Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2022/00422

 

                                                              “ҮХОБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02049 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2018 дугаар магадлалтай,

“ҮХОБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“К С” ХМХ-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт нийт 412,390,889.04 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Цэдэнрагчаагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амарбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “ҮХОБ” ХХК нь “К С” ХМХ-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 412,390,889.04 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02049 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 158 дугаар зүйлийн 158.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан “К С” ХМХ-ээс 412,390,889.04 төгрөгийг гаргуулан “ҮХОБ” ХХК-д олгож, 2017 оны 4 дугаар сарын 24-ний өдрийн ТС-ЭХ-17/007 тоот “Барьцааны гэрээ”-гээр барьцаалсан 99-95 УНТ улсын дугаар бүхий А.Дэлгэржаргалын эзэмшлийн “Лексус А-Икс400” маркийн автомашин, “К С” ХМХ-ийн өмчлөлийн гэрэл зургийн студид хэрэглэдэг тоног төхөөрөмжүүд болон оффисын хэрэгцээнд ашигладаг тоног төхөөрөмжүүд зэрэг нэр бүхий 95 төрлийн эд хөрөнгөнүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн “ҮХОБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу “К С” ХМХ нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-............дугаарт А.Дэлгэржаргалын өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал таун Олимп гудамж, 116 дугаар байр, 257 тоотод байрлах, 155 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,290,104.45 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,219,904.45 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2018 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02049 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 158 дугаар зүйлийн 158.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д ...” гэснийг, “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д” гэж, “...“К С ХМХ-ээс 412,390,889.04 төгрөгийг гаргуулан “ҮХОБ” ХХК-д олгож, ...” гэснийг, ““К С” ХМХ-ээс 300 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ҮХОБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 112 390 889.04 төгрөгт холбогдох хэсгийг болон” гэж, 3 дах заалтын “...2,219,904.45...” гэснийг “1 728 150” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 719 905 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Цэдэнрагчаа хяналтын гомдолдоо: ...Магадлалаар 112,390,889.04 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, 172.2.2-т “Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэж үзэж байх тул дараах гомдлыг гаргаж байна.

1. Давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх ”, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана. Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй” гэж, 2017.04.24-ний өдрийн ТС-ЭХ-17/007 тоот “Зээлийн гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.1.5-д “зээлийн мөнгөн хөрөнгө нь хөрөнгө оруулалтын зориулалттай байх” гэж заасан хууль болон гэрээний заалтад нийцээгүй буюу “ҮХОБ” ХХК болон “И М” ХХК-ийн хооронд 2011.11.09-ний өдөр байгуулагдсан “Зээлийн гэрээ”-ний дагуу олгогдсон зээлийг төлүүлэх зорилгоор хариуцагчтай 2017.04.24-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулсан гэж дүгнэсэн бөгөөд энэхүү дүгнэлтийн үндэслэлээ талуудын тайлбар, гэрч Б.Ичинхорлоогийн мэдүүлэг, депозит дансны хуулга, орлогын мэдүүлэг, чек, “И М” ХХК-ийн зээлийн гэрээглэн тогтоогдож байна гэж үзсэн. Шүүх дээрх үйл баримтыг талуудын тайлбараар тогтоосон гэх боловч нэхэмжлэгч талаас “К С” ХМХ-д зээл олгохдоо “И М” ХХК-ийн зээлийг төлүүлнэ гэж тохиролцсон гэх утга бүхий тайлбар, баримтыг шүүхэд гаргаагүй бөгөөд хариуцагчийн “Эргэлтийн хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл хүссэн өргөдөл”, холбогдох материалыг үндэслэн зээл олгосон болохыг нотлох баримтуудаа шүүхэд гарган хүргүүлсэн байтал дан ганц нэхэмжлэгчийн тайлбарын агуулгыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна. Учир нь “К С” ХМХ-ийн ерөнхий эрхлэгч А.Дэлгэржаргал нь 2017.04.12-ны өдрийн 17/041 тоот “Эргэлтийн хөрөнгөд шаардлагатай зээл хүсэх тухай” хүсэлтдээ “Сэтгүулийнхээ агуулгыг бүрэн шинэчилж, сошиал медиа болон онлайн хэлбэрээр хөгжүүлэхэд технологийн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага байгаа тул үүнд зарцуулагдах эргэлтийн хөрөнгийг танай банкнаас хүсэж байна. Бид танай банкнаас авсан зээлийг эхний 6 сарын хугацаанд үндсэн зээлээ төлөхгүйгээр зөвхөн зээлийн хүүгээ төлж, долоо дах сараас үндсэн зээлээ, хүүтэй нь хамт төлөхөөр төлөвлөж байна” гэсэн Хариуцагчийн зээл хүссэн өргөдлийг Банк хүлээн авч зээлийн судалгаа хийж, хариуцагчтай зээлийн гэрээний нөхцөлүүдийг харилцан тохиролцож тус зээлийг олгосон болохоо хавтаст хэргийн 65 дугаар хуудсанд байгаа бичгийн баримтуудаар нотолсон. Мөн хариуцагч нь хавтаст хэргийн 89 дүгээр хуудсанд авагдсан “К С” ХМХ-ийн ерөнхий эрхлэгч А.Дэлгэржаргалын 2018.01.09-ний өдрийн №3 тоот “Тайлбар гаргах тухай” албан бичигтээ “Танай банкнаас 300,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар авсан. Санхүүгийн хүндрэлийн улмаас зээлийн төлөлт хийх боломжгүй байх тул 2018.02.15-ны өдрийг хүртэл хугацаа олгоно уу. Бид энэхүү хугацааны төлбөрийг зээлийн хүү болон алдангитай хамт тооцон буцаан төлнө.” гэсэн байх бөгөөд тус зээлийг авсан зориулалт, зарцуулалтын тухай болон эргэн төлөх хүсэл зоригоо илэрхийлж байсан. Харин гэрч Б.Ичинхорлоогийн мэдүүлэг нь “К С” ХМХ нь “ҮХОБ” ХХК-аас 300,000,000 төгрөгийн зээл авсан, тус зээлийн гэрээний дагуу банкнаас зээлдэгчийн данс руу шилжүүлсэн ба 300,000,000 төгрөгийг 2017.07.03-ны өдрийн 17701 тоот чекээр “К С” ХМХ-ийн ня-бо Б.Ичинхорлоод олгож, гэрч Б.Ичинхорлоо нь “К С” ХМХ-ийн эрхлэгчийн даалгасны дагуу тус мөнгөн дүнгээс 274,979,226.45 төгрөгөөр “И М” ХХК-ийн зээлийг төлж хаасан үйл баримт тогтоогдож байна. Гэтэл давж заалдах шатны шүүх нь гэрчийн мэдүүлгийг банк “И М” ХХК-ийн зээлийг төлүүлэх зорилгоор “К С” ХМХ-д зээл олгосныг гэрчилж байна гэж дүгнэсэн нь гэрчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй, бичгийн нотлох баримтыг давхар нотлох хуулийн үндэслэлтэй зөрчилдөж байна. “К С” ХМХ нь зээл олгосон өдөр “И М” ХХК-ийн зээлийг төлж хаасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа боловч энэ нь талуудын хооронд байгуулагдсан 2017.04.24-ний өдрийн ТС-ЭХ-17/007 тоот “Зээлийн гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.1.2-т “Зээлдэгч зээлийг 3.15-д заасан зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагчийн зээлийг зориулалтын дагуу ашиглах үүргээ зөрчсөн үйлдлийг нотлох үйл баримт юм. Банкны теллер нь харилцагчийн хүсэлт, төлбөрийн даалгаврын дагуу гүйлгээ хийх үүрэгтэй бөгөөд гэрч Б.Ичинхорлоогийн эрхлэгчийнхээ даалгасны дагуу 274,979,226.45 төгрөгөөр “И М” ХХК-ийн зээлийг төлж байгаа үйлдлийг тогтоох, зогсоох, харилцагчид төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхгүй юм. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “зээлийн ашиглалтад хяналт тавих” эрхийнхээ хүрээнд Банк нь Зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа бодитой оршин байгаа эсэхийг магадлах, тодруулга авах зэрэгээр явцын хяналт тавьж байсан боловч тухайн үед “К С” ХМХ-ийн үйл ажиллагаа хэвийн тасралтгүй үргэлжилж байсан. Банк нь зээлдэгчээс өгсөн тайлбар, хүсэлт, үйл ажиллагааны бодитой байдал зэргээс үзэхэд зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэл байхгүй байсан. Мөн Банк нь хуульд заасан “зээлийн ашиглалтад хяналт тавих” эрхийнхээ хүрээнд 2017.11.23-ны өдөр хариуцагчийн зээлийн ашиглалтын байдалд шалгалт хийсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан “Зээлийн хяналтын тайлан”-гаар тогтоогдож байгаа болно. Хэрэв Банк нь анхнаасаа Хариуцагчийг “И М” ХХК-ийн зээлийг төлөх зорилгэх зориулалтаар зээл олгосон бол зээлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналт тавьж шалгалт хийх шаардлагагүй юм. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хариуцагчийг “Эргэлтийн хөрөнгө оруулалтын зориулалттай зээл” авсан, зээлийг үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, алдангийн хамт төлөх хүсэл зоригоо удаа дараа илэрхийлж байсныг хангалттай нотлож байсан атал Банкыг “хуулийн зохицуулалтад нийцээгүй зээл олгосон, зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй” гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж тус тус заасантай нийцэхгүй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2017.04.24-ний өдрийн ТС-ЭХ-17/007 тоот “Зээлийн гэрээ” нь хүчин төгөлдөр хэлцэл тул хариуцагч нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй юм.

2. Давж заалдах шатны шүүх нь хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан болох нь тус байгууллагын дүрэм, гэрээнд үүсгэн байгуулагч А.Дэлгэрмаа гарын үсэг зурснаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна гэж дүгнэсэн байна. “К С” ХМХ-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрх барих дээд байгууллага нь үүсгэн байгуулагч байна”, 7.2-т “Үүсгэн байгуулагч нь бүх асуудлаар шийдвэр гаргаж, гарын үсэг зурна.” гэж заасан байх тул зээлийн гэрээнд байгууллагыг төлөөлж гарын үсэг зурах эрхтэй этгээд гарын үсэг зурсан гэж үзэж байна. Хэрэв хариуцагч нь үүсгэн байгуулагч А.Дэлгэрмааг байгууллагыг төлөөлж гарын үсэг зурах эрхтэй этгээд биш гэж үзсэн тохиолдолд энэ тухайгаа банканд мэдэгдэх ёстой байтал банкыг үүсгэн байгуулагч А.Дэлгэрмаатай зээлийн гэрээ байгуулж, тус зээлийн гэрээний дагуу “К С” ХМХ-ийн дансанд 300,000,000 төгрөгийг олгоход ерөнхий эрхлэгч А.Дэлгэржаргал нь байгууллагын нягтлан бодогч Б.Ичинхорлоод данснаас зарлага гаргуулахаар итгэмжлэл олгож чек бичиж өгсөн. Дараа нь “И М” ХХК-ийн зээлийг төлүүлсэн, анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Дэлгэрмааг гарын үсэг зурсан байгааг төлөөлүүлсэн этгээд хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар ямар ч тайлбар, нотлох баримт гаргаж өгөөгүй, зээлийн гэрээ байгуулсантай маргаагүй зөвхөн зориулалтын дагуу ашиглаагүй тул хүү, алданги төлөхгүй гэж маргаж байсан зэрэг нь итгэмжлэлгүйгээр төлөөлж буй этгээдийг хүлээн зөвшөөрч байгааг илтгэж байх тул Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална.” гэж заасны дагуу төлөөлүүлсэн этгээд зөвшөөрсөн гэж үзэж байх тул энэхүү зээлийн гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлтэй хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр хэлцэл юм.

3. Нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар “Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэж үзэж байна. Учир нь давж заалдах шатны шүүх хурал 2020.09.25-ны өдрийн 08:30 цагт товлогдсон бөгөөд шүүх хурал товлогдсон хугацаандаа мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу даргалагч шүүгч хэргийн талаар танилцуулснаар эхэлсэн. Гэвч нарийн бичгийн дарга шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нар ирсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хурлын тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болохыг даргалагч шүүгчид танилцуулахад хариуцагчийн өмгөөлөгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хурлаас хоцорсон, одоо ирж яваа, би төлөөлөгчтэй хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байна гэсний дагуу шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг ирэх хүртэл хугацаанд хойшлуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцохыг бичгээр хүсвэл шүүх давж заалдах шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэх үүрэгтэй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаарх хүсэлтээ шүүхэд гаргаагүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ирээгүй нь мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д “Давж заалдах шатанд хэргийг хянан шийдвэрлэхэд хуульд өөрөөр заагаагүй бол анхан шатны шүүх хуралдааны журмыг нэгэн адил баримтлана” гэж заасны дагуу мөн хуулийн 10 дугаар бүлэгт заасан анхан шатны шүүх хуралдааны дэгийг нэгэн адил баримтлах байтал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хурлын ирцтэй холбогдуулан хүсэлт байгаа эсэхийг тодруулалгүй дан ганц хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасан хүсэлт гаргах эрхээр хангаагүй нь шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж үндэслэл болно. Иймд магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын шатны шүүх 2002 оны Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан хүрээнд хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгон, шийдвэрийг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй байна.

6. Нэхэмжлэгч “ҮХОБ” ХХК нь хариуцагч “К С” ХМХ-д холбогдуулан зээлийн үүрэгт нийт 412,390,889 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч зээлийн гэрээг өөр этгээдийн зээлийг төлүүлэх зорилгоор дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл, гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээж аваагүй, нэхэмжлэлээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэл зааж, маргажээ.

7. Анхан шатны шүүх хариуцагчаас 412,390,889 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, барьцааны зүйлээс үүргийг хангуулах нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн, хариуцагчаас 300,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан, зохигч мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн байна.

8. Нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэхийг хоёр шатны шүүх өөр өөр дүгнэснээс зөрүүтэй шийдвэрийг гаргажээ. Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл тогтоогдов.

8.1. Зохигч талууд 2017.04.24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, “ҮХОБ” ХХК нь 300,000,000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлдүүлэх, “К С” ХМХ нь зээлийн төлбөрийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна. Улмаар талууд 2017.11.30-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2018.07.24-ний өдөр хүртэл сунгажээ. /хх-ийн 6-8, 17-р тал/ Зээлийн үүргийг хангуулахаар А.Дэлгэржаргалтай барьцааны гэрээ байгуулж, орон сууцыг нь барьцаалсан, харин “К С” ХМХ-тай барьцааны гэрээ байгуулахдаа бусдын эд хөрөнгийг барьцаалсан боловч өмчлөгчийн зөвшөөрлийг аваагүй байна.

8.2. Давж заалдах шатны шүүх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэхдээ “ҮХОБ” ХХК нь “И М” ХХК-тай 2011.11.09-ний өдөр байгуулагдсан гэрээний дагуу олгогдсон зээлийг төлүүлэх зорилгоор 2017.04.24-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан, зээлийн 300,000,000 төгрөгийг хариуцагч “К С” ХМХ-ийн дансанд шилжүүлсэн боловч мөн өдрөө хариуцагч байгууллагын нягтлан бодогч тус банкинд 286,838,625.50 төгрөгийг буцаан төлж, “И М” ХХК-ийн зээлийг хаасан нь тогтоогдсон, иймд зээлийг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, өөр компанийн зээлийг хаасан нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 26 дугаар зүйлийн 26.1, талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.1.5-д зээлийн мөнгөн хөрөнгө нь хөрөнгө оруулалтын зориулалттай байх зорилгыг тус тус зөрчсөн, зээлийн гэрээнд хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан гэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзжээ.

8.3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд хуулийн 50 дугаар зүйлд зөвшөөрлөөр хийх хэлцлийг тусгайлан зохицуулсан. Зээлийн гэрээнд “К С” ХМХ-ийн үүсгэн байгуулагч А.Дэлгэрмаа гарын үсэг зурсан байх ба тус хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй гэж А.Дэлгэрмаа өөрөө маргаагүй, энэ нь маргааны зүйл ч болоогүй байна. А.Дэлгэрмааг “К С” ХМХ-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй биш талаар талууд маргаагүй, түүнийг төлөөлөх эрхгүй гэж үзэх баримт хэрэгт байхгүй байхад давж заалдах шатны шүүх төлөөлөх эрхгүй гэж дүгнэн, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-д нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв. Энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

9. Хэрэгт байгаа баримтаар, “И М” ХХК, К С ХМХ  нь хоорондоо хамааралтай хуулийн этгээдүүд болох нь тогтоогдсон ба “К С” ХМХ-ийн авсан зээлээс “И М” ХХК-ийн зээл төлөгдсөн, банкны зүгээс Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасан журмыг баримтлаагүй нь буруу боловч талуудын хүсэл зориг, хариуцагч нь гэрээний дагуу төлөлт хийж, зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргаж байсан үйлдлээс үзэхэд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй байна. Хариуцагч нь өөрийн өмчлөлийн чекийг нягтлан бодогч Б.Ичинхорлоод хүлээлгэн өгч, зээлийн мөнгөнөөс 286,838,625 төгрөгийг “И М” ХХК-ийн зээлд төлсөн, чекэн дээр А.Дэлгэржаргал гарын үсэг зураагүй нь хариуцагчийн тайлбар, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэдий ч өөрийн өмчлөлийн үнэт цаас буюу чекийг дээрх зорилгоор хүлээлгэн өгснөөр шилжүүлгийг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

10. Анхан шатны шүүх зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, талуудын хүсэл зориг, хариуцагч нарын биелүүлэх үүргийн хэмжээ, банкны хууль тогтоомжийг зөрчсөн зөрчил хэлцлийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөөгүй талаар зохих хууль зүйн дүгнэлтийг хийсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2018 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02049 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.10.22-ны өдөр төлсөн 719,905 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Г.АЛТАНЧИМЭГ

                                 ШҮҮГЧИД                                                               П.ЗОЛЗАЯА

                                                                                                                 Б.МӨНХТУЯА

                                                                                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                                 Х.ЭРДЭНЭСУВД