Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2020/00267

 

 

 

 

 

   2020             01           21                                            184/ШШ2020/00267                              

      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

Нэхэмжлэгч: ............ тоот хаягт оршин суух Б овогт Бны Бын /регистрийн дугаар:.........../ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ................ тоот хаягт оршин суух албан ёсны хаягтай ............... тоот хаягт түр оршин суух Х б овогт Рын Ад /регистрийн дугаар: ................../ холбогдох

 

“Зээлийн гэрээний үүрэгт 18,835,000 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагч Р.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.З, нарийн бичгийн даргад М.Оюу-Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Р.Атай 2016 онд танилцаж 3 жил гаруй хугацаанд хамтран амьдарсан. Хамт амьдрах хугацаандаа Драгон дээр лангуу түрээслэж ор хөнжлийн даавуу зардаг байсан. Лангуун дээрээ заримдаа 2-лаа, сүүлдээ Р.А ганцаараа суух болсон. Намайг ажлаар хөдөө яваад ирсэн хойгуур өөр хүнтэй болж бид салах болсон. 2019 оны 10 сарын 18-ны өдөр 3,400,000 төгрөгийн зээлийн гэрээ хийж мөнгө өгнө гэсэн боловч хугацаандаа өгөхгүй, мөнгөө нэхэхээр 2 удаа цагдаад зөрчлийн хэрэг үүсгүүлэхээр өгөх зэрэг байдлаар байнга намайг дарамталж сэтгэл санааны хүнд байдалд оруулж байна. Мөн мөнгөө нэхэхэд нөгөө залуутайгаа хамт ирж цагдаа шүүхээрээ яваад мөнгөө ав гэж хэлдэг болсон. Энэ хүнтэй ойлголцоход маш бэрх байна. Р.А нь зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэхгүй байгаа тул зээлийн гэрээнээсээ татгалзаж байна. Зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн 3,400,000 төгрөгийг Р.Агаас гаргуулж өгнө үү. Лангуун дээр бараа эргэлтийн мөнгө Солонгос явна 5,000,000 төгрөгийг банкинд байршуулах хэрэгтэй байна гээд хүмүүсээс болон ломбард, ББСБ зэргээс мөнгө зээлүүлдэг байсан. Мөн миний банкны картыг авдаг байсан ба би ХААН банкны дансаараа мөнгө шилжүүлдэг байсан. Намайг баахан өрөнд оруулаад зээлээ төлөхгүй машин байрыг маань барьцаанд тавиулаад алга болсон. Р.Ад ХААН банкны 5752094533 дугаартай данснаас Р.Агийн  ХААН банкны 5057091225 дугаартай данс руу мөнгө шилжүүлсэн байдал: 2017.07.28-ны өдөр 40,000 төгрөг, 2018.03.19-ний өдөр 10,000 төгрөг, 2019.03.15-ны өдөр 35,000 төгрөг, 2019.05.29-ний өдөр 20,000 төгрөг, 2019.07.05-ны өдөр 600,000 төгрөг, 2019.07.10-ны өдөр 400,000 төгрөг, 2019.07.26-ны өдөр 925,000 төгрөг, 2019.10.07-ны өдөр 40,000 төгрөг, нийт 2,070,000 төгрөг. Барааны эргэлтийн мөнгө хэрэгтэй гээд Б овогтой Нээс 2017 оны 03 сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018 оны 08 сарын 08-ны өдөр 9,800,000 төгрөгийг 2 удаа тэтгэврийн зээлийг нь авахуулж зээлсэн. 2019 оны 07 сарын 25-ны өдөр найз Алтаншагайгийн ээж Шуурайгаас 1,500,000 төгрөг зээлсэн. 2018 оны 04 сарын 11-ний өдөр Төв хөгжил ХХК-аас 10,000,000 төгрөг зээлсэн. 2019 оны 04 сарын 10-нд Авто прайм ХХК-аас 3,500,000 төгрөгийг зээлж 10,000,000 төгрөгийн хүүнд өгсөн. Начин заан ХХК-аас 2019 оны 04 сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөгийн эргэн төлөлт хийх гээд монетон гинжээ 1,100,000 төгрөг, 2019 оны 02 сарын 11-ний өдөр монетон бугуйвч 800,000 төгрөгт, Сайн ломбарданд 2019 оны 04 сарын 11-ний өдөр монетон бөгж тавиад 600,000 төгрөг авхуулсан. Р.А нь дансаар болон хүмүүс байгууллагаас 30,870,000 төгрөгийг авсан. Бид 2 энэ авсан мөнгөө хуваахад 15,435,000 төгрөг 1 хүнд ноогдож байна. Р.Агийн зээлсэн болон дансаар авсан 15,435,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Нийт 18,835,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2019 оны 10 дугаар 18-ны өдөр 3 400 000 төгрөгийг өгнө гэх бичгийг нотариатаар орж баталгаажуулсан. Р.А надад энэ мөнгийг өгнө гэж хэлсэн.Энэ мөнгийг Р.А аваагүй гэж хэлж байна. Р.Агийн дансны хуулгыг харахад болно. Р.Агийн 2017, 2018, 2019 онуудын дансны хуулга яаж өссөн байна. Р.А дахиад өөр нэг данс гаргаж ирсэн. Тэр нь бас байгаа. Үлдэгдэл нь 5 сая гаран төгрөг байгаа. Үнэхээр энэ хүн мэдэхгүй байгаа бол надтай амьдарснаас хойш дансны мөнгө нь яагаад ингэж өссөн юм. Дансны хуулгыг нь аваад ирсэн.  2016 онд 6 800 000 төгрөг, 2017 онд 17 605 000 төгрөг, 2018 онд 20 293000, 2019 онд дасны орлого нь буугаад 4 000 000 төгрөг болсон. 5057510271 данс лангуу ажиллуулахад нээсэн данс. Энэ дансанд 28 913 000 төгрөгийн гүйлгээ орсон. Энэ бүх мөнгийг аваагүй гээд байгаа хүний дансны орлого өссөн байгаа нь нотолгоо болж байна. Ээжээр тэтгэврийн зээлийг нь авахуулсан. Р.Ад 9 800 000 төгрөгнөөс 4 980 000 төгрөгийг  5057510271 тоот дансаар шилжүүлсэн гэв.

 

Хариуцагч Р.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Р.А би Б.Бтой 2016 оноос өмнө танилцаж, улмаар 1 жил гаруй хугацаанд хамт  амьдарсан. Б.Б нь намайг байнга дарамталж, айлган сүрдүүлж, хамт амьдрах боломжгүй байдаг учир 2018 оноос хойш тусдаа амьдарсан. Тусдаа амьдарч байх үед удаа дараа ирж, надтай хамт амьдарсангүй гэж дарамталж, сэтгэл санааны дарамтанд оруулж, зодож хүчирхийлэлд байлгаж, жирэмсэн болсон ч хүүхдээ авхуулахыг тулган шаардаж байсны улмаас, удаа дараа хагалгаанд орж байсан. Энэ байдлаас болж би одоо хүүхэдтэй болох боломжгүй байдалд хүрч эрүүл мэнд болоод сэтгэл санааны хувьд хүнд байдалд байгаа. 2018 он, 2019 онуудад байнга сүрдүүлж, дарамталж байсны улмаас би Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст, мөн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаж өгч байсан. Энэ бүх дарамт шахалтаас болж, 2019 оны 10 сарын 18-ны өдөр 3,400,000 төгрөгийг Б.Боос зээл авсан мэтээр зээлийн гэрээнд гарын үсэг зурах болсон. Би Б.Боос огт мөнгө зээлж аваагүй. Мөн 2019 оны 11 сарын 13-нд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би Б.Нээс мөнгө зээлж авч байсан удаагүй. Би өөрөө хувийн лангуу ажиллуулж орлого олдог хүнээс мөнгө зээлэх шаардлага байдаггүй байсан. 2018 онд Б.Б нь “Төв хөгжил” банк бусаас 10,000,000 төгрөг зээл авахад хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж өгч туслаач гэж гуйсан учир хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Би 10,000,000 төгрөгөөс нэг төгрөг ч аваагүй. Бусад 3,500,000 төгрөг, ломбарданд тавьсан эд зүйлийн үнэлгээний зээл зэргийг би мэдэхгүй, энэ мөнгөнөөс би аваагүй болно. Энэ үед бид тусдаа амьдарч байсан учир би мэдэхгүй хариуцах боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү .Тухайн үед би Хархорин зах дээр лангуу ажиллуулж байсан. Эрэгтэй бэлэн хувцас зарж байсан. Тэгээд Б.Б болно бүтнэ хоёулаа амьдрая гэхээр нь лангуугаа болиод Б.Бын лангуун дээр ирж сууж байсан. Наранцэцэг гээд байгаа хүн нь Б.Бын ээж байгаа юм. Дансаар орсон 2 070 000 төгрөгийг банкны мөнгө болоод авсан гээд байна. Тэр 2 070 000 төгрөгийг Б.Б надаас зээлж байсан. Би тухайн үед бэлнээр өгч байсан. Эргүүлж надад өгөхдөө зээл гэж гаргаж ирсэн байна.  2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр багш нарын баяр тэмдэглэж байхад Б.Б над руу 2 удаа мессеж бичсэн. Би чамаас мөнгө зээлнэ гэсэн. Чи данс руу хийчихдээ гэж хэлсэн. 2 хоногийн дараа эргүүлж хийхдээ бас зээл гээд байгаа юм. 9 800 000 төгрөг гээд байгаа нь би Солонгос улс явах гээд Элчингийн дансанд 5 000 000 төгрөг байршуулсан байж байгаад бүтэхгүй болохоор нь  эргүүлээд Б.Бын данс руу 4 400 000 төгрөгийг нь хийгээд үлдсэн 600 000 төгрөгийг нь миний дүү түр зээлсэн байсан. Миний дүү зээлсэн 600 000 төгрөгөө Б.Бын данс руу эргүүлээд хийсэн. Шуураа гэх хүнээс зээлсэн 5 000 000 төгрөгийг би мэдэхгүй. Тэр талаар надад яриагүй. ББСБ-аас авсан гээд байгаа зээлийг авахад би байгаагүй. Хамтран зээлдэгчээр гарын үсэг зураад өгөөч гэж л хэлсэн. Ломбардны юмаа яагаад надаас нэхээд байгаа юм. Би мэдэхгүй байна. Эхний шүүх хурал дээр тэр “Начин заан”, “Сайн” ломбардуудад тавьсан гээд байсан юмнуудаа Б.Б зүүгээд явж байсан. Ямар ч хүчингүй ломбардны баримтууд хэрэгт хавсаргасан байна. Би тэр мөнгийг нь аваагүй. 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зээлсэн 3 400 000 төгрөгийг ч би аваагүй. Б.Б ажил дээр ирээд намайг хэл амаар доромжлоод, шөнө гэрийн гадаа үүд сахиад байсан. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хийсэн 3 400 000 төгрөг өгнө гэсэн бичгийг Б.Б намайг дарамтлаж байгаад хийсэн. Би яагаад чамд мөнгө өгөх ёстой юм бэ гэсэн чинь байран дээр хамтран зээлдэгчээр орсон биз дээ гээд хийсэн гэрээ байгаа юм. Б.Б намайг дарамтлаад ажил хийлгэхгүй байхаар нь би гэрээ хийсэн. Миний орлого Б.Бын барааны мөнгийг тусад нь байлгах гэж өөр данс нээсэн. Б.Б ааш ихтэй. Хэрэлдэж муудаад хаана ч хамаагүй намайг машинаас буулгаж хаядаг.Бас мөнгө төгрөгийн асуудал дээр аягүй хатуу. Надаар мөнгө төгрөгөө мэдүүлдэггүй. Бид хоёрын тооцоо  1 жил гаран тусдаа байсан. Миний данс руу миний охины аав нь хүүхдийн тэтгэлэг хийдэг байсан. 5057091225 гэх данс руу миний ээж, аав, ах, дүү, хамаатан садан, охины аав Б, охины эмээ Н нар ганц хүүхэд нь болохоор мөнгө төгрөг хийдэг байсан данс. Тэрийг би барааны мөнгөтэй хольдоггүй байсан. Энэ данс руу надтай хамааралтай хүмүүс мөнгө хийдэг байсан. 5057510271 данс бол Б.Бтой хамт бараа нийлүүлж суухдаа нээсэн  данс. Тэрийг жилийн үлдэгдлээр нь дүгнээд надаас орсон мэтээр ярьж болохгүй. Б.Бын нэхээд байгаа мөнгө бол Б.Б надаас авсан мөнгөө зээлсэн гээд байгаа юм. Түүнтэй нь адилхан миний данснаас 7 сая гаран төгрөг Б.Бын данс руу орсон байдаг. 2018 оны 01 сарын 28-ны өдөр  50 000 төгрөг орсон. Б.Б уурхайд ажиллаж байгаад хөлөө гэмтээгээд би зээлийг нь төлж байсан. 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 4 400 000 төгрөгийн үлдэгдэл 600 000 төгрөг миний эрэгтэй дүү Р.Бын данснаас Б.Б руу орсон байгаа гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Р.Ад холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 3,400,000 төгрөг“ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 15,435,000 төгрөгөөр нэмэгдүүлсэнг хариуцагч эс зөвшөөрч ”Би Б.Боос огт мөнгө зээлж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргажээ.  

       

Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Р.А нар нь хамтран амьдарч байх хугацаандаа Драгон худалдааны төвд лангуу түрээслэн бараа зарж байсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд

нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн 3,400,000 төгрөг, 2,070,000 төгрөг. Барааны эргэлтийн мөнгө хэрэгтэй гээд Б.Нээс 2017 оны 03 сарын 28-нд 5,000,000 төгрөг, 2018 оны 08 сарын 08-нд 9,800,000 төгрөгийг /үүний 4,980,000-г дансаар шилжүүлсэн гэж/, 2 удаа тэтгэврийн зээлийг нь авахуулж зээлсэн. 2019 оны 07 сарын 25-нд найз Агийн ээж Шаас 1,500,000 төгрөг, 2018 оны 04 сарын 11-нд “Төв хөгжил” ХХК-аас 10,000,000 төгрөг, 2019 оны 04 сарын 10-нд Авто прайм ХХК-аас 3,500,000 төгрөгийг зээлдсэн, “Начин заан” ХХК-аас 2019 оны 04 сарын 10-нд монетон гинжээ тавьж 1,100,000 төгрөг, 2019 оны 02 сарын 11-нд монетон бугуйвч тавьж 800,000 төгрөг, “Сайн” ломбарданд 2019 оны 04 сарын 11-нд монетон бөгж тавиад 600,000 төгрөг авхуулсан. Р.А нь дансаар болон хүмүүс, байгууллагаас 30,870,000 төгрөгийг авсан. Бид 2 энэ авсан мөнгөө хуваахад 15,435,000 төгрөг 1 хүнд ноогдож байгаа. Мөн миний банкны картыг авдаг байсан. Намайг баахан өрөнд оруулаад зээлээ төлөхгүй машин, байрыг маань барьцаанд тавиулсан. Нийт 18,835,000 төгрөгийг гаргуулна хэмээн тайлбарлажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж  шийдвэрлэв.ҮҮНД:

 

1-рт: 2019 оны 10 сарын 18-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ний дагуу  3,400,000 төгрөг гаргуулах шаардлагын талаар:

 

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 10 сарын 18-ны өдрийн “Зээлийн гэрээ”-гээр 3,400,000 төгрөгийг 2019.10.24 өдрөөс 2021.03.26 өдрийг хүртэл 17 сарын хугацаатайгаар хүүгүй олгох, мөнгийг бэлнээр 2019.10.18-нд зээлдэгч Р.Ад өгөх, зээлдэгч нь сар бүрийн 25-нд 200,000 төгрөгийг зээлдүүлэгч Б.Бын ХААН банкны 5752094533 тоот дансанд төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиодолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх талаар тохиролцсон боловч зээлдүүлэгч Б.Б нь зээлдэгч Р.Ад гэрээнд заасны дагуу 3,400,000 төгрөгийг бэлнээр болон дансаар ч шилжүүлж өгөөгүй, харин  Б.Быг  ”Төв хөгжил“ ББСБ-аас 10 сая төгрөг зээлдэж авахад нь хариуцагч Р.А  хамтран зээлдэгчээр оролцсоны хувьд уг төлбөрөөс 3,400,000 төгрөгийг сар бүр 200,000 төгрөгөөр төлөх талаар гэрээ байгуулсан болох нь  зохигч нарын тайлбраар тогтоогдож байна./хх 4/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж,  282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан.

 

Дээрх хуулиар бол зээлийн гэрээний гол шинж нь зээлдүүлэгч гэрээний зүйл болох эд хөрөнгө буюу мөнгийг тодорхой хугацаанд  ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэний дагуу зээлдэгч нь эд хөрөнгө буюу мөнгийг хүлээн авсан байх юм.

Гэтэл зээлдүүлэгч Б.Б нь зээлдэгч Р.Ад 3,400,000 төгрөгийг бэлнээр болон дансаар  шилжүүлж өгөөгүй  байх тул  тус гэрээ нь  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан шаардлагад нийцээгүй байна.

Иймд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, 3,400,000 төгрөгийг зээлдэж авсан, зээлдүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

2-рт:  Б.Нээс 2017 оны 03 сарын 28-нд  5,000,000 төгрөг, 2018 оны 08 сарын 08-нд 9,800,000 төгрөг зээлдэж авснаас 4,980,000 төгрөгийг хариуцагч Р.Ад өгсөн тул нийт 9,980,000 төгрөг гаргуулах  шаардлагын зарим хэсгийг нь буюу 4,980,000 төгрөгийг  гаргуулав.

 

Учир нь Б.Н 2017 оны 3 сарын 28-нд Б.Б, Р.А нарт 5,000,000 төгрөг, 2019 оны 8 сарын 8-нд  9,800,000 төгрөгийг зээлдүүлсэн тухай баримт үйлдэж, нотариатчаар гэрчлүүлсэн ба тус баримтанд нэхэмжлэгч Б.Б гарын үсэг зурсан болох нь хэргийн 40, 68-р талд авагдсан нотариатчийн бүртгэлийн дэвтрээр тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч Б.Б 9,800,000 төгрөгнөөс 4,980,000 төгрөгийг ХААН банкны 5752094533 тоот данснаасаа хариуцагч Р.Агийн ХААН банкны 5057510271 тоот данс руу 2018 оны 8 сарын 25-нд шилжүүлсэн  нь ХААН банкны 2019 оны 10 сарын 28-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

Иймд хариуцагчаас 4,980,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, харин 5,000,000 төгрөгийг хариуцагчид өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгож, мөн нэхэмжлэгчээс Солонгос гарахад 5,000,000 төгрөг зээлдэж авсан гэх боловч тус мөнгийг 4,400,000, 600,000 төгрөгөөр тус тус буцаан Б.Бын 5752094533 тоот данс руу 2018 оны 11 сарын 27-нд шилжүүлсэн болох нь ХААН банкны дансны хуулгаар тогтоогдов./хх79/

 

3-рт:  Шуурайгаас 2019 оны 7 сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2018 оны 4 сарын 11-нд  “Төв хөгжил” ББСБ-с 10,000,000 төгрөг, 2019 оны 4 сарын 10-нд “Авто прайм” ХХК-ийн “Сайн “ ломбард барьцаалан зээлдүүлэх газраас 3,500,000 төгрөг, 2019 оны 4 сарын 11-нд монетон бөгж тавьж 600,000 төгрөг, “Начин заан“ ломбардаас 2019 оны 02 сарын 11-нд монетон бугуйвч тавьж 800,000 төгрөг,  2019 оны 4 сарын 10-нд  монетон гинж тавьж 1,100,000 төгрөг авсанг гаргуулах шаардлагыг нь хэрэгсэхгүй болгов.

Тухайлбал  нэхэмжлэгч, хариуцагч нарын  Шуурай болон “Сайн” ломбард, “Начин заан“ ломбардаас эд зүйл тавьж мөнгө зээлдэж авсан гэх зээлийн харилцаанд хариуцагч Р.А оролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, харин нэхэмжлэгч Б.Б эдгээр мөнгийг зээлдэж авсан болох нь тогтоогдов. / хх 18-39/

Хариуцагч Р.А  2018 оны 4 сарын 11-нд “Төв хөгжил” ББСБ-с 10,000,000 төгрөг зээлдэж авахад  барьцаалуулагчаар оролцсон болох нь тогтоогдож байгаа хэдий ч  нэхэмжлэгч Б.Б нь  “Төв хөгжил “ ББСБ-ын өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохоо нотлоогүй, мөн тус 10 сая төгрөгнөөс 3,400,000 төгрөгийг авахаар 2019.10.18-нд  зээлийн гэрээ байгуулж уг мөнгөө шаардсанг шүүх хэрэгсэхгүй болгосон байна.

 

4-рт: 2017 оны 7 сарын 28-наас 2019 оны 10 сарын 07 хүртэлх хугацаанд зээлдүүлсэн 2,070,000 төгрөг гаргуулах шаардлагаас  585,000 төгрөгийг гаргуулахаар тогтов.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс: манайх 2,070,000 төгрөгнөөс 1,485,000 төгрөгийг  төлсөн,  2,070,000 төгрөг бол Р.Агийн дансанд  Б.Боос орсон хэмээн тайлбарлаж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар давхар нотлогдож байх тул төлөөгүй үлдсэн 585,000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэхээр тогтов.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс: Нэхэмжлэгч, хариуцагч нар хамтран амьдарч байх хугацаандаа лангуу ажиллуулж байсан. Энэ хоёр төсвийн ажил хийгээгүй. Мөнгө эргэлдүүлж байсан. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар хариуцагч мөнгөнд оролцож нэхэмжлэгчтэй хамт явдаг байсан байна. Иргэний хуулийн 108 дугаар зүйлд зааснаар энэ хоёрын хооронд дундын өмч үүсгэсэн. Бүх зүйлээ ломбарданд тавиад бараагаа аваад мөнгөө эргэлдүүлээд явж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаас харагддаг. Иргэний хуулийн 108, 281 дүгээр зүйлүүдэд зааснаар Б.Б энэ хооронд зээлсэн мөнгөө хариуцагчаас шаардах эрхтэй. Иймд 37,000,000 шахуу төгрөг хариуцагчаас нэхэмжлэх боломжтой. 18,835,000 төгрөг нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, ХААН банкны баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно” гэж заажээ.

Б.Б, Р.А нар хамтран амьдарч байх хугацаандаа лангуу  түрээслэн гэр ахуйн бараа зарж байсан болох нь тогтоогдож байгаа боловч зарах бараа худалдаж авахаар хүнээс болон байгууллагаас зээлдэж авсан гэх мөнгийг дундын өмч гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Б нь дээрх мөнгийг бусдаас зээлдэж авах, эд зүйлээ барьцаанд тавьж мөнгө авч байсан, тухайн барааг Батболд худалдан авч тооцоо хийдэг, хариуцагч Р.А барааг 2018 оны 5 сар хүртэл зардаг байсан болон үлдэгдэл бараагаа ээж Наранцэцэгтээ өгсөн болох нь зохигч нарын тайлбар, хэрэгт авагдсан гар тэмдэглэлийн дэвтэр, бусад нотлох баримтаар  тогтоогддог.

Нэхэмжлэгч талын Р.А нь дансаар болон хүмүүс байгууллагаас 30,870,000 төгрөгийг авсан. Бид 2 энэ авсан мөнгөө хуваахад 15,435,000 төгрөг 1 хүнд ноогдож байна гэх тайлбар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй,  хариуцагч нь нэхэмжлэгчтэй хамт 30,870,000 төгрөгийг зээлдэж авсан болохоо  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй болно.

 

Иймээс шүүх нэхэмжлэгч Б.Бын зээлдүүлсэн гэх 18,835,000 төгрөгний  шаардлагаас 4,980,000 төгрөг, 585,000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт шаардах эрхтэй гэж үзэж, нийт 5,565,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,271,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.     

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 69,350+235,125=304,475 төгрөг төлсөнг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 5,565,000 төгрөгт тохирох улсмын тэмдэгтийн хураамжид 103,990  төгрөгийг хариуцагч Р.Агаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118, 119 дүгээр  зүйлд заасныг  удирдлага болгон

   ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.Агаас 5,565,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,271,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7  дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 304,475 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Р.Агаас улсын тэмдэгтийн хураамжид 103,990 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бод олгосугай.

 

3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дах хэсэгт зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Х.ОЮУНЖАРГАЛ