Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 257

 

                      “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн

                          нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болдбаатар, өмгөөлөгч Д.Батсүх, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэг, хариуцагч Нийслэлийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэн, гуравдагч этгээд “Юнимед интернэйшнл” ХХК-ийн өмгөөлөгч Б.Анхбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 142 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2017/0307 дугаар магадлалтай, “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газрын албанд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын өмгөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 142 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 9 дүгээр зүйлийн 9.1.7, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 298 дугаар, 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 782 дугаар, 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 293 дугаар захирамжуудын “Баянгол эмнэлэг”-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 326 дугаар захирамжаар нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 79723 м.кв газрын талбайн хэмжээгээр газрын кадастрын зургийг зөвтгөж, мэдээллийн санд бүртгэхийг Нийслэлийн газрын албанд даалгасан байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2017/0307 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 142 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаажээ.

Нэхэмжлэгч “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн өмгөөлөгч Д.Батсүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа шүүх “нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан тохиолдолд шүүх захиргааны акт илт хууль бус байх нөхцлүүд буюу маргаан бүхий актууд гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 он/ хуулийн 9 дүгээр зүйлд заасан үндэслэлүүд, түүний дотор нэхэмжлэгчээс тодорхойлж байгаа үндэслэлд дүгнэлт хийх, үүний тулд мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг заавал тодруулах шаардлагатай бөгөөд ийнхүү тодруулалгүй тухайн үндэслэлийг шүүх өөрөө тодорхойлж, Газрын тухай хууль тогтоомжоор газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх бүхий этгээд болох Нийслэлийн Засаг даргаас гаргасан захирамжуудыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 он/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д зааснаар буюу захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт хамааруулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ ...” гэсэн дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий захиргааны актуудыг гаргах “эрх зүйн үндэслэл байгаагүй”, “утга агуулгын илэрхий алдаатай” илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа үндэслэлээ шүүх хуралдаан дээр тодорхой тайлбарлаж, энэхүү тайлбараа бичгээр шүүхэд гарган өгсөн. Нэхэмжлэгч талаас маргаан бүхий захиргааны актуудыг илт хууль бус гэж гаргасан энэхүү тайлбартаа 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтын хүрээнд тайлбарлаж байсан. Нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын үндэслэл болоод агуулгыг маргаан бүхий акт гарах үед үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасныг үндэслэн шийдвэрээ гаргасныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Давж заалдах шатны шүүх “Үүнээс гадна нэхэмжлэгчийн тайлбараас харвал тэрээр хариуцагч албан тушаалтны Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн эзэмшил газрын хэмжээг багасгаж, “Баянгол эмнэлэг”-ийн эзэмшил газрыг томсгосон захиргааны актуудтай анх маргасан бөгөөд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Нийслэлийн Засаг даргын 2010 оны 782 дугаар захирамжийн ‘'Баянгол эмнэлэг”-т холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бусад тооцуулснаар тухайн захирамжийн өөрт нь холбогдох хэсэг буюу Эх нялхсын эрдэм шинжилгээний үндэсний төвийн газрыг 77775 м.кв болгон багасгасантай маргаж буй эсэх нь тодорхойгүй болсон, өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл тухайн хэмжээгээр газар эзэмшүүлснийг зөвшөөрч маргаагүй мэт, шүүхэд тэрхүү хэмжээгээр эзэмшүүлснийг зөвшөөрөөгүй агуулгатай тайлбар гаргаж байгаа нь хоорондоо зөрүүтэй байна ...” хэмээн хэрэгт цуглаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад нийцээгүй гэх дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний бие нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл, үүний дотор Нийслэлийн Засаг даргын 2010 оны 782 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт гэж үзэж буй үндэслэлийг анхан шатны шүүх хуралдаан дээр тодорхой дэлгэрэнгүй тайлбарласан. Тухайлбал: Нийслэлийн Засаг дарга дээрх газар эзэмшигчдийн хүсэлтийг үндэслэн гаргасан гэх 2010 оны 782 дугаар захирамжуудаа нэхэмжлэгчийн газрын эзэмшил газрын өөрчлөгдсөн хэмжээг “...77,775 м.кв” гэж, “Баянгол эмнэлэг”-ийн эзэмшил газрын өөрчлөгдсөн хэмжээг "...4420 м.кв” гэж тус тус заасан нь утга, агуулгын хувьд илэрхий алдаатай болсныг дурьдаад нэхэмжлэгчийн тухайн үед хүчин төгөлдөр шийдвэрээр эзэмшиж байсан газрын хэмжээ нь “...79,723 м.кв”, харин “Баянгол эмнэлэг”-ийн хуулийн дагуу эзэмших ёстой газар нь "...2069 кв.м..." байсан бөгөөд эзэмшил газраас хасаж, шилжүүлэх үйл ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан гэж үзэх тохиолдолд нэхэмжлэгчийн газрын хэмжээ "... 78723 кв.м... ”, “Баянгол эмнэлэг” "...3069 кв.м... ” болох ёстойг тайлбарласан. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 326 дугаар захирамжид зааснаар эмнэлгийн зориулалтаар нийт “...79,723 кв,м...” газар эзэмших эрхтэй байх бөгөөд энэ шийдвэр нь өнөөдрийн өдөр хүртэл хүчинтэй хэвээр байгаа, энэ захирамжийг хучингүй болгосон ямар нэгэн захирамж, шийдвэр байхгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа ба нэхэмжлэгчийн эзэмшил газраас Баянгол эмнэлэгт шилжүүлэн өгсөн асуудлыг шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 782 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээг өөрчилсөн 2007 оны 326 дугаар захирамжийн асуудлыг шийдвэрлээгүй байгаа. Газар эзэмших эрхийг баталгаажуулсан шийдвэр хүчинтэй хэвээр байгаа нь нэхэмжлэгч газар эзэмшигчийн эзэмшил газрын хэмжээг багасгаж, газар эзэмшигчийн эрхэд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй талаархи тайлбарыг анхан шатны шүүхэд гаргасан. Маргаан бүхий захиргааны акт болох 2010 оны 782 дугаар захирамжийг гаргасан хууль зүйн үндэслэлийг “.. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэг...” гэж тодорхойлсон байдаг. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл нь “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх”-тэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа ба энэ зүйлд заасан журмын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэл нь мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасан газар эзэмшигчийн эрхтэй салшгүй холбоотой. Нэхэмжлэгч нь төрийн байгууллага, Нийслэлийн Засаг дарга 2010 оны 782 дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн “энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй ...” гэснийг зөрчиж гаргасан Эх нялхас эрдэм шинжилгээний төвийн даргын хүсэлтийг үндэслэн эзэмшил газрын хэмжээг өөрчилсөн нь хууль зүйн хувьд илэрхий алдаатай талаар үндэслэл бүхий тайлбарыг анхан шатны шүүхэд гаргасан гэж үзэж байгаа. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн тайлбараар тодорхой тайлбарласан асуудлыг “зөрүүтэй” гэх шалтгаанаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3 дахь хэсэгт нийцэхгүй байна. Хариуцагч Нийслэлийн Газрын албанд холбогдох нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар давж заалдах шатны шүүх "... Нийслэлийн газрын алба Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг хэрэгжүүлэгч агентлагийн хувьд Засаг даргын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж газрын кадастрын мэдээллийн санд мэдээлэл оруулдаг, өөрөөр хэлбэл, бие даан бусдад газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэдэг буюу захиргааны акт гаргах эрх хэмжээтэй этгээд биш бөгөөд шүүх нэхэмжлэгчийн Нийслэлийн газрын албанд холбогдуулан даалгах шаардлага гаргасантай холбогдуулж тус албаны ямар эс үйлдэхүйг хууль бус гэж үзсэн, тэр нь захиргааны акт болох эсэхэд дүгнэлт өгөх, үүний тулд энэ талаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зайлшгүй тодруулахаар байна ...” гэсэн дүгнэлт хийжээ. Газрын тухай хууль, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжид зааснаар газар эзэмших эрхийн бүртгэлтэй холбоотой мэдээллүүдийг хянах, бүртгэх, өөрчлөх асуудлыг нийслэлд Нийслэлийн газрын албаны эрх бүхий албан тушаалтан эрхлэн гүйцэтгэх үүрэгтэй байдаг. Тухайлбал: Газар эзэмших эрхийн гэрчилгээг олгох дарааллын дагуу эзэмшилд олгогдсон газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлэх, солбицолжуулах, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэx, нэгж талбарын хувийн хэрэг үүсгэх зэрэг ажиллагааг хийх; Эзэмшил газраас бусдад шилжүүлэх өргөдлийг шийдвэрлэх үед суурин судалгааг хийх бөгөөд өргөдөлд дурьдсан газрын ажлын файл буюу урьд бүртгэлтэй байсан газрын файлаас солбицлыг тодорхойлох; Дээрх ажиллагаанууд хийгдэж, холбогдох шийдвэр гарсны дараа Газрын кадастрын мэдээллийн сангийн график болон хүснэгтэн мэдээллийн өөрчлөлтийг хийх; Газрын улсын бүртгэлийн мэдээллийн сан, Газрын нэгдмэл сангийн тоо бүртгэлийн мэдээллийн санг бүрдүүлэх, түүнд өөрчлөлт оруулах ... зэрэг асуудлыг Нийслэлийн газрын албаны кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн эрхлэн гүйцэтгэдэг байхаар холбогдох журмаар зохицуулсан. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 289 дүгээр захирамжийн “Баянгол эмнэлэг”-ийн эзэмшил газрын хэмжээг "2936 м.кв” гэж бичсэнийг нягтлан үзээгүй. Тус эмнэлгийн эзэмшил газрын хэмжээг “869 м.кв”-аар өсгөх тухай эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байхад газрын хэмжээг нэмэгдүүлэн бүртгэсэн нь “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 13.1 дэх хэсгийн “энэ журмын 2.1-д заагдсан үйл ажиллагаа хийгдэж холбогдох шийдвэр гарсан тохиолдолд газрын кадастрын мэдээллийн сангийн график болон хүснэгтэн мэдээлэлд өөрчлөлт шинэчлэлтийг хийнэ...” гэснийг зөрчсөн илтэд алдаатай шийдвэр болсон байдаг. Нийслэлийн газрын албаны кадастрын асуудал хариуцсан мэргэжилтний дээрх алдаатай үйлдлийн улмаас “869 м.кв” газар нэхэмжлэгчийн эзэмшил газраас хасагдаж, нэгж талбарын хувийн хэргийн холбогдох мэдээлэлд оруулсан өөрчлөлт нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй талаар тодорхой тайлбарласан байхад үүнийг тодруулах шаардлагатай гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т нийцээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх газрын албаны кадастрын холбогдох мэргэжилтнүүдээс мэдүүлэг авсан, эдгээр гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээ Газрын кадастрын мэдээллийн санд өөрчлөлт оруулсан асуудлаар өөр этгээдээс гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй болж, хэрэгт цугларсан бусад нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой болсон. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Юнимед интернэйшнл” ХХК-ийн өмгөөлөгч Б.Анхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв анх 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 782 дугаар захирамжийн “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв” болон “Баянгол эмнэлэг”-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2007 оны 326 дугаар захирамжаар олгосон 79723 м.кв газар эзэмших эрхийг сэргээхийг даалгах” нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү нэхэмжлэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Нийслэлийн Засаг даргын 2002 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 180 дугаар захирамжаар 87542 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон байна. Нэхэмжлэгч “Манай байгууллага 2003 оноос хойш гэрээгээ шинэчлэн байгуулаагүй, гэрчилгээний хугацааг сунгалгүйгээр өнөөдрийг хүрсэн ...” гэснээс үзвэл Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах ...” гэж заасныг зөрчсөн буюу энэхүү заалтын дагуу хүсэлтээ гаргаагүйгээс газар эзэмших эрхгүй болжээ. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж зааснаар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй хууль бусаар газар эзэмшиж байсан байна. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрх 2007 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дуусгавар болсон бөгөөд нэхэмжлэгч газар эзэмшигч биш, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Дээрхээс үзэхэд Газрын тухай хуулийн 27, 33 дугаар зүйлд зааснаар хэн нэг этгээдийн эзэмшлийн бус өөрөөр хэлбэл, төрийн байгууллагын эзэмшлийн бус 1948 м.кв газрыг Нийслэлийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд “Баянгол эмнэлэг” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т “Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй” гэсэн заалтыг зөрчжээ. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллага төрийн өмчийн газрыг эзэмших ашиглах эрхээ бусдад шилжүүлэх эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд Нийслэлийн Засаг дарга өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Анхан шатны шүүх "... нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дууссан гэх боловч Нийслэлийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 326 тоот захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшил газрын талбайн хэмжээг багасгаж 79723 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн ... Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн газар эзэмших эрхийг эрх бүхий байгууллагаас ямар нэгэн шийдвэрээр хүчингүй болгоогүй” гэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан байна. Иймд, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 142 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/МА/2017/0307 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв” нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 782 дугаар захирамжийн “Эх нялхасын эрдэм шинжилгээний төв” болон “Баянгол эмнэлэг”-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 326 дугаар захирамжаар “Эх нялхасын эрдэм шинжилгээний төв”-д олгосон 79723 м.кв газрын эзэмших эрхийг сэргээхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 298 дугаар захирамжийн, мөн 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 293 дугаар захирамжийн “Баянгол эмнэлэг” ХХК-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, “Эх нялхасын эрдэм шинжилгээний төв”-ийн эзэмшил газраас үндэслэлгүйгээр хассан газрын хэмжээг нэмж мэдээллийн санд оруулж, үнэн зөв бүртгэхийг даалгах шаардлагыг нэмэгдүүлэн гаргаж, анхан шатны шүүх эдгээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байхад давж заалдах шатны шүүхээс “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 782 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсэгт нэхэмжлэгч маргаж байгаа эсэх нь тодорхойгүй” гэж үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байх тул магадлалыг хүчингүй болгож, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв” /шинэ нэрээр/-д анх Нийслэлийн Засаг даргын 2002 оны 04 дүгээр  сарын 24-ний өдрийн 180 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд 8,75 га газрыг эмнэлгийн зориулалтаар ашиглах эрх олгож, улмаар 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 326 дугаар захирамжаар уг газрын хэмжээг 79723 м.кв болгон өөрчилж, эмнэлгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 298 дугаар захирамжаар “Баянгол эмнэлэг” ХХК-ийн 2069 м.кв газрын хэмжээг 3159 м.кв болгон нэмэгдүүлэхдээ “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн дээрх 79723 м.кв газрын зарим хэсэгтэй давхцуулсан, мөн 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 782 дугаар захирамжаар нэхэмжлэгч төрийн байгууллагын эзэмшил газрыг 77775 м.кв болгон багасгаж, түүний 1261 м.кв газрыг “Баянгол эмнэлэг” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.4, 35.2-т заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Тодруулбал, хариуцагч Нийслэлийн Засаг дарга 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 298 дугаар захирамжийн үндэслэлээ “...Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 24А дугаар захирамжийг биелүүлж гаргасан...” гэж тайлбарлах боловч уг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан “Эвлэрлийн гэрээ”-ээр “Сансара трейд” ХХК-ийн эзэмшиж байсан газраас 223 м.кв-ыг “Баянгол эмнэлэг” ХХК-д нэмж эзэмшүүлэхээр хэргийн оролцогчид тохирч эвлэрсэн байх бөгөөд энэ нь “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн эзэмших эрх бүхий газраас өөр байршилд байсан нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчиж, “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн эзэмших эрх бүхий газартай давхцуулан 1261 м.кв газрыг хууль бусаар “Баянгол эмнэлэг” ХХК-д эзэмшүүлсэн байна.

Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 35.2-т төрийн байгууллагын эзэмших эрх бүхий газрыг бусдад шилжүүлэхийг хориглосон байхад хариуцагч Нийслэлийн Засаг дарга “...“Баянгол эмнэлэг” ХХК болон “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн хооронд 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”, 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” зэргийг үндэслэн “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв” ХХК-ийн эзэмших эрх бүхий газраас 1261 м.кв газрыг “Баянгол эмнэлэг” ХХК-д шилжүүлэн, нэхэмжлэгчийн газрыг 77775 м.кв болгон багасгасан нь хууль бус болжээ.

Хариуцагч газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг Газрын тухай хуулийн 38.3, 38.4-т заасны дагуу шалган тодруулах, хуульд нийцүүлэн шийдвэрлэх үүрэгтэй тул “...газар эзэмшигчийн хүсэлт зоригийн дагуу 1261 м.кв газрыг “Баянгол эмнэлэг” ХХК-д олгосон...” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй. 

Иймд, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 782 дугаар захирамжийн “Эх нялхасын эрдэм шинжилгээний төв”, “Баянгол эмнэлэг” ХХК-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий 79723 м.кв газрын эрхийг сэргээн, Кадастрын мэдээллийн санд зөвтгөж бүртгэхийг хариуцагч нарт даалгасан анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 293 дугаар захирамжаар “Баянгол эмнэлэг” ХХК-ийн 4420 м.кв газрыг 5076 м.кв болгон нэмэгдүүлсэн хэсгийг илт хууль бус гэж нэхэмжлэгч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, “Баянгол эмнэлэг” ХХК-ийн 4420 м.кв газар дээр нэмж олгосон 656 м.кв газар нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий 79723 м.кв газартай давхцаагүй боловч уг 2011 оны 293 дугаар захирамжаар баталгаажсан “Баянгол эмнэлэг” ХХК-ийн 5076 м.кв газар нь нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газартай хэсэгчлэн давхцаж байгаа, мөн уг захиргааны акт илт хууль бус захиргааны актуудад үндэслэн гарсан зэрэг нөхцөл байдлыг дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэр буруу  биш байна.

Нийслэлийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 326 дугаар захирамж, 2007 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 0066394 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв” 79723 м.кв газрыг 2022 он хүртэл эмнэлгийн зориулалтаар эзэмших эрхтэй, өөрөөр хэлбэл, газар эзэмших эрх дуусгавар болох Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасан нөхцөл үүсээгүй байх тул гуравдагч этгээдийн “...нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болж, газар эзэмшигч биш болсон, нэхэмжлэл гаргах эрхгүй” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй. 

Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг бүхэлд нь, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2017/0307 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 142 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             М.БАТСУУРЬ

                       ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН