Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
Хэргийн индекс | 101/2020/00031/И |
Дугаар | 601 |
Огноо | 2020-02-12 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 601
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн, даргалж, шүүгчид Б.Цолмонгэрэл, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *******,*******, Төр захиргааны ордон, БЗДЗДТГнэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ******* тоотод оршин суух, М.Шт /РД: МХ00000/ холбогдох
7.558.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарангоо,
Иргэдийн төлөөлөгч О.Энхтөр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч БЗДЗДТГдарга Б.Амартүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарангоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Б.Энь тус шүүхэд Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газар болон 5 дугаар хороонд тус тус холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний хөлс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Дээрх иргэний хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар эцэслэн хянаад 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 1605 дугаар тогтоолоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 1321 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, 5 дугаар хорооноос гэрээний гүйцэтгэл 7.425.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 133.750 төгрөг, нийт 7.558.750 төгрөгийг гаргуулж, Дүүргийн засаг даргын тамгын газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Ийнхүү шийдвэрлэхдээ “...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба нэхэмжлэгч болон Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны засаг даргын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ. Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-т “талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө” гэж заасан, нэхэмжлэгч ажлын хөлс шаардах эрхтэй” гэж дүгнэсэн.
Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны засаг дарга болон иргэн Б.Энарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж улмаар хариуцагч М.Ш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад хохирол учруулсан нь дээрх шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдоно.
Ийнхүү гэрээ байгуулахдаа Дүүргийн засаг даргын тамгын газар болон Засаг даргаас ямар нэгэн байдлаар гэрээ байгуулах зөвшөөрөл аваагүй, дур мэдэн гэрээ байгуулсан болно.
Мөн уг мөнгө нь манай тухайн жилийн төсөвт тусгагдаагүй бөгөөд Дүүргийн засаг даргын тамгын газар иргэн Б.Э*******тай ямар нэг гэрээ байгуулаагүй.
Хэдийгээр Монгол Улсын дээд шүүхээс 5 дугаар хорооноос холбогдох мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ч Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “... баг, хорооны засаг даргыг сум, дүүргийн засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох ...”, 28 дугаар зүйлийн 28.7-д “Баг, хорооны засаг даргын цалин, ажлаа явуулахтай холбогдсон бусад зардлыг сум, дүүргийн төсөвт тусгаж санхүүжүүлнэ” гэж зааснаар хороо нь өөрийн төсөвгүй, дүүргийн төсвөөс санхүүждэг тул дүүргийн засаг даргын тамгын газраас холбогдох мөнгийг төлж барагдуулсан.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”, 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус заасан.
Мөн түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсаны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” хэмээн захиргааны байгууллагын шаардах эрхийг тусгасан.
Дүүргийн засаг даргын тамгын газраас иргэн Б.Э*******тай Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүрэггүй буюу гэм буруугүй атлаа шүүхийн шийдвэрээр тогтоосон 5 дугаар хорооны засаг даргын гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой 7.558.750 төгрөгийг төлж барагдуулсан тул дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд гэм буруутай албан тушаалтнаас өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу төрийн байгууллагад учирсан хохирлыг Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны засаг даргаар ажиллаж байсан М.Шээс 7.558.750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч М.Ш шүүхэд гаргасан тайлбартаа:
М.Ш намайг 5 дугаар хорооны засаг даргаар ажиллаж байхад иргэн Б.Э*******тай Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан албан ёсны гэрээ огт байгуулаагүй.
Нэхэмжлэлд дурьдсан улсын тэмдэгтийн хураамж 133.750 төгрөг болон 7.558.750 төгрөгийг надаас байгууллагад учруулсан хохирол гэж гаргуулахаар дурдсаныг зөвшөөрөхгүй. Учир нь хороо бие даасан төрийн байгууллага биш гэдгийг мэдсээр байж өдий хүргэсэн.
Иргэн Б.Эхорооны хэсгийн ахлагч нартай тохиролцсон баримт байдаг тул засаг даргын тамгын газар хэсгийн ахлагч нараас нэхэмжилвэл зохих хохирлоо барагдуулах үндэслэлтэй. Б.Эсамбар хийж өгнө гээд 680.000 төгрөг аваад одоо хүртэл өгөөгүй.
Миний бие төлбөрийн чадваргүй, Худалдаа хөгжлийн банкинд цалингийн зээлтэй, Төрийн банкинд тэтгэврийн зээлтэй гэжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар нь хариуцагч Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байсан М.Шт холбогдуулан гэм хорын хохиролд 7.558.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Б.Энхлхагвын нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар болон мөн дүүргийн 5 дугаар хороонд холбогдох ажлын хөлс 8.095.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тус шүүх 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр /1221 тоот шийдвэр/ хянан шийдвэрлэсэн ба мөн дүүргийн 5 дугаар хорооноос 7.825.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Э*******д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас нь 160.000 төгрөгт холбогдох хэсгийг болон Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.
Дээрх шийдвэрт хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргасан ба Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 1295 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.
/ХХ-ийн 8-14, 17-21, 65-76 дугаар тал/
Уг иргэний хэргийг тус шүүх дахин шийдвэрлэн тус шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1108 дугаар шийдвэрээр хариуцагч Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооноос 6.835.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Э*******д олгож, нэхэмжлэлээс 1.260.000 төгрөгийн шаардлага болон хариуцагч Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон,
нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 144.470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 5 дугаар хорооноос 124.310 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.
Дээрхи шийдвэрт зохигч хэн аль давж заалдах журмаар гомдол гаргахад Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 1321 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 6.835.000 төгрөг гэснийг 7.425.000 төгрөг гэж, 1.260.000 төгрөгийн гэснийг 670.000 төгрөгийн гэж, 2 дахь заалтын 124.310 төгрөг гэснийг 133.750 төгрөг гэж тус тус өөрчилсөн байна.
Хариуцагч тал хяналтын журмаар гомдол гаргасан ба Улсын дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 1605 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
/ХХ-ийн 22-26, 28-30, 60-64, 103-115 дугаар тал/
Дээрхи шийдвэрүүдэд иргэн Б.Энь 2015 оны 5 дугаар сард Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргатай харилцан тохиролцон тус хорооны хэсгийн ахлагч нараас гаргасан хорооны айл өрхийн хаягжилтын бүртгэлийг үндэслэн нэг бүрийг нь 5.000 төгрөгөөр тооцон нийт 2.273 ширхэг гэрэлтдэг хаяг хийж хэсгийн ахлагч нарт хүлээлгэн өгсөн байх ба тухайн ажлын үр дүн доголдолтой байсан нь нотлогдоогүй бөгөөд хаяг тараагдаагүй гэх тайлбар нь хөлс төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй гэжээ.
Мөн хорооны Засаг дарга нь харьяалах хороотой холбоотой асуудлаар бусад этгээдтэй гэрээ хэлцэл хийх эрхтэй гэж дүгнэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй“ гэж заасан бөгөөд зохигч энэ талаар дахин нотлох шаардлагагүй.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-д “Баг, хорооны Засаг даргын цалин, ажлаа явуулахтай холбогдсон бусад зардлыг сум, дүүргийн төсөвт тусгаж санхүүжүүлнэ” гэж заасан ба хороо нь дүүргийн төсвөөс санхүүждэг тул Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар нь ажлын хөлс болон улсын тэмдэгтийн хураамж 7.478.750 төгрөгийг иргэн Б.Э*******д төлж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ба шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11/2004 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажилллагааг дуусгавар болгосон гэжээ.
/ХХ-ийн 99-100 дугаар тал/
М.Шийг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/77 тоот тушаалаар 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс, мөн засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн Б/38 тоот тушаалаар мөн өдрөөс нь тус дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргаар томилсон байна.
/ХХ-ийн 77-78 дугаар тал/
Тус дүүргийн 5 дугаар хорооны Засаг дарга М.Ш өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул дүүргийн засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Б/11 тоот тушаалаар 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
/ХХ-ийн 80 дугаар тал/
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”,
498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж,
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 1-т “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсаны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч тал нь хариуцагч Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байсан иргэн М.Ш дүүргийн Засаг даргын тамгын газар болон засаг даргаас зөвшөөрөл авалгүй гэрээ байгуулсан, уг мөнгө төсөвт тусгагдаагүй байсан тул М.Шийг албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдад гэм хорын хохирол учруулсан гэж үзэн 7.558.750 төгрөгийг нэхэмжилсэн талаараа тайлбарлаж байна.
Хорооны Засаг дарга нь өөрийн харьяалах хороотой холбоотой асуудлаар бусад этгээдтэй гэрээ хэлцэл хийх эрхтэй талаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан ба мөн иргэн Б.Энхлхагвын хийж гүйцэтгэсэн хаягийг тус хороо ашиглаж байгаа нь дээр дурьдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдож байна.
2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байсан М.Ш нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа өөрийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хорын хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч М.Шт холбогдох 7.558.750 төгрөг гаргуулах тухай БЗДЗДТГнэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 15 цаг 30 минутанд шүүх хуралдаан болохыг хариуцагч М.Шт шүүх хуралдаан болохоос 9 хоногийн өмнө мэдэгдсэн бөгөөд хариуцагч М.Ш нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч М.Шт холбогдох 7.558.750 төгрөг гаргуулах тухай БЗДЗДТГнэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН
ШҮҮГЧИД Б.ЦОЛМОНГЭРЭЛ
Д.ЦЭРЭНДОЛГОР