Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 9

 

    ЗДТГ-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 129/ШШ2020/00012 дугаар шийдвэртэй 

ЗДТГ-ын  нэхэмжлэлтэй 

Б.Б, Д.Д нарт холбогдох 

зээлийн гэрээний үүрэгт 20 531 187 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

хариуцагч Б.Б, Д.Д нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э, прокурор С.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Э, нарийн бичгийн дарга Г.Д нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний төлөөлөгчийн тайлбарт: “Д.Д, Б.Б нар нь 2013.04.14-нд сум хөгжүүлэх сангаас 20 000 000 төгрөгийг 3 жилийн хугацаатай 1,5 хувийн хүүтэйгээр зээлж 20 606 187 төгрөгийг буцаан өгөхөөр харилцан тохиролцож албан ёсны гэрээ байгуулан зээл авч халуун усны чиглэлийн үйл ажиллагаа явуулж, барилга байгууламж нь ашиглалтанд орсон байгаа. Гэвч зээлсэн мөнгөө хугацаандаа төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд сум хөгжүүлэх сангийн авлагыг барагдуулж хариуцагч Д.Д, Б.Б нараас үндсэн зээл 20 000 000 төгрөг, хүү 606 187 төгрөг төлөхөөс 75 000 төгрөг төлснийг хасч, нийт 20 531 187 төгрөг гаргуулан төрийг хохиролгүй болгож өгнө үү. Мэдэгдэх хуудсыг хоёр ч удаа өгсөн байдаг. Нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Сум хөгжүүлэх сангийн авлагыг барагдуулах чиг үүрэгтэй ажиллаж байсан өмнөх мэргэжилтэн нь Б.Б-ийн эгч Б.Б-тэй найз нөхдийн холбоотой байсан. Тухайн үед зээл барагдуулах чиг үүрэгтэй ажиллаж байсан мэргэжилтэн нь найз нөхдийн хүрээгээр зээл төлүүлэх шаардлагыг сар болгон тавиагүй, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байсан. Би ажлаа авснаасаа хойш мэдэгдэл өгч ажилласан. Мэдэгдэл авсан эсэх нь нотлох баримтаар нотлогдсон асуудал юм. Нотлох баримтыг би эх хувиар нь гаргаж өгөх боломжтой.” гэжээ. 

 

Хариуцагч нарын гаргасан хариу тайлбарт: “Иргэн Д.Д, Б.Б нарт холбогдуулан ЗДТГ нэхэмжлэл гаргажээ. Гэтэл уг нэхэмжлэлийг өмнө нь 2019.05.08-ны өдөр гаргаж, хэргийг 2019.07.30-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 129/ШШ2019/00474 дугаартай шийдвэрээр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019.09 дүгээр сард давж заалдах шатны магадлалаар тус тус шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул нэхэмжлэлийг хүлээн  авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийг 2013.04.14-ний өдөр авсан байдаг. Гэтэл яг энэ хугацаанаас 3 сарын хүү 75 000 төгрөг төлсөн байдаг. Энэ хугацаанаас тоолохоор 06.13-ны өдөр хамгийн сүүлийн төлөлт хийгдсэн байгаа. Тухайн харилцаа маань 2013 онд байгуулагдсан зээлийн гэрээгээр  зохицуулагдаж байгаа. Зээлийн гэрээний зохицуулалтаар зээлдэгч тухайн зээлийг эргэн төлж чадахгүй тохиолдолд мэдэгдэх, хуульд заасны дагуу хугацаанаас нь өмнө цуцална гэж заасан байгаа. Тухайн зээлийн гэрээний дагуу зээлийн сүүлийн эргэн төлөлтөөс хойш нэхэмжлэгч талд шаардах эрх үүссэн. Гэтэл зээл төлөгдөхгүй болсон цаг хугацаанаас эхэлж өнөөдрийг хүртэл шаардаагүй. Мөн гэрээний дагуу төлөлт хийгээд явж байсан бол 2016.06 дугаар сард тухайн зээлийн гэрээ дуусч байгаа. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар зохицуулагдсан байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа тоолох талаар Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс” гэж заасан байдаг. Тэгэхээр хэдийд шаардах эрх үүсэх  вэ гэхээр гэрээнд заасны дагуу төлөлт хийгдэхээ больсон тэр цаг хугацаанаас эхлэн үүссэн гэж харагдаж байна. Иймд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 129/ШШ2020/00012 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 208 дугаар зүйлийн 208.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Д, Б.Б нараас үндсэн зээл 20 000 000 төгрөг, хүү 531 187 төгрөг, нийт 20 531 187 төгрөг гаргуулж ЗДТГ-т олгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б, Д.Д нараас 260 606 төгрөг гаргуулж орон  нутгийн орлогод оруулж шийдвэрлэжээ. 

Хариуцагч Б.Б, Д.Д нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “ЗДТГ-ын нэхэмжлэлтэй иргэн Д.Д, Б.Б нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 129/ШШ2020/00012 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. ЗД, түүний Тамгын газар иргэн Д.Д, Б.Б нарт холбогдуулан 2019.05.08-ны өдөр нэхэмжлэл гаргасан байдаг. Уг хэрэг Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2019.05.08-ны өдөр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2019.09 дүгээр сард тус тус шийдвэрлэгдсэн бөгөөд хариуцагч нар Дээд шүүхэд гомдол гаргаагүй. Гэтэл Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байсаар атал нэхэмжлэлийг хүлээн авч дахин шийдвэр гаргаж байгаа нь хууль бус байна.

2. Зээлийг 2013.04.14-ний өдөр авсан бөгөөд 2013.06.13-наас хойш төлөлт хийгдээгүй байна. Тухайн харилцаа 2013 онд байгуулагдсан зээлийн гэрээгээр зохицуулагдаж байгаа. Зээлийн гэрээний зохицуулалтаар зээлдэгч тухайн зээлийг эргэн төлж чадахгүй бол мэдэгдэх, хуульд заасны дагуу хугацаанаас өмнө цуцална гэж заасан байдаг. Тухайн зээлийн сүүлийн эргэн төлөлтөөс хойш нэхэмжлэгч талд шаардах эрх үүссэн. Гэтэл зээл төлөгдөхгүй болсон хугацаанаас шаардаж эхлэхгүйгээр шаардах эрхээ алдсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар зохицуулагдсан байдаг. Иймд хөөн хэлэлцэх хугацаа 2016.06 дугаар сард бүрэн дууссан. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, 76.2-д “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс” гэж заасан байдаг. Иймд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь илт хууль бус байна. 

3. Нэхэмжлэгч 2019.01.22-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан гэх боловч 2019.04 дүгээр сард хариуцагч энэ тухай мэдсэн байдаг. 

Иймд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 129/ШШ2020/00012 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна. 

 

Нэхэмжлэгч ЗДТГ нь хариуцагч Б.Б, Д.Д нарт холбогдуулан үндсэн зээл 20 000 000 төгрөг, хүү 531 187 төгрөг, нийт 20 531 187 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. 

 

2013.03.14-ний өдөр зохигчдын хооронд байгуулагдсан 4 тоот зээлийн гэрээгээр зээлдүүлэгч ЗДТГ нь 20 000 000 төгрөгийг зээлдэгч Б.Б, Д.Д нарт шилжүүлэх, зээлдэгч нар нь гэрээний хавсралтаар баталсан хуваарийн дагуу Төрийн сан банкин дахь Сум хөгжүүлэх сангийн дансанд 2016.02.14-ний дотор авсан зээлийг хүүгийн хамт буцаан төлөхөөр, зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд зээлийн хүүгийн 2 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч тал зээлдүүлэгч талд төлөхөөр тохиролцсон байна. 

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдаж, 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар зээл шилжсэн үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байх бөгөөд хариуцагч нь зээлийг гэрээнд заасан хуваарийн дагуу буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул 20 531 187 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. 

 

Хариуцагч нар нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан байх тул хариуцагч нарын татгалзал үндэслэлгүй юм.

 

Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг гэрээний хугацаа дууссан 2016.02.14-ний өдрөөс эхлэн тоолсон нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д нийцсэн, 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан зохицуулалтыг хэрэглэж нэхэмжлэгч нь эвлэрүүлэн зуучлагчид хандсан 2019.01.22-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. 

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн байна. 

 

Түүнчлэн “Нэхэмжлэгч 2019.01.22-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан гэх боловч 2019.04 дүгээр сард хариуцагч энэ тухай мэдсэн байдаг” гэж хариуцагч нар нь давж заалдах гомдолдоо дурдсан байх хэдий ч шүүх хуралдаан дээр талуудын өгсөн тайлбараар нэхэмжлэгч 2019.01.22-ны өдөр эвлэрүүлэн зуучлагчид хандсан нь тогтоогдсон буюу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан хугацааны талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. 

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 129/ШШ2020/00012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч Д.Д, Б.Б нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 260 606 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Т.ДАВААСҮРЭН

                                                                         ШҮҮГЧИД                   В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                                                              Д.БЯМБАСҮРЭН