Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2020/00402

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: П Х  ХХК -ийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ш –д холбогдох

 

            Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 366,273,890 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баярсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ П Х  ХХК, Ш  ХХК нар нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр А21/2018 тоот дугаартай газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж хамтран ажилласан. П Х  ХХК гэрээний үүргээ биелүүлж Ш  ХХК-д 2018 онд нийт 406,980,000 төгрөгийн түлш нийлүүлсэн. Ш  ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш нийт 180,000,000 төгрөг хийсэн. Үүнээс хойш тооцоо нийлсэн актын дагуу төлбөрүүд хийгдэж байсан ч одоо 66,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл ямар нэгэн төлбөр хийгдээгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.8-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш  ХХК нь П Х  ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний үүргийн дагуу 406,980,000 төгрөгийн түлшийг авсан. Үүнээс 340,000,000 төгрөгийг төлж 66,980,000 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин 66,980,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй” гэв.  

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үндсэн төлбөр болох 66,980,000 төгрөг дээр маргахгүй байгаа. Тооцоо нийлсэн актаар хамгийн сүүлийн төлбөр  2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр орсон. 66,980,000 төгрөг нэхчхээд 100,000,000 төгрөг авна гээд байгаа нь хэтэрхий өндөр дүн нэхэмжилж байна. 

П Х  ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Талууд тооцоо нийлж хүсэл зоригоо илэрхийлсэн. Тооцоо нийлэхдээ алдангийг тохироогүй учраас бид алдангийг төлөхгүй. Алданги хэтэрхий өндөр байгаа учраас шүүх үүнийг харгалзаж үзнэ үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч П Х  ХХК нь хариуцагч Ш  ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 366,273,890 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч нь үндсэн төлбөр 66,980,000 төгрөгийг зөвшөөрч маргаагүй, харин алдангийн хэмжээ хэт өндөр байна гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр А21/2018 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу П Х  ХХК нь дизель түлшийг нэг литрийг 2,000 төгрөгөөр тооцож худалдах, Ш  ХХК нь худалдан авсан дизель түлшний үнийг төлөх үүргийг тус тус хүлээхээр тохиролцон байна.

 

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр А21/2018 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ” нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулжээ.

 

Талууд тооцоо нийлсэн баримт үйлдэж, Ш  ХХК-ийн үлдэгдэл төлбөр 66,980,000 төгрөг гэж баталгаажуулсан ба хариуцагч Ш  ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 66,980,000 төгрөгийг зөвшөөрч маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлин 232.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.”, талуудын хооронд байгуулсан гэрээний 4.8-д “... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг худалдагч талд төлнө” гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч П Х  ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 66,980,000 төгрөг, алданги 299,293,980 төгрөг” гэж дурьдсан ба талуудын хоорондын тооцоо нийлсэн баримтаас үзэхэд Ш  ХХК нь нийт 406,980,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс гэрээ байгуулсан өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 180,000,000 төгрөг, 2019 оны 04 дгээр сарын 05-ны өдөр 50,000,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 100,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөг төлсөн байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар 232.4-д зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 66,980,000 төгрөгийн 50 хувь буюу 33,490,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч Ш  ХХК-иас 100,470,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П Х  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 265,803,890 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар хариуцагч Ш  ХХК-иас 100,470,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П Х  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 265,803,890 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,989,319.45 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 660,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР