Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2022/00031

 

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,газрын нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Д.Цолмон, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 129/ШШ2020/00221 дүгээр шийдвэртэй,

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,газрын нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,  нарт холбогдох

91,903,333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,ийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,ийн өмгөөлөгч В.Удвал, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,газраас ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 91,903,333 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар 90,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, 1,903,333 төгрөг төлөхийг эс зөвшөөрч маргажээ.

2. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 129/ШШ2020/00221 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,ээс үндсэн зээл 90,000,000 төгрөг, алданги 1,903,333 төгрөг, нийт 91,903,333 төгрөг гаргуулж ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,газарт олгож, Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,, энэхүү төлбөр 91,903,333 төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд батлан даагч хариуцагч ,,,,,,,,,,,,,,ээс төлбөрийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,газарт олгож шийдвэрлэжээ.

3. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15 дугаар магадлалаар Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 129/ШШ2020/00221 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан хариуцагч ,,,,,,,,,,,,,,ийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,ийн өмгөөлөгч В.Удвал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.21-ний өдрийн 129/ШШ2020/00221 дүгээр шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.15-ны өдрийн 15 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх ,,,,,,,,,,,,,,ээс үндсэн зээл 90,000,000 төгрөг болон алданги 1,903,333 төгрөгийг гаргаж шийдвэрлэсэн. Хариуцагч ,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,газартай 2017.09.06-ны өдөр гэрээ байгуулсан, түүнээс хойш тухайн жилд дуудаж гэрээг өөрчилж байгуулсан, тус өөрчилж байгуулсан гэрээний нэг хувь надад байсан боловч ноднин Авилгатай тэмцэх газраас гэрээг авч ир гэж байна гээд хэсгийн төлөөлөгч авч яваад буцааж өгөөгүй. Уг гэрээгээ олж авахаар хэсгийн төлөөлөгч болон Авлигатай тэмцэх газарт хандсан боловч олдохгүй байна. Сүүлд байгуулсан дээрх гэрээнд алданги тооцох талаар байхгүй байсан шиг санагдаж байна. Мөн гэрээний хугацаа зэрэгт өөрчлөлт орсон байх, тийм учраас алданги төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа.

4.2. Уг гэрээг нотлох баримтаар гаргуулахыг шүүхээс хүсдэг. Авилгатай тэмцэх газраас ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,газрын ,,,,,,,,,,,,,, нартай байгуулсан 2017.09.06-ны өдрийн 06 дугаартай орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн ажил гүйцэтгэх гэрээний талаар шалгасан байдаг. Энэ материалаас буюу Авлигатай тэмцэх газраас 06 дугаартай гэрээний нэмэлт, эсхүл дахин өөр гэрээ байгуулсан тул уг гэрээг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг өмгөөлөгч миний бие шүүх хурал дээр гаргахад хүлээж аваагүй. Хэргийн оролцогч бид уг нотлох баримтыг өөрсдөө олж авахаар Авлигатай тэмцэх газарт хүсэлтээ явуулсан боловч хариу ирээгүй. 2020.02.21-ний өдөр буюу шүүх хурал эхлэхийн өмнө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу өөр орон нутагт байгаа, өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод байгаа Авлигатай тэмцэх газраас дээрх нотлох баримтыг гаргуулж авч чадахгүй байгаагаа Авилгатай тэмцэх газраас ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,газрын ,,,,,,,,,,,,,, нартай байгуулсан 2017.09.06-ны өдрийн 06 дугаартай орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн ажил гүйцэтгэх гэрээний талаар шалгасан материалаас 06 дугаартай гэрээний нэмэлт, эсхүл дахин өөр гэрээ байгуулсан тул уг гэрээг гаргуулах хүсэлтийг дахин гаргасан боловч хангахаас татгалзаж, мэтгэлцэх боломжийг олгоогүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалтыг зөрчсөн.

4.3. Нэхэмжлэгч тал хариуцагчаар ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,  нараас 91,903,333 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүх аль хариуцагчаас нь үүргийн гүйцэтгэлийг нэхэмжилж байгааг, эсхүл ,,,,,,,,,,,,,гийн батлан даасан эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж байгаа юм уу гэдгийг тодруулаагүйгээр, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Дээрх зөрчлийг арилгахгүйгээр шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

5. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагч ,,,,,,,,,,,,,,ийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,газраас хариуцагч ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,  нарт холбогдуулан 91,903,333 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн.

7. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, нэхэмжлэгч болон хариуцагч ,,,,,,,,,,,,,, нарын хооронд 2017.09.06-ны өдөр 06 дугаар “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн ажил гүйцэтгэх гэрээ”-г 2019.09.20-ны өдөр хүртэл хугацаатай байгуулсан, уг гэрээний дагуу хариуцагч ,,,,,,,,,,,,,, нь 110,000,000 төгрөгийг “орон нутгийн онцлог хэрэгцээг хангахуйц эдийн засгийн үр өгөөж, иргэдийн  байнгын ажлын байр бий болгох, тогтвортой хадгалах” зорилгоор төсөл хэрэгжүүлэх, хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж тайлагнах, санхүүжилтийг 100 хувь эргэн төлөхдөө 50 хувийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 22 дахь сард, үлдэгдэл 50 хувийг 24 дэх сард төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна. Хариуцагч тал 20,000,000 төгрөгийг эргүүлэн төлсөн, үлдэгдэл 90,000,000 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогдсон. Гэрээний 4.5-д “зээлийг эргэн төлөх гэрээний 4.4 дэх заалтыг биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцох”-оор заасан нь  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцсэн, иймд нэхэмжлэгч зээлийн үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт шаардах эрхтэй.

8. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,гийн хувьд дээрх гэрээнд хамтран зээлдэгчээр бус харин “батлагч даагч”-ийн хувьд гарын үсэг зурж, гэрээний 4.7-д заасан газар, үл хөдлөх хөрөнгөөр батлан даасан байх тул Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1.-д заасны дагуу хариуцагч ,,,,,,,,,,,,,, нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нөхөх хариуцлага хүлээх талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

9. Иймд зээлийн үлдэгдэл 90,000,000 төгрөг болон нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр алдангид 1,903,333 төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,ээс гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлтэй.  

10. Хариуцагчийн өмгөөлөгчөөс “талууд гэрээг шинэчлэн байгуулж, өөрчлөлт оруулж байсан, 2 удаагийн зээлийн гэрээ байх ёстой, шинэчилсэн гэрээнд алданги тохироогүй санагдана” гэсэн тайлбар гаргадаг, мөн энэ үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргасан (Тодорхойлох хэсгийн 4.1-4.2-т) боловч татгалзал болон гомдлын үндэслэлээ нотлоогүй, нотлох баримт гаргуулах тухай хариуцагч нарын хүсэлтийг хангасан шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгчээс талуудын байгуулсан гэрээ болон “уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй, гэрээг сунгаагүй” гэсэн албан бичиг ирүүлснийг хариуцагч баримтаар няцаагаагүй байна.

11. Анхан шатны шүүхийн 2020 оны 129/ШШ2020/01121 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч нарын өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хуульд заасан үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн байх тул “шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалтыг зөрчсөн, хариуцагчид мэтгэлцэх боломж олгоогүй” гэсэн гомдол үндэслэлгүй юм.     

12. Мөн дээр дурдсанаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч ,,,,,,,,,,,,,,ийг зээлдэгчийн хувиар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлэх (үлдэгдэл төлбөр болон алдангийг төлөх), харин хариуцагч ,,,,,,,,,,,,,,г батлан даагчийн хувьд “нөхөх хариуцлага хүлээх” үүрэгтэй талаар дүгнэж, шийдвэрийн тогтоох хэсэгт тодорхой заасан байх тул “шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу” гэсэн утгатай хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй болно.

13. Иймээс шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 129/ШШ2020/00221 дүгээр шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,ийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 46,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХТУЯА

                                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                         Д.ЦОЛМОН

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД