Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 12

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: ЗДТГ- нэхэмжлэлтэй

Хариуцагч: 1979 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, 3-48 байрын 48 тоотод оршин суух Өлзийт овгийн Должингивааны Дашжамц /РД:АР79020833/,

Хариуцагч: 1984 онд төрсөн, 35 настай, эмэгтэй, Архангай Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, 3-48 байрын 48 тоотод оршин суух Дашзэвэг овгийн Бгийн Б /РД:АЮ84010622/ нарт холбогдох 

20.531.187 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, прокурор С.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Д, Б.Б нар нь 2013 оны 04 дүгээр сарын 4-нд Сум хөгжүүлэх сангаас 3 жилийн хугацаатай 1.5 хувийн хүүтэй 20.606.187 төгрөгийг төлөхөөр тохиролцож албан ёсны гэрээ байгуулж зээлж авсан. Гэвч зээлсэн мөнгөө хугацаандаа төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд хариуцагч Д.Д Б.Б нараас үндсэн зээл болох 20.000.000 төгрөг, хүү 606.187 төгрөг төлөхөөс 75.000 төгрөг төлж нийт 20.531.187 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Д.Д, Б.Б нарт холбогдуулан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газар нэхэмжлэл гаргажээ. Тус нэхэмжлэлийг 2019 оны 05-р сарын 08-ны өдөр гаргасан байдаг. Тус хэргийг 2019 оны 30-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийг анхан шатны шүүхийн 474 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн бөгөөд мөн Архангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 9-р сард давж заалдах шатны магадлалаар шийдвэррлэсэн байдаг. Нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сум хөгжүүлэх сангаас зээл авч үйл ажиллагаа явуулсан. Халуун усны чиглэлийн үйл ажиллагаа явуулж барилга байгууламж ашиглалтанд орсон байгаа. Иймд сум хөгжүүлэх сангийн авлагыг барагдуулж төрийг хохиролгүй болгуулах хүсэлттэй байна. ... Нэхэмжлэлийн хугацааны талаар их яригдаж байна. Мэдэгдэх хуудсыг 2 ч удаа өгсөн байдаг. Нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Энэ хэрэгтэй холбоотой Бийн эгч Булганчимэгтэй хуучин миний өмнө ажиллаж байсан сум хөгжүүлэх сангийн авлагыг барагдуулах ёстой мэргэжилтэн найз нөхдийн холбоотой байсан. Найз нөхдийн холбоонд үндэслэн зээл барагдуулах мэргэжилтэн нь тухайн зээлийг сар болгон төлж яваач ээ гэдэг нэхэмжлэхийг сар бүрт гаргаж яваагүй. Энэ талаар надад мэдээлэл бий.  Найз нөхдийн хүрээгээр зээл төлөх тухай шаардлагыг сар болгон тавьдаггүй байсан. 2016 оны 02 сард тухайн үед ажиллаж байсан мэргэжилтэн шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Би ажлаа авснаасаа хойш мэдэгдэл өгч ажилласан байдаг. Мэдэгдэл авсан, аваагүй гэдэг асуудал бол нотлох баримтаар нотлогдсон асуудал. Нотлох баримтыг би эх хувиар нь ч гаргаж өгөх боломжтой. Шүүхийн хугацааны хувьд найз нөхдийн хамаарал байсан гэж үзэж байна. ... гэв.

Прокурор С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийг төлөөлж хэрэгт оролцож байна. Энэ хэрэгт нэг талд төрийн эрх ашиг хохироод байгаа асуудал байгаа. Сум хөгжүүлэх сангаас Д.Д, Б.Б нар 20.000.000 төгрөгийг 2013 оны 04 сард гэрээ байгуулан 3 жилийн хугацаатайгаар зээлж авсан байдаг. Энэ хугацаанд зээл болон зээлийн хүүг төлөөгүй байна. одоогийн байдлаар 20.531.187 төгрөг төлөгдөөгүй байна. Энэ мөнгийг хариуцагч нараас гаргуулж төрийг хохиролгүй болгож өгнө үү. ... Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж байна. Шаардах эрх 2016 оны 02 сард үүссэн байна. Шаардах эрх хамгийн сүүлийн төлөлт хийгдэх үеэс эхлээд  үүссэн байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж хариуцагч нарын өмгөөлөгч хэлж байна. Ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байдаг. Энд  мөн хөөн хэлэлцэх хугацаа тасалдах юм уу? хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар шүүхэд хандаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан байдаг. Миний сонссоноор анхан шатны шүүх, дээд шүүх, эвлэрүүлэн зуучлалд хандсан байдаг. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацааг тоолоход хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тасалдсан байна. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү. Урьд нь зээл хариуцаж байсан мэргэжилтэн нь хувийн сонирхолтой байсан гэж үзэхээр бол энэ хүн шаардлага гаргаагүй 2017 оныг хүртэл явсан байдаг. Одоо итгэмжлэгдэн хариуцсан төлөөлөгч шаардлага гаргаад явж байгаа. Иргэний хуулийн 85 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацаа хүндэтгэн үзэх шалтгаанаар тасалдах зохицуулалт байдаг бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах хувийн сонирхолтой байсан гэдэг шалтгаан байгаа. 2017 оноос хөөн хэлэлцэх хугацааг 3 жил гээд тоолох юм бол 3 жилийн хугацаа өнгөрөөгүй байна. Зээл төлүүлэх талаар утсаар мэдэгдсэн. Мэдэгдэл ч хүргүүлсэн байдаг. Энэ талаар нотлох баримт авагдсан байгаа. Энд төр хохирч байна. Төрөөс авч байгаа мөнгө нь татвар төлөгчдийн мөнгийг авсан. Олон хүнийг хохироосон хэрэг. Иймд төрийг хохиролгүй болгож өгнө үү. Мөн хүндэтгэн үзэх шалтгаанаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна. ... Нотлох баримт шинжлэн судлахад хариуцагч тал зээлийг авсан гэдэг нь харагдаж байна.  Зээлийн эргэн төлөлтийн тухайд хувь хүний хувьд зээлийг төлөх боломжтой харагдаж байна. Хариуцагч нар нь төрийг хохиролгүй болгож эвлэрлийн гэрээ байгуулаад төлбөрийг төлөх боломжтой. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдах боломж байна. Нэг хүн ажиллаж байгаагүй болохоор тухайн нөхцөл байдлыг нэхэмжлэгч байгууллага мэдэхгүй байх боломж байна. Иймд төрийн хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийг 2013 оны 04 сарын 14-ний өдөр авсан байдаг. 2013 оны 04 сарын 14-ний өдрөөс эхлэн эргэн төлөлт хийгдэж эхэлсэн байдаг. Гэтэл яг энэ хугацаанаас буюу 75.000 төгрөг 3 сарын хүү төлсөн байдаг. Энэ хугацаанаас тоолохоор 06 сарын 13-ны өдөр хамгийн сүүлийн төлөлт хийгдсэн байгаа. Тухайн харилцаа маань 2013 онд байгуулагдсан зээлийн гэрээгээр зохицуулагдаж байгаа. Зээлийн гэрээний зохицуулалтаар зээлдэгч тухайн зээлийг эргэн төлж чадахгүй тохиолдолд мэдэгдэх, хуульд заасны дагуу хугацаанаас нь өмнө цуцална гэж заасан байгаа. Тухайн зээлийн гэрээ маань зээлийн сүүлийн эргэн төлөлтөөс хойш нэхэмжлэгч талд шаардах эрх үүссэн. Гэтэл өнөөдрийг хүртэл шаардах эрхээ зээл төлөгдөхгүй болсон цаг хугацаанаас эхэлж шаардаагүй. Мөн 2016 оны 06 сард гэрээний дагуу төлөлт хийгээд явж байсан бол тухайн зээлийн гэрээ дуусч байгаа. Төлөлт хийгдээгүй 2016 оны 06 сард шаардах эрх үүссэн ийм зохицуулалттай байгаа. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар зохицуулагдсан байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа тоолохоор Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.”Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.”76.2.”Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс” гэж заасан байдаг. Тэгэхээр хэдийд шаардах эрх үүсэх вэ? гэхээр гэрээнд заасны дагуу төлөлт хийгдэхээ больсон тэр цаг хугацаанаас эхлэн үүссэн гэж харагдаж байна. Иймд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, энэхүү харилцааг зохицуулах Иргэний хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд тухайн асуудал яригдах ёстой. Нотлох баримтад үндэслэн тайлбар хийгээд байна. Мэдэгдэл өгсөн гээд байдаг. 1 удаа мэдэгдэл өгөхдөө Б гэдэг хүнд мэдэгдлийг гардуулж өгсөн байдаг. Энэ хүн тухайн зээлийн харилцаанд хамааралгүй этгээд. Тухайн зээлийг аваагүй. Яагаад хамаагүй хүнд мэдэгдэл өгчихөөд мэдэгдэл өгсөн гээд байгаа юм бэ? Д.Д, Б.Б нарт өгсөн мэдэгдэл энэ хэрэгт байхгүй. Мөн Б гэх хүн 2016 оноос хойш эмчийн хяналтанд байдаг. Сэтгэцийн өөрчлөлттэй, асуудлыг эрүүлээр сэтгэх чадваргүй хүн байсан. Д.Д, Б.Б нар энэ мэдэгдэл гэх зүйлийг огт олж хараагүй байдаг. Нас барсан хүнийг энд авчрах боломжгүй. Б гэх хүн яагаад мэдэгдлийг хариуцагч нарт хүлээлгэж өгөх ёстой юм бэ? Б гэх хүн Бийн төрсөн эцэг нь боловч өрх тусгаарласан хүмүүс. Утсаар  мэдэгдсэн гээд байгаа боловч хэдэн онд, хэзээ, яаж мэдэгдсэн болох нь тодорхойгүй. Утасны билл нь байдаггүй. Хариуцагч нар утсаар мэдэгдэж байгаагүй гэдэг. Бүрэн нотлогдсон гэж үзэх боломжгүй. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдах тухайд хуульд заагаагүй бол ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байдаг. Хуульд заагаагүй бол 10 жил, хуульд заасан буюу гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан. Гэрээнд шаардах эрхийн талаар заасан байна. Төлбөрийн хуваарийг зөрчих нь энэ гэрээг зөрчсөнтэй нэгэн адил тооцогдоно гэж заасан. Зээлдэгч зээлийн гэрээнд заасан төлбөрийг төлж чадахгүй тохиолдолд хамтран зээлдэгчид мэдэгдэж, хуульд заасны дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй байна. мөнгө шаардах эрх нь 2013 оны 06 сарын 13-ны өдөр буюу хамгийн сүүлийн төлөлтөөс хойш тухайн  гэрээг цуцлах шаардах эрх үүссэн байна. Тухайн үед танил талууд байсан тул шаардаагүй гэсэн мэдээлэл байна гэсэн зүйлээр хэргийг дүгнэж болохгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ. Эвлэрүүлэн зуучлагчид 2019 оны 01 сарын 22-ны өдөр хандсан байгаа. Шаардах эрх дууссанаас хойш эвлэрүүлэн зуучлагчид хандсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... Тайлбар хийхэд гэрээ хийгдсэн гэрээний дагуу, хуулийн дагуу хэргийг шийдэж өгнө үү. Хамгийн сүүлийн төлөлтөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолж өгнө үү.  Б гэх хамааралгүй этгээдэд мэдэгдлийг хүлээлгэж өгсөн байдаг. Үүнийг мэдэгдлийг хүлээлгэж өгсөн гэж үзэх боломжгүй. Нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй. Б хүлээж авах шаардлагагүй гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газар нь Д.Д, Б.Б нарт холбогдуулан нийт 20531187 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байна. 

Хариуцагч Д.Д, Б.Б нар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Сум хөгжүүлэх сан”-аас 20000000 төгрөгийг 36 сарын хугацаатай 1,5 хувийн хүүтэй зээлж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газартай 2019 оны 03 сарын 14-ний өдөр 4 дугаартай зээлийн гэрээ / хх-7-9х/ байгуулжээ. Уг 04 дугаартай зээлийн гэрээний хавсралтаар / хх-10х/ зээлийн хүүг 2013 оны 04 сарын 14-ний өдрөөс, үндсэн зээлийг 2014 оны 03 сарын 14-ний өдрөөс эхлэн сар бүр төлж 2016 оны 02 сарын 14-ний өдөр үндсэн зээл, хүүг төлж дуусгахаар тохиролцжээ. Уг зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурж 2013 оны 03 сарын 15-ны өдөр үндсэн зээл 20000000 төгрөгийг хариуцагч талд шилжүүлсэн / хх-4х/ байх бөгөөд зохигчид энэ тухайд маргаагүй, гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзаагүй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 282.3-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна. Хариуцагч Д.Д, Б.Б нар зээлийн хүү 75000 төгрөг төлсөн, үндсэн зээл бусад хүүг төлөөгүй, зээлдүүлэгч тал зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж 2019 оны 01 сарын 22-ний өдөр Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч зээлдэгч, зээлдүүлэгч нар тохиролцоонд хүрээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч талуудын шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ үйл баримтыг маргаагүй зөвшөөрч байгаа болно. 

Хариуцагч тал хөөн хэлэлцэх хугацаа дууссан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг биднээс шаардаж байгаагүй, хариуцагч Б.Бийн эцэг Бд 2017 онд мэдэгдэх хуудас /хх-5х/ хүргүүлсэн нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан болохыг нотлохгүй, Б нь шизофрени өвчний улмаас эмчийн хяналтанд байсан гэж маргаж байгаа боловч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзлээ. Учир нь: Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд зээлдэгч Д.Д, Б.Б нар гэрээнд зааснаар үндсэн зээл болон хүүг 2016 оны 02 сарын 14-ний өдөр төлж дуусах үүрэг хүлээжээ. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолох бөгөөд нэхэмжлэгч ЗДТГ- шаардах эрх “ эрх нь зөрчигдсөн тухай мэдэх ёстой байсан хугацаа” буюу гэрээний үүрэг гүйцэтгэж дуусах сүүлийн өдөр 2016 оны 02 сарын 14-ний өдөр үүсжээ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил бөгөөд нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын  тамгын газрын шаардах эрх 2016 оны 02 сарын 14-ний өдрөөс 3 жилийн хугацаа тоолоход 2019 оны 02 сарын 14-ний өдөр дуусна. Нэхэмжлэгч, хариуцагч талууд шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбартаа 2019 оны 01 сарын 22-ний өдөр нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж байсан боловч эвлэрэлд хүрээгүй талаар мэдүүлсэн, энэ талаар маргаагүй тогтоогдож байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т заасан тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаж 2019 оны 02 сарын 16-ны өдрөөс өмнө нэхэмжлэгч тал шаардах эрхээ хэрэгжүүлж хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан болох нь тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг 2019 оны 01 сарын 22-ны өдрөөс дахин шинээр тоолоход 2019 оны 05 сарын 20-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасныг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. 

Хариуцагч Б.Б, Д.Д нараас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282 дугаар зүйлийн 282.3, 208 дугаар зүйлийн 208.1-т заасныг баримтлан үндсэн зээл 20000000 төгрөг, хүү 531187 төгрөгийг гаргуулж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газарт олгохоор шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагч Б.Б, Д.Д нараас 260.606 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй. 

 

Хариуцагч Д.Д, Б.Б нар нь шүүх хуралдаанд оролцохгүй тухай бичгээр мэдэгдсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасныг баримтлан хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг  удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282 дугаар зүйлийн 282.3, 208 дугаар зүйлийн 208.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Д, Б.Б нараас үндсэн зээл 20000000 төгрөг, хүү 531187 төгрөг, нийт 20531187 төгрөг гаргуулж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Б, Д.Д нараас 260.606 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ч.ЖАРГАЛАН