Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 221

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: ХХҮЕГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.С,

Хариуцагч: Ц.С нарт холбогдох

91.903.333 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагч нарын өмгөөлөгч В.У, шүүх хуралдааны нарийн  бичгийн дарга Д.Түвшинжаргал нар оролцов.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:                        

 

Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гэрээний дагуу олгосон санхүүжилт 91.903.333 (ерэн нэгэн сая, есөн зуун гурван мянга, гурван зуун гучин гурав) төгрөгийг эргэн нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иргэн М.С болон батлан даагч Ц.С нартай "Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн ажил гүйцэтгэх гэрээ"-г 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 06 дугаартай байгуулсан. Тус гэрээний дагуу эргэн төлөгдөх нөхцөлтэй 110.000.000 төгрөгийн санхүүжилтийг хариуцагч компанид олгосон. Гэтэл хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчиж, олгосон санхүүжилтээс 20.000.000 төгрөгийг төлж үлдсэн санхүүжилтийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд одоо болтол эргүүлэн төлөөгүй хохироож байна. Иймд иргэн М.С болон батлан даагч Ц.С нараас дээрхи гэрээний дагуу олгосон санхүүжилтийн үлдэгдэл төлбөр 90.000.000 төгрөг, алданги төлбөр 1.903.333 төгрөг нийт 91.903.333 (ерэн нэгэн сая, есөн зуун гурван мянга, гурван зуун гучин гурав) төгрөгийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт эргэн нөхөн төлүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.С, Ц.С нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тус шүүхэд М.С, Ц.С бидэнд холбогдуулан гаргасан 91.903.333 /ерөн нэгэн сая, есөн зуун гурван мянга, гурван зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаатай танилцлаа. 110.000.000 төгрөгийг төслийн зээлийн зориулалтаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас авсан нь бол үнэн. 20.000.000 төгрөгийн эргэн төлөлтийг төлсөн байгаа. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газартай 2017 оны 9 сарын 6-ны өдөр гэрээ байгуулсан, санхүүжилт нь удалгүй орсон. Үүнээс хойш Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай хэд хэдэн гэрээ байгуулсан. Гэрээн дээр алданги тооцохоор байхгүй байх шиг байсан санагдаж байна. Тийм учраас алданги төлөхийг зөвшөөрөхгүй, харин 90.000.000 төгрөгийг 2020 оны 2 сарын 15-ны дотор 15.000.000 төгрөг, 2020 оны 11 сарын 15-ны дотор 15.000.000 төгрөг, 2021 оны 2 сарын 15-ны дотор 30.000.000 төгрөг, 2021 оны 11 сарын 15-ны дотор 15.000.000 төгрөг, 2022 оны 2 сарын 15-ны дотор 15.000.000 төгрөгийг төлж барагдуулна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай хэд хэдэн гэрээ байгуулсан гэрээнүүдээ олж байгаад нэмэлт тайлбар гаргаж өгнө гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С, С нарт 2 жилийн хугацаатайгаар 110 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан байдаг. Хариуцагч С, С нар нь зээлийн гэрээний төлбөрөөс 20 сая төгрөгийг эргэн төлсөн. Одоо нийт зээлийн гэрээний үндсэн төлбөр 90 сая төгрөг, алдангийн хамт нийт 91.903.333 төгрөг төгрөгийг нэхэмжилж байгаа. Эргэн төлөлтийн хувьд шүүхэд 6 сарын хугацаанд төлүүлж өгнө гэж хандсан байгаа. ... Хэнээс хэдэн төгрөг яаж нэхэмжилж байгаагийн хувьд С 100 хувь төлөх байх. С С нар гэр бүлийн хоёр. Эд хөрөнгө нь нөхөр Сгийн нэр дээр байгаа тул барьцаалсан эд хөрөнгөөр хариуцна. С төслөө бичээд зээлээ хоёулаа авсан6 ... Мөнгөөр төлүүлэхээр нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нь Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газартай 2017 оны 09 сарын 06-ны өдрийн 06 дугаартай гэрээг байгуулж 110 сая төгрөгийг зээлсэн байдаг. Хариуцагч нар зээлийн төлбөр, хугацаа, гэрээ байгуулагдсан гэдэг дээр маргахгүй байгаа. Хариуцагч Сийн хэлж байгаагаар гэрээг дахин байгуулсан уг гэрээг Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа гээд хэсгийн төлөөлөгч нь авч яваад эргүүлж өгөөгүй гэдэг зүйлийг ярьдаг. Уг дахин байгуулсан гэрээг гаргуулах талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч шүүхээс өөрсдөө гаргаж өгөх боломжтой нотлох баримт гэж үзээд хүсэлтийг хангахаас татгалзсан. Гэтэл Авлигатай тэмцэх газраас уг гэрээг гаргуулахаар хүсэлт гаргасан боловч өнөөдрийн байдлаар ямар нэгэн хариу өгөөгүй байна. Гэрээг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг ганцхан өнөөдөр гаргаж байгаа юм биш өмнө нь хэд хэдэн удаа гаргаж байсан боловч хангахаас татгалзсан. Уг гэрээг ямар агуулгаар батлагдсан ямар учиртай гэрээ болохыг мэдэж байж шүүх хуралдааны шатанд мэтгэлцэх боломжтой байсан. Гэтэл шүүхээс уг хүсэлтийг хангахаас татгалзаж байгаа тул мэтгэлцэх боломжгүйд хүрээд байна. Энэ талаар давж заалдах гомдолдоо холбогдох тайлбарыг хэлнэ. Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч нарт холбогдуулан 91.903.333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг гэрээг байгуулсан үндсэн зээлдэгч нь хэн юм бэ? гээд харахаар хариуцагч С байдаг. Сгийн хувьд хэрвээ С үүргээ гүйцэтгээгүй тохиолдол эд хөрөнгөөрөө хариуцна хэмээн батлан даалт гаргасан батлан даагч байдаг. Үүнээс харахад үүргийн гүйцэтгэлийг хангах арга бол батлан даалтын арга байна. С, С хоёр нь эхнэр нөхөр хоёр. Нэхэмжлэгч талаас Сгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөнгө нэхэмжилж байгаа эсвэл эд хөрөнгийг нэхэмжлээд байгаа гэдэг нь тодорхойгүй байна. С нь эд хөрөнгөөрөө батлан даах үүргийг хүлээсэн. Гэхдээ төлбөрийг шууд төлөх үүрэг бүхий этгээд биш байна гэв.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар нь хариуцагч М.С, Ц.С нарт холбогдуулан санхүүжилтийн үлдэгдэл төлбөр 90.000.000 төгрөг, алданги 1.903.333 төгрөг, нийт 91.903.333 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал алданги гэрээгээр тохиролцоогүй, гэрээнд гарын үсэг зурсан Ц.С төлбөрийг төлөх шууд үүрэг бүхий этгээд хэмээн маргаж байгаа болно.

          Хариуцагч М.С, Ц.С нар нь нэхэмжлэгч Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газартай 2017 оны 09 сарын 06-ны өдрөөс 2019 оны 09 сарын 20-ны өдөр хүртэл хугацаатай 06 дугаартай “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн ажил гүйцэтгэх гэрээ” /хх-5-7х/ байгуулжээ. Гэрээнд гүйцэтгэгч тал буюу хариуцагч М.С орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн байдлаар төсөл хэрэгжүүлж түр болон байнгын ажлын байр бий болгох, орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх, захиалагч тал буюу нэхэмжлэгч Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас олгосон 110.000.000 төгрөгийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж тайлагнах, санхүүжилтийг гэрээнд заасан хугацаанд 100 хувь эргүүлэн  төлөхдөө эргэн төлөлтийн 50 хувийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 22 дахь сард, үлдэгдэл 50 хувийг 24 дэх сард  төлөх, хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр тохирсон байна. Мөн хариуцагч Ц.С нь хариуцагч М.Сийг гэрээ байгуулах үнийн дүнгийн 100 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөөр батлан дааж гэрээг байгуулжээ.

 

          Хэдийгээр талууд гэрээг байгуулахдаа ажил гүйцэтгэх гэрээ гэж нэрлэн байгуулсан боловч зохигчдын хоорондоо байгуулсан “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн ажил гүйцэтгэх гэрээ” / хх-5-7х/ нь нэхэмжлэгч Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас 110.000.000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг хариуцагч талд шилжүүлж хариуцагч М.С, Ц.С нар нь шилжүүлэн авсан 110.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэг хүлээсэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

         

          “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн ажил гүйцэтгэх гэрээ” /хх-5-7х/-ний 4.5-д гэрээний 4.4-т заасан зээлийг эргэн төлөх заалтыг биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцсэн бөгөөд 4.4-т зааснаар зээлийн эргэн төлөлтийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 24 дэх сард төлж дуусгахаар тохирсон байна.

 

          Хариуцагчийн өмгөөлөгч Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, хариуцагч М.С, М.С нар гэрээг шинэчлэн байгуулж өөрчлөлт оруулж байсан, 2 удаагийн зээлийн гэрээ байх ёстой гэсэн тайлбар гаргаж байх боловч үүнийг нотлох баримтгүй, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас 2020 оны 02 сарын 20-ны өдрийн 1/331 тоот албан бичгээр уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй, гэрээг сунгаагүй гэсэн тайлбар ирүүлсэн болно.

 

          Хариуцагч тал зээл 110.000.000 төгрөгийг хүлээн авч 20.000.000 төгрөгийг эргүүлэн төлсөн, үлдэгдэл 90.000.000 төгрөгийг төлөөгүй байгаа үйл баримтыг талууд маргахгүй зөвшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэгч тал хариуцагч нараас үндсэн зээлийн төлөөгүй үлдэгдэл болон алданги нэхэмжлэх эрхтэй байна. Үндсэн зээлийн төлөөгүй үлдэгдэл 90.000.000 төгрөгийн 0,5 хувь нь 450.000 төгрөг болж байх бөгөөд гэрээнд заасан эргэн төлөх 24 дэх сар нь 2019 оны 09 сар байна. 2019 оны 10 сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргасан хүү тооцсон баримтын /хх-10х/ огноо 2019 оны 10 сарын 18-ны өдөр хүртэлх хоног тутам 0,5 хувийн алданги тооцоход  нэхэмжлэгч талын нэхэмжилж буй 1.903.333 төгрөгөөс илүү байх боловч нэхэмжлэгч тал өөрсдөө нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж алданги 1.903.333 төгрөг нэхэмжилж байх тул шүүх алдангийн хэмжээг нэхэмжлэгч талын нэхэмжилснээс илүү тооцох үндэслэлгүй юм.

          Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Ц.Сээс үндсэн зээл 90.000.000 төгрөг, алданги 1.903.333 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Гэрээнд зааснаар хариуцагч М.С нь батлан даагчийн үүрэг хүлээсэн байх бөгөөд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-т батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ гэж, 460.4-т батлан даагч батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан. Иймд хариуцагч М.С төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд батлан даагч болох хариуцагч М.Сгээс төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэв.

 

          Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагч М.Сээс улсын тэмдэгтийн хураамж 617.467 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Хариуцагч нар нь өөрсдийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан тэдгээрийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.          

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч М.Сээс үндсэн зээл 90.000.000 / ерэн сая/ төгрөг, алданги 1.903.333 төгрөг, нийт 91.903.333 /ерэн нэгэн сая есөн зуун гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг гаргуулж Х-т олгосугай.

 

          2. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-т заасныг баримтлан хариуцагч М.С энэхүү төлбөр 91.903.333 / ерэн нэгэн сая есөн зуун гурван мянга гурван зуун гучин гурав / төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд батлан даагч хариуцагч Ц.Сгээс төлбөрийг гаргуулж нэхэмжлэгч Х-т олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч М.Сээс улсын тэмдэгтийн хураамж 617.467 / зургаан зуун арван долоон мянга дөрвөн зуун жаран долоо/ төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

           

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч,  тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН