Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 112

 

Г.Г, Д.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ө.Амарбаясгалан, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 652 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11 дүгээр магадлалтай, 201625010175 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Одончимэг, Ө.Амарбаясгалан нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 603 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Өвөрхангай аймгийн Арвайхээр дэх сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2/133 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 20,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Г-ийн Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан “Албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг бүлэглэн болон ганцаараа завшиж их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Д-ийн Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-т холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэг болгон өөрчилж, улмаар 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Г.Г-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан их хэмжээний хохирол учруулж үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар Г.Г-ыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 жилийн хугацаанд төлөхийг тогтоожээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э-гийн гаргасан давж заалдсан гомдлыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Ц.Одончимэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүгдэгч Г.Г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад учруулсан хохирлынхоо зарим хэсгийг төлсөн ба шүүх хуралдааны үед үлдсэн хэсгийг төлөхөө илэрхийлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул анхан шатны шүүх түүнд торгох ял оногдуулсан нь хууль зөрчөөгүй. Тодруулбал шүүх шүүгдэгч Г.Г-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон учруулсан хохирлоо нөхөн төлөхийг илэрхийлсэн байдалд бодитой дүгнэлт хийж ял шийтгэл оногдуулсныг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй. Шүүх Г.Г-д ял оногдуулахдаа ялаас чөлөөлөх, оногдуулах ялыг хөнгөрүүлэх хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн. Анхан шатны шүүх прокуророос шүүгч дангаар шийдвэрлэх хэргийн зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчилгүйгээр хэргийг шийдвэрлэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Г-д холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах боломжтой зүйл, хэсгээр зүйлчилж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. Харин давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Ө.Амарбаясгалан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүх Д.Б-ын үйлдэлд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Учир нь шүүгдэгч Д.Б-ын Г.Г-тай бүлэглэж үйлдсэн гэмт үйлдэл нь 2015 оны 04 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд үйлдэгдсэн ба нийт 81,000,000 төгрөгийг авсан бөгөөд дээрх мөнгөнөөс “Өндөр заяа” ХХК-д бэлнээр 60,000,000 төгрөг өгсөн болох нь Г.Д-ийн мэдүүлэг, Д.Б-ын үйлдсэн гэмт хэргийн цаг хугацаа зэргээс тодорхой харагддаг юм. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүх прокуророос Д.Б-т 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн ял шийтгэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан ялаас хөнгөрч байгаа боловч эрх зүйн байдал нь дордоно гэж дүгнэсэн болно. Учир нь 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хууль нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарах тул прокуророос Д.Б-т 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэг болгон өөрчилж, улмаар 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Мөнхбат хэлсэн саналдаа “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан ял, шийтгэлийг хөнгөрүүлэн, чөлөөлөх нөхцөлийг “ял шийтгэлийн төрлөөс нь хамаарч 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял эдлэхээр шийтгүүлсэн этгээд хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” тохиолдолд хэрэглэнэ. Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар 8 жил хорих ялтай. Хорихоос өөр ял, шийтгэл оногдуулах нөхцөл байхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүхээс шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлсэн нь хохирлоо барагдуулж, гэм буруугаа хүлээсэн үйлдэлтэй хамаарахгүй гэж тайлбарласан. Хохирлын хэмжээ нийт 40,000,000 төгрөг бөгөөд үүн дээр 10,000,000 төгрөгийн торгууль оногдуулсан. Торгуулиа төлж байж хохирол төлөх талаар яригдах байх. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах гэхээр торгуулиа төлүүлсний дараа хохирол төлүүлэх нөхцөл байдал үүсээд байна. Анхан шатны шүүх хэргийг бүлэглэн үйлдсэнээр хүндрүүлэх нөхцөл байдал үүсэж байна гэж дүгнэсэн атлаа ял хөнгөрүүлэх нөхцөлд хамаарахгүй хуулийн заалт барьж хэргийг шийдвэрлэсэн. Мөн Д.Б-ын үйлдсэн хэргийн тухайд Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэхээс өмнө үйлдэгдсэн хэргийнх нь эсрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байдаг. Дээрх баримтыг анхан шатны шүүх үнэлээд Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсанаас хойш үйлдсэн гэмт хэргийн тухайд нь няцаалт хийсэн боловч уг няцаалтаа тодорхой тайлбарлаагүй нь хэргийн үйл баримттай нийцэхгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна гэв.

Мөн хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүх Г.Г-ын үйлдсэн хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хуучин Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан хэргийг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэнэ гэж хуулийг буцаан хэрэглэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Одончимэг, Ө.Амарбаясгалан нарын гаргасан гомдлыг үндэслэн Г.Г, Д.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн, хэрэгт чухал ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг дүгнэлгүй орхигдуулсан гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй болжээ.  

Харин давж заалдах шатны шүүх магадлалын Д.Б-т холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар зүйлчилсэн атлаа шүүгч дангаар шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Д.Б-т холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-д зааснаар гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэх гэмт хэргийн ангилалд хамаарахгүй болно.

Хэргийг хянан хэлэлцэх явцад 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлан хэргийг шүүгч дангаар шийдвэрлэсэн нь хууль бус бүрэлдэхүүнд тооцогдохгүй.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т заасан хамгийн хөнгөн төрлийн ялын доод хэмжээгээр ял шийтгэсэн үндэслэлийнхээ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдэг нь хохирлын дүнтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө өөрт байгаа болон боломжит хугацаанд даруй нөхөн төлөхөө баримтаар нотолсон байхыг ойлгоно.

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Одончимэг, Ө.Амарбаясгалан нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Одончимэг, Ө.Амарбаясгалан нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

         

 

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН