| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 152/2017/00908/И |
| Дугаар | 001/ХТ2022/00529 |
| Огноо | 2022-04-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 001/ХТ2022/00529
****ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 303 дугаар шийдвэр,
Увс аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаар магадлалтай,
****ын нэхэмжлэлтэй,
Ц. ****д холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний үүрэг 20,000,000 төгрөг гаргуулахтухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогт-Очирын гаргасан гомдлоор
Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогт-Очир,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. **** нь Ц. ****д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний үүрэг 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 303 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ц. ****эс үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсны үнэ 20,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ****д олгож шийдвэрлэсэн байна.
3. Увс аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаар магадлалаарУвс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 303 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогт-Очирын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Бат-Эрдэнийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогт-Очир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх ****, Ц. **** нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний үнэ буюу 109 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн үнэ 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэдгээ нотолж чадаагүй гэж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр юм. Учир нь ****ын нэр дээр байгаа 109 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь банкинд барьцаалж зээл гаргуулах зорилгоор давхардуулан 188 м.кв дээр гаргасан гэрчилгээ гэж ****ын аав **** анх зарахдаа хэлсэн юм. Уг үл хөдлөх хөрөнгийг **** бид хоёр хоорондоо тохиролцож авсан. ****, **** нартай холбоотой 27,000,000 төгрөгийн өр төлбөрийг барагдуулсан. ****ын банкны зээлийг хаахад 10,000,000 төгрөг, түүнийг машин авахад 16,500,000 төгрөгийг ааваар нь дамжуулж өгсөн, энэ талаар **** мэдэж байгаа юм. Тухайн үл хөдлөх хөрөнгийг төлж барагдуулсан миний гар бичмэл хэрэгт авагдсан байгааг 2 шатны шүүх ач холбогдол өгч үнэлэлт, дүгнэлт хийхгүй орхигдуулсан нь эргэлзээ бүхий байна. Уг үл хөдлөх хөрөнгөө талийгаач бид 2 хүүхдүүдийнхээ нэр дээр болгож, бид 2 мөнгөө өгч авалцаж байсан. Энэ нь ****, Ц. **** нарт ямар ч хамааралгүй. Гэтэл **** аавыгаа нас барсныг далимдуулж бидний хоорондоо мөнгө төлж байсныг ашиглаж надаас 20,000,000 төгрөгийг үндэслэлгүйгээр нэхэж байна. Анхан шатны шүүх хариуцагч Ц. ****, нэхэмжлэгч **** нарын хооронд үл хөдлөх хөрөнгийн үнийг өгч авалцсан талаарх баримт авагдаагүй гэж үзсэн нь хэт нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогт-Очирын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
6. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч **** нас барсан тул анхан шатны шүүхээс түүний нэхэмжлэлтэй Ц. ****д холбогдох худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 18,000,000 төгрөг гаргуулах маргаанд нэхэмжлэгчийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжээгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байх тул ****ын нэхэмжлэлийн хүрээнд, хэрэгт авагдсан баримтын хэмжээнд дүгнэлт хийнэ.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
8. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
9. Нэхэмжлэгч ****нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2013.01.21-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, Шинэ зуун төвийн 2 давхрын зүүн жигүүрт байрлах 109 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Ц.Бат-Эрдэнийн нэр дээр шилжүүлсэн. ... гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,000,000 төгрөг гаргуулах...” гэж тодорхойлсон байна.
10. Хариуцагч С.Батбаяр “... ****гийн өмчлөлөөс шилжүүлсэн 188 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн талбайд 109 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө багтсан, ... ****, **** нартай холбоотой 27,000,000 төгрөгийн өр төлбөрийг барагдуулсан. Ё.Мөнхзулын банкны зээл хаахад 10,000,000 төгрөг, автомашин авахад 16,500,000 төгрөгийг ааваар нь дамжуулж өгсөн, Ё.Мөнхзул өөрөө үүнийг сайн мэдэж байгаа. ...хөдлөх хөрөнгийн үнэд нийтдээ 86,500,000 төгрөгийг ****д өгсөн...” гэж мэтгэлцжээ.
11. Зохигчийн хооронд ****гийн өмчлөлөөс шилжүүлсэн 188 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн талбайд 109 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө багтсан, гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,000,000 төгрөг төлөгдсөн эсэх нь маргааны зүйл болсон байна.
12. Талуудын хооронд 2013.01.23-ны өдөр 01/2786 дугаартайүл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр **** нь Ц.Бат-Эрдэнийн өмчлөлд Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, Шинэ зууны 2 давхрын зүүн жигүүрт байрлах, ажлын байрны зориулалттай, 109 м.кв хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх, Ц. **** нь үл хөдлөх хөрөнгийн үнэд 20,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна.
13. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээгэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
14. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ.
14.1. Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, Шинэ зууны 2 давхрын зүүн жигүүрт байрлах, ажлын байрны зориулалттай, 109 м.кв хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх ****аас Ц. ****д шилжүүлэн, 2013.01.30-ны өдөр улсын бүртгэлд өмчлөгчөөр Ц.Бат-Эрдэнийг бүртгэсэн нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000187139 тоот гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар тус тус нотлогдсон байна.
14.2. Анхан болон давж заалдах шатны шүүх **** өөрийн өмчлөлийн, эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй үл хөдлөх эд хөрөнгийг Ц. ****д шилжүүлсэн талаар хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
15.Хариуцагч Ц. **** 188 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн талбайд 109 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө багтсан, ... ****, **** нартай холбоотой 27,000,000 төгрөгийн өр төлбөрийг барагдуулсан. Ё.Мөнхзулын банкны зээл хаахад 10,000,000 төгрөг, автомашин авахад 16,500,000 төгрөгийг ааваар нь дамжуулж өгсөн, Ё.Мөнхзул өөрөө үүнийг сайн мэдэж байгаа. ...хөдлөх хөрөнгийн үнэд нийтдээ 86,500,000 төгрөгийг ****д өгсөн гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ нь хариуцагч тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлож чадаагүй байна.
16. Ц.Бат-Эрдэнийг2013.01.23-ны өдөр 01/2786 дугаартайүл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний 2-т заасан хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж хоёр шатны шүүх дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
16.1. Учир нь Ц. **** нь ****гийн өмчлөлөөс шилжүүлсэн 188 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн талбайд 109 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөбагтсан гэх татгалзлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, давхцаагүй болох нь Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 14 дүгээр шийдвэрээр тогтоогдсон, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
16.2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд Ц. **** үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний үнэ 20,000,000 төгрөгийг ****д төлсөн болохыг нотлож чадаагүй талаар дүгнэлт хийснийг хууль зүйн хувьд буруутгах боломжгүй байна.
17. Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, хоног, цагаар тодорхойлно” гэж хуульчилжээ.
17.1. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2-т үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 20,000,000 төгрөгийг хэдийд төлөх талаар тохиролцоогүй байна.
17.2. Нэхэмжлэгч 2013.01.23-ны өдөр 01/2786 дугаартайүл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний үүргийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т “Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй ...бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна” гэж заасны дагуу үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойлно.
17.3. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Ц.Бат-Эрдэнийн2013.01.23-ны өдөр 01/2786 дугаартайүл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнд заасан үүргийг зөв тодорхойлж, Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, Шинэ зууны 2 давхрын зүүн жигүүрт байрлах, ажлын байрны зориулалттай, 109 м.кв хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 20,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохооршийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцсэн байна.
18. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогт-Очирын гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 303 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогт-Очирын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД