Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2020/00207

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ш.Б/РД: /-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “А төв” ТӨҮГ/РД: /-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Давхарбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш.Б нь эрх зүйч болон тээврийн менежментийн мэргэжилтэй, 2017 онд А төв ТӨҮГ-ын тээвэрлэлт хариуцсан дэд захирлын албан тушаалд ажилласан. Уг дэд захирал нь тээвэр зохицуулалтын хэлтэс, авто үйлчилгээний хэлтэс, хөдөлгөөний удирдлагын хэлтсийг тус тус хариуцдаг.

- Тээврийн чиглэлээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй гурван авто вокзалын үйл ажиллагаанд хяналттавих, түрээслэгч болон тээвэрлэгч аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагаа, үйлчилгээний чанарыг сайжруулах үүднээс хяналт шалгалт хийх, холбогдох асуудлаар хурал зөвлөгөөн зохион байгуулах зэргээр тээвэр зохион байгуулалтын тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх үүднээс газар дээр нь очиж ажиллах шаардлага байнга гардаг. Үүний тулд тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт зохион байгуулах техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангаж ажиллах гэсэн ажпын байрны тодорхойлолтонд заагдсан үүргийн дагуу өглөөний ачааллын үе болох 8 цагийн тээвэрлэлт эхлэх үед 7 хоногт 1, 2 удаа очиж ажил байдалтай танилцаж үүрэг чиглэл тогтмол өгч асуудлыг шийдвэрлэн ажилладаг.

- Авто үйлчилгээний чиглэлээр Яамтай байгуулсан гэрээний үүргээр орон нутагт авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах чиг үүргийн дагуу Захирлын тушаалаар батлагдсан ажлын хэсгийг ахлан, ажлын 7 хоногийн 1 өдөр цирк дээр байрлах байранд ажлын хэсгийн хурлыг тогтмол хийх, ангилал тогтоох үйл ажиллагааг тогтмол хийдэг.

- Хөдөлгөөний Удирдлагын хэлтсийн ажил үүрэгтэй холбоотойгоор Автотээврийн хяналтын Улсын байцаагч нарын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавин төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөв зохистой хэрэглэх хэрхэн хэрэглэж байгаад хяналт тавьж ажиллах үүрэг хүлээн ажилладаг. Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тээврийн цагдаагийн албатай хамтран зохион байгуулдаг байсан.

Энэхүү ажлын онцлог байдлаас хамаарч, миний ажил зүгээр нэг оффист суугаад хийх бус тухайн нэгж газрууд дээр очиж ажиллахыг шаарддаг байсан болохыг харуулна.

Үүний зэрэгцээ Зам тээвэр хөгжпийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Гаалийн Ерөнхий газар, Эрдэнэс Монгол ХХК, Эрдэнэс таван толгой ХК, Таван толгой түлш ХХК, Гашуунсухайт авто зам ХХК зэрэг байгууллагад өөрийн байгууллагаа төлөөлөн тээврийн асуудал хариуцсан дэд захирлын хувьд ажлын хэсэгт орж ажиллах, хурал зөвлөгөөнд суух тохиолдол багагүй байдаг. Мөн “Таван толгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр 2018 оны 5 сарын 18-с ажиллаж байсан.

Ийм их ачаалалтай ч ажил үүргээ хэвийн гүйцэтгэж, А төв ТӨҮГ-ийн тухайн жилийн эхэнд буюу 2019 оны 1 сарын 8-ны өдрийн А/12 тоот тушаалын дагуу батлагдсан амралтын хуваарийн дагуу 2019 оны 7 сарын 16-с эхлэн ээлжийн амралтаа эдлэх хувиартай байхад А төв ТӨҮГ-ийн захирлын 2019 оны 7 сарын 19-ны өдрийн Б/319 тоот тушаалаар халсан болно.

Ийнхүү халах болсон шалтгаан нь:

  1. 2018 оны 8 сарын 10-ны Б341 тооттушаал, 2019 оны 2 сарын 4-ны өдрийн Б73 тоот тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн,
  2. Хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр цаг бүртгэлийн төхөөрөмжинд бүртгүүлээгүй, ажил тасалсан,
  3. Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй,
  4. Удирдлагын зөвшөөрөлгүй мэдээлэл тараасан, ярилцлага хийсэн,
  5. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, хууль бусаар цахим мэдээллийн системд бүртгэн, тээврийн хэрэгсэлд олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрлийг олгосон гэх ноцтой зөрчил, сахилгын зөрчил гаргасан гэж үзэж халсан байна. Энэхүү тушаалыг хууль бус гэж үзэж байгаа ба тухайн үндэслэл тус бүрийг тайлбарлавал:

- Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан талаар: тээвэрлэлт хариуцсан дэд захирал нь байгууллагын хүрээнд, тээвэр зохицуулалтын хэлтэс, авто үйлчилгээний хэлтэс, хөдөлгөөний удирдлагын хэлтэс гэсэн гурван хэлтсийн ажпыг удирдах, хариуцахын зэрэгцээ УБ хот дахь авто тээврийн үйлчилгээ үзүүлж буй газрууд, болох Нисдэг машин, Хөсөг трейд, Цирк, авто вокзалууд зэрэгт очиж ажилладаг. Өглөө шууд тухайн ажпын нэгж руу явах, тус газартаа ажиллаж байгаад ажлаас тарах тохиолдол цөөнгүй гардаг. Мөн хөдөлмөрийн дотоод журмын дагуу байгууллагын Тэргүүн дэд захиралаас авсан 2 өдрийн чөлөө, орон нутагт томилолтоор ажиллаж байсан өдрийг хүртэл бүгдийг ажил тасалсан мэтээр бүртгэсэн байна. Тухайн ажил тасалсан гэж бүртгэсэн 5 сард би бүрэн ажилласан гэж цалингаа авсан, мөн 2019 оны 7 сарын 1-нд А төв ТӨҮГ-ын хагас жилийн ажлын үр дүн, тайланг эрх бүхий газраас дүгнэхэд, бүхий л ажиллагсад тайлангаа гаргаж өгдөг, түүний жишгээр дэд захирал, тэргүүн дэд захирал, захирал бүгд ажпаа тайлагнаж дүгнүүлэхэд бүрэн хангалттай дүгнэсэн байдаг ба энэ үед ямар нэгэн ажил таслалтын тухай яригдаагүй, үнэхээр би ажил тасалсан бол хагас жилийн ажлын тайланг авч дүгнэхэд энэ заавал яригдах, арга хэмжээ авах байсан. Нөгөө талаар надтай нэгэн ижилээр, бусад удирдлага ч цаг бүртгэлийн төхөөрөмжинд бүртгүүлэх боломжгүй, бүртгүүлээгүй л байдаг байсан.

Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй: Миний хувьд, захирал, тэргүүн дэд захирлаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй орхигдуулсан, цалгардуулсан тохиолдол байхгүй, тус байгууллагын захирал 2019 оны 06 сарын 04-нөөс томилогдон ажиллаж байгаа боловч нэгудаа надтай биечлэн уулзаж үүрэг даалгавар өгч байгаагүй, мөн цаасаар өгсөн үүрэг даалгавар ч байхгүй хэрнээ ийм хууль бус үндэслэлгүй зүйл бичиж тушаал гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Удирдлагын зөвшөөрөлгүй мэдээлэл тараасан, ярилцлага хийсэн: Автотээврийн үндэсний төвийн захирлын 2019 оны 6-р сарын 10-ны өдрийн удирдамжийн дагуу Дорнод аймгийн Матад суманд газрын тосны үйл ажиллагаа эрхлэн явуулдаг Петрочайна дачин тамсаг ХХК-ны үйл ажиллагаанд 6-р сарын 11-нээс 17-ны хооронд хяналт шалгалтын ажлыг хийгээд ирсэн томилолттой холбоотой мэдээлийг 2019 оны 6-р сарын 20-нд хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр мэдээлэл өгөх явцад “Хөвсгөл аймгийн зорчигч тээврийн аж ахуй нэгжүүд 19 цагийн давтамж нэмсэн талаар хууль хяналтын байгууллагад өгсөн гэх мэдээлэл байна. Үүнийг тодруулж өгөөч” гэж сурвалжлагч хүссэн. Миний ажлын байрны тодорхойлолтонд, хариуцсан ажлын хүрээнд мэдээлэл өгөх шаардлага гарсан учраас дээд газраас ирсэн албан мэдэгдлийн талаар товч танилцуулсан, энэ нь 2019 оны 5 сарын 29-ны МХЕГ-ын 07/1867 тоот албан мэдэгдэл бөгөөд Чингүүн хурд ХХК-ийн талаар, ажлын хэсгийн дүгнэлтээр их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн тул Зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь мөн оны 6-р сарын 17-ны дотор зогсоохыг мэдэгдсэн албан мэдэгдэл байсан ба үүнийг товч мэдээлсэн. Миний хувьд хариуцаж буй ажпын талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр тогтмол мэдээлэл өгч ажиллаж ирсэн, ийм тохиолдолд удирдлагын зөвшөөрөл авах ямар нэгэн зохицуулалт байхгүй, гэтэл үүнийг үндэс болгож байгаа нь хууль бус гэж үзэж байна.

Нэгэнт эрх бүхий байгууллагаас шалгаад ирүүлсэн албан бичгийн талаар танилцуулснаар, байгууллагын эрх ашиг хохирох, ямар нэг байдлаар зөрчигдсөн зүйл болоогүй.

- Албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, хууль бусаар цахим мэдээллийн системд бүртгэн, тээврийн хэрэгсэлд олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрлийг олгосон гэх ноцтой зөрчил, сахилгын зөрчил гаргасан: 2017 оны 11дүгээр сарын 14-ний өдөр Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр нь АТГ-т олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрлийг дамлан худалдсан гэх хэргээр шалгаж эхэлсэн, энэ үед тухайн ажлыг хариуцсан дэд захиралын хувьд хамруулан 2017 оны 12 дүгээр сарын 20-нд сэжигтнээр татан шалгасан ба одоогоор энэ хэрэг шийдэгдээгүй, мөрдөн байцаалтанд буцсан байдаг. Уг зөрчил 2017 оны 11 сард илэрсэн, гэтэл 2019 оны 7 сарын 19-д буюу зөрчил илэрсэнээс хойш 2 жилийн хугацааны дараа түүнтэй холбогдуулж ажлаас халж байгаа хууль бус гэж үзэж байна.

Тухайн жилийн ээлжийн амралт 2019 оны 7 сарын 16-с эхэлсэн. Наадмын дараа ээлжийн амралтаа эдлэх байтал ажлаа хийж бай гэсэн, гэхдээ ээлжийн амралтын хуваарь баталсан тушаалд өөрчлөлт оруулсан, эсвэл намайг тодорхой шалтгаанаар ажиллуулах болсон гэх ямар нэг тушаал гараагүй. Тэгээд энэхүү 16-с хойшхи хугацааг мөн л ажил тасалсан гэж үзсэн. Ямар нэгэн байгууллагын үйл ажиллагаа амаараа, дураараа явагддаггүй.

Би сард 2 100 000 төгрөгийн цалин авдаг байсан, 2019 оны 7 сарын 16-с хойш сүүлийн цалин гэх 878 955 төгрөгийг олгосон, хэрэв үнэхээр хуулийн дээдэлдэг байсан бол бүтэн жил ажилласан надтай ээлжийн амралтын тооцоог хийгээгүй, энэ тушаал ингэж л хэвийн байдлаар ажиллаж байсан ажилтны эрхийг хохироосон, хууль зөрчсөн болох нь харагдана.

Иймд хууль бус, үндэслэлгүйгээр ажлаас халсан тул ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн олговор/цалин/-ыг ажлаас халагдсанаас хойш анхан шатны шүүхээр маргаан шийдэх хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч Ш.Бы өмгөөлөгч Ц.Давхарбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлээгүй, ажлаа тасалсан гэдэг. Цаг бүртгэлийн баримтыг ирүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 7-р бүлэг, 49-р зүйлд зааснаар ажилтны цалинг цагаар, үр дүнд нь тохируулан олгоно. 49-р зүйлийн 49.6-д хийснээр нь олгоно гэсэн. Хэрэгт цалингийн картыг өгсөн. Хариуцагч байгууллага ажлаа бүрэн хийсэн гээд цалинг өгсөн. 2019 оны 7 сард балансыг өгсөн.

2019 оны 7 сарын 24-ний өдөр ээлжийн амралтыг тооцсон. Жилийн ажиллах цагаа ажиллаж байсан байна. Ажил тасалсан гэх үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн дотоод журмын 11-р зүйлд зааснаар үндэслэл бүхий тайлбар, баримтыг Захиргаа, хүний удирдлагын даргад танилцуулсан. Энэ нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Албан ёсны томилолтоор явсан хүнийг ажил тасалсан гэж бүртгэсэн. Хөдөлмөрийн дотоод журмын 2-р зүйлийн 2.10-т тайлангаа ирүүлнэ гэж заасан. 2019 оны хагас жилийн тайлан гаргаад, үнэлүүлсэн. Бүрэн хангалттай гэж үнэлсэн байна.

2019 оны 6 сард үнэлсэн үнэлгээ. Хэзээ өгсөн үүрэг даалгавар нь тодорхой бус. Үүрэг даалгаварыг биелүүлээгүй гэдэг нь баримтаар тогтоогдсон байх ёстой.” гэв.

 

Хариуцагч “А төв” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Ш.Баас ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэхээр тус үйлдвэрийн газарт холбогдуулан нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэхэмжлэгч Ш.Б нь 2018 оны 08 дүгээр сарын 10-ны өдрийн Б/341 дугаар тушаалаар ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/73 дугаар тушаалаар зохих зөвшөөрөл, томилолтгүйгээр үүрэгт ажлаа дур мэдэн орхиж, 5 өдрийн ажил тасалсан тул сарын үндсэн цалинг 1 cap 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус хүлээлгэсэн.

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлээгүй, ажил тасалсан тус үйлдвэрийн газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын “5.1.11-д өөрийн биеэр цаг бүртгэх төхөөрөмжид ажилдаа ирэх, ажлын өдөр дуусахад харъяалах алба, хэлтэс, тасаг, төвийн бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлэх...” гэж заасан байдаг. Нэхэмжпэгч нь “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын төв байранд байрлуулсан цаг бүртгэлийн төхөөрөмжинд удаа дараа цагаа бүртгүүлээгүй, ажил таслаж байсан бөгөөд өмнө авсан сахилгын шийтгэлүүд мөн ажил тасалсанаас үүдэн авч байсан.

Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шуурхай зөвөлгөөн хийж, “Гашуун сухайт боомтод тээвэрлэлт гүйцэтгэж буй аж ахуйн нэгж байгууллагын жолооч нарт Онцгой байдлын ерөнхий газартай хамтран/галын аюулгүй байдлын тухай/ сургалт зохион байгуулах үүрэг гүйцэтгээгүй.

Удирдлагын зөвшөөрөлгүй мэдээлэл тараасан, ярилцлага өгсөн бөгөөд Хөдөлмөрийн дотоод журмын 8.13.3 дахь заалтыг зөрчин үйлдвэрийн газрын захирлаас зөвшөөрөл авч өгөх нэн шаардлагатай мэдээ, мэдээллийг зөвшөөрөлгүйгээр 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр тарааж ярилцлага өгсөн.

Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Тавантолгой шин” ХХК, “Банс транс” ХХК, “Их хурд хүч” ХХК-иудын эзэмшилийн нийт 1160 ширхэг тээврийн хэрэгсэлд олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрлийг олгосон мэтээр хууль бусаар ERP цахим мэдээллийн системд бүртгэж, бусдад давуу байдал бий болгож, дээрхи хуулийн этгээдүүдэд С зөвшөөрөл олгосон талаар прокурорын мэдэгдэлийг тус үйлдвэрийн газарт ирүүлсэн. Уг мэдэгдэлд Авлигын эсэрг хуулийн 7 дугаар зүйлийн 1.5 зөрчсөн нь тогтоогдсон, гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг арилгахыг үүрэг болгосон.

Иймд нэхэмжлэгч Ш.Баас гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

          Нэхэмжлэгч Ш.Б хариуцагч “А төв” ТӨҮГ-т холбогдуулан Тээвэрлэлт хариуцсан дэд захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

          Хариуцагч “А төв” ТӨҮГ нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх тайлбар ирүүлсэн.

 

2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 11 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч “А төв” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбатад 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан, хариуцагчийн өмгөөлөгч О.Баясгаланд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр устаар мэдэгдсэн боловч хариуцагч “А төв” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат, өмгөөлөгч О.Баясгалан нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “А төв” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат, өмгөөлөгч О.Баясгалан нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хариуцагчийн Тээвэрлэлт хариуцсан дэд захирлын албан тушаалд ажиллаж эхэлсэн болох нь № А01276993 Нийгмийн даатгалын дэвтрийн болон 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 17/06 дугаар Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.3.1, 4.3.5, 4.3.9, 4.3.13 дахь заалтад заасныг үндэслэн нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/341 дугаар тушаал, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/73 дугаар тушаалаар тус тус сахилгын шийтгэл хүлээсэн, хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр цаг бүртгэлийн төхөөрөмжинд бүртгүүлээгүй, ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, удирдлагын зөвшөөрөлгүй мэдээлэл тараасан, ярилцлага өгсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Тавантолгой шин” ХХК, “Банс транс” ХХК, “Их хурд хүч” ХХК-уудын эзэмшлийн нийт 1160 ширхэг тээврийн хэрэгсэлд олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрлийг олгосон мэтээр хууль бусаар ERP цахим мэдээллийн системд бүртгэж, бусдад давуу байдал бий болгосон зэрэг ноцтой зөрчил болон сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/319 дугаар тушаалаар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан ... хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;” гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 17/06 дугаар Хөдөлмөрийн гэрээний 4-ийн 4.3-т “... дараахь зөрчлүүдийг “Ноцтой зөрчил”-д тооцно ...”, 4.3.1-т “Байгууллагын дотоод журмын заалт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, сахилгын зөрчил давтан гаргасан ...”, 4.3.5-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 хоног ажил тасалсан”, 4.3.9-д “Удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй ...” гэжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Хөдөлмөрийн дотоод журмын 8.13.3 дахь заалтыг зөрчин удирдлагын зөвшөөрөлгүй мэдээлэл тараасан, ярилцлага өгсөн гэх тайлбар ирүүлжээ.

 

Хариуцагчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/25 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 8-ын 8.18.3-т “... өөрийн ажил, чиг үүрэгтэй холбоотой, үнэн зөв мэдээллийг өгөх ...” гэжээ.

 

Хариуцагчийн дэд захирлын Ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолтын Ажлын байрны харилцах субьект хэсгийн 1.2-т Байгууллагын гадна талд байгаа хэсэгт Хэвлэл мэдээллийн байгууллага гэжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид Тээвэрлэлт хариуцсан дэд захирлын албан тушаалыг хашиж байсан байх ба Хөдөлмөрийн дотоод журмын 8-ын 8.18.3,  Ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолтын Ажлын байрны харилцах субьект хэсгийн 1.2-т зааснаар хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгч, ярилцлага өгөх эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн дотоод журмын 8-ын 8.18.3 дахь заалтыг зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч сахилгын давтан зөрчил гаргасан гэжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан болох нь 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/341 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т “Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно.” гэж заасан.

 

Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн болох нь 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/341 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь сахилгын давтан зөрчил гаргасан гэх үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлээгүй, ажил тасалсан гэжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлээгүй, ажил тасалсан гэж маргаж байх боловч 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс хойш нэхэмжлэгчийн цалин хөлсийг бууруулж, хасч байгаагүй болох нь А01276993 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлээгүй, ажил тасалсан гэх тайлбар нь Амралтын мөнгө олгох хүснэгтийн болон А01276993 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар үгүйсгэгдэж байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нийт 1160/нэг мянга нэг зуун жар/ ширхэг тээврийн хэрэгсэлд олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрлийг олгосон мэтээр хууль бусаар ERP цахим мэдээллийн системд бүртгэж, бусдад давуу байдал бий болгосон гэжээ.

 

Нэхэмжлэгч нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, Авилгатай тэмцэх газраас шалгаж байгаа болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгчийн гэм бурууг эцэслэн тогтоогоогүй байгаа болох нь Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1702002450216 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Тавантолгой шин” ХХК, “Банс транс” ХХК, “Их хурд хүч” ХХК-ийн эзэмшлийн нийт 1160/нэг мянга нэг зуун жар/ ширхэг тээврийн хэрэгсэлд олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрлийг олгосон мэтээр хууль бусаар ERP цахим мэдээллийн системд бүртгэж, бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдэл нь 17/06 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шалгагдаж байх тул нэхэмжлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэжээ.

 

Хариуцагчийн захирал нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчид “Гашуун сухайт боомт”-д тээвэрлэлт гүйцэтгэж буй аж ахуйн нэгж байгууллагын жолооч нарт Онцгой байдлын ерөнхий газартай хамтран 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн дотор галын аюулгүй байдлын тухай сургалтыг зохион байгуулах үүрэг өгсөн болох нь “АҮТ” ТӨҮГ-ын 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн шуурхай зөвөлгөөнөөс захирал Б.Гүрсоронзонгийн өгсөн үүрэг даалгавар № 17-ийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн захирлын тогтоосон хугацаанд буюу 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор Онцгой байдлын ерөнхий газартай хамтран тээвэрлэлт гүйцэтгэж буй аж ахуйн нэгж байгууллагын жолооч нарт галын аюулгүй байдлын тухай сургалт зохион байгуулаагүй болох нь Автотээврийн Үндэсний Төвийн дэд захирал Х.Баярхүүгийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 3/2312 тоот албан үүрэг, даалгаврын хэрэгжилтийн болон Цогтцэций салбар Автотээврийн төвийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн № 19/121 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Онцгой байдлын ерөнхий газартай хамтран тээвэрлэлт гүйцэтгэж буй аж ахуйн нэгж байгууллагын жолооч нарт галын аюулгүй байдлын тухай сургалт зохион байгуулаагүй эс үйлдлийг 17/06 дугаар Хөдөлмөрийн гэрээний 4-ийн 4.3.9-д заасан удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй зөрчил гаргасан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох 17/06 дугаар Хөдөлмөрийн гэрээний 4-ийн 4.3, 4.3.9-д заасан ноцтой зөрчил гаргасан болох нь Автотээврийн Үндэсний Төвийн дэд захирал Х.Баярхүүгийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 3/2312 тоот албан үүрэг, даалгаврын хэрэгжилтийн болон Цогтцэций салбар Автотээврийн төвийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн № 19/121 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4 дэх заалтад зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэх үндэслэлээр 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Бы хариуцагч “А төв” ТӨҮГ-ын Тээвэрлэлт хариуцсан дэд захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Бы хариуцагч “А төв” ТӨҮГ-ын Тээвэрлэлт хариуцсан дэд захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Ш.Бы нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ХИШИГБАТ