Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 155

 

    Г.Т, А.М  нарт

     холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

             прокурор Ч.Батбаяр,

            шүүгдэгч А.М-н өмгөөлөгч С.Дондов,

            шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Ч.Шаравнямбуу,

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын    10-ны өдрийн 2019/ШЗ/3658 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ч.Батбаярын бичсэн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Г.Т, А.М  нарт холбогдох 1806 07297 2084 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 1. О овгийн А-н М, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Тавилгын үйлдвэрт мужаан ажилтай, ам бүл 2, эхийн хамт ........... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............./;

2. Б овгийн Г-н Т, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ...... Их сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эгч нарын хамт ........... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............./;

Г.Т, А.М  нар бүлэглэн, 2018 оны 9 дүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г б” амралтын газар хохирогч М.С-г зодож, эрүүл мэндэд нь “зүүн бөөрний задрал, няцрал, бөөрний хальсан доорх цус хуралт, зүүн эгэм, мөр, бугалга, дал, гуянд зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Т, А.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлыг гүйцэд тогтоогоогүй байна гэж үзэн, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.  

Талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-т “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт” гэж заасны дагуу хэрэгт ач холбогдолтой шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагатай” гэсэн хүсэлт гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэжээ.

Өөрөөр хэлбэл, хэрэгт ач холбогдолтой хэргийн газарт байсан гэрч нарыг байцаагаагүй, шинжээчийн дүгнэлтэд “М.С-н биед зүүн бөөрний задрал, няцрал, бөөрний хальсан доор цус хуралт, зүүн эгэм, мөр, бугалга, дал, гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ” гэсэн нь хохирогч М.С-н биед учирсан бөөрний задрал, няцрал, хальсан доорх цус хуралт гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой юу эсхүл олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой юу гэдгийг тодруулах, мөн дээрх гэмтлүүд нь тус тусдаа хүнд, хөнгөн гэмтлийн алинд нь хамаарах болохыг тогтоох нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байна гэж шүүх үзэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5 дахь заалтад тус тус зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг гүйцэд тогтоогоогүй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул яллагдагч Г.Т, А.М  нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаав.

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Г.Т, А.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, мөн Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарлах төрлийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Батбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр яллагдагч нарын өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцаасан.

Хэрэгт ач холбогдолтой гэрч байцаагаагүй гэх заалтын тухайд хэргийг анх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 300 дугаартай шүүгчийн захирамжаар прокурорт буцаасан, прокуророос буцаасан захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн.

Давж заалдах шатны шүүх 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хэргийг хэлэлцээд “хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой” гэж дүгнэн, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Хэрэгт тухайн хэрэг үйлдэгдэх үед байсан гэрчүүд болох Э.Ууганцэцэцэг, Ч.Адьяа нараас гэрчээр мэдүүлэг авсан. Яллагдагч нар нь тухайн үед гэрчээр мэдүүлэг өгч, хохирогчийг бүлэглэн зодсон болохоо мэдүүлсэн байдаг.

Гэрч нарын мэдүүлгээр яллагдагч А.М, Г.Т нар нь бүлэглэн хохирогч М.С-г зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул хэрэгт өөр гэрчүүдээс мэдүүлэг авах нь хэрэгт ач холбогдолгүй буюу шаардлагагүй.

Хохирогчийн биед учирсан гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой юу, эсхүл олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой юу гэдгийг тодруулах талаар дурджээ.

Шинжээч эмчийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 10888 дугаартай дүгнэлтэд “М.С-н биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ” гэж тодорхой заасан байхад дээрх ажиллагааг заавал мөрдөн байцаалтын шатанд хийх шаардлагагүй, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шинжээч гаргасан дүгнэлттэй холбоотой асуудлаар шүүх, прокурор, мөрдөгчийн дуудсанаар хүрэлцэн ирж мэдүүлэг өгнө” гэх хуулийн заалтын дагуу анхан шатны шүүх хуралдаанд дүгнэлт гаргасан шинжээч эмчийг оролцуулан, түүнээс мэдүүлэг авч яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Мөн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1034 дугаартай магадлалд “анхан шатны шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр зохих гэрч, шинжээчийг оролцуулж, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан судалж, хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэх замаар дүгнэлт хийх боломжтой” гэж дүгнэж, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Дондов, Ч.Шаравнямбуу нараас гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана.” гэж заасны дагуу яллагдагч Г.Т, А.М  нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр болж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзээд, гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт, өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтүүдийг мөн дээрх хурал дээр хэлэлцсэн, хэлэлцээд хуульд заасны дагуу гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж, шийтгэх тогтоол гарсан байдаг.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч Г.Т, А.М  нарын үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, үйлдсэн этгээд, учирсан хохирол зэрэг нь тодорхой, нотлогдсон байх тул хэргийг прокурорт буцаасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3658 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурор эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Г.Т-н өмгөөлөгч Ч.Шаравнямбуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шинжээчийн 10888 дугаартай дүгнэлт нь ойлгомжгүй, тодорхойгүй гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх талаар хуульчилсан. Шинжээч хэдэн удаагийн үйлчлэлээр, хэний цохилтын улмаас гэхээсээ илүү хүнд гэмтэл хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэдгийг тогтоосон. Нэг удаагийн үйлчлэлээр хүнд гэмтэл үүссэн бол хоёр хүн яллагдахгүй байх боломжтой. Бусад гэмтлүүд нь гэмтлийн ямар зэрэгт хамаарч байгааг тогтоож, шүүгдэгч нарын үйлдэл оролцоог ялгах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн үйлчлэлээр эсхүл олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой эсэхийг тодруулах нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Иймд хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна. Нэмж хэлэх зүйлгүй. ...” гэв

Шүүгдэгч А.М-н өмгөөлөгч С.Дондов тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэгт нотлогдоогүй зүйлүүд их байсан. Тухайлбал, үйлчлэгч эмэгтэй “хойд талын эгнээнд зодоон хийж байсан залуучуудын тэнд унь байсан” гэсэн мэдүүлэг нь хавтас хэрэгт байгаа хохирогчийн “цагаан пүүзтэй А.М миний зүүн гарыг өшиглөж цохисон” гэсэн мэдүүлгээс зөрдөг. Түүнчлэн нотлогдоогүй байхад шүүгдэгч нарыг бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэж ялласан нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Г.Т, А.М  нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Г.Т, А.М  нарт холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1034 дугаартай магадлалаар анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Анхан шатны шүүх Г.Т, А.М  нарт холбогдох хэргийг хүлээн авч, өмгөөлөгч Ч.Шаравнямбуугийн хүсэлтийг /2 хх 3-5/ үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоож, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан явуулж, 2019/ШЗ/3658 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас  хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, мөн хэсгийн 1.1 дэх заалтад “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх”, 1.2 дахь заалтад “хэргийг прокурорт буцаах”-аар заасан ба хуулийн уг зохицуулалтаас үзэхэд шүүх хэргийг хүлээн аваад хэргийг түдгэлзүүлэх, харьяалах шүүхэд шилжүүлэх үндэслэлгүй байвал яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эсхүл хэргийг прокурорт буцаах шийдвэрийн аль нэгийг гарахаар хуульчилсан байна.

Анхан шатны шүүх уг хэргийг урьд 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 2154 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлжээ.

Нэгэнт анхан шатны шүүх яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн, давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин шүүх хуралдааны шатнаас эхлэн хянан хэлэлцүүлэхээр буцаасан байхад урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасантай нийцэхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчсөн байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЗ/3658 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Дээрх үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцаасантай холбоотой прокурор Ч.Батбаярын бичсэн эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.