Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 102/2021/02665/И |
Дугаар | 001/ХТ2022/00365 |
Огноо | 2022-03-25 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2022/00365
Т.Аийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2021/02740 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 95 дугаар магадлалтай,
Т.Аийн нэхэмжлэлтэй
НШШГГт холбогдох
Хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, хөрөнгийн эрх түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяагийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
1. Т.А нь НШШГГт холбогдуулан хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, хөрөнгийн эрх түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2021/02740 дугаар шийдвэрээр Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Т.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дахь 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 21250396 тоот Т.Аийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-............ дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 70а байрны 30 тоот орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-............ дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 165 дугаар хороо, Хүннү 2222, Их Монгол улсын гудамж, 110 дугаар байрны 1301 тоот орон сууцны хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 95 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2021/02740 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 21250396 тоот Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Т.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа хяналтын гомдолдоо: Магадлалыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлүүдээр хяналтын щатны гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх ... шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь төлбөр төлөгч хуулийн этгээдийн хөрөнгийн байдлыг тодруулах ажиллагааг хийгээгүй байхдаа хувьцаа эзэмшигчийн хөрөнгө рүү халдсан нь хуулиар тогтоосон дарааллыг зөрчсөн гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх ... нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Т.А өөрийн хөрөнгийг түүний 100 хувийн эзэмшилд байх Ойгон нуур энерги ХХК-ийн хөрөнгөөс зааглагдсан гэдгийг нотлох үүрэгтэй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэйгээр хэрэглэн өөр өөр дүгнэлт хийлээ. Нэхэмжлэгч Т.А нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэр гаргасан.
2. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэсэн давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчсөн. Түүнчлэн давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзээгүй, зөвхөн хариуцагчийн гомдлын хүрээнд хэргийг хянасан атлаа нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.
6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.03.04-ний өдрийн 001/ШХТ2022/00257 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгон, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.
8. Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч НШШГГт холбогдуулан хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, шийдвэр гүйцэтгэгчийн 2021.07.21-ний өдрийн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ. Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо төлбөр төлөгч нь хуулийн этгээд байхад иргэний өмчийг битүүмжилсэн, Компанийн тухай хуулийн 9.3, 9.5 дахь хэсэгт заасныг зөрчиж, хувийн эд хөрөнгийг компанийн эд хөрөнгөөс зааглан тогтоогоогүй гэсэн үндэслэлийг заасан байна.
Хариуцагч НШШГГ нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “Т.Аийн компанид оруулсан эд хөрөнгө, хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх зааглагдсан эсэхийг тогтоохоор холбогдох санхүүгийн баримтыг ирүүлэхийг мэдэгдэхэд мэдэгдэлд дурьдсан баримтуудыг дампуурлын хэрэг гүйцэтгэгчид хүлээлгэн өгсөн, компани үйл ажиллагаа явуулахгүй байгаа талаар мэдэгдсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Компанийн тухай хууль заасны дагуу эд хөрөнгийг битүүмжилсэн” гэж тайлбарлажээ.
9. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015.04.16-ны өдрийн 2429 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015.07.22-ны өдрийн 0938 дугаар магадлалаар “Ойгон нуур энерги” ХХК нь 440,000,000 төгрөгийг “Эрчим сүлжээ” ХХК-д төлөх үүрэгтэй, НШШГГ нь гүйцэтгэх хуудсыг үндэслэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шийдвэр гүйцэтгэгчийн 2021.07.21-ний өдрийн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор төлбөр төлөгч “Ойгон нуур энерги” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Т.Аийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-............ дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 70А дугаар байрны 30 тоот орон сууц, Ү-............ дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хүннү-2222, Их Монгол улсын гудамж, 110 дугаар байрны 1301 тоот орон сууцны эд хөрөнгийн улсын бүртгэл, хөрөнгийн захиран зарцуулах эрхийг тус тус түдгэлзүүлэх ажиллагааг хийсэн байна. /хх14/
10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан буюу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгосон бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Т.А өөрийн хөрөнгийг түүний 100 хувийн эзэмшилд байх “Ойгон нуур энерги” ХХК-ийн хөрөнгөөс зааглагдсан байсан гэдгийг нотлох үүргээ биелүүлээгүй” гэсэн дүгнэлтийг хийсэн байна.
11. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэх, хэргийг хянан шийдвэрлэх нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар хэргийг хуулиар тогтоосон ерөнхий журмын дагуу хэлэлцэнэ. Мөн хуулийн 159.3-т “Гомдол гаргагч гомдлын хууль зүйн үндэслэл, нотолгоог гаргах, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгч гомдлыг зөвшөөрч байгаа эсэх, хэрэв зөвшөөрөхгүй байвал татгалзал, түүний хууль зүйн үндэслэлийг нотлох замаар мэтгэлцэнэ.” гэж, 159.4-т “Шүүх аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцэж буй эсэх, шийдвэрийг эрх бүхий этгээд гаргасан, гомдол үндэслэлтэй эсэхийг тогтооно.” гэж тусгайлсан журам тогтоосон болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй, зөвхөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй гэж үзсэн нь хуульд нийцээгүйгээс гадна Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эд хөрөнгийг битүүмжилж, хөрөнгийг захиран зарцуулахыг хориглосон тогтоолын хууль зүйн үндэслэлийг бүрэн дүгнээгүй тул магадлалыг хүчингүй болгов.
Учир нь гомдлоор хэргийг хянан хэлэлцэж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэйгээс гадна үйл ажиллагааны болон гаргасан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг албан тушаалтан, захиргааны байгууллага нотлох хуулиар хүлээлгэсэн үүргийг үгүйсгэж, зөвхөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ёстой гэж үзэх нь гомдлоор хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцээгүй, нотлох үүргийн хувиарлалтыг давж заалдах шатны шүүх буруу тодорхойлсон гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл гомдлоор үүсэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчим хэрэгжих онцлогийг буюу маргааны шинжээс шалтгаалж талуудын нотолгооны үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрөөр тогтоосон бөгөөд хэдийгээр нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлох үүрэгтэй боловч хариуцагч нь шийдвэр гаргаж буй субьектийн хувьд шийдвэрийн хууль зүйн үндэслэлээ нотлох үүрэгтэй юм. Нотолгооны үүргийг дээрх байдлаар хуулиар зохицуулснаар маргааны бодит үндэслэл тогтоогдох нөхцөлийг хууль тогтоогч хангасан байна.
12. Анхан шатны шүүх хэрэгт байгаа нотлох баримтад тулгуурлан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчсөн болохыг үндэслэлтэй дүгнэсэн, уг дүгнэлтийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээнэ.
13. Төлбөр төлөгч-хуулийн этгээдээс төлбөр гаргуулах ажиллагааг явуулахдаа шийдвэр гүйцэтгэх байгууллага тухайн хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн өмчлөлийн хөрөнгийг битүүмжилсэн нь маргааны зүйл болсон, анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Компанийн тухай хуулийн дагуу хийвэл зохих дүгнэлтийг хийжээ.
14. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д “Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч гомдол гаргажээ.
14.1. НШШГГ төлбөр төлөгч “Ойгон нуур энерги” ХХК-аас 440,000,000 төгрөгийг төлбөр авагч “Эрчим сүлжээ” ХХК-д олгох шийдвэрийг гүйцэтгэхдээ төлбөр төлөгч компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Т.Аийн өмчлөлийн 2 орон сууцыг битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасныг зөрчсөн байна.
14.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т “Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ.” гэж заасан хэм хэмжээг шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллагаа явуулахдаа сонгосон нь буруу биш боловч уг хэм хэмжээг хэрэглэх нөхцөл бүрдээгүй болохыг анхаараагүй байна.
Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч хуулийн этгээдийн эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй /агуулгын хувьд төлбөр төлөх хөрөнгө байхгүй байдал ч хамаарна/ бол тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулахын тулд шийдвэр гүйцэтгэх байгууллага эхлээд хуулийн урьдчилсан нөхцөл “үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмыг” баримтлах ёстой болохыг ийнхүү хуульчилжээ. Энэ журам нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дах заалт буюу хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцах үүрэг үүсдэг үр дагаварыг тогтоосон хэм хэмжээ юм.
14.3. Хэрэгт байгаа баримтаас үзвэл шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр төлөгч “Ойгон нуур энерги” ХХК-ийн эд хөрөнгө, эрх нь тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Т.Аийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхтэй хэрхэн холбоотой, зааглаж болох боломжгүй талаарх үйл баримтыг тогтоогоогүй атлаа Т.Аийн эд хөрөнгийг битүүмжилсэн нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн байх тул эд хөрөнгийг захиран зарцуулахыг хориглож, битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Иймд төлбөр төлөгч хуулийн этгээдийн эд хөрөнгө төлбөрийн шаардлагыг бүрэн хангаагүй бол Компанийн тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу шалгаж тогтоосны дараа хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс үүргийг хангуулахаар байхад шууд хувьцаа эзэмшигч хариуцна гэж үзсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа буруу болохоос гадна компанийн санхүүгийн баримтыг төлбөр төлөгч ирүүлээгүй нь хувьцаа эзэмшигч төлбөрийг хариуцах ёстой гэж үзэх үндэслэл биш юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийг эд хөрөнгийн тухай мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлсэн, хөрөнгөө нуун далдалсан гэж үзсэн бол энэ хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд түүний хөрөнгийг эрэн сурвалжилж олж тогтоох үүрэгтэй.
14.5. Дээрх үндэслэлээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгож байгаа нь Компанийн тухай хуулийн 9.5-д заасан нөхцөлийг тогтоож, хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг дахин явуулахад саад болохгүйг дурьдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 95 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2021/02740 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД