Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
Хэргийн индекс | 182/2018/00245/И |
Дугаар | 183/ШШ2020/00169 |
Огноо | 2020-01-20 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2020/00169
2020 оны 01 сарын 20 өдөр | Дугаар 183/ШШ2020/00169 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, Рашаантын 00 тоотод байрлах, Д ХХК /рд:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, амины орон сууц хороолол 000 тоотод байрлах А ХХК /рд:000000 /,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Зайсан АНОМА АОС 00 байр, 00 тоотод оршин суух, Ш овогт Д.Б /рд:0000000/ нарт тус тус холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 705 658 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.Б, түүний өмгөөлөгч Ш.С /ШТЭҮД-0000/, хариуцагч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Н /ШТЭҮД-0000/, хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компани А ХХК болон Д.Б нартай 2014 оны 3 дугаар сард ажил гүйцэтгэх гэрээг бичгэн хэлбэрээр байгуулсан. Энэ гэрээгээр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд баригдаж байгаа А ХХК-ийн Д.Б, Д.О нарын захиалгаар хөнгөн цагаан фасад, шилэн фасадын ажил нэртэйгээр 3600 м.кв-г талбайн 1 мкв талбай тутмыг 950 юаниар тооцож 3 420 000 юань, шилэн фасадыг 6мм зузаантай 1160 м.кв талбайг, 1м.кв талбай тутмыг 1400 юаниар тооцож 1 624 000 юаниар, дулаалга болон шилэн хөвөнг үнэ төлбөргүй гүйцэтгэхээр тохирсон. Барилгын ажлыг 2014 оны 3 дугаар сард эхлүүлж, 11 дүгээр сард дуусгасан. Ажил дуусгах үед гэрээнд тохирсоноос илүү ажил хийх шаардлага гарсан тул талууд нэмэлт ажил хийхээр тохирсон, нэхэмжлэгч талаас ажлын тоо хэмжээг гаргаж өгөөд гүйцэтгүүлэх саналыг тавьсан. Энэ ажлыг гүйцэтгэхдээ тусдаа бие даасан гэрээ байгуулаагүй боловч ажлын тоо хэмжээ, үнийн саналыг нэхэмжлэгч талаас гаргаж, хариуцагч зөвшөөрч, шилэн хана 265 м.кв., шилэн хаалга 48 м.кв, чулуун фасад 194 м.кв, Кэй Эйф Си хаалга 13.8 м.кв, толин хаалга 240 м.кв гэсэн тоо хэмжээтэй ажил хийж гүйцэтгэсэн. Ингээд 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэмэлт ажлыг хийж дуусгасны дараа улсын комисс хүлээн авч ашиглалтанд орсон. Нэхэмжлэгч хариуцагч нараас ажлын төлбөрийг шаардахад боломжтой, боломжгүй талаар амаар тохиролцож байгаад 2017 оны 1, 7 дугаар саруудад төлбөрийг гаргуулахаар бичгээр шаардсан. Улмаар талууд 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр тооцоо нийлж, нийт 1 544 000 юанийн төлбөр тооцоо байгаа талаар акт үйлдсэн. Ингээд тооцоо нийлсэн 1 544 000 юань, нэмэлт ажлын 473 523 юань, нийт 1 882 762 юань буюу нэхэмжлэл гаргах үеийн ханш 374.79 төгрөгөөр тооцож 705 658 800 төгрөгийг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Б-ын төлсөн 35 000 ам.долларыг хүлээж авсан тул 637 698 800 төгрөгийг хариуцагч нараас 50, 50 хувиар гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. А ХХК нь Азмолл дэлгүүрийн барилгыг Д.О шилжүүлж авсан учраас манайхаас шаардах эрхгүй гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Энэ барилгын захиалагч А ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.О, Д.Б нар. Хариуцагч Д.Б хугацаандаа ажил гүйцэтгээгүй, ажлаа хүлээлгэж өгөөгүй учраас төлбөр төлөх үүрэггүй гэж байна. Гэвч бид ажлаа хүлээлгэж өгсөн учраас улсын комисс уг барилгыг хүлээж авсан байдаг. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн үнийн саналыг гэрээ биш гэж тайлбарлаж байна. Гэтэл үүний дагуу ажил хийгдэж, тооцоо нийлсэн акт үйлдсэн байдаг тул гэрээ байгуулагдаагүй гэж үзэх боломжгүй. Эдгээр ажлыг өнөөдрийг хүртэл хийгээгүй гэж үзвэл улсын комисс хүлээн авахгүй байсан. Барилгын чулуун фасад, ганжуулаагүй шил, хөнгөн цагаан метал хавтан, хана, цонх, хаалга, фасад чанарын шаардлага хангаагүй гэдэгч ч хариуцагч үүнийгээ нотлоогүй. Хариуцагчийн тайлбарт дурдаад байгаа 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19, 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 112, 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 125 дугаартай албан бичигт тус тус дурдсан асуудлаар хэлэлцэн тохиролцоод, 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ажлаа дүгнэсэн, төлбөр тооцоогоо нэгтгэсэн учраас ажлыг хүлээн авсан гэж үзнэ. Хариуцагч гэрээ байгуулагдсан эсэхэд маргахгүй, харин Ли Гүй Мин гарын үсэг зурсан, Д.Б гарын үсэг зурсан гэдэг дээр маргаж байна. Д.Б гэрээ байгуулсан, ажил гүйцэтгэсэн гэх хугацаанд хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн байсан. Энэ барилгын ажил Д.Б-ын захиалгаар баригдсан ажил мөн. Хариуцагч нар хийгдсэн ажил дээр маргаагүй, тоо хэмжээ, төлбөрийн хэмжээн дээр маргаж байгаа. Хариуцагч Д.Б ажлын доголдлыг 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гарсан түймэртэй холбоотой гэдэг. Гэтэл гарсан түймэр нь Б.Б болон Д ХХК-ийн ажилтантай холбоотой болох нь нотлогдохгүй байна. Үүнтэй холбоотой хохирлын хэмжээг тооцсон баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. Шинжээчийн дүгнэлтийн хувьд талуудтай ярилцаж байгаад хэмжилт хийлгэсэн, дүгнэлтэнд хэн аль нь маргаагүй. Шинжээчийн дүгнэлтэд хийсэн ажил дутуу биш, харин хэмжээсийн зөрүү байна гэж тусгагдсан. Шинжээчийн дүгнэлтийг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхэд татгалзахгүй. Мэргэжлийн хяналтын газраас гарсан дүгнэлтэд барилгын суурийн хийц, түүнтэй холбоотой босоо ханын цууралттай холбоотой хийцэд өөрчлөлт гарсан гэдэг дүгнэлт манай гүйцэтгэсэн ажилтай холбоогүй, барилгын ашиглалттай холбоотой дүгнэлт учир манай хийсэн ажилтай хамааралгүй. Харин дулаалгын шилэн хөвөнг манай тал үнэ төлбөргүй хийж өгсөн, хэрэв мөнгөө төлбөл шилэн хөвөнгөө солиод өгч болно. Эртний эдлэлийн хувьд хариуцагч талаас нэхэмжлэгч талд өгсөн 60 000 000 төгрөг нэхэмжлэлийн шаардлагад багтсан байгаа тул 1 юаныг 350 төгрөгөөр тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас хасахад татгалзахгүй гэв.
Хариуцагч А ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч компани нь А ХХК-д холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа нь үндэслэлгүй. А ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд нь Д.Б биш. А ХХК нь Д ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэх боловч тийм гэрээ хавтаст хэрэгт байхгүй, А ХХК нь нэхэмжлэгчийн өмнө гэрээний үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. А ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх нь 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө Д.О-д байж байгаад 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс хойш С.О-д байгаа. 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн тооцоо нийлсэн гэх актад А ХХК нь гарын үсэг зураагүй, тооцоо нийлээгүй. Мөн нэхэмжлэгч нь захиалагчийн хүсэлтийн дагуу дотоод заслын хугацааг тохиролцсоноор барилгын дотор шилэн хана, дээвэр, хаалга, толь, чулуун фасад, КФС хаалгыг нэмэлтээр хийсэн гэж тайлбарлаад байгаа боловч А ХХК нь мөн нэмэлт гэрээг байгуулаагүй. 2014 оны 11 дүгээр сард нэмэлт ажлын үнийн саналыг Ли Гүй Мин гэдэг хүн хүлээн зөвшөөрч гарын зуран, 473 523 юанийн ажил гүйцэтгүүлсэн гэж байгаа ч А ХХК нь Ли Гүй Минтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй юм. А ХХК-ийн өмчлөлийн Азмолл хүүхдийн дэлгүүр нь 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн. Гэтэл нэхэмжлэгч тал А ХХК нь ажил гүйцэтгүүлээд 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дууссан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Улсын комисс хүлээн авсан актад А ХХК гэж байхгүй, харин иргэн Д.Б, Д.О нарын захиалгаар бариулсан барилга гэж байгаа. Нэхэмжлэгч ажил хийсэн гэж үзэж байгаа бол Д.Б-тай байгуулсан гэрээний үүргээ бүрэн биелүүлж чадаагүй. Хийсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй, ажил хийсэн акт байхгүй. Байгуулсан гэрээний 1.1-т ажил гүйцэтгээд, ажлын хөлсийг төлнө гэсэн боловч ажлыг хүлээлгэж өгөөгүй. Ажил дутуу хийж гүйцэтгэсэн буюу гэрээнд хувилаад бодсон. Урьдчилгаа төлбөр, материал талбайд ирэх үеийн зардал, ажил гүйцэтгэл 50 хувьд хүрэхэд нийт төлбөрийн 20 хувийг төлнө гэсэн. Эхний 1, 2, 3-г хийсэн, ажил дуусах үед 15 хувь, ажил хүлээлгэж өгөх үед 15 хувь гэсэн ч энэ байхгүй. Үүнийг хариуцагч Д.Б тайлбартаа дурдсан. Ажил гүйцэтгэх гэрээний гол зорилго нь ажлаа хүлээлгэж өгөх эсхүл хийсэн ажилд нь тохирсон хөлс төлөх явдал. Хийсэн ажилд нь тохирсон мөнгийг өгсөн. Одоо 361 701 940 төгрөгийн үлдэгдэлтэй, үүнээс үнэлгээгээр илэрсэн дутуу баригдсан ажлын хөлс 210 000 000 төгрөг, ваарны 60 000 000 төгрөг, 35 000 доллар буюу 85 062 250 төгрөгийг тус тус хасвал Д.Бын төлөх үлдэгдэл төлбөр нь 9 379 362 төгрөг. Шинжээчийн дүгнэлтийг хариуцагч тал нотлох баримтын үндэслэл болгон ярих гэхээр шинжээчийн дүгнэлтэнд шинжилгээ хийх эрх бүхий субъект буюу шинжээч компанийн захирал н.Ц, шинжээчийн эрх үүрэгт гарын үсэг зураад байгаа н.Мөнхтуяа нар шинжээч дүгнэлт гаргах эрхгүй, үүнийг шүүх анхаарч үзнэ байх гэв.
Хариуцагч Т.Батжаргал шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь иргэн Д.Б надтай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулъя, танай бүх зүйлийг чанарын шаардлага хангасан байдлаар хийж гүйцэтгэнэ, шилэн фасадыг 6х6 харьцах буюу маш чанартай шилээр, хөнгөн цагаан фасадыг БНХАУ-ын фирмийн бүтээгдэхүүнээр хийж өгнө гэх үнийн саналаа 2013 онд өгсөн. Ингээд 2014 оны 3 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хийж дуусгахаар гэрээ байгуулсан. Гэрээнд ажлыг бүрэн хийж дуусгасны дараа хамтарсан хэмжилт хийж ажлыг хүлээн авна гэсэн боловч одоог хүртэл хүлээлгэж өгөөгүй. 1 800 000 гаруй юань гэж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн албан бичигт гэрээний үнэ 1 026 000 юань гэж заасан хирнээ одоо яагаад 1 882 670 юанийг нэхээд байгааг ойлгохгүй байна. Барилгын ажил гүйцэтгэх явцад буюу 2014 оны 10 дугаар сард нэхэмжлэгч талын ажилтан гал алдаж барилгын ард тал шатаж дулаалга шатсан. Дулаалгыг, чулуун фасадыг 100 хувь сольж өгнө гэж хүлээн зөвшөөрсөн ч сольж өгөөгүй. Анх гэрээ байгуулахдаа өгч байсан гадаад фирмийн бүтээгдэхүүнээс нэгийг нь ч хэрэглээгүй. Шилэн фасаднаас одоо 8, 9 ширхэг нь хагарсан буюу чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээр хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэмэлт ажлын үнийн саналыг нэхэмжлэгч тал өгснийгөө гэрээ гэж тайлбарлаад байна. Хамгийн анхны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа энэ үнийн саналыг өгсөн. Онцгой байдлын гал түймэртэй тэмцэх газрын дэвтэрт 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 17.04 минутанд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Гэсэр сүмийн зүүн талд баригдаж байгаа барилга шатаж байна гэх дуудлагыг хүлээн аваад 7 албан хаагч, 2 машинтай тасгийг гаргахад иргэн Б.Бгийн 7 давхар барилгад гал гарсан гэсэн нотолгоо байдаг, сүүлд галын байцаагчид нь Б.Б 2 000 000 төгрөг өгч иргэн Б.Бгийн ил хог шатаж байна гэх хуурамч дүгнэлтийг гаргуулсан. Мөн ажил гүйцэтгэгчийн ашигласан материалын дийлэнх нь чанаргүй байсан гэдгийг Мэргэжлийн хяналтын байцаагч тогтоосон. Гэрээндээ баталгаат хугацааг 3 жил гэсэн боловч хэзээнээс эхлэн тоолох нь тодорхойгүй, бид тооцоод, 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр А ХХК, Д.Б нар дутагдлаа арилгах талаар Д ХХК-руу албан бичиг хүргүүлсэн, 6 дугаар сарын 17-ны өдөр Ли Гүй Мин хүлээн авсан. 1 882 761 юанийн нэхэмжлэлийн шаардлагаас 473 523 юань нэмэлт ажлын хөлс. Үнэхээр нэмэлт ажил гэж байгаа бол үүнтэй холбогдуулан гэрээ байгуулсан уу, нэмэлтээр юу хийх байсан, тоо чанар, хэмжээ нь ямар зэрэг үүнийг тодорхой болгосон гэрээ байхгүй учраас 473 523 юанийг нэхэмжлэх нотлох баримт, хангах хууль зүйн үндэслэл байхгүй. Үлдэгдэл төлбөр 1 409 238 юаниас хэдэн юань нь материалын зардал вэ, өөрсдөө 100 хувь материалын зардлаа гаргасан уу зэрэг зааг ялгаа харагдахгүй байна. 35 000 ам.долларыг нэхэмжлэгч тал 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ханшаар тооцож байх шиг байна. Үүнийг үүрэг гүйцэтгэх үеийн ханш буюу нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцох ёстой. Ингэж тооцвол 85 050 000 төгрөг болж байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч А ХХК, Д.Б нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 705 658 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрчээ.
Нэхэмжлэгч хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 35 000 ам.доллараар багасгасан боловч ам.долларын ханшийг төлбөрийг хүлээж авсан 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ханшаар тооцно гэж, хариуцагч нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцно гэж тус тус маргаснаас шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан хэмжээг шууд тодорхойлох боломжгүй болсон тул анхны шаардлага болох 705 658 800 төгрөгийн хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Д” ХХК болон хариуцагч Д.Б нарын хооронд 2013 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч “Д” ХХК нь Аз хүүхдийн их дэлгүүрийн барилгад нийт 3600 м2 талбайд хөнгөн цагаан фасатыг 1 м2-ыг 950 юаниар тооцож нийт 3 420 000 юаниар, 1160 м2 талбайд шилэн фасатыг 1 м2-ыг 1400 юаниар тооцож нийт 1 624 000 юаниар, дулаалга болон шилэн хөвөнг үнэгүй хийж гүйцэтгэхээр, ажлын хөлсийг урьдчилгаа 30 хувь, материал талбайд ирсэн үед 30 хувь, ажлын гүйцэтгэл 50 хувьд хүрэх үед 20 хувь, ажил дууссан үед 15 хувь, ажил хүлээлгэн өгөх үед 5 хувийг төлөхөөр талууд тус тус харилцан тохиролцсон байна. /хх4-6/
Улмаар нэхэмжлэгч нь нэмэлт гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн гэж тайлбарлан 2014 оны 11 дүгээр сарын 01-ий өдрөөр огноолсон “Аз хүүхдийн их дэлгүүрийн барилгад нэмэлтээр хийгдэх үнийн санал”-ыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг баримтад шилэн хана нийт 265 м2 талбай 1 м2-ыг 80 000 төгрөгөөр тооцож нийт 21 200 000 төгрөг буюу 69 601 юань, шилэн хаалга нийт 48 м2 талбай 1 м2-ыг 240 000 төгрөгөөр тооцож 11 520 000 төгрөг буюу 37 821 юань, чулуун фасад нийт 194 м2 талбай 1 м2-ыг 1100 юаниар тооцож 213 400 юань, KFC хаалга нийт 13.8 м2 талбай 1 м2-ыг 1500 юаниар тооцож 20 700 юань, толин хана нийт 240 м2 талбай, 1 м2-ыг 550 юаниар тооцож 132 000 юань нийт 473 523 юань гэжээ. /хх9/
Нэхэмжлэгч “...А ХХК болон Д.Б нартай 2014 оны 3 дугаар сард ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, ... ажил гүйцэтгэсэн, мөн нэмэлтээр ажил гүйцэтгэсэн тул үлдэгдэл төлбөрийг гаргуулна” гэж,
Хариуцагч Д.Б “...анхны гэрээ байгуулагдсан талаар маргахгүй, нэмэлт гэрээг бичгээр байгуулаагүй тул зөвшөөрөхгүй” гэж,
Хариуцагч А ХХК “...А ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд нь Д.Б биш, Д ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, гэрээний үүрэг хүлээгээгүй тул зөвшөөрөхгүй” гэж тус тус тайлбарлан маргасан.
Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тус гэрээ байгуулагдах үед буюу 2009 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд А ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Д.Б, 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Д.О, 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс одоог хүртэл С.О төлөөлөх эрхтэй байгаа болох нь тогтоогдож байна. /хх102/
Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д “Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино” гэж заасан бөгөөд хариуцагч А ХХК-иас Д ХХК-д 2017 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр хүргүүлсэн гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгуулах агуулга бүхий албан бичигт захирал Д.Б, захирал Д.О нар гарын үсэг зурсан, 2017 оны 6 дугаар сарын 07, 12-ны өдрүүдэд хүргүүлсэн албан бичигт гүйцэтгэх захирал С.Оюунбат, иргэн Д.Б нар гарын үсэг зурсан зэргээс үзвэл А ХХК-ийн тамга дарагдаагүй боловч тус компани дээрх гэрээний захиалагч тал байна. /хх36-45/
Иймд шүүх “Д” ХХК болон хариуцагч А ХХК, Д.Б нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн бөгөөд хариуцагч Д.Б анхны гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй, зөвхөн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, төлөх төлбөрийн талаар маргасан, мөн нэмэлт гэрээгээр бичгээр байгуулаагүй гэж маргасан боловч уг ажлыг нэхэмжлэгч хийж гүйцэтгэсэн болох нь талуудын тайлбар, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон, мөн хариуцагч А ХХК-ийг гэрээний нэг тал гэж шүүх үзсэн тул, энэхүү гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэв.
Нэхэмжлэгч дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 695/2014 тоот акт зэрэг баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй, мөн хариуцагч Д.Бын “...ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэх тайлбар үндэслэлгүй, Иргэний хуулийн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т “...гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах”, мөн хуулийн 351.2-т “захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсанд тооцно” гэж зааснаар ажлын үр дүнг хүлээн авах нь хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэг юм.
Мөн хариуцагч нар нэхэмжлэгч “Д” ХХК-д гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын доголдлоо арилгах талаар албан бичгийг удаа дараа хүргүүлж байсан нь хэргийн баримтаар тогтоогдох боловч Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан гомдлын шаардлага гаргах эрхээ эдэлж шүүхэд хандаагүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна.
Түүнчлэн хариуцагчийн татгалзлын үндэслэл болгож буй Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А ХХК-д хүргүүлсэн дүгнэлтэд дурдагдсан шаардлага хангахгүй гэх шилэн хөвөн талуудын гэрээний зүйл биш, мөн гал гарсан талаар хариуцагч тайлбарладаг боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хариуцагч энэ талаар хохирол шаардаагүй байна.
Нэхэмжлэгч шаардаж буй мөнгөн дүнгийн талаар “...Эхний гэрээгээр 5 044 000 юанийн, нэмэлт гэрээгээр 473 523 юанийн ажил гүйцэтгэсэн. ... Үндсэн гэрээний үлдэгдэл 1 544 000 юань болох талаар тооцоо нийлснээс эртний эдлэлийн үнэ 60 000 000 төгрөгийг хасаж, 1 409 238 юань, нэмэлт гэрээний 473 523 юань нийт 1 882 762 юанийг нэхэмжлэл гаргах үеийн ханш 374.79 төгрөгөөр тооцож 705 658 800 төгрөг гаргуулахаар анх шаардсан. Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад ...1 409 238 юань нь хариуцагчийн төлсөн мөнгийг хасаж тооцсон үнэ байсан тул, ...1 409 238 юаниас үнэт эдлэлийн үнэ 60 сая төгрөгийг ...1 юаныг 350 төгрөгөөр тооцож хасахад татгалзахгүй. ...Мөн Д.Бын төлсөн 35 000 ам.долларыг хүлээж авсан тул 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шилжүүлсэн үеийн ам.долларын ханш 1941.72 төгрөгөөр тооцож 67 960 200 төгрөгөөр шаардлагаа багасгана” гэж,
Хариуцагч Д.Б “...ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцох ёстой. Тооцоо нийлсэн актад 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэл 1 544 000 юань гэсэн байна. Түүнээс хойш төлсөн мөнгө болон эртний эдлэл ваарны үнэ хасагдаагүй байна” гэж,
Хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...шинжээчийн дүгнэлтээр дутуу гэж тооцсон дүнг нэхэмжлэлийн шаардлагаас хасах нь зүйтэй” гэж тус тус тайлбарлан маргасан.
Зохигчид 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр “А ХХК болон Д ХХК-ийн хооронд тооцоо нийлсэн акт /хамрах хугацаа 2014.03.30-2015.01.18/” гэх баримт үйлдэж, үлдэгдэл төлбөр 1 544 000 юань болохыг баталгаажуулж, уг баримтад Д.Б гарын үсэг зурсан байх бөгөөд тэрээр тооцоо нийлсэн талаар маргаагүй. /хх8/
Үүний дараа, 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй” гэх баримт үйлдэж, хариуцагчаас 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд, нийт 134 762 юань хүлээж авсан, үлдэгдэл төлбөр 1 409 238 юань болохыг илэрхийлж, нэхэмжлэгч Д ХХК-ийг төлөөлж Ли Гүй Мин, хариуцагч Д.Б гарын үсэг зурсан, уг баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн байна. /хх7/
Нэхэмжлэгч энэхүү баримтуудыг үндэслэж, нэхэмжлэлийн шаардлагаас эртний эдлэлийн үнэ 60 000 000 төгрөгийг, 1 юаныг 350 төгрөгөөр тооцож хасахыг зөвшөөрсөн тул 1 409 238 юаниас 171 428 юанийг хасахад 1 237 810 юань, мөн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн монгол банкнаас зарласан ханшийн лавлагаанд үндэслэж нэхэмжлэлийн үнийг тодорхойлсон тул, 705 658 800 төгрөгийн шаардлагад багтсан 35 000 ам.долларыг шүүх дээрх ханшийн лавлагаанд үндэслэж, 2430,35 төгрөгөөр тооцож 85 062 250 төгрөгийг тус тус нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр шүүх шинжээч томилсон бөгөөд “Б” ХХК нь захиалагч, гүйцэтгэгч талуудыг байлцуулан, нэхэмжлэгч Д ХХК-ийг үндсэн гэрээгээр хөнгөн цагаан фасад, шилэн фасад, нэмэлт гэрээгээр чулуун фасад, толин хана, KFC шилэн хаалга, шилэн хана, шилэн хаалга хийсэн болохыг, мөн гэрээнд заагдсан хэмжээ болон хийж гүйцэтгэсэн ажил нэг бүрийн хэмжээг дараах байдлаар,
талууд гэрээгээр хөнгөн цагаан фасадыг 3600 м2 гэж тохиролцсон, шинжээч 3457,64 м2 буюу дутуу 142,36 м2 гэж, шилэн фасадыг 1160 м2 гэж тохиролцсон, шинжээч 892,23 м2 буюу дутуу 267,77 м2 гэж, чулуун фасадыг 194 м2 гэж тохиролцсон, шинжээч 181,5 м2 буюу дутуу 12,5 м2 гэж, толин ханыг 240 м2 гэж тохиролцсон, шинжээч 186,78 м2 буюу дутуу 53,22 м2, шилэн ханыг 265 м2 гэж тохиролцсон, шинжээч 242,9 м2 буюу дутуу 22,1 м2 гэж тус тус дүгнэжээ.
Нэхэмжлэгч тал дээрх шинжээчийн дүгнэлтэд маргахгүй, шинжээчийн дүгнэлтэд үндэслэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах боломжтой гэж тайлбарласан, хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шинжээчийн дүгнэлтэд шинжилгээ хийх эрх бүхий субъект буюу шинжээч компанийн захирал н.Ц, шинжээчийн эрх үүрэгт гарын үсэг зураад байгаа М.М нар дүгнэлт гаргах эрхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу шүүхээс нэмэлт эсхүл дахин шинжилгээ гаргуулах хүсэлтэй” гэж тайлбарлан маргасан.
Шүүх шинжээч М.М-д хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан, тэрээр дүгнэлтэд гарын үсэг зурсан, уг дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасныг зөрчөөгүй байх тул шинжээчийн дүгнэлтийг шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн, эргэлзээгүй үнэн зөв баримт гэж үнэлэв.
Шинжээчийн дээрх дүгнэлтээр хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ талуудын гэрээгээр тохиролцсон хэмжээнээс дутуу болох нь тогтоогдсон тул хөнгөн цагаан фасадны дутуу 142,36 м2-ыг 950 юаниар тооцож 135 242 юань, шилэн фасадны дутуу 267,77 м2-ыг 1400 юаниар тооцож 375 878 юань, чулуун фасадны дутуу 12,5 м2-ыг 1100 юаниар тооцож 13 750 юань, толин ханын дутуу 53,22 м2-ыг 550 юаниар тооцож 29 271 юань, шилэн ханын дутуу 22,1 м2-ыг 80 000 төгрөгөөр тооцож 1 768 000 төгрөг, нийт 554 141 юань буюу юанийн ханш 374.81 төгрөгөөр тооцоход 207 297 588 төгрөг, 1 768 000 төгрөг, нийт 209 065 588 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох нь зүйтэй байна.
Ийм дээрх үндэслэлээр шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас эртний эдлэлийн үнэ 171 428 юаныг хасч, үлдэх 1 237 810 юаныг нэхэмжлэл гаргах үеийн ханш 374,81 төгрөгөөр тооцож 463 943 566 төгрөг, үүнээс 35 000 ам.доллар буюу 85 062 250 төгрөг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зөрүү 209 065 588 төгрөгийг тус тус хасч, үлдэх 169 415 728 төгрөгийг хариуцагч нараас хуваан гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 536 243 072 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгийг баримтан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 686 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1005029 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч А ХХК-иас 84 707 864 төгрөг, Д.Б-аас 84 707 864 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 536 243 072 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 686 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1005029 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ