Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/01392

 

 

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын

Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 129/ШШ2020/00012 дугаар шийдвэр,

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр магадлалтай,

 

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй

Б.Батчимэг, Д.Дашжамц нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 20,531,187 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Жавзансүрэн, прокурор Ш.Одонсүрэн, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Дашжамц, Б.Батчимэг нар нь 2013.04.14-нд сум хөгжүүлэх сангаас 20,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаатай 1.5 хувийн хүүтэйгээр зээлж 20,606,187 төгрөгийг буцаан өгөхөөр харилцан тохиролцож албан ёсны гэрээ байгуулан зээл авч халуун усны чиглэлийн үйл ажиллагаа явуулж, барилга байгууламж нь ашиглалтад орсон байгаа. Гэвч зээлсэн мөнгөө хугацаандаа төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд сум хөгжүүлэх сангийн авлагыг барагдуулж хариуцагч Д.Дашжамц, Б.Батчимэг нараас үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүү 606,187 төгрөг төлөхөөс 75,000 төгрөг төлснийг хасч, нийт 20,531,187 төгрөг гаргуулан төрийг хохиролгүй болгож өгнө үү. Мэдэгдэх хуудсыг хоёр ч удаа өгсөн байдаг. Нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Сум хөгжүүлэх сангийн авлагыг барагдуулах чиг үүрэгтэй ажиллаж байсан өмнөх мэргэжилтэн нь Б.Батчимэгийн эгч Б.Булганчимэгтэй найз нөхдийн холбоотой байсан. Тухайн үед зээл барагдуулах чиг үүрэгтэй ажиллаж байсан мэргэжилтэн нь найз нөхдийн хүрээгээр зээл төлүүлэх шаардлагыг сар болгон тавиагүй, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байсан. Би ажлаа авснаасаа хойш мэдэгдэл өгч ажилласан. Мэдэгдэл авсан эсэх нь нотлох баримтаар нотлогдсон асуудал юм. Нотлох баримтыг би эх хувиар нь гаргаж өгөх боломжтой гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Д.Дашжамц, Б.Батчимэг нарт холбогдуулан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газар нэхэмжлэл гаргажээ. Гэтэл уг нэхэмжлэлийг өмнө нь 2019.05.08-ны өдөр гаргаж, хэргийг 2019.07.30-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 129/ШШ2019/00474 дугаартай шийдвэрээр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019.09 дүгээр сард давж заалдах шатны магадлалаар тус тус шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийг 2013.04.14-ний өдөр авсан байдаг. Гэтэл яг энэ хугацаанаас 3 сарын хүү 75,000 төгрөг төлсөн байдаг. Энэ хугацаанаас тоолохоор 06.13-ны өдөр хамгийн сүүлийн төлөлт хийгдсэн байгаа. Тухайн харилцаа маань 2013 онд байгуулагдсан зээлийн гэрээгээр зохицуулагдаж байгаа. Зээлийн гэрээний зохицуулалтаар зээлдэгч тухайн зээлийг эргэн төлж чадахгүй тохиолдолд мэдэгдэх, хуульд заасны дагуу хугацаанаас нь өмнө цуцална гэж заасан байгаа. Тухайн зээлийн гэрээний дагуу зээлийн сүүлийн эргэн төлөлтөөс хойш нэхэмжлэгч талд шаардах эрх үүссэн. Гэтэл зээл төлөгдөхгүй болсон цаг хугацаанаас эхэлж өнөөдрийг хүртэл шаардаагүй. Мөн гэрээний дагуу төлөлт хийгээд явж байсан бол 2016.06 дугаар сард тухайн зээлийн гэрээ дуусч байгаа. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар зохицуулагдсан байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа тоолох талаар Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс гэж заасан байдаг. Тэгэхээр хэдийд шаардах эрх үүсэх вэ гэхээр гэрээнд заасны дагуу төлөлт хийгдэхээ больсон тэр цаг хугацаанаас эхлэн үүссэн гэж харагдаж байна. Иймд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 129/ШШ2020/00012 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 208 дугаар зүйлийн 208.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Дашжамц, Б.Батчимэг нараас үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүү 531,187 төгрөг, нийт 20,531,187 төгрөг гаргуулж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газарт олгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Батчимэг, Д.Дашжамц нараас 260,606 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр магадлалаар Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 129/ШШ2020/00012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Хариуцагч Д.Дашжамц, Б.Батчимэг нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 260,606 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Б.Батчимэг, Д.Дашжамц нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй иргэн Д.Дашжамц, Б.Батчимэг нарт холбогдох иргэний хэрэгт анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Иргэн Д.Дашжамц, Б.Батчимэг нарт холбогдуулан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ЗДТГ, Засаг дарга гэсэн нэхэмжлэлийг 2019.05.08-ны өдөр гаргасан байдаг. Тус хэрэг нь Архангай аймгийн Сум дундын анхан шатны шүүхээр 2019.05.08-ны өдөр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2019.09-р сард шийдвэрлэгдсэн бөгөөд хариуцагч нар дээд шүүхэд гомдол гаргаагүй байдаг. Гэтэл Архангай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байсаар атал нэхэмжлэлийг хүлээн авч дахин шийдвэр гаргасан байдаг. Нэгэнт шийдвэрлэгдсэн үйл баримтыг дахин шийдвэр гаргаж байгаа нь хууль бус байх тул энэхүү нэхэмжлэлийг хүлээж авахгүй байна уу гэсэн хариуцагч миний хүсэлтэд хариу өгөөгүй шийдвэрлээгүй бөгөөд шүүх хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээгүй. Мөн шүүх дээр дээрх маргаантай асуудлыг Ингэхдээ хэрэглэх ёстой байсан хуулийг хэрэглээгүй хуулийг буруу тайлбарласан байдаг. Бид хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж хуульд заасан хугацаан дээр маргаагүй бөгөөд харин энэ хугацаа дууссан байна гэдэгт маргаан үүсгэсэн. Зээлийг 2013.04.14-ний өдөр авсан. 2013.06.13-аас хойш төлөлт хийгдээгүй байна. Тухайн харилцаа 2013 онд байгуулагдсан зээлийн гэрээгээр зохицуулагдаж байна. Зээлийн гэрээний зохицуулалтаар зээлдэгч тухайн зээлийг эргэн төлж чадахгүй мэдэгдэх, хуульд заасны дагуу хугацаанаас өмнө цуцална гэж заасан байдаг. Тухайн зээлийн гэрээний сүүлийн эргэн төлөлтөөс хойш нэхэмжлэгч талд шаардах эрх үүссэн. Гэтэл шаардах эрхээ зээл төлөгдөхгүй болсон хугацаанаас шаардаж эхлээгүйгээр шаардах эрхээ алдсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн хугацаа 3 жил байхаар зохицуулагдсан байдаг. Иймд шаардах эрх 2016.06 сард бүрэн дууссан. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх заалтад хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2 дахь заалтад хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс гэж заасан байдаг. Ийнхүү шүүх хөөн хэлэлцэх хугацааг заасан хуулийн заалтыг илт буруу тайлбарласан байдаг. Иймд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан шаардах эрхгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь илт хууль бус байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газар нь Д.Дашжамц, Б.Батчимэг нарт холбогдуулан 20,531,187 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, ...хариуцагч нар Сум хөгжүүлэх сангаас 2013.03.14-ний өдөр 20,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 1.5 хувийн хүүтэй зээлсэн, хүүд 75,000 төгрөг төлсөн, одоо үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 531,187 төгрөг гаргуулна уу гэснийг хариуцагч ...мөнгө авсан, мөнгийг буцаан төлөхийг шаардаагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Хяналтын шатны шүүх хариуцагч нарын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

1. Д.Дашжамц, Б.Батчимэг нар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газартай 2013.03.14-ний өдөр гэрээ байгуулж, Сум хөгжүүлэх сангаас 20,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 1.5 хувийн хүүтэй зээлсэн нь тогтоогдсон байна. Иймээс зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрлийн чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээх зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, Сум хөгжүүлэх сан гэрээний үүргээ биелүүлж мөнгөн хөрөнгийг Д.Дашжамц, Б.Батчимэг нарын банк дахь харилцах дансанд шилжүүлэн өгсөн, хариуцагч нар хүүд 75,000 төгрөг төлж, үндсэн зээл болон хүүг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй байна.

 

2. Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан уг хэм хэмжээг зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэх бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, ...эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж тус тус заасан байна.

 

Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх ба талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан 3 жилийн хугацаа 2016.02.14-ний өдрөөр дуусгавар болсноос хойш шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолох бөгөөд хуульд заасан 3 жилийн хугацаа болоогүй байхад буюу 2019.01.22-ны өдөр нэхэмжлэгч шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид зээлийг төлүүлэхээр хандсан боловч талууд тохиролцоонд хүрээгүйгээс эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсноос гадна, 2017 онд зээл төлөхийг шаардаж байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

 

Дээрх нөхцөл байдлын талаар шүүх дүгнэж, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан ...бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 79.2-т ...шүүхээс явуулсан сүүлийн ажиллагаа дуусгавар болсноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоно, 79.7-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр тоолно гэж заасныг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэгч шүүхэд 2019.05.08-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж үзнэ.

 

Шүүх үндсэн зээл 20,000,000 төгрөг, төлөгдөөгүй хүү 531,187 төгрөг, нийт 20,531,187 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1-д заасантай нийцнэ.

 

Зохигчийн тайлбараас үзвэл, Д.Дашжамц, Б.Батчимэг нарт холбогдох энэхүү нэхэмжлэлийг өмнө нь Архангай аймгийн засаг дарга шүүхэд хандаж гаргасныг анхан шатны шүүх шийдвэрлэснийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ.

 

Давж заалдах шатны шүүхээс гаргасан дээрх шийдвэр нь зохигчийн хооронд үүссэн зээлийн гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн бус харин нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл шүүх хуралдааны явцад илэрсэн гэсэн шалтгааны улмаас холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд шүүхэд хандаж дахин нэхэмжлэл гаргахад саад болохгүй юм.

 

Дурдсан үндэслэлээр хариуцагч нарын ...зээл төлөх талаар өмнө нь шаардаагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, өмнө нь шүүх энэ асуудлыг шийдвэрлэсэн... гэсэн агуулгатай гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 129/ШШ2020/00012 дугаар шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагч Б.Батчимэг, Д.Дашжамц нар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.03.18-ны өдөр төлсөн 260,606 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

Д.ЦОЛМОН