700 000 төгрөгөөр үнэлэгдэн зарагдсан гэж тайланд дурдсан боловч тухайн үедээ зарагдаагүй, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 1 750 000 төгрөгөөр нийтэд зарласан байсан. Иймд эх сурвалжуудтай харьцуулж үзэхэд үнэлгээний тайлан алдаатай байгаа тул үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасан шинжээчээс татгалзан гарах эрхийг нэхэмжлэгчид танилцуулаагүй, нэхэмжлэгчээс асуухгүйгээр томилсон талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй. Үнэлгээний тайлангийн 23 дахь талд 3 үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулах байдлаар нэхэмжлэгчийн эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон. Үнэлгээний тайланд ижил төстэй хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнтэй харьцуулна гэсэн үнэлгээний аргачлалтай нийцэхгүй тул энэ үнэлгээ хүчингүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2009 оны 03 сарын 20-ны өдрийн 3429 дүгээр захирамжаар Б.Гаас 315 022 877 төгрөг гаргуулж Амияа ББСБ ХХК-д олгож, хариуцагч дурдсан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийн барьцааны хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, зайсан гудамж 10/1 байр, 01 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206009073 дугаарт бүртгэлтэй орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс албадан гаргуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу төлбөр авагч хүсэлт гаргасан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр үүсгэсэн. Төлбөр төлөгч Б.Гт 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан боловч биелүүлээгүй. Төлбөр төлөгч Б.Гын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 19290986/01 тоот тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 19290986/02 тоот тогтоолоор орон сууцыг, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 19290986/03 тоот тогтоолоор авто зогсоолыг хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт  заасны дагуу талуудад үнийн санал ирүүлэх мэдэгдлийг тус газрын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4/25249 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Б.Г Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, зайсан гудамж 10/1 байр, 1 тоот хаягт байрлах орон сууц, авто машины зогсоолыг 480 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Амияа ББСБ ХХК хүлээн зөвшөөрөөгүй тул 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 393 тоот тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход Хөрөнгө эстимэйт ХХК нь 329 848 200 төгрөгөөр үнэлсэн болохыг 4/27252 тоот албан бичгээр 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Б.Гт мэдэгдсэн. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох шийвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч Нт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаярын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт: ...хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиг судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна гэжээ. Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 2019 оны 11 сарын 29-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан мэдээллийн эх сурвалж болох үнэгүй.мн, зармэдээ.мн сайтуудад хийсэн үзлэгээр үнэлгээ тогтоох зорилгоор харьцуулан судалсан гэх Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороолол, Зайсан, удирдлагын академийн хажууд байрлах 100 м.кв орон сууцны үнэ, мэдээлэл нь 2018 оны 10 сарын 31-ний өдрийн мэдээлэл байсан. Мөн харьцуулан судалсан ХУД, 11 дүгээр хороолол, Зайсан, Удирдлагын академийн баруун талд байрлах 99.43 мкв талбайтай орон сууцны үнийг 1 м.кв-ийг 1 700 000 төгрөг гэх боловч энэ нь худалдан борлуулагдаагүй үнэ бөгөөд үзлэгээр 1 750 000 төгрөг болох нь тогтоогдсон. Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээ хийж буй хөрөнгөтэй ижил төсөөтэй ашиглаж байгаа барилгын 1 м.кв талбайн үнэ, байрлал, барилгын хана, суурь, хучилтын хийцийн ангилал, бусад итгэлцүүрийг үндэслэн шинжилгээ, судалгаа тооцон үзэж, тоон, чанар, шинжилгээний аргыг ашигласан нь ижил төстэй хөрөнгийг худалдан борлуулсан үнийн мэдээлэлтэй харьцуулан зэрэгцүүлсэн гэж заасан байх ба үнэлгээчин 1 жилийн өмнө худалдан борлуулсан орон сууцны үнэтэй харьцуулсан, мөн худалдан борлогдоогүй орон сууцны үнэтэй харьцуулан үнэлгээ тогтоосон нь үндэслэл бүхий, бодит байх шаардлагыг хангахгүй байна. Мөн хариуцагч нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасан эрхийг хэрэгжүүлэх эсэх, шинжээч, шинжилгээ хийж үнэлгээ тогтоох шинжээний байгууллагыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах эсэхийг төлбөр төлөгч Б.Гаас асуугаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсэгт заасан төлбөр төлөгчийн хүсэлт гаргах эрхийг зөрчиж, үнэлгээ хийсэн талаар нэхэмжлэлд дурдсан боловч анхан шатны шүүх уг шаардлагад дүгнэлт хийгээгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Б.Г хариуцагч Нт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Төлбөр төлөгч Б.Г нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/003429 дугаар шүүгчийн захирамжаар нийт 315 022 877 төгрөгийг төлбөр авагч Амияа ББСБ ХХК-д төлөх үүрэгтэй бөгөөд иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх, сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасан байна. /хх 21-23/

 

Хариуцагч байгууллага нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 504 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж 10/1 дүгээр байр, 01 тоот хаягт байрлах орон сууц, автомашины зогсоолын зориулалттай 200 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 19290986/01 дугаар тогтоолоор битүүмжилж /хх 32-33/, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 19290986/02, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 19290986/03 дугаар тогтоолоор /хх 35-40/ тус тус хураан авсан үйл баримт тогтоогдсон.

 

Төлбөр төлөгч үл хөдлөх эд хөрөнгийг 480 000 000 төгрөгөөр худалдан борлуулах үнийн санал ирүүлснийг төлбөр авагч Амияа ББСБ ХХК эс зөвшөөрч, шинжээч томилох хүсэлт гаргасан байх тул хариуцагч байгууллагын зүгээс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчийн 329 848 200 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайланг төлбөр төлөгч Б.Гт 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдсэн байна. /хх 46, 67-68/

 

Шийдвэр гүйцэтгэгчээс явуулсан дээрх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байх бөгөөд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийн холбогдох зүйл хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгчийн ...шинжээч жилийн өмнө худалдан борлуулсан болон худалдан борлогдоогүй орон сууцны үнэтэй харьцуулж орон сууцны үнэлгээг тогтоосон нь үндэслэл бүхий бодит байх шаардлагыг хангахгүй гэх гомдлыг хангах боломжгүй. Тодруулбал, хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан байх тул үнэлгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байна.

 

Түүнчлэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаанд оруулах доод үнийн саналыг харилцан тохиролцоогүй тул хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг томилсон байна. Хэргийн 48-60 дугаар талд авагдсан хөрөнгө үнэлгээний тайлангийн 1.2 Хараат бус байдал гэх хэсэгт шинжээч нь үнэлгээг Хөрөнгийн тухай хуульд заасныг мөрдөн ашиг сонирхлын зөрчилгүй, хараат бусаар хийж гүйцэтгэсэн болохоо илэрхийлсэн байна. Хэргийн баримтаар уг үнэлгээг хийсэн шинжээчдийн хувьд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-16.1.4-т заасан татгалзан гаргах үндэслэл байсан болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/00128 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

Ч.ЦЭНД

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ