Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 00008

 


 

 

 

      2019 оны 12 сарын 23 өдөр

     Дугаар 102/ШШ2020/00008

                  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Л.Ч

 

Нэхэмжлэгч: Б.Э нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.М

 

Хариуцагч: Я.Г нарт холбогдох,

 

680,992,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранхишиг, түүний өмгөөлөгч Д.Болормаа, хариуцагч Ц.М, хариуцагч Я.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбадорж, тэдгээрийн өмгөөлөгч Г.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                    

Нэхэмжлэгч Л.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Я.Г, Ц.М нартай 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 578,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэйгээр, 7 сарын хугацаатай  буюу 2016 оны 12 дугаар сард багтаан төлөхөөр тохиролцож зээлдүүлсэн. Хариуцагч Я.Г, Ц.М нартай 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тооцоо нийлж, нийт 376,900,000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сард багтаан төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Иймд Я.Г, Ц.М нараас 376,900,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Чийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранхишиг нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Нэхэмжлэгч Л.Чийн зээлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн мөнгөнөөс Б.Э нь 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 15,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5063072498 тоот данснаас Ц.Мгийн 5029943287 тоот дансанд шилжүүлэн өгсөн байна. Иймд нэхэмжлэгч Л.Чийн хариуцагч нарт зээлдүүлсэн 417,500,000 төгрөгний 15,000,000 төгрөгийг Б.Э шилжүүлсэн өгсөн байх тул Б.Эыг хамтран нэхэмжлэгчээр оролцуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Чийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранхишиг нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...Нэхэмжлэгч Л.Ч нь 2014 оноос эхлэн хариуцагч Ц.М, Я.Гнарыг Архангай аймагт орон сууцны барилгын ажил гүйцэтгэж байх үеэс   эхлэн таньдаг болсон. Ингээд тэрээр 2014 оны 6 сарын 03-ны өдрөөс эхлэн хариуцагч нарын гуйлтаар өөрийн болон танил хүмүүсээр дамжуулан хүүтэй зээл олж өгч эхэлсэн байдаг. Зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Л.Ч нь өөрийн Хаан банкны 5135691792 тоот данснаас 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 30,000,000 төгрөг, 6 дугаар сарын 13-ны өдөр 50,000,000 төгрөг, 7 дугаар сарын 07-ны өдөр 30,000,000 төгрөг, 7 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 8 дугаар сарын 14-ний өдөр 25,000,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 60,000,000 төгрөг, 02 дугаар сарын 13-ны өдөр 560,000 төгрөгийг дансаар, 4,440,000 төгрөгийг Ц.Мгийн 5029943287 тоот данс руу бэлнээр, 3 дугаар сарын 16-ны өдөр 50,000,000 төгрөг, 3 дугаар сарын 30-ны өдөр дансаар 17,500,000 төгрөг, Ц.Мгийн Хаанбанкны 5029943287 тоот данс руу бэлнээр 82,500,000 төгрөгийг, 4 дүгээр сарын 03-ны өдөр бэлнээр 20,000,000 төгрөг, 5 дугаар сарын 01-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөгийг тус тус хариуцагч нарт шилжүүлэн өгсөн. Мөн 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөг /нэхэмжлэгчийн охин Б.Эын 5063072498 тоот данснаас Ц.Мгийн 5029943287 тоот дансруу шилжүүлсэн/. 1 сарын 30-ны өдөр 15,000,000 төгрөг /өөрийн танил дүү Л.Нямдоржоос авах байсан мөнгөө түүний 5034329916 тоот данснаас Ц.Мгийн 5029943287 тоот данс руу шууд шилжүүлэг хийлгүүлсэн/, нийт 417,500,000 төгрөгийг 2015 оны 9 сарын 30-ны өдрийг дуустал сарын 5-7 хувийн хүүтэй, 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор зээлийг төлж барагдуулаагүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр талууд харилцан тохиролцон зээлийн гэрээ байгуулан нэхэмжлэгч тал мөнгийг шилжүүлэн өгсөн байдаг.

Дээрх зээлсэн мөнгөн дүнгээс 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 10,000,000 төгрөгийн зээлийг хариуцагч тал 2014 оны 8 дугаар сарын 01-ны өдөр Ц.Мгийн 5029943287 тоот данснаас гурван хэсэг 3,000,000 төгрөгөөр, нэг удаа 1,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулсан, мөн 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зээлсэн 2,500,000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Я.г-ийн 5099690990 тоот дансаар 3,000,000 төгрөг болгон төлж барагдуулсан тул бичгээр хийсэн зээлийн гэрээнд бичигдээгүй болно. Мөн 02 дугаар сарын 13-ны өдөр 560,000 төгрөг, 4,440,000 төгрөг, 5 дугаар сарын 01-ны өдөр 5,000,000 төгрөг нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд бичилгүй өгсөн тул хүү алдангийн тооцоололд ороогүй болно. Гэтэл хариуцагч нар гэрээгээр тохиролцсон хугацаанд зээлийн гэрээний үндсэн төлбөр болон хүүнд нийт 129,940,000 төгрөгийн үүргээ гүйцэтгэн үлдэх төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тул талууд 2016 оны 5 дугаар сарын 01-ны өдөр “Зээлийн гэрээ”-ний тооцоог нийлж, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 648,000,000 төгрөг гэж үзэн үүнээс бичгээр дахин гэрээ байгуулан 578,000,000 төгрөгийг 2016 оны 12 сард багтаан сарын 6 хувийн хүүтэй, 2016 оны 12 сарын дотор зээлийн төлж барагдуулаагүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоног тутам 0.5 хувийн алданги тооцон төлөхөөр ярилцаж, тохиролцон “Зээлийн гэрээ”-г байгуулсан. Харин үлдэх 70,000,000 төгрөгийг хариуцагч Ц.М, Я.Гнарын барьсан орон сууцнаас нэхэмжлэгч Л.Чийн дүү Ч.Жаргалангийн худалдан авалт хийсэн төлбөрийг нэхэмжлэгч Л.Чт шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон байдаг.

Гэтэл Ч.Жаргаланд “Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ”-гээр 58,800,000 төгрөгийн зээл гарч тус зээлийн төлбөрийг 2016 оны 8 дугаар сарын 11-ны өдөр хариуцагч Ц.Мгийн 5029943287 тоот данс руу шилжүүлсэн боловч хариуцагч тал “...мөнгөний хэрэг гарсан тул дараа өгнө...” гэж хэлээд шилжүүлэн өгөөгүй байдаг. Тиймээс энэ төлбөр нь 2016 оны 5 дугаар  сарын 01-ний өдрийн бичгээр байгуулсан “Зээлийн гэрээ”-ний үнийн дүнд бичигдээгүй тул хүү, алданги тооцохгүй үнийн дүнгээр нэхэмжилж байгаа болно. Харин бичгээр байгуулсан “Зээлийн гэрээ”-ний 578,000,000 төгрөгөөс хариуцагч тал 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 212,000 төгрөгийг зээлийн хүүнд, 2016 оны 5 дугаар сарын 09-ны өдөр 150,000,000 төгрөг, 6 дугаар сарын 02-ны өдөр 110,000,000 төгрөг, 7 дугаар сарын 4-ны өдөр 20,000,000 тегрөгийг үндсэн зээлээс тус тус гүйцэтгэсэн болно. Иймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг тус тус үндэслэн 2016 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ний үүрэгт дараах үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нараас нэхэмжилж байна. Үндсэн зээл 298,000,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний дуустал зээлийн хүү 175,092,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл алданги 149,000,000 төгрөг, хүү, алданги тооцоогүй зээлийн төлбөр 58,900,000 төгрөг, нийт 680,992,000 төгрөгийг хариуцагч Ц.М, Я.Гнараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Ч нь 2014 оны 6 дугаар сарын 3-наас хойш өөрийн болон танилын хүмүүсээр дамжуулан хариуцагч нарт хүүтэй зээл олгож байсан. Зээлийн гэрээгээр Л.Ч-г нь өөрийн “Хаан” банкны 5135691792 данснаас 2014 оны 06 дугаар сарын 04-нд  30,000,000 төгрөг, 2014 оны  6 дугаар сарын 13-нд 50,000,000 төгрөг, 7 дугаар сарын 7-нд 30,000,000 төгрөг, 7 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг,  8 дугаар сарын 14-нд 25,000,000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 60,000,000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 13-нд 560,000 төгрөг, мөн өдөр 4,440,000 төгрөгийг Мягмарсүрэнгийн 5029943287   данс руу шилжүүлсэн.  2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 50,000,000 төгрөг, 03 дугаар сарын 30-ны өдөр 17,500,000 төгрөг, Ц.Мгийн данс руу хийсэн. Мөн өөрийн данснаас бэлнээр мөнгө аваад 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 82,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 01-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөгийг Ц.Мгийн данс руу бэлнээр шилжүүлсэн. 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөгийг Б.Эын 5063072498 тоот данснаас Ц.Мгийн данс руу шилжүүлсэн. 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Л.Нямдоржийн 5034329916 гэсэн данснаас Ц.Мгийн дансанд 15,000,000 төгрөг орсон байдаг. Л.Нямдорж бол Л.Чт зээлийн үүрэгтэй байсан. Л.Чийн гуйлтын дагуу Ц.Мгийн данс руу 15,000,000 төгрөг өгсөн гэх баримтыг өгсөн. Ингээд нийт 417,500,000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал сарын 5-7 хувийн хүүтэй 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор зээлийг төлнө, зээлийг төлөхгүй бол хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр талууд харилцан тохиролцон зээлийн гэрээг байгуулсан. 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгийг хариуцагч Ц.М төлсөн. 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зээлсэн 2,500,000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Я.Ганзоригийн данс руу орсон. Я.Г-н данс нь 5099690990, мөн 3,000,000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 20-нд, мөн оны 02 дугаар сарын 13-ны өдөр зээлдүүлсэн 4,440,000 төгрөгийг 05 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг болгон өгсөн байдаг гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Э, Л.Ч нартай зээлийн гэрээ байгуулсан Ц.М, Я.Гнар бол гэр бүлийн хүмүүс. Анх Архангай аймагт барилгын ажил эхлүүлэх зорилгоор энэ зээлийн гэрээ 2014 оноос үргэлжилсэн байдаг. Зээлийн гэрээний үүргийг 2015 оны 9 сард дуусах байсан боловч дуусаагүй тул талууд дахин харилцан тохиролцож үлдэгдэл мөнгө 578,000,000 төгрөг байна.  Энэ дээр 6 хувийн хүүгээр төлнө. 2016 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл 6 хувийн хүү, энийг хугацаандаа төлөөгүй бол хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө гэж харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан үнийн дүнгээр тооцоолон бодож гаргасан. Хариуцагч тал хүү тохиролцоогүй. Мөн 58,000,000 төгрөгийг өгөх ёсгүй гэдэг тайлбар хэлсэн. Гэхдээ нотлох баримтанд үндэслэж тайлбар хийхгүй байна гэж үзэж байна. 2015, 2014 онд дандаа хүүгээ төлж байсан нь Л.Чийн дансны хуулгаар тодорхой харагддаг. Үндсэн төлбөрөөс 10,000,000 төгрөг зээлснийг буцаагаад 3,000,000 төгрөгөөр 3 удаа, 1,000,000 төгрөгөөр 1 удаа, нийт 10,000,000 төгрөг төлж барагдуулсан. 2,500,000 төгрөгийг буцаагаад 3,000,000 төгрөг болгож төлсөн нь үндсэн төлбөрөөс хассан дүн байдаг. Хариуцагч тал үндсэн төлбөрөөс хассан гэж байгаа ч нотлох баримтаар нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч 2016 оны 5 дугаар сарын 01-нээс хойш гэрээ байгуулснаас хойш тооцсон мөнгийг үндсэн төлбөрөөсөө хасаад, хассан дүн нь 298,000,000 төгрөг болж, энэнээс хүү, алдангиа тооцсон. Ингэж тооцоолсон үнэ нь 680,992,000 төгрөг болсон. Хариуцагч төлбөр төлөх санаачлага гаргаагүй. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэх хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийг төлсөн. Би өөрийнхөө зүгээс зээл аваагүй. Манай нөхөр Я.Гнэхэмжлэгчээс зээл авахдаа миний дансаар л авдаг байсан тул энэ хэргийн хариуцагч нь би биш  гэжээ.

 

Хариуцагч Я.Ганзоригийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Я.Гнь Архангай аймагт орон сууцны барилга барих явцдаа Л.Чээс мөнгө зээлдэг байсан. Энэний тохиролцоонд Я.Гнь нэхэмжлэгчийг орон сууц авахад нь 8 хувийн зээлэнд хамруулж өгнө гэсэн тохиролцоо хийсэн байдаг. Барилга угсралтын явцад мөнгө хэрэгтэй болоход Л.Чтэй шууд утсаар яриад тэдэн төгрөг хэрэгтэй болчихлоо гэдэг байдлаар ярьж мөнгө авдаг байсан. Ингээд мөнгийг эхнэр Ц.Мгийн дансаар авч байсан. Мөнгө зээлэх явцад хүү тооцох зүйл байхгүй. Учир нь зээлийн гэрээг бичгээр үйлдээгүй. Энэ зээлийн харилцаа бол Л.Ч болон Я.Гнарын хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцэл. Я.Гнь 2014-2015 онуудад нийт 15 удаагийн  хэсэгчилсэн зээлээр нийт 395,000,000 төгрөгийн зээл авсан байдаг. Авсан зээлийг задалж хэлвэл 2014 оны 06 дугаар сарын 04-нд 30,000,000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 50,000,000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 30,000,000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 14-нд 25,000,000 төгрөг, 2014 онд нийт 145,000,000 төгрөгийн зээл авсан байдаг.

2015 оны 1 дүгээр сарын 16-нд 60,000,000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 13-нд 560,000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 13-нд 4,440,000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 16-нд 50,000,000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 30-нд 17,500,000 төгрөг,  2015 оны 03 дугаар сарын 30-нд 82,500,000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 03-нд 20,000,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 01-нд 5,000,000 төгрөг ингээд 2015 онд нийт 240,000,000 төгрөг зээлсэн. 2016  оны 01 дүгээр сарын 30-нд 2,500,000 төгрөг ингээд  нийтдээ 387,500,000 төгрөгийг Ганзориг нь зээлсэн байдаг. 2016 оноос хойш Чулуунцэцэг нь хүү тооцно гэж маргаан үүсгэж эхэлсэн.  Зээлдэгч Л.Ч, Я.Гнарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан ч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Л.Чээс авсан бүх мөнгөө төлж дуусгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв

                                                                    

Хариуцагч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нар нь 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 9 дүгээр сарын 27-ныг хүртэл нийт 7 удаа 160,000,000 төгрөгийг хариуцагч нарт зээлсэн. 2015 онд 8 удаа хэсэгчлэн 235,000,000 төгрөгийг зээлсэн. Нийт хариуцагч нарт  395,000,000 төгрөгийг дансаар дамжуулан 2 жилийн  хугацаанд  хэсэгчлэн зээлсэн байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байна. Харин  2014, 2015 оны онд байгуулагдсан зээлийн гэрээг бичгээр байгуулж, хүү тооцоогүй. Иймд нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү шаардах эрхгүй боловч Иргэний хуулийн 222-т зааснаар хугацаа хэтрүүлэх, 222.5-д зааснаар “мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх” үүрэгтэй гэж заасан байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-т зааснаар хүү шаардахын тулд хариуцагч нар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байх ёстой болж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ гэх баримтан дээр зааж өгсөн байдаг. Өөр үүрэг гүйцэтгэх хугацаа заасан баримт байхгүй. 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Ц.Мгийн үйлдсэн баримтаас үзвэл түүнийг зээлийн гэрээний хүү хугацааг тохирсон гэж үзэх үндэслэл болохгүй байна. Учир нь зээлийн гэрээний нэг тал нь Я.Гбайдаг, гэтэл зээлдэгч Я.Г-г хүсэл зоригоо илэрхийлж, хүү тохирч зээлийн гэрээний хугацааг тохирсон гэж үзэхгүй. Учир нь Ц.Мгийн үйлдсэн 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн баримт нь дээр зээлдэгч Я.Ганзоригийн гарын үсэг байхгүй бөгөөд Ц.М нь Я.Г өмнөөс түүнийг төлөөлөх эрхгүй байна. Иймд зээлдэгч Я.Г зээл төлөх хугацааг мэдэгдсэн, хүү төлөх талаар тохирсон гэж үзэхээргүй байна. Иймд хариуцагч Я.Гт 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ гэх баримтан дээр зээл төлөх хугацааг мэдэгдсэн гэж үзэхээргүй байна. Иймд зээлийн гэрээг анхнаасаа бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар л хүү шаардах эрхтэй байна. Зээлдэгч нар нь 2014 онд 38,940,000 төгрөг, 2015 онд 89,798,000 төгрөг буюу нийт 128,738,000 төгрөгийг төлсөн байна. Иймд үндсэн зээл болох 399,000,000 төгргөнөөс хасч тооцохоор 266,262,000 төгрөг үлдсэн байдаг. Ингээд зээлдэгч нар нь 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ гэх зүйлийг үйлдэх үед 266,262,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан байна. Тэрнээс биш 578,000,000 төгрөг зээл төлөх үүрэгтэй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн нь Иргэний хуульд нийцээгүй, хууль зөрчсөн байна. 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 266,262,000 төгрөгийг Я.Г, Ц.М нар нь төлөх үүрэгтэй байснаас  Я.Гнь 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 150,000,000 төгрөг төлсөн. 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 110,000,000 төгрөг төлсөн. 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөг, нийт 280,000,000 төгрөгийг төлсөн.

Нэхэмжлэгч Л.Ч, Б.Э нар нь 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр бичгээр баримт  үйлдэж хүүгийн хэмжээг 6 хувь гэж тохирсон учраас Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар хүү шаардах эрхтэй гэж харагдаж байна. 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр үйлдсэн баримтан дээр сар бүр 6 хувийн хүү төлнө гэсэн байгаа тул 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс үндсэн үүргийг гүйцэтгэх хүртэл хугацаанд нэхэмжлэгч хүү  шаардах эрхтэй байна. Хариуцагч Я.Гнь 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрөө 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нэг сарын дотор 260,000,000 төгрөгийг төлсөн учир 266,262,000 төгрөгөнд 1 /нэг/ сарын 6 хувийн хүү болох 15,975,720 төгрөгийг төлнө. Харин үлдэгдэл 6,262,000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр төлсөн тул 6,262,000 төгрөгөнд 1 /нэг/ сарын 6 хувийн хүү болох 375,720 төгрөг нийт 2 сарын хугацаанд 16,351,440 төгрөгийн хүү төлөхөөр харагдаж байна. 2014, 2015 онд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул Иргэний хуулийн 232.7 дахь хэсэгт зааснаар анз шаардах эрхгүй байна. Зээлийн гэрээ гэх 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээнд алдангийн талаар 0,5 хувийн алданги төлнө гэсэн боловч дээрхи заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. Учир нь алдангийг 232.6-д гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэмжээнээс тохиролцож хэрэглэдэг. Гэтэл дээрхи хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэсэн нь аль үнийн дүнгээс бодох талаар тохиролцоогүй учраас алдангийн тохиролцоо биш бөгөөд хуульд нийцээгүй гэж үзэж байна. Мөн хариуцагч Я.Гнь 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 7 дугаар сарын 04-ний өдрийн хооронд үүрэг гүйцэтгэж дууссан тул хамаарахгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа “Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ” гээр 58,800,000 төгрөгийг зээл гарч тус зээлийн төлбөрийг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч Ц.Мгийн данс руу шилжүүлсэн боловч хариуцагч тал “...мөнгөний хэрэг гаргасан тул дараа өгнө...” гэж хэлээд шилжүүлэн өгөөгүй байдаг. Иймд 58,800,000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага нотлох үүрэгтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Гэтэл хариуцагч Я.Г, Ц.М нэхэмжлэгч Л.Ч нар нь Л.Чийн дүү н.Жаргаланд дээрхи орон сууцыг 70,000,000 төгрөгөнд бодож өгнө гэсэн хүсэл зоригоо илэрхийлсэн нотлох баримт болох гэрээ хэлцэл байхгүй байна. Харин хариуцагч нар нь уг орон сууцны урьдчилгаа төлбөр 25,200,000 төгрөгийг авахгүй хасна гэж тохирсон гэж маргахгүй байгаа учраас 70,000,000 төгрөгнөөс 25,200,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 58,800,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ гэх зүйл нь иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 680,992,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Л.Ч, Б.Э нар нь хариуцагч Ц.М, Я.Гнарт холбогдуулан 680,992,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

 

            Нэхэмжлэгч нь  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ... хариуцагч Ц.М, Я.Гнар нь нэхэмжлэгчээс 2014-2016 оны хооронд нийт 417,500,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэйгээр, 7 сарын хугацаатайгаар зээлж авсан бөгөөд энэхүү зээлийн гэрээний үүрэгт 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 129,940,000 төгрөгийг төлсөн тул талууд 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өгсөн авсанаа тооцоход 578,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Ингээд 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өгсөн авснаа тооцож, уг зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 578,000,000 төгрөгөөр зээлийн гэрээ байгуулж, 578,000,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сард багтаан сарын 6 хувийн хүүтэйгээр төлөхөөр, 2016 оны 12 дугаар сард багтаан төлөөгүй тохиолдолд хоногийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон.

 

            Энэхүү мөнгөнөөс хариуцагч нь 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдөр 150,000,000 төгрөгийг, 6 дугаар сарын 02-ны өдөр 110,000,000 төгрөгийг, 07 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөгийг тус тус төлсөн тул зээлийн үлдэгдэл төлбөрт 298,000,000 төгрөг, хүүнд 175,092,000 төгрөг, алдангид 149,000,000 төгрөг, нийт 622,092,000 төгрөг, мөн хариуцагч Я.Г, Ц.М нарын барьж байгаа орон сууцнаас нэхэмжлэгч Л.Чийн дүү Ч.Жаргалан нь орон сууц худалдан авсан бөгөөд уг орон сууцны үнийн зөрүү болох 58,900,000 төгрөгийг хариуцагч нар нь буцаан шилжүүлэх ёстой байсан боловч шилжүүлээгүй юм. Иймд нийт 680,992,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна...гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

            Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ... хариуцагч Ц.М нь нэхэмжлэгчтэй ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй гэж, ...хариуцагч Я.Гнь нэхэмжлэгтэй зээлийн гэрээ байгуулж, зээл авсан ба уг зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү, алданги төлөх үүрэг хүлээгээгүй, авсан зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусгасан гэж...тайлбарлан мэтгэлцэж байна.

 

            Хариуцагч нар нь нэхэмжлэгч Л.Чээс хэд хэдэн удаагийн гүйлгээгээр 2014 онд 145,000,000 төгрөгийг, 2015 онд 240,000,000 төгрөгийг, 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөгийг, нийт 387,500,000 төгрөгийг зээлж авснаа хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

 

            Мөн нэхэмжлэгч Б.Эын 5063072498 тоот данснаас 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч Ц.Мгийн 5029943287 тоот дансруу 15,000,000 төгрөг орсон болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч Б.Э нь нэхэмжлэгч Л.Чийн хүсэлтийн дагуу уг 15,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Мгийн дансруу шилжүүлсэн гэх тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасныг зохигч хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

            Мөн хариуцагч Ц.Мгийн 5029943287 тоот дансруу 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Л.Нямдоржийн 5034329916 тоот данснаас 15,000,000 төгрөг шилжин орсон байх ба Л.Нямдорж нь нэхэмжлэгч Л.Чт уг мөнгийг өгөх ёстой байсан боловч Л.Чийн хүсэлтээр Ц.Мгийн дансанд шилжүүлсэн тухай баримтыг хэрэгт ирүүлсэн ба хариуцагч уг мөнгийг хүлээн авснаа  зөвшөөрч, маргахгүй байна.

            Иймд хариуцагч тал нь нэхэмжлэгч Л.Чээс 2014-2016 оны хооронд нийт 417,500,000 төгрөгийг зээлж авсан болох нь тогтоогдож байна /хх-48-67,140-176 тал/.

Хариуцагч Ц.М нь нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй, зээлийн гэрээний харилцаанд оролцож байгаагүй, хариуцагч Я.Гнь өөрийнх нь дансыг ашиглан Л.Чээс мөнгө авдаг байсан гэж тайлбарлаж байна.

 

Хэргийн 5,6,40 дүгээр талд авагдсан баримтуудад хариуцагч Ц.М, Я.Гнар нь Л.Чээс мөнгө зээлж авсанаа хүлээн зөвшөөрч, уг зээлсэн мөнгийг буцаан төлөх хугацаа болон үнийн дүнг баталгаажуулж гарын үсэг зурсан байх ба уг баримтуудад зурсан гарын үсгийг өөрийнх нь гарын үсэг мөн болохыг хариуцагч Ц.М хүлээн зөвшөөрч, маргахгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар Ц.М, Я.Гнарыг Л.Чтэй байгуулсан зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч Л.Ч болон хариуцагч Я.Г, Ц.М нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Харин нэхэмжлэгч Б.Э нь ...Л.Чийн хүсэлтээр хариуцагч Ц.Мгийн дансруу 15,000,000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарлан нэхэмжлэгчээр оролцсон ба нэхэмжлэгчийн энэхүү тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Л.Чийн даалгавраар хариуцагч Ц.Мгийн дансанд 15,000,000 шилжүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч Б.Э болон хариуцагч Ц.М, Я.Гнарын хооронд Иргэний хуулийн 39 дүгээр зүйл,40 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг байсан гэх байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч  Б.Э нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй.

            Зохигч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэдэгт маргахгүй байх боловч гэрээний хэлбэрээс шалтгаалж хүү шаардах эрх үүсэх эсэх талаар маргаж байна.

 

            Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэжээ.

 

Нэхэмжлэгч тал нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа.... хариуцагч нь нар нь сард 6 хувийн хүү төлнө гэж нэхэмжлэгчээс цувуулан 417,500,000 төгрөгийг зээлж авсан гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч нь ...Л.Чийг орон сууц авахад нь 8 хувийн зээлэнд хамруулж өгөхөөр тохирч мөнгө зээлсэн...гэх тайлбарыг гаргаж байх ба зохигчийн энэхүү тайлбараас үзэхэд талуудын хооронд хүү тохиролцох хүсэл зориг байсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчийн мөнгийг ашигласныхаа төлөө хариу төлбөр төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Түүнчлэн, хариуцагч нь нар нь зээлийн хүү гэх агуулгаар нэхэмжлэгчид төлбөр төлж байсан ба уг зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлөх үүрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн агуулгатай бичгийн баримтыг үйлдэж байсан,  мөн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 578,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан талаар тохиролцож, уг үнийн дүнгээр зээлийн гэрээ байгуулсан зэргээс үзэхэд талуудыг хүү төлөхөөр тохиролцсон, үүнийгээ бичгээр баталгаажуулсан гэж үзэх үндэслэлтэй байна /хх-5,6,140-176,181 тал/.

 

Иймд нэхэмжлэгч нь 2014-2016 оны хооронд хариуцагч нарт зээлсэн гэх 417,500,000 төгрөгтөө хүү тооцож, 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар хариуцагч нь зээлийн үндсэн төлбөрт болон хүүнд нийт 578,000,000 төгрөгний үлдэгдэл төлбөртэй гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж үзлээ.

 

            Хэрэгт талуудын хооронд 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Я.Г, Ц.М нар болон нэхэмжлэгч Л.Ч, Б.Этай нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ авагдсан ба уг зээлийн гэрээгээр хариуцагч нар нь нэхэмжлэгчээс 578,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэйгээр, 7 сарын хугацаатайгаар зээлэхээр тохиролцсон байх ба нэхэмжлэгч нь уг гэрээг үндэслэн хариуцагчаас зээлийн гэрээний хүү, алданги нэхэмжилжээ /хх-181 тал/.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт  мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэжээ.

 

Зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд энэхүү зээлийн гэрээний дагуу 578,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлээгүй байх бөгөөд 2014 оноос хойш өгч авалцсан мөнгийг тооцоод 578,000,000 үлдэгдэл байна гэж тохиролцон, уг үнийн дүнгээр зээлийн гэрээ байгуулсан байх тул уг зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэхгүй, харин талуудын хооронд өмнө нь байгуулагдсан зээлийн гэрээг дүгнэсэн баримт үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл энэхүү зээлийн гэрээ гэх баримтыг үндэслэн хариуцагч нар нь  2016 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 578,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй  байсан гэж үзэхээр байх тул уг зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэгч Л.Ч нь хариуцагч нараас зээлийн хүү, алданги шаардах эрхгүй.

 

Хариуцагч нь нар нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зээлийн гэрээний үүрэгт 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 212,000 төгрөгийг, 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдөр 150,000,000 төгрөгийг, 6 дугаар сарын 02-ны өдөр 110,000,000 төгрөгийг, 07 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөгийг, нийт 280,212,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт 297,788,000 /578,000,000-280,121,000/ төгрөгийг төлөх үүрэгтэй байна гэж үзлээ.

 

Мөн нэхэмжлэгч нь хариуцагч нарын иргэн н.Жаргаланд төлөх ёстой байсан гэх 58,900,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд иргэн н.Жаргалан нь энэхүү мөнгийг өөрийнх нь өмнөөс нэхэмжлэх эрхийг Л.Чт шилжүүлсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Л.Ч нь иргэн н.Жаргалангийн өмнөөс 58,900,000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нараас 297,788,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Л.Чт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 383,204,000 төгрөгний нэхэмжлэлийг болон нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэлийн тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

 ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.Г, Ц.М нараас 297,788,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Чт олгож, үлдэх 383,204,000 төгрөгний нэхэмжлэлийг болон нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,720,860 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Г, Ц.М нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,646,890 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Чт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                      

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.ЭНХЗАЯА