Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 15

 

  ХХҮЕГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 129/ШШ2020/00221 дүгээр шийдвэртэй

            ХХҮЕГ-ын  нэхэмжлэлтэй

М.С, Ц.С нарт холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 91 903 333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагч М.С-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ц, хариуцагч М.С, хариуцагч нарын өмгөөлөгч В.У,  нарийн бичгийн дарга М.Э нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний төлөөлөгчийн тайлбарт: “Гэрээний дагуу олгосон санхүүжилт 91 903 333 төгрөгийг эргэн нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иргэн М.С болон батлан даагч Ц.С нартай 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн ажил гүйцэтгэх” 06 дугаар гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу 2 жилийн хугацаатайгаар эргэн төлөгдөх нөхцөлтэй 110 000 000 төгрөгийн санхүүжилтийг хариуцагч компанид олгосон. Гэтэл хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчиж, олгосон санхүүжилтээс 20 000 000 төгрөгийг төлж, үлдсэн санхүүжилтийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд одоо болтол эгүүлэн төлөөгүй хохироож байна. Иймд иргэн М.С болон батлан даагч Ц.С нараас дээрх гэрээний дагуу олгосон санхүүжилтийн үлдэгдэл төлбөр 90 000 000 төгрөг, алданги 1 903 333 төгрөг,  нийт 91 903 333 төгрөгийг ХХҮЕГ-т эргэн нөхөн төлүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү. Эргэн төлөлтийн хувьд 6 сарын хугацаанд төлүүлж өгнө үү гэж шүүхэд хандсан байгаа. Хэнээс хэдэн төгрөг яаж нэхэмжилж байгаагийн хувьд М.С 100 хувь төлөх байх. М.С, Ц.С нар гэр бүлийн хүмүүс юм. Тэдний эд хөрөнгө нь нөхөр Ц.С-ийн нэр дээр байгаа тул барьцаалсан эд хөрөнгөөр хариуцна. М.С төслөө бичээд зээлээ хоёулаа авсан. Мөнгөөр төлүүлэхээр нэхэмжилж байна.” гэжээ. 

 

Хариуцагч нарын гаргасан хариу тайлбарт: “ХХҮЕГ-аас тус шүүхэд М.С, Ц.С бидэнд холбогдуулан гаргасан 91 903 333 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаатай танилцлаа. 110 000 000 төгрөгийг төслийн зээлийн зориулалтаар ХХҮЕГ-аас авсан нь үнэн. 20 000 000 төгрөгийн эргэн төлөлтийг төлсөн байгаа. ХХҮЕГ-тай 2017.09.06-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд санхүүжилт нь удалгүй орсон. Үүнээс хойш ХХҮЕГ-тай хэд хэдэн гэрээ байгуулсан. Гэрээн дээр алданги тооцохоор байхгүй байсан шиг санагдаж байна. Тийм учраас алданги төлөхийг зөвшөөрөхгүй. Харин 90 000 000 төгрөгийг 2020.02.15-ны өдрийн дотор 15 000 000 төгрөг, 2020.11.15-ны өдрийн дотор 15 000 000 төгрөг, 2021.02.15-ны өдрийн дотор 30 000 000 төгрөг, 2021.11.15-ны өдрийн дотор 15 000 000 төгрөг, 2022.02.15-ны өдрийн дотор 15 000 000 төгрөгийг тус тус төлж барагдуулна.” гэжээ. 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 129/ШШ2020/00221 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч М.С-ээс үндсэн зээл 90 000 000 /ерэн сая/ төгрөг, алданги 1 903 333 төгрөг, нийт 91 903 333 /ерэн нэгэн сая есөн зуун гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг гаргуулж ХХҮЕГ-т олгож; Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д заасныг баримтлан хариуцагч М.С энэхүү төлбөр 91 903 333 /ерэн нэгэн сая есөн зуун гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд батлан даагч хариуцагч Ц.С-ээс төлбөрийг гаргуулж нэхэмжлэгч ХХҮЕГ-т олгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч М.С-ээс улсын тэмдэгтийн хураамж 617 467 /зургаан зуун арван долоон мянга дөрвөн зуун жаран долоо/ төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулж шийдвэрлэжээ. 

 

Хариуцагч М.С-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 129/ШШ2020/00221 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. ХХҮЕГ бидэнд холбогдуулан 91 903 333 /ерэн нэгэн сая есөн зуун гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. 110 000 000 төгрөгийг төслийн зээлийн зориулалтаар ХХҮЕГ-аас авсан нь үнэн. 20 000 000 төгрөгийн эргэн төлөлтийг төлсөн. ХХҮЕГ-тай 2017.09.06-ны өдөр гэрээ байгуулсан. Түүнээс хойш тухайн жилд дуудаж гэрээг өөрчлөн байгуулсан. Тэр өөрчилж байгуулсан гэрээний нэг хувь надад байсан боловч ноднин Авлигатай тэмцэх газраас гэрээг авчир гэж байна гээд хэсгийн төлөөлөгч авч яваад буцааж өгөөгүй. Уг гэрээгээ олж авахаар хэсгийн төлөөлөгч болон Авлигатай тэмцэх газарт хандсан боловч олдохгүй байна. Сүүлд байгуулсан гэрээн дээр алданги тооцохооргүй байсан шиг санагдаж байна. Мөн гэрээний хугацаанд өөрчлөлт орсон байх. Тийм учраас алданги төлөхийг зөвшөөрөхгүй. Харин 90 000 000 төгрөгийг 2020.02.15-ны өдрийн дотор 15 000 000 төгрөг, 2020.11.15-ны өдрийн дотор 15 000 000 төгрөг, 2021.02.15-ны өдрийн дотор 30 000 000 төгрөг, 2021.11.15-ны өдрийн дотор 15 000 000 төгрөг, 2022.02.15-ны өдрийн дотор 15 000 000 төгрөгийг тус тус төлж барагдуулах боломжтой байсан. Гэтэл коронавирус өвчинтэй холбоотой борлуулах цагаан идээний үзэсгэлэн худалдаа цуцлагдаж 2020.02.15-ны өдөр төлөх байсан 15 000 000 төгрөгийг төлж чадаагүй байна. Бидний гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжит ажил бол улирлын чанартай байдаг учраас дээрх хуваарийн дагуу 90 000 000 төгрөгийг төлөх хүсэлттэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алдангийг хэрэгсэхгүй болгож 1-2 жилийн хугацаанд 90 000 000 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдаанд өмгөөлөгч В.У-ыг оролцуулах хүсэлттэй.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:  

Давж заалдах журмаар гаргасан хариуцагч М.С-ийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. 

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна. 

 

ХХҮЕГ нь М.С, Ц.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 91 903 333 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар 90 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, 1 903 333 төгрөг төлөхийг эс зөвшөөрч маргажээ. 

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна. 

 

Хариуцагч М.С нь ХХҮЕГ-аас 2017.09.06-ны өдөр 110 000 000 төгрөгийг зээлж авсан үйл баримтын талаар маргаагүй, зээлийн төлбөрт 20 000 000 төгрөгийг буцаан авсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч ХХҮЕГ үлдэгдэл 90 000 000 төгрөг, алданги 1 903 333 төгрөг, нийт 91 903 333 төгрөгийг нэхэмжилжээ. 

Үндсэн зээлийн талаар хариуцагч нар маргаагүй, алдангийг талууд гэрээгээр тохиролцсон үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна. 

Хариуцагч М.С, Ц.С нар зээлийн гэрээг дахин шинэчлэн байгуулсан, уг гэрээгээр алданги төлөх үүрэг хүлээгээгүй гэж маргаж, алданги 1 903 333 төгрөг төлөхийг эс зөвшөөрч тайлбар гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, гэрээг дахин шинэчлэн байгуулаагүй, гэрээгээр алданги төлөхөөр талууд тохиролцсон гэж маргасан байна. 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. 

Анхан шатны шүүх хариуцагч М.С-ийг гэрээгээр алданги төлөх үүрэг хүлээсэн тул алданги төлөх үүрэгтэй гэж үзэн алданги 1 903 333 төгрөг гаргуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг зөрчөөгүй, шийдвэр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад нийцсэн байх бөгөөд шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байна. 

Иймд алдангийг хэрэгсэхгүй болгох үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүссэн хариуцагч М.С-ийн гомдол үндэслэлгүй байна. 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй тул дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан хариуцагч М.С-ийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 129/ШШ2020/00221 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан хариуцагч М.С-ийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч М.С-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.      

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Т.ДАВААСҮРЭН

                      ШҮҮГЧИД                                    Д.БЯМБАСҮРЭН

                                                                          В.ЦЭЦЭНБИЛЭГ