Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00362

 

                                         “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК дахь банкны

                                       эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/00814 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны  өдрийн 1128 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 69,098,512 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн, “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулагдсан орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, нэхэмжлэгчээс 24,337,178 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Отгонбаяр, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 69,098,512 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулагдсан орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, нэхэмжлэгчээс 24,337,178 төгрөг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.  

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/00814 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас 61,689,100.12 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ................. банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлээс 7,409,412 төгрөгийн болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.12, 56.1.3, 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Д.Нянтайсүрэнгийн гудамж, 75 дугаар байрны 117 тоотод орших 40.59 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 24,337,178 төгрөг гаргуулах тухай хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Д.Нянтайсүрэнгийн гудамж, 75 дугаар байрны ,,,,,,,, тоотод орших эрхийн улсын бүртгэлийн Ү-2204057128 дугаартай, 40.59 м.кв талбайтай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 495,823 төгрөг, хариуцагчаас төлсөн 450,450 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас 536,595 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, банкны эрх хүлээн авагчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны  өдрийн 1128 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/00814 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 466,396 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.22-ны өдрийн 1128 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Магадлалын хянавал хэсэгт “...Зохигчид дээр дурдагдсан 2013.08.20-ны өдрийн 223 тоот зээлийн гэрээ байгуулснаар өмнө байгуулсан 2012.05.04-ний өдрийн 345 тоот зээлийн гэрээний үүрэг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар буюу өмнөх үүргийг солихоор тохиролцсоноор дуусгавар болсон байна. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй” гэжээ. “2012.05.04-ний өдрийн ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээг дуусгавар болгох тухай санал, хүсэлт аль ч талаас гаргаагүй, 2013.08.20-ны өдрийн зээлийн гэрээнд шинэчлэн байгуулж, зээлийн нөхцөлийг өөрчилсөн, зээлийн гэрээний хугацаа хасагдаж байгаа талаар, зээлийн төлөгдсөн дүнг хасах тухай, ипотекийн зээл рүү хөрвүүлсэн тухай нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Цоо шинээр зээл олгож байгаа мэтээр гэрээ байгуулсан. Магадлалын хянавал хэсэгт “...нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,”  ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас 2013.08.20-ны өдөр 223 тоот зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй” гэжээ. 2013.08.20-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсаны дараа нэг ч төгрөг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн дансанд ороогүй бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т зааснаар зээл олгогдоогүй, гэрээний 3.9-т тусгагдсан 20000110093 тоот дансанд зээл ороогүй. Яагаад гэвэл банкны зүгээс МИК-ийн Ипотекийн хөтөлбөрт хамрагдах зорилгоор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу “Дүр үзүүлэн хийсэн хэлцэл” байх бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

4.2. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл тул талуудын хооронд зээл төлөх үүрэг үүсээгүй. Магадлалын хянавал хэсэгт “Зохигчдын хооронд 2013.08.20-ны өдөр байгуулагдсан 223 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл буюу хэлцэлд оролцогч талууд хэлцлээр аливаа бодит үр дагавар үүсэх зорилгогүй байсан гэж үзэх боломжгүй. Учир нь уг зээлийн гэрээг орон сууцны зээлийн зориулалтаар байгуулсан” гэжээ. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-аас тайлбарлахдаа “...Ипотекийн 8 хувийн зээлийн хөтөлбөрт хамрагдах зорилгоор тухайн зээлийн гэрээг байгуулсан” гэж тайлбарладаг. Ипотекийн зээлийн гэрээнд банк зөвхөн санхүүжүүлэх үүрэгтэй оролцдог бөгөөд худалдан авах орон сууцыг зээлдэгч нь зах зээлээс сонгох ёстой байдаг. Харин “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК нь өөрийн санхүүжилт, хөрөнгөөр орон сууцны барилга барьж, түүнийгээ “ажиллагсдын орон сууцны асуудлыг шийдвэрлэх” нэрийн дор өөрийн ажиллагсад даа зээлээр худалдан борлуулж, хүүгийн орлого олж байсан нь Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Банк, энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2.1-6.2.6-д зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээлийн төлбөр төлүүлэх, өр барагдуулах зорилгоор түр эзэмших болон өмчлөх, үйл ажиллагааны зардлаа нөхөх зориулалтаар хөлслүүлэх, түрээслүүлэх, худалдах үйл ажиллагаа үүнд хамаарахгүй.” хэмээн заасныг зөрчсөн.

4.3. Мөн “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн гүйцэтгэх захирал ,,,,,,,,,,,,,, нь тус компанийн захирлаар ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий 54 хувийн хувь эзэмшдэг, мөн гүйцэтгэх захирлын албыг хашдаг “Катеринг деливери” ХХК-тай 2012.03.06-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулсан байдаг. Энэхүү гэрээний дагуу хавсралтад заагдсан 23 ширхэг орон сууцны үнэ 1,757,160,000 төгрөгийг төлж, орон сууцны өмчлөгч, захиалагч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК болсон. 2012.04.20-ны өдөр “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн гүйцэтгэх захирал 149 тоот тушаал гаргаж ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д байр олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү тушаал гарсан өдрөөс хойш 15 хоногийн дараа буюу 2012.05.04-ний өдрийн 345 тоот ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээний 3.1 дэх заалтад орон сууцны м.кв-ийн үнэ 1,300,000 төгрөг гэж, мөн нийт орон сууцны талбайн хэмжээг дурдсан бөгөөд уг гэрээ нь орон сууцыг зээлээр худалдсан хэлцлийн гадаад илрэл юм. “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК болон ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд нь гадаад илрэл, хэлбэр, шинжийн хувьд хүчин төгөлдөр зээлийн гэрээ мэт байх боловч гэрээний цаад зорилго, нуугдмал шинж нь орон сууцыг зээлээр худалдах зорилгыг агуулж байгаа. Зорилго нь аргаа зөвтгөхгүй гэдэг хэлц үг байдаг. Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ нь ажиллагсдын орон сууцны асуудлыг шийдвэрлэх зорилгоор байгуулагдсан гэх боловч үнэн хэрэгтээ “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК нь өөрийн захиалан бариулсан орон сууцны барилгаа ажиллагсад даа зээл хэлбэрээр худалдаж, хүү тооцон ашиг олж байгаа үйлдэл юм.

4.4. Орон сууцны өмчлөгч, захиалагч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тай “2012.05.04-ний өдрийн 345 тоот ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ байгуулах хэлбэрээр зээлээр худалдаж, орон сууцны өмчлөх эрхийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д шилжүүлсэн. Уг гэрээнээс өөр өмчлөх эрх үүсгэсэн гэрээ хэлцэл байдаггүй. Орон сууцны өмчлөх эрх ямар гэрээний дагуу хэнд шилжсэн бэ? гэдгийг анхаарч үзэхийг хүсье. Талуудын хооронд байгуулсан 2013.08.20-ны өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу “Дүр үзүүлэн хийсэн хэлцэл”, хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК нь хүү авах эрхээ алдана. “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК нь орон сууцыг 58,500,000 төгрөгийг тооцож зээлээр худалдсан тул өнгөрсөн хугацаанд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн зүгээс орон сууцны үнэд 24,337,178 төгрөг төлсөн төлбөрийг хасч үзвэл 34,162,822 төгрөгийг төлөх үүргийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан 61,689,100.12 төгрөгөөс, 27,526,279 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.05-ны өдрийн 814 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.22-ны өдрийн 1128 дугаар магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.  

5. Нэхэмжлэгч тал “хариуцагчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, шийдвэр, магадлал үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК дахь эрх залгамжлагчаас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 69,098,512 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасанд, хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,” ХХК, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулагдсан орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, нэхэмжлэгчээс 24,337,178 төгрөг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан.  

8. Анхан шатны шүүх хариуцагчаас 61,689,100.12 төгрөг гаргуулж, үлдэх 7,409,412 төгрөгт холбогдох шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг (үл хөдлөх эд хөрөнгийг) худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

9.  Нэхэмжлэгчээс “... “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тай 2013.8.20-ны өдөр 223 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 57,750,000 төгрөгийн зээлийг 240 сарын хугацаатай, сарын 0.67 хувийн хүүтэй орон сууц худалдан авах зориулалтаар зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож ... 2 өрөө орон сууцыг барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Үндсэн зээлээс 4,002,588.12 төгрөг, зээлийн хүү 13,448,053.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,629.52 төгрөг, нийт 17,456,271.31 төгрөгийг төлсөн бөгөөд 2016.8.31-ний өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 53,747,411.88 төгрөг, хүү 15,220,751.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 114,849.11 төгрөг, нийт 69,098,512 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү...” гэсэнд,

хариуцагч хариу тайлбартаа “... 2013.8.20-ны өдрийн 223 тоот зээлийн гэрээгээр 57,750,000 төгрөг зээлдэгчийн харилцах дансанд шилжээгүй, би захиран зарцуулаагүй. Миний бие гэрээний дагуу нийт 6,827,055 төгрөг төлсөн. 2012.5.04-ний өдөр “Катеринг деливери” ХХК-ийн барьсан ... 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,300,000 төгрөгөөр тооцон 58,500,000 төгрөгөөр худалдан авч, уг мөнгийг өөрийн 2000021805 тоот данснаас шилжүүлсэн. Зээлдүүлэгч нь 2000011093 тоот харилцах дансанд 57,750,000 төгрөгийн гүйлгээ хийгээгүй тул зээлийн хүү тооцох нөхцөл бүрдээгүй, зээл олгогдоогүй... “Уран Асар” ХХК-аар орон сууцны талбайг хэмжүүлэхэд 40,59 м.кв буюу орон сууцны бодит хэмжээ нь захиалгын хэмжээнээс 4,41 м.кв-аар дутуу байсан... энэ талаар 2015 оны 6 дугаар сараас хойш ,,,,,,,,,,,,,,,, банкны удирдлагад удаа дараа шаардлага тавьсан боловч асуудлыг шийдвэрлээгүй... Орон сууцны талбайн хэмжээтэй холбоотой маргаан өөр шүүх дээр хэлэлцэгдэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж,

сөрөг нэхэмжлэлдээ “... “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК, “Катеринг деливери” ХХК-тай 2012.03.06-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж 130 айлын орон сууцыг бариулсан. Барилга ашиглалтад орсны дараа 45 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,300,000 төгрөгөөр тооцож, нийт 58,500,000 төгрөгөөр надад худалдсан. Үүний дараа орон сууцны зээлийг Ипотекийн корпорацид худалдах зорилгоор 2012.05.04-ний өдрийн 345 тоот зээлийн гэрээг шинэчлэн 2013.08.20-ны өдөр 223 тоот зээлийн гэрээг байгуулсан. Уг орон сууцыг зээлээр худалдахдаа ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ байгуулж, халхавчилж хийсэн тул 345 болон 223 тоот зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл буюу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл юм... Орон сууцны м.кв дутуугаас хохирол учирч байна... Иймд, “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК болон ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хоорондын орон сууцыг зээлээр худалдсан гэрээнээс татгалзаж, гэрээний үнэд төлсөн 24,337,178 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж маргасанд,

нэхэмжлэгч “... “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК нь ажиллагсдадаа орон сууцны хөнгөлөлттэй зээл олгосон. Зээлийн гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл биш юм. Энэ гэрээг талууд өөрсдөө сайн дураар, гэрээний зорилго нөхцөлийг зөвшөөрсний үндсэн дээр байгуулсан. 2013 онд Монгол Улсын Засгийн газар, Монголбанк болон Ипотекийн корпораци хамтран орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй, орон сууцыг худалдан борлуулаагүй. Тиймээс талбайн зөрүүтэй холбоотой шаардлагыг манай байгууллага хариуцахгүй, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тус тус маргажээ.

10. Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

11. Талууд 2012 онд 345 тоот ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь 2012.05.04-ний өдөр 58,500,000 төгрөгийг хариуцагчид олгосон, 2013.08.23-ны өдөр тус зээлийн төлөгдсөн дүнг хасч 57,750,000 төгрөгөөр 223 тоот зээлийн болон барьцааны гэрээг шинэчлэн байгуулсан. Хариуцагч 2013 оны 223 тоот гэрээний 4.2.1-д заасан үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч гэрээний 8.3.1, 8.3.3-т зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийг үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардах эрхтэй. Хариуцагч 2012 оны 345 тоот гэрээний дагуу 6,920,907 төгрөг, 2013 оны 223 тоот зээлийн гэрээний дагуу 17,456,271.31 төгрөгийг тус тус төлсөн тул нэхэмжлэл гаргасан (гэрээг цуцалсан) 2018.03.16-ны өдрийн байдлаарх гэрээний үүрэг 61,689,100.12 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, гэрээ цуцлагдсан өдрөөс хойших хугацааны 7,409.41 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй болно.

12. Хариуцагч татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хуульд зааснаар нотлоогүй, хэрэгт авагдсан үйл баримтаар зохигчийн хооронд орон сууц худалдах-худалдан авах гэрээ амаар эсхүл бичгээр хийгдсэн гэдэг нь тогтоогдоогүй тул 2012 оны 345 тоот ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээг “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэх үндэслэлгүй, мөн 2013 оны 223 тоот зээлийн гэрээг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр шинэчлэн байгуулсан нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр гэж үзэх буюу ийнхүү гэрээг шинэчлэн юм уу дахин байгуулахыг хуулиар хориглоогүй тул “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж үзэхгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Тодруулбал, 2013 оны 223 тоот зээлийн гэрээг талууд ипотекийн хөтөлбөрт хамрагдах зорилгоор хийснийг “тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн хэлцэл” биш, харин эсрэгээрээ тухайн зээлийн хөтөлбөрт хамрагдсан бодитой үр дагаварт хүрсэн байх бөгөөд үүнийг хууль зөрчсөн гэх үндэслэлгүй юм. Иймд, “...маргаан бүхий гэрээ нь банкны зүгээс МИК-ийн Ипотекийн хөтөлбөрт хамрагдах зорилгоор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу “дүр үзүүлэн хийсэн” хүчин төгөлдөр бус хэлцэл юм... Нэхэмжлэгч нь Банкны тухай хууль тогтоомжийг зөрчсөн...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй.

13. Түүнчлэн, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа атлаа “... нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал нь орон сууцыг барьсан барилгын компанийн хувьцаа эзэмшигч тул “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК нь өөрийн захиалан бариулсан орон сууцны барилгаа ажиллагсдадаа зээл хэлбэрээр худалдаж, хүү тооцон ашиг олж байгаа хууль бус үйлдэл юм...” гэж хамааралгүй үндэслэлээр гомдол гаргасан, мөн хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулахаар бус харин гэрээнээс татгалзаж, “... орон сууцыг 58,500,000 төгрөгөөр тооцож зээлээр худалдсан тул өнгөрсөн хугацаанд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн төлсөн 24,337,178 төгрөгийг хасч, 34,162,822 төгрөгийг төлөх үүргийг хүлээн зөвшөөрч байна...” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

14. Иймд, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/00814 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны  өдрийн 1128 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 987,045 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                         Б.МӨНХТУЯА

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ