Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2019/02336

 

 

 

 

 

 

 

 

                      2019        12          20  

                  182/ШШ2019/02336

    

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Д.Мын нэхэмжлэлтэй

  

Хариуцагч: Н.Б д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 34.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Д.М би иргэн Н.Бтай 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулан 20.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Н.Б нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож 11.500.000 төгрөг нь 100 хоногийн алданги, үндсэн зээлийн 20.000.000 төгрөг, түүний хүү болох 3.000.000 төгрөгийн хамт нийт 34.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан өгнө үү. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хавтаст хэргийн 83 дугаар хуудсанд авагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг барьцааны гэрээ гэж тайлбарлаж байна. Тухайн өдөр Н.Бтай барьцааны гэрээ огт байгуулаагүй. Энэ гэрээгээр мөн бүх зээлээ хааж дууссан гэж тайлбарлаж байна. Хааж дууссан юм яагаад 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр дахиад 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад байгаа юм. Ийм сонин сонин зүйл ярьж байгааг гайхаж байна. Уг зээлээс 8.000.000 төгрөгийг хасч тооцоход татгалзах зүйл байхгүй гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 20.000.000 төгрөгийн зээл Н.Б авсан. Зээлийн гэрээ байгуулан зээл авсан тухайд маргах зүйлгүй болно. 20.000.000 төгрөгийг бэлнээр биш дансаар авсан. Нэхэмжлэгчийн данс руу 8.000.000 төгрөгийн төлөлтийг хийсэн. 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Энэ гэрээ бол худалдах, худалдан авах гэрээ биш 20.000.000 төгрөгийн барьцааны гэрээ юм. Мөн энэ гэрээний дагуу Н.Б бүх зээлээ Д.Мд төлж дуусган энэ байрыг Д.Мд өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                         

                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Н.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 20.000.000 төгрөг, хүү 3.000.000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу алданги 11.500.000 төгрөг, нийт 34.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Н.Б, Д.М нар байгуулсан. Уг гэрээг байгуулснаар уг зээлийг төлж дууссан. Мөн 8.000.000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.М, хариуцагч Н.Бд 20.000.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор зээлүүлж иргэд хоорондын харилцан итгэлцлийн зээлийн гэрээг байгуулж, талууд гарын үсгээ зурж баталгаажуулжээ.

 

Шүүх, зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 20.000.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр аваагүй 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр авсан гэх тайлбарыг гаргасан хэдий ч 20.000.000 төгрөгийг хүлээн авсан тухай маргаагүй болно.

 

Талуудын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч Н.Б 8.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Мд төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хаан банкны орлогын мэдүүлэг, Д.Мын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч нь 8.000.000 төгрөгийг авсан тухайд маргаагүй болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас 8.000.000 төгрөгийг хасаж тооцов.

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д ...үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ...,

 

Нэхэмжлэгч нь 3 сарын хүү гэж 3.000.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 8.000.000 төгрөгийг төлсөн байх тул хүү болох 3.000.000 төгрөгийг хасч тооцсон болно.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д …зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцааж өгөх үүргийг хүлээнэ”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д …анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй… гэж заажээ.

 

Иймд дээрх хуульд зааснаар үндсэн зээл 15.000.000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 7.500.000 төгрөг, нийт 22.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 12.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хариуцагч нь Н.Б, Д.М нарын хооронд байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Н.Бгийн өмчлөлийн орон сууцыг Д.Мд өгснөөр 20.000.000 төгрөгийг төлж дууссан гэх тайлбарыг гаргасан атлаа 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ бол орон сууц худалдах, худалдан авах гэрээ биш уг гэрээ бол 20.000.000 төгрөгийн барьцааны гэрээ юм гэж тайлбарлан мэтгэлцэж байгаа нь өөрөө зөрүүтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Н.Бгаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 15.000.000 төгрөг, алданги 7.500.000 төгрөг, нийт 22.500.000 / хорин хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Мын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330.450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 270.450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                                              

                        

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.ДАВААСҮРЭН