Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00359

 

“Х Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 133/ШШ2020/00194 дүгээр шийдвэр,

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 215/МА2020/00012 дугаар магадлалтай,

Х Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

З.П, Ц.Э, З.Б, Г.Гнарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 86,087,164.04 төгрөг, нотариатын зардалд 24,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 591,448 төгрөг, нийт 86,702,612.04 төгрөгийг гаргуулах, хариуцагч сайн дураар төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лавьжин нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин, Д.Ханджав, хариуцагч З.П, Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 133/ШШ2020/00194 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасныг үндэслэн З.П, Ц.Э, Г.Г, З.Б нарт холбогдох Хасбанктай байгуулсан 1200026541 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 86.087.164,04 төгрөг, нотариатын зардалд 24.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 591.448 төгрөг, нийт 86.702.612,04 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагч сайн дураар төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс хангуулах тухай Х Бны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 591.448 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

2. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 215/МА2020/00012 дугаар магадлалаар Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн 133/ШШ2020/00194 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, 453.1, 219.1-д зааснаар З.П, Ц.Э нараас үндсэн зээл 78.726.666 төгрөг, хүү 7.293.122 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67.375 төгрөг, нийт 86.087.163 төгрөг гаргуулж Х Бинд олгож, нэхэмжлэлээс нотариатын зардал 24.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 588.385 төгрөг нийт 612.385 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч З.П, Ц.Э нар нь төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох З.Пгийн өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг, 2 дугаар гудамж 26 тоотын Г-............улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газар, Ү-............ улсын бүртгэлийн дугаартай орон сууц, Гаасүрэнгийн Гансүхийн өмчлөлийн Есөнбулаг сум, Баянхайрхан баг Шүүх, Прокурорын байрны ард байрлалтай 12 дугаар байрны 2 тоотын Ү-............ улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг, Зэнээмэдэрийн З.Бын Есөнбулаг сумын Оргил баг 10 дугаар байр 3 тоотын Ү-............ улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг, Загдсүрэнгийн З.Пгийн ГАҮ 5557 улсын дугаар, KPDFBDL............арлын дугаартай, Ssang Yong маркийн цагаан өнгийн Mikrobus автомашин, анхны өртгөөрөө бүх төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүн эргэлтийн хөрөнгө зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай гэж, 2 дахь заалтыг “...нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 591.448 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 591.448 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 591.463 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

3. Хариуцагч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лавьжин нар хяналтын гомдолдоо: Магадлал нь хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: З.П нь Х Бтай зээлийн гэрээ байгуулан 2018.08.17-ний өдөр 96,400,000 төгрөгийг жилийн 22,2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар авсан байгаа. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа. Эрх зүйн хувьд хүчин төгөлдөр байгуулсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэдэг. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.5-д Гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй гэж тус тус заасан байх тул уг шаардлагыг гаргах эрхтэй байгаа. Гэвч гэрээний нэг тал болох Х Б нь гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэхдээ Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан журмыг баримталсан байхыг хуульчилжээ. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т ...гэрээнээс татгалзах бол нөгөө талдаа мэдэгдэх, 204.2-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг санал гаргаагүй тал нь тогтооно... гэсэн байгаа зэргээр тогтоосон журмыг баримтлахаар байна. Х Б нь гэрээнээс татгалзахдаа нөгөө талдаа мэдэгдэх байгаа, зээлдэгч З.Пд мэдэгдээгүй байгаа. Гэтэл давж заалдах шатны шүүхээс гэрээнээс татгалзсан тухайгаа нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй, мөн гэрээнээс татгалзах тухай мэдэгдэхэд хэлбэрийн шаардлага тавигддаггүй гэж дүгнэсэн атлаа зээлдэгч нар нь зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж чадаагүйгээс зээлийн төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулахад хүндрэл учирч зээлдэгчтэй байгуулсан гэрээний үүргээ зөрчсөнөөр нэхэмжлэгчээс зээлийн гэрээг цуцлах санал гаргасан гэж хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Хариуцагч Г.Г, З.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лавьжин бидний тухайд энэ хэрэгт хариуцагчаар яваад их хохирч байгаа. Энэ зээлдэгч нарыг танихгүй, банкнаас авсан зээлээс нэг ч төгрөг аваагүй, Х Б нь өөрөө ч буруутай байгаа, ямарч эд хөрөнгөгүй хүнд хүний үл хөдлөх эд хөрөнгийг мэдсээр байж барьцаалуулан их хэмжээний мөнгө зээлээр өгсөн байгаа. Бидний тухайд энэ их мөнгөний барьцаанд тавих талаар мэдээгүй байсан юм гэжээ.

ХЯНАВАЛ:

4. Хариуцагч Г.Г, хариуцагч З.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лавьжин нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

5. Нэхэмжлэгч “Х Б” нь хариуцагч З.П, Ц.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 86,087,164 төгрөг, нотариатын зардалд 24,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 591,448 төгрөг, нийт 86,702,612 төгрөгийг гаргуулах, хариуцагч З.П, Г.Г, З.Б нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөс үүргийг хангуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч З.П, Ц.Э нар зээлийг боломжоороо төлнө гэж, хариуцагч Г.Г, З.Б нар зээлдэгч нараар зээлийг төлүүлээд барьцааны зүйл болох орон сууцаа чөлөөлүүлэхийг хүссэн агуулгатай тайлбар гаргаж мэтгэлцжээ.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээг цуцлах хуульд заасан журмыг баримтлаагүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх  хариуцагч З.П, Ц.Э нараас 86,087,164 төгрөгийг гаргуулж “Х Б” ХХК-д олгож, барьцааны зүйлээс үүргийг хангуулж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

7. З.П, Ц.Э болон Х Бны Говь-Алтай салбарын 2018.08.17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, уг гэрээний үүргийг хангуулахаар З.Пгийн өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 2 дугаар гудамж 26 тоотын Г-............улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газар, Ү-............ дугаартай орон сууц, Г.Гийн өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн Шүүх, Прокурорын байрны ард байрлалтай 12 дугаар байрны 2 тоотын Y-............ улсын бүртгэлийн дугаартай орон сууц, З.Бын Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 10 дугаар байр 3 тоотын Ү-............ улсын бүртгэлийн дугаартай орон сууц, З.Пгийн ГАҮ 5557 улсын дугаартай Ssang Yong маркийн цагаан өнгийн Mikrobus автомашин, хүнсний бараа бүтээгдэхүүн буюу эргэлтийн хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна.

8. Зээлдэгч нар нь гэрээний дагуу 96,400,000 төгрөгийг, жилийн 22,5 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлж авсан, 2019.07.22-ноос үүргээ биелүүлэхгүй 142 хоног хэтрүүлсэн, нэхэмжлэгчийн зүгээс зээл төлөх үүргээ гүйцэтгэхийг сануулж, эс биелүүлбэл гэрээг цуцлахыг хариуцагч нарт мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан /хх-52/, гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлтэй гэж үзэж гэрээг цуцлах хүртэл хугацааны үүргийг хангуулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.2-т заасныг зөрчөөгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ.” гэж, 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.” гэж тус тус заасан тул нэхэмжлэгч гэрээг цуцалсан нь үндэслэлтэй.

9. Давж заалдах шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана.” гэж заасан, хуульд буюу Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т нэмэлт хугацааг үүрэг гүйцэтгүүлэгч тогтоохыг зохицуулсан тул тухайн маргааны үйл баримтад 204 дүгээр зүйлийн 204.2-т заасан хэм хэмжээг хэрэглэхгүй, “гэрээнээс татгалзах журмыг баримтлаагүй” гэх хариуцагч талын гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 215/МА2020/00012 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 591,448 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Х.ЭРДЭНЭСУВД

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                  Б.МӨНХТУЯА

                                                                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ