Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2020/00215

 

 

 

 

  

 

       2020 оны өдөр

 01 сар     16  р                                                184/ШШ2020/00215

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “У” ХХК /РД: /. Хаяг: Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, Оюутны -р байр, В тоот

Хариуцагч: “Э” ХХК /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Сонсголонгийн зам  тоот 

Хариуцагч: “Э” ХХК //. Хаяг: Сүхбаатар дүүрэг,  дугаар хороо, “З” ХХК-ийн байр, -р давхар

Хариуцагч: “З” ХХК //. Хаяг: Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, С-р давхар

Гэрээний үүрэгт 293,978,112 /хоёр зуун ерэн гурван сая есөн зуун далан найман мянга нэг зуун арван хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч У.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С, хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У-ын өмгөөлөгч Ө.С, “З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.                                                                                                    

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч У.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр “Э” ХХК-тай 16/001 тоот “Б гэрээ”-г байгуулсан. Энэхүү гэрээгээр нийлүүлэгч болох “Э” ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн манай компанид 195,985,408 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг бэлтгэн нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Гэрээнд заасан бетон зуурмаг нийлүүлэх хугацаа болж үүргээ гүйцэтгэхийг “Э” ХХК-иас шаардахад огт нийлүүлэлт хийгээгүй бөгөөд сүүлдээ захирал нь утсаа авахгүй, холбоо барихгүй байсаар нэг ч метр куб бетон зуурмагийг нийлүүлээгүй. Гэрээний 7.1-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутамд алданги төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу тооцвол хоног тутамд 979,927 төгрөгийн алданги үүссэн. 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 1050 гаруй хоног хэтэрсэн бөгөөд нийт алдангийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас илүү гарч байна. Иймд Иргэний хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 97,992,704 төгрөгийн алданги нэхэмжилж байна.

 Хариуцагч “Э” ХХК, “З” ХХК, “Э” ХХК-иудын гүйцэтгэх удирдлагыг тухайн үед Ц.Э хэрэгжүүлж байсан, хариуцагч компаниуд нь хамаарал бүхий хуулийн этгээдүүд байдаг. Төлбөр үүссэн нөхцөл байдлын тухайд анх нэхэмжлэгч “У” ХХК-иас “З” ХХК-д шилжүүлсэн 166,600 ам.долларыг эргүүлэн төлөх үүргийг “Э” ХХК болон “Э” ХХК шилжүүлэн авсан бөгөөд “Э” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно.

Иймд “Э” ХХК, “З” ХХК-иудад холбогдох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч “Э” ХХК-иас гэрээний үндсэн төлбөр болон алдангийг нийтэд нь буюу 293,978,112 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

            Хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд алданги тооцоолол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас давсан байна.  Иймд “У” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч “У” ХХК-тай 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-ний 4.2-т зааснаар бол энэхүү гэрээтэй хоблогдон гарах төлөбөр тооцоог “Э” ХХК төлж барагдуулахаар заасан боловч төлбөр хийгдээгүй. Төлбөр төлөөгүй байж үүргийн гүйцэтгэлийг нэхэмжилж, бас алданги тооцож байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй олгож өгнө үү.

Хариуцагч “З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компанийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 13/01-01 тоот хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр М.Л-ийг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилж байсан. 2014 оны 4 дүгээр сарын 23-ны дөр гүйцтгэх захирал В.Л нь “У” ХХК-тай “Уул уурхайн олборлолт, боловсруулалт, тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан байна. Дээрх гэрээний хүрээнд “У” ХХК-иас гүйцэтгэлийн баталгаа болгон байршуулсан 328,358,950 төгрөгийг хувьцаа эзэмшигч Т.Н-д хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр зээлүүлсэн болно. Иймд өмнөх удирдлагуудын үед үүссэн гэрээний харилцаа, ямар нэгэн өр төлбөрийн асуудлыг тухайн этгээдүүд хариуцах ёстой.

Хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч  “У” ХХК нь “Э” ХХК-иас 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-ний үүрэгт 195,985,408 төгрөг, алданги 97,992,704 төгрөг, нийт 293,978,112 төгрөг гэргуулахаар шаардсан. Энэхүү харилцаанд “Э” ХХК огт хамааралгүй хөндлөнгийн этгээд байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэл үндсэлэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн  тайлбар зэргийг шинжлэн судлаад

                                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

“У” ХХК нь хариуцагч “Э” ХХК, “Э” ХХК, “З” ХХК-иудад холбогдуулан гэрээний үүрэгт 293,978,112 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд “Э” ХХК, “З” ХХК-иудад холбогдох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч “Э” ХХК-иас гаргуулахаар шаардсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нь хариуцагчаа тодорхойлох, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, нэхэмжлэлээс татгалзах эрхтэй байхаар заасан байна.

Нэхэмжлэгч “У” ХХК нь хариуцагч “Э” ХХК-тай 2016 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр 16/001 дугаартай “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ” байгуулж, гэрээгээр гүйцэтгэгч тал нь 195,985,408 төгрөгийн үнэ бүхий, стандарт барилгын норм, дүрмийн шаардлага хангасан бетон зуурмагийг 2016 оны 4 дүгээр сарын 15-наас 206 оны 7 дугаар сарын 1-ний хооронд захиалагч талд нийлүүлэх, бетоны үнийн тухайд “Э” ХХК-тай тооцоо хийх, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тал хоног тутам төлөгдөөгүй үүргийн  үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.

Гэрээнд захиалагч “У” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал У.А, гүйцэтгэгч “Э” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Ц.Э нар гарын үсгээ зурж, компанийн тамга дарсан байх бөгөөд гэрээ байгуулах үед Ц.Э нь “Э” ХХК болон “Э” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй байсан нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн нэгдсэн архивын 2009 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн дэлгэрэнгүй лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 52, 53, 117/

Талууд гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй байгаа бөгөөд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа үндэслэлээ бетон зуурмагийн үнэ төлөгдөөгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан 16/001 дугаартай гэрээ, “У” ХХК-иас “Э” ХХК, “Э” ХХК-д 2017 оны 9 дүгээр сарын 12, 2016 оны 12 дугаар сарын 15-нд явуулсан мэдэгдэл, “Э” ХХК болон “У” ХХК-ийн тооцооны үлдэгдлийн баталгаа, “Э” ХХК-иас “У” ХХК-д явуулсан 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн  албан бичиг,  2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 16/02 дугаартай албан бичиг зэрэг баримт, зохигчийн тайлбараас үзэхэд хариуцагч  “Э” ХХК нь 195,985,408 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг нэхэмжлэгч компанид  нийлүүлэх, нийлүүлсэн бетон зуурмагийн үнийг  “Э” ХХК-тай тооцоо хийж дуусгахаар тохиролцсон байна. /хх-ийн 9-12,  44, 45/

Дээр дурдсан баримтаас дүгнэхэд хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч компани бетон зуурмагийн үнийг төлөөгүй учир зуурмаг нийлүүлээгүй гэх тайлбар үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.2, 199 дүгээр зүйлийн 199.2 дахь хэсгүүдэд гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар байгуулсанд тооцох, хэлэлцэн тохирсон хэлбэрээр үүргийн харилцаа үүсэхэд гэрээг тохирсон хэлбэрээр байгуулахаар заасан байх бөгөөд гэрээний талууд /зохигч/ хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэн, худалдан авагч тал үнийг  бүрэн төлсөн,  харин худалдагч тал гэрээгээр тохирсон чанар, хэмжээ бүхий бетон зуурмагийг хугацаанд нь нийлүүлэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэлээ.

Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч компанид өөр этгээдийн төлбөр төлөх үүргийг хариуцагч компани шилжүүлэн авч, эрх үүргээ тохиролцсон байна.

Хариуцагч “Э” ХХК нь гэрээгээр хүлээсэн бетон зуурмаг нийлүүлэх үүргээ хугцацаанд нь гүйцэтгээгүй нь тогтоогдсон тул нэхэмжлэгч тал  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6. дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй  үүргийн үнийн дүнгийн 50 хувьтэй тэнцэх хэмжээгээр алданги тооцон нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан 2016 оны 1 дүгээр сарын 14-ны өдрийн “Э” ХХК болон “У” ХХК-ийн хоорондын тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаас үзэхэд “Э” ХХК-иас “У” ХХК-д төлөх төлбөрийн хэмжээ 347,665,408 төгрөг болохыг тогтоож, энэхүү тооцооны 151,680,000 төгрөгт Сүхбаатар дүүргийн  дугаар хороо, “С” цогцолборын Б блок, 63,2 м.кв орон сууцыг 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлэх, үлдэгдэл 195,985,408 төгрөгт 2016 оны 4 дүгээр сраын 15-наас 2016 оны 7 дугаар сарын 1-ний дотор бетон зуурмагийг холбогдох гэрээнд заасны дагуу нийлүүлнэ гэж дурджээ.

Тооцооны үлдэгдлийн баталгаанд дурдсан бетон нийлүүлэх үүргийг “Э” ХХК нэхэмжлэгч компанийн өмнө гэрээгээр хүлээсэн ч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч “Э” ХХК-иас 293,978,112 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “У” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч “У” ХХК-ийн төлөөлөгч нь хариуцагч “Э” ХХК, “З” ХХК-иудад холбогдох шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                               ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-иас 293,978,112 /хоёр зуун ерэн гурван сая есөн зуун далан найман мянга нэг зуун арван хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “У” ХХК-д олгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,627,850 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Э” ХХК-иас  1,627,850   төгрөг гаргуулан нэхэмжлэгч “У” ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “У” ХХК нь хариуцагч “Э” ХХК, “З” ХХК-иудад холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Т.БАТСҮХ