Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 172

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Оюун, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

            Иргэдийн төлөөлөгч Т.Жуков,

Улсын яллагч Н.Дамбадаржаа,

Хохирогч П.Хишигжаргал,

Шүүгдэгч Э.Ариунмөрөн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Амартогос /ҮД-0075/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Эрдэнэтуяагийн Ариунмөрөнд холбогдох эрүүгийн 201626020864 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, ах, дүү нарын хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 11-5А тоотод оршин суух,

     урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2009 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 427 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, НО78102579 регистрийн дугаартай, Боржигон овогт Эрдэнэтуяагийн Ариунмөрөн.

    

  Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ариунмөрөн нь 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үерийн далан руу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч иргэн П.Хишигжаргалтай маргалдан улмаар түүнийг хүч хэрэглэн түлхэн унагаж биед нь баруун сүүжний ясны их бие, тогоо, суудал ясны дээд, доод салаа хамарсан аарцагны хугарал, аарцагны хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун өгзөгт цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Ариунмөрөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр П.Хишигжаргал бид хоёр хамт архи уусан юм. Би Хишигжаргалыг түлхэж унагаагүй. П.Хишигжаргал уурандаа намайг өөрийг нь түлхэж унагаасан гэж хэлсэн гэв.

 

Хохирогч П.Хишигжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 3 дугаар сарын 17-ны орой Э.Ариунмөрөн бид хоёр гэртээ хамт архи уусан. Тэгээд ээждээ охиноо өгөхөөр болоод хүлээж байсан юм. Тэгээд Ариунмөрөнтэй маргалдаад би өөрийн эрчиндээ далан руу унасан юм. Э.Ариунмөрөн намайг түлхэж унагаасан гэж бодохгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө сэтгэл санаа тогтворгүй байсан юм гэв.

 

Мөн хавтаст хэргээс :  

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Ариунмөрөнгийн өгсөн:

“... 2016 оны 3 дугаар 14-ний өдрөөс өөрийн эхнэр болох П.Хишигжаргалын хамт түр оршин сууж байсан нийтийн байрандаа архи уусан. 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр би өөрийнхөө гар утсыг үл таних хүнд 8.500 төгрөгөөр зарж хүнсний дэлгүүрээс 0.75 л-ийн Стандарт архи 1 шил, чипс аваад гэртээ очиход эхнэр хоол хийгээд сууж байсан. Бид хоёр хоолоо идчихээд авчирсан нэг шил архиа хувааж уусан. Тэрнээс хойш би яг юу болсноо огт санахгүй байна, нэг мэдсэн чинь тасарчихсан шатны уруу яаж бууснаа ч санахгүй байна, эхнэр замын хажуу талын далан руу уначихсан манай охин уйлчихсан зогсож байсан. Тэгээд далан руу доошоо буугаад эхнэрээ авах гэтэл цаашаа бай гэсэн. Охиноо өргөж буулгачихаад ер нь хэрэг бишэдлээ гээд гэр рүүгээ ороод унтчихсан... эхнэртэйгээ хамт гараад дэлгүүрээс архи зээлж авах гэж байгаад хоорондоо муудалцсан юм. Тэгээд бие биетэйгээ барилцаж зууралцсан. Тэгсэн манай эхнэр өөрөө өөрийнхөө хүчинд инерцээрээ хойшоо саваад уначихсан. 2016.3.17-нд цас ороод машин их явдаг замтай ойр газар болохоор цас хайлмагтаад байсан тэгээд халтирсан байх. Би архи уусан байсан боловч бүр таг согтоогүй, болсон асуудлыг санаад байгаа юм... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 116-117, 139-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад хохирогч П.Хишигжаргалын өгсөн:

“...2008 оны зун анх Э.Ариунмөрөнтэй хамт ажиллаж байгаад танилцаж хамт амьдрах болоод 2009 онд охин Хонгорзул төрсөн...Сүүлийн 1 жил гаруй БГД-ийн 10 дугаар хороо билүү 11 дүгээр хороо билүү сайн мэдэхгүй байна 1-н 1 тоотод байрлах нийтийн байрны 08 тоотод нөхөр Э.Ариунмөрөн, охин нарын хамт амьдардаг юм. Энэ хугацаанд олон л юм болсон. 2016 оны 03 сарын 17-ны орой бүрэнхий болчихсон байсан охин Хонгорзулыг хадам ээж Эрдэнэтуяа ирж авна гэсэн. Тэгээд нөхөр Ариунмөрөн охин Хонгорзул бид 3 гэрээсээ гарсан. Ариунмөрөн 3-4 хоног архи уусан юм. тэгээд охиноо өгчихөөд намайг зарж архи авна гээд зам гараад усан сан буюу үерийн далангын хажууд Ариунмөрөн бид хоёр хоорондоо маргалдсан тэгтэл намайг түлхээд үерийн далан  руу унагаасан охин Хонгорзул араас гүйж ирж уйлаад ээжээ битгий үхээч гэсэн. Тэгтэл Ариунмөрөн хүрч ирээд болооч пиздаа минь гээд миний гарнаас угз татсан би тэгтэл босож чадаагүй тэгтэл Ариунмөрөн хаяад явсан би тэнд байсан хүмүүсээс түргэн дуудаад өгөөч гэсэн...охин надтай хамт ирээд аав цаана нь хараад зогсож байсан гэсэн нөхөр Ариунмөрөн араас над дээр ирээгүй хадам ээж Эрдэнэтуяа утсаар яриад охин Хонгорзулыг ав, гэрээс цагаан хэрэгсэл ор хөнжлийн даавуу авчирж өг гэсэн одоог хүртэл Ариунмөрөн над дээр ирээгүй, утсаар ч яриагүй ... Намайг 50.000 төгрөгөөр зарж архи авж ууна гэснээс болж маргалдсан... эхлээд цохих гэж дайраад болингуутаа түлхээд намайг үерийн далан руу унагаасан юм би унахдаа барууун талаараа унасан...Ариунмөрөн 4 дах хоног дээрээ архи уусан байсан намайг түлхэж унагаах үедээ нилээн их архи уусан байсан. Би жаахан архи уусан байсан өөрийн гэсэн ухаантай байсан. Тэр өдөр Ариунмөрөн дэлгүүрт зээл авч архи уусан 075 граммын стандарт архи уусан үдээс өмнө бас 05 граммын архи авч уусан би үүнээс нь уугаагүй үдээс хойш авсан 075 граммын архинаас ганц хоёр татсан...Ариунмөрөн хамаатан садны хүмүүстэйгээ таарамж муутай архи уухаар нь зугтаад явчихдаг юм. Эрүүл үед нь зүгээр байдаг...2014 онд намайг чулуугаар цохиж гэмтэл учруулаад цагдаагаар шалгуулаад өргөдөлөө гомдолгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гээд хаалгасан юм. Өмнө 2011 он билүү 2012 онд энэ 10-р хороо зүүн Нарангын хаяган дээр Ариунмөрөн намайг гэрийн униар цохиж гэмтэл учруулж байсан тэр үед гэрээсээ зугтаад ээж аав дээрээ очиж байсан юс. Цагдаад өргөдөл өгч шалгуулаагүй хамт ажиллаж байсан болохоор орхисон юм..Э.Ариунмөрөн түргэн зантай, түрэмгий, аймхай зантай хэлэмгий доломгой, зантай 2016 оны 03 сарын 10 доор энэ хэрэг болохоос өмнө  3 сарын 14-нд өөрийнхөө амиа хорлоно гээд Бичил хороололын ногоон байрны 8-н давхарт пункерын цонхоор үсэрнэ манай гэрийнхэн намайг тоодоггүй гээд байсан юм... би бас айдастай байна яагаад гэвэл согтуу хөлчүү ороод ирэх вий гэж бодох юм. Хурдан бариасай гэж хүсмээр байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-15 дугаар хуудас/

 

            Мөрдөн байцаалтад гэрч П.Болдбаатарын өгсөн:

            “... 2016 оны 3 сарын 18-нд манай эгч П.Дэлгэрмаа над руу яриад дүү П.Хишигжаргалыг нөхөр Ариунмөрөн Цохиод бие нь муу байна Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн..одоо дүү П.Хишигжаргал гэмтлийн эмнэлэгийн 5-р давхарт Аарцаг үе мөчний насанд хүрэгчдийн 1-7 платанд хэвтэн эмчлүүлж байна биеийн байдал одоо арай гайгүй болж байна гэхдээ л хэвтрийн дэглэмтэй хөлөндөө татлагатай нилээн удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болж байна...2014 оны 03 сарын 04-нд дүү П.Хишигжаргал зодож гэмтэл учруулж байсан юм байна лээ өөр бас цохиж зодуулж байсан тэр асуудлыг сайн мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 16-17-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Ишгэнхүүгийн өгсөн:

“... Охин П.Хишигжаргал нь Э.Ариунмөрөн гэж хүнтэй хамт амьдраад охин Хонгорзул гэж охинтой болсон. 2016 оны 03 сарын 17-нд нөхөр Э.Ариунмөрөндөө цохиулж гэмтээд гэмтлийн эмнэлэгт хэвтэж байна гэснээр ирж хоол унд өгч ээлжлэн сахиж биеийг нь тэнхрүүлж байна..2014 онд охин П.Хишигжаргал нөхөр Э.Ариунмөрөнд чулуугаар цохиулаад гэмтэл аваад толгойдоо оёдол тавиулсан гээд Э.Ариунмөрөнгийн нэг дүү охин манай гэрт хүргэн ирж байсан энэ үед нь танай Баянгол дүүргийн цагдаад өргөдөл өгч шалгуулж байсан юм... Хишигжаргалын том хүү Мөнхбаяр нь надтай хамт амьдардаг юм. Дагавар хүүхэд нь надтай хамт амьдарч байгаа болохоор Э.Ариунмөрөнг ямар хүн бэ гэдгийг харуулж өгч байгаа юм..нэг өдөр манайд ирээд би ээжтэйгээ хамт амьдрахгүй хойд аав намайг зоддог гээд яваагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ш.Эрдэнэтуяагийн өгсөн:

“... 2016 оны 03 сарын 17нд хүү Э.Ариунмөрөн над руу утсаар яриад зээ охин Хонгорзулыг ирээд аваадах гэсэн би гадуур явж байсан болохоор очиж авч чадаагүй тэгээд би орой П.Хишигжаргалын утас руу ярихад охинтойгоо гэмтлийн эмнэлэг явж байна хүү чинь намайг түлхэж унгаачихаад зугтаагаад явчихлаа гэхлээр нь би Гэмтэлийн эмнэлэг рүү очиж зээ охин Хонгорзулыг очиж авсан тэр үед П.Хишигжаргал ёолоод хэвтэж байсан юм дээшээгээ тасаг руу шилжүүлнэ гэж байсан..Хүү Ариунмөрөн нь төлөв даруу зантай юмаа архи уухлаараа ааш нь эвдэрдэг юмаа. Ажилсаг, хүнд тусархаг хүүхэд байгаа юмаа..П.Хишигжаргал нь архи уухгүй л бол зүгээр архинд дуртай архи уухлаараа нэмж уух гээд байдаг юм..Архи уухлаараа хэнийг ч хамаагүй загнах гээд ааштай болчихдог юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 104-106 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Алтанзулын өгсөн:

“.. Би 2016 оны 03 сарын 17-ны орой сургууль дээрээ байж байсан чинь ээж надруу утсаар залгаад ах Ариунмөрөн эхнэр Хишигжаргалыг жаргалруу түлхэж унагаад Хишигжаргал гэмтээд гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн гэж байна чи ажил дуусч байвал хурдан эмнэлэгт яваад оч гэсэн тэгэхлээр нь би за гээд өнгөрсөн. Тэгээд 21 цагийн үед байх Гэмтлийн эмнэлэг дээр яваад очсон чинь Хишигжаргал эгч гэмтлийн эмнэлэгийн хүлээн авахын эмчид үзүүлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 107-108 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Ариунболдын өгсөн:

“... 2016 оны 03 дугаар сарын 17-нд би Тайшир 112 чиглэлд үүрэг гүйцэтгээд байж байсан. Баянгол дүүргийн 22-р хороо Баянгол дэлгүүрийн урд талын далан дээр зодоон болоод хүн уначихлаа гэсэн дуудлага 19 цаг 27 миниутад очоод шалгахад 40 орчим насны эмэгтэй хүн архи уучихсан байдалтай далан руу уначихсан жаахан охин хажууд нь уйлчихсан зогсож байсан тэгээд юу болсон гэхэд нөхөр намайг зодоод түлхээд унагаачихлаа тэгээд өөрөө зугтаад явчихсан гэсэн тэгээд биеийг нь асуугаад яаралтай 103 дуудсан тэгээд 103-ын Цэцэгсүрэн гэх эмчид хүлээлгэж өгсөн тэгээд жижүүрт мэдэгдээд нөхөр болох хүнийг араас нь сурагласан боловч нэр нь тодорхой болохоор дараагийн дуудлаганд явсан..охиныг ээжтэй нь хамт 103 дуудлагын эмчид өгч явуулсан энэ үед нь тэр хүүхний хадам ээж рүү утсаар ярьж ийм асуудал болсон шүү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 124 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Оюунгэрэлийн өгсөн:

“...2016 оны 03 сарын 17 ны 19 цаг 27 минутын үед БГД-ийн 10 дугаар хороо замын хажуу талын супермаркет дэлгүүрийн хажуу талын далан дагуу би ганцаараа явж байсан тэгтэл 30 гаруй насны эмэгтэй эрэгтэй хоёр хүн хоорондоо маргалдаад барьцалдаад ноцолдоод байх шиг байсан би утсаа аваад дээшээ харахад эрэгтэй нь эмэгтэйгээ түлхээд үерийн далан руу унагаасан тэгснээ өндөрдүү бор залуу байсан. Тэр эмэгтэй дээрээ очихгүй хэсэгхэн хором зогсож байснаа гудамж руу яваад бос нэг хэсэг ажиглаад хараад зогсож байсан. Тэр хавиар хүмүүс хараад байсан. Би өнгөрч явах гэснээ хүмүүс очихгүй болохоор тэр унасан эмэгтэйг хартал босож чадахгүй, хажууд нь жаахан охин уйлаад байхаар нь би цагдаад дуудлага өгөөд эхнэрээ түлхээд далан руу унагачихлаа эхнэр нь уйлаад болохгүй байна хөл нь хугарсан үгүйг мэдэхгүй байна хажууд нь жаахан хүүхэд уйлаад байна гэж хэлсэн. Дуудлага хүлээн авлаа гэхлээр нь тайвшираад яваад өгсөн... тэр хоёр хоорондоо маргалдаад ноцолдоод байсан түлхээд л унагаах шиг болсон, цохиж л унагаагүй... хэн хэнийх нь хажууд очиж зогсоогүй болохоор мэдэхгүй, би бодохдоо архи уугаагүй байх гэж харсан ямар ч байсан гуйвж дайваагүй унаж тусаагүй болохоор нь эрүүл юм байх гэж бодсон..тэр эрэгтэй нь тойрч харж зогсож байгаад зугтаагаад яваад өгсөн..эрэгтэй нь бор царайтай, өндөрдүү, саравчтай малгайтай залуу байсан би харвал танихгүй байх...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 126-127 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч А.Хонгорзулын өгсөн:

“...тэр өдөр би юу болсныг ярьж чаднаа аав, ээж бид гурав гэртээ байж байгаад гэрээсээ гараад эмээгийнх рүүгээ явах гэж байгаад болиод буцаад явсан энэ үед аав ээж хоёр хоёулаа архи уучихсан согтуу байсан тэгээд ээж шавхаан дээр унаад санамсаргүй жалга руу уначихсан харсан хүмүүс нь түргэн цагдаа дуудсан үүнээс хойш би юу болсныг санахгүй байна... аав, ээж хоёр 4 хоног архи уусан жоохон жоохон согтуу байсан...эмээгийнх рүү очих гэж гэрээсээ гарсан.. бид гураваас өөр хүн бидний хажууд байгаагүй... ээж П.Хишигжаргал шавхаан дээр гишгичихээд санамсаргүй уначихсан ... Ээж надад хувцас авч өгнө гэж хэлээд амлалтаа биелүүлээгүй мартчихсан дараа нь дахиад асуухад мартчихсан байсан мөн ээж та битгий архи уугаарай гэхэд 2 удаа мартаад архи уусан юм түүнээс хойш юу болсныг би санахгүй байнаа ... би ээж дээрээ 1 удаа очсон тэнд нь 10-аад хонсон тэгээд ээж над руу уурлаад таягаа шидээд миний хөхрүүлсэн тэгээд би эмээ Эрдэнэтуяаг дуудаж авахуулсан түүнээс хойш уулзаагүй танай цагдаагийн газар нэг удаа тааралдсан юм... би аавын зан чанарыг сайн мэдэхгүй  ээжтэй байнга хэрэлддэг байсан...ээж лавдаг намайг өдөр бүр загнадаг хамгийн сүүлд над руу таяг шидсэн...” /хавтаст хэргийн 128-129 дүгээр хуудас/

 

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 3990 дугаартай:

            1. Хишигжаргалын биед баруун сүүжний ясны их бие, тогоо, суудал ясны дээд, доод салаа хамарсан аарцагны хугарал, аарцагны хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун өгзөгт цус хуралт алт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 21-р хуудас/,

- Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн “хоногийн бодит дуудлагын мэдээлэл”-ийн хуудас /хавтаст хэргийн 8-р хуудас/

- Хохирогч П.Хишигжаргалын өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 23-33-р хуудас/

- Албадан саатуулсан хүний бүртгэл, тэмдэглэлийн хуулбар /хавтаст хэргийн 34-36-р хуудас/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 40-р хуудас/

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 122-123/

- Хохирогчийн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 99-103 дугаар хуудас/  /534050 төгрөгийн эмчилгээний баримт, 134 000 төгрөгийн бензиний баримт байна/ зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно. 

         

   Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, гэрч нарыг байцаахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

          Шүүгдэгч Э.Ариунмөрөн нь 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үерийн далан руу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч иргэн П.Хишигжаргалтай маргалдан улмаар түүнийг хүч хэрэглэн түлхэн унагаж биед нь амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч П.Хишигжаргалын өгсөн:

          ...үерийн далангийн хажууд Ариунмөрөн бид хоёр хоорондоо маргалдсан тэгтэл намайг түлхээд үерийн далан  руу унагаасан охин Хонгорзул араас гүйж ирж уйлаад ээжээ битгий үхээч гэсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-15 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч П.Болдбаатарын өгсөн:

          “... 2016 оны 3 сарын 18-нд манай эгч П.Дэлгэрмаа над руу яриад дүү П.Хишигжаргалыг нөхөр Ариунмөрөн Цохиод бие нь муу байна Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн... /хавтаст хэргийн 16-17-р хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Оюунгэрэлийн өгсөн:

          “...2016 оны 03 сарын 17 ны 19 цаг 27 минутын үед БГД-ийн 10 дугаар хороо замын хажуу талын супермаркет дэлгүүрийн хажуу талын далан дагуу би ганцаараа явж байсан тэгтэл 30 гаруй насны эмэгтэй эрэгтэй хоёр хүн хоорондоо маргалдаад барьцалдаад ноцолдоод байх шиг байсан би утсаа аваад дээшээ харахад эрэгтэй нь эмэгтэйгээ түлхээд үерийн далан руу унагаасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 126-127 дугаар хуудас/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 3990 дугаартай:

          1. Хишигжаргалын биед баруун сүүжний ясны их бие, тогоо, суудал ясны дээд, доод салаа хамарсан аарцагны хугарал, аарцагны хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун өгзөгт цус хуралт алт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 21-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Амартогос хохирогч П.Хишигжаргалын шүүхийн хэлэлцүүдлэгт өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч А.Хонгорзулын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 128-129 дүгээр хуудас/ зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдын бие махбодид санаатай хүнд гэмтэл учруулсан нь тогтоогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгуулах талаар мэтгэлцлээ.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Хишигжаргал нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээс зөрүүтэй мэдүүлдэг хэдий ч энэ хэрэгт ямар нэг хамааралгүй хөндлөнгийн гэрч Ж.Оюунгэрэлийн өгсөн:

          “...2016 оны 03 сарын 17 ны 19 цаг 27 минутын үед БГД-ийн 10 дугаар хороо замын хажуу талын супермаркет дэлгүүрийн хажуу талын далан дагуу би ганцаараа явж байсан тэгтэл 30 гаруй насны эмэгтэй эрэгтэй хоёр хүн хоорондоо маргалдаад барьцалдаад ноцолдоод байх шиг байсан би утсаа аваад дээшээ харахад эрэгтэй нь эмэгтэйгээ түлхээд үерийн далан руу унагаасан...” гэх мэдүүлгээр /хавтаст хэргийн 126-127 дугаар хуудас/ үгүйсгэгдэж байх тул хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг үнэлж үзэж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

          Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ариунмөрөнд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Ариунмөрөнг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч П.Хишигжаргал нь шүүгдэгчид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Ариунмөрөнд ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тус тус  тооцов.

 

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, тэдний хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэтуяагийн Ариунмөрөнг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ариунмөрөнг 5 /тав/ жил 1 /нэг/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Ариунмөрөнд оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Э.Ариунмөрөн нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Ариунмөрөнд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Ариунмөрөнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

        ШҮҮГЧИД                                                    Л.ОЮУН

 

                                                                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ