Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 182

 

 

 

 

 

 

2020               2               6                                          2020/ДШМ/182

 

 

Ч.Г-өд холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүжин,

шүүгдэгч Ч.Г-, түүний өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг, Ш.Төгсгэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С-, түүний өмгөөлөгч Ч.Булган, А.Отгонжаргал,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч А.Алтанхуяг, С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 975 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Г-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ч.Г-өд холбогдох эрүүгийн 1905009350230 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Ч.Г-, 19.. оны 7 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл............... нарын хамт ............... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ...................../;

Ч.Г- нь 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 21 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эргэн дурсахуй” шөнийн цэнгээний газарт найз Б.Баярмааг дээрэлхсэн гэх шалтгаанаар иргэн Ц.М-ын хүзүүнд хөлөөрөө өшиглөж хүзүүний 2 нугалмын бүрэн мултрал бүхий гэмтэл учруулж алсан,

2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 21 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эргэн дурсахуй” шөнийн цэнгээний газарт найз Б.Баярмааг дээрэлхсэн гэх шалтгаанаар иргэн Б.Шинэхүүтэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ч.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ч.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Г-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 30 хоног буюу 1 сарын хугацааг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 8 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Г-өд оногдуулсан 8 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Г-ийн цагдан хоригдсон 206 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Ч.Г-өд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг дурьдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс оршуулгын зардалтай холбогдох 4.836.556 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар 497.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4.1-д зааснаар Ч.Г-өөс 2005 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин М.Азхишиг, 2009 оны 12 дугаар сарын 3-ны өдөр төрсөн хүү М.Төрболд, 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин М.Төрхишиг, 2018 оны 6 дугаар сарын 2-ны өдөр төрсөн охин М.Одхишиг нарын тэжээгчээ алдсаны цалин хөлсний зөрүүд хүүхэд тус бүрт сар тутам 26.250 төгрөг гаргуулж тэдгээрийг 16 насанд хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл сар бүр эх Д.С-т олгож, Ч.Г- нь хохирогч Б.Шинэхүүд төлөх төлбөргүйг дурьдаж, хэрэгт хураагдан ирсэн 3 ширхэг Сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Ч.Г-өд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С-ийн өмгөөлөгч Д.Ганбат гаргасан давж заалдах гомдолдоо: “... Шүүгдэгч Ч.Г-ийн гэмт үйлдэл, гэм буруугийн асуудал, хэргийн зүйлчлэлийн тухайд ямар нэг маргаан байхгүй. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг гарсан байдал, хэзээ, хэрхэн, яаж үйлдэгдсэн”, мөн хуулийн 1.6 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” зэрэг нотолбол зохих байдлуудыг нэг мөр тогтоож, улмаар шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргах үндэслэл шаардлагыг хангаж  чадаагүй гэж хохирогчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Уг хэргийн улмаас учирсан гэм хор, түүний үр дагавар асар их юм. Талийгаач хувь хүнийхээ хувьд гэр бүл, найз нөхөд, ахан дүүс, хамт олондоо маш их нэр хүндтэй, хөдөлмөрч, тусч, өгөөмөр нэгэн байсан. Одоо ар гэрт нь 4 хагас өнчин бага насны хүүхэд, ипотекийн зээлтэй байр үлдсэн. Тэдний цаашдын амьдрал ирээдүй хэрхэн яаж өрнөх нь таашгүй. Үүнд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С- маш их гомдолтой шүүхээс олгосон ял шийтгэлийн хэмжээ багадсан гэж үзэж байхад шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгчид Ч.Г-өд оноосон ял хүндэдсэн хэмээн хөнгөрүүлэхийг хүссэн гомдлуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Шүүгдэгч тал гэм хорын бодит хохирол төлсөн болохоос өөр хохирол барагдуулаагүй, барагдуулж чадах ч үгүй. Гомдлын гол үндэслэл нь уг хэрэг гарах үндсийг хэн тавьсан, олон нийтийн газар архидан согтуурч, танхайрсан, мөн гэрч Б.Баярмаатай зодолдсон Б.Шинэхүүгийн гэмт үйлдлийг огт шалгаж тогтоогоогүй. Уг үйл баримтад ямар ч ач холбогдол өгөөгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрдэл хангалттай байхад уг үйл баримтад ямар ч хууль зүйн ач холбогдол дүгнэлт өгөөгүй. Б.Шинэхүүд ял завших боломж олгосонд хохирогч тал маш их гомдолтой байгаа.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг прокурорт буцааж, гомдлын дагуу хэргийг нэг мөр шийдвэрлэж өгөхийг хүсч байна. ...” гэжээ.

Шүүгдэгч Ч.Г- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. “...Миний бие Б.Шинэхүүгийн зүй бус, архидан согтуурсан, зодоон өдөөсөн, найз Б.Баярмааг зодсон үйлдлийг салган зогсоох зорилгоор үйл явдалд оролцож, огт санаандгүйгээр иргэн Ц.М-ын хүзүүн тус газар өшиглөн амь насанд нь хүрсэндээ чинь сэтгэлээсээ туйлын их харамсаж байна.

Цаг хугацааг ухрааж болдогсон бол тэр өдөр маргаан үүсгэж, зодоон өдөөсөн бүхнээс холуур явах байсан гэж өдөр бүр өөрийгөө буруутган харамсаж сууна. Миний хувьд хүлээцтэй тайван хүн. Энэ үйл явдал огтоос төлөвлөөгүй, санамсаргүй гэнэтийн зүйл болж өнгөрсөн. Би хийсэн хэрэгтээ бие сэтгэлээрээ харамсаж Ц.М-ын гэр бүл, гэргий Д.С-ээс дахин дахин уучлалт хүсэж, ажил явдлын зардал 25.233.807 төгрөгийг төлсөн болно.

Миний хувьд группт байдаг өрх толгойлсон төрсөн эгч Ч.Ган-Отгон, түүний 3 хүүхэд, Г.Анжелина, Г.Дөлгөөн, Г.Аминаа болон өөрийн охин Г.Энгүүнийг хувиараа ажил эрхлэн асран халамжилж, тэжээдэг болно.

Би хийсэн хэрэгтээ ямар нэг байдлаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаа үнэн зөвөөр мэдүүлж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Миний хийсэн хэрэг хохирогчийн гэр бүлд нөхөж баршгүй гарз авч ирсэнд үнэхээр харамсаж байна. Санаандгүй үйлдлээс бий болсон харамсалтай энэ хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх өөрийн дотоод итгэлээрээ ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Г-ийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би үйлчлүүлэгчийнхээ гомдлыг дэмжиж, мөн нэмэлт тайлбар хэлэхээр шүүх хуралдаанд оролцож байна. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх болон прокурор миний үйлчлүүлэгч Ч.Г-ийг буруутгах болсон үндэслэл нь 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр эд зүйлд хийсэн үзлэг байдаг. Уг үзлэгийг сайтар хийгээгүйгээс миний үйлчлүүлэгчийг хүний амь нас хохироосон хүнд гэмт хэрэгт холбогдуулж, өнөөдрийг хүртэл явсан байна. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Г-ийн өмгөөлөгч Ш.Төгсгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ч.Г-ийн ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэх хүсэлтийг дэмжиж оролцож байна. Хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг засаж залруулах үүрэгтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлэх үндэслэл байна гэж үзэж байна. Шүүгдэгч Ч.Г- нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн. Оршуулгын зардалтай холбогдолтой 25.233.807 төгрөгийг төлж барагдуулсан. Шүүгдэгч Ч.Г-өд хүнийг алах санаа зорилго байгаагүй. Эдгээр байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ял шийтгэл оногдуулсан зүйл, ангийн доод ял болох 8 жилийн хорих ялаас доош нь татаж, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж байна. Анхан шатны шүүх гурван сарын цалингийн дундажийг тогтоохгүй. Тэжээгчээ алдсаны тэтгэмж авахад цалингийн дундажийг яаж тооцсон байна түүнээс л тогтоох ёстой байсан гэж үзэж байна. Мөн 2 сарын нийгмийн даатгалыг төлсөн гээд байдаг боловч талийгаач 2 дугаар сарын 19-нд нас барсан. Тэгээд 2.500.000 төгрөгийн цалин авсан гээд байдаг. Энэ нь эргэлзээтэй байдаг. Хавтас хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөрт 337.620.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн байдаг. Үүнийг анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шийдвэрлэж чадаагүй байна. Энэ бүхнийг зөвтгөөд шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Билгүүжин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч хорих ял эдлэх байгууллагын дэглэмийн асуудлыг ярьж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар хорих ялыг нээлттэй, хаалттай дэглэмд эдлүүлэхийг гагцхүү шүүх шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Иймд анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дэглэмийн асуудлыг шийдвэрлэсэн. Шинэхүүгийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу гэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “бүлэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэж заасан байдаг. Бүлэглэсэн зүйл байхгүй. Баярмаа, Шинэхүү нар маргалдсан. Улмаар шүүгдэгч Ч.Г- найз болох Баярмааг өмөөрч М-г зодсон нөхцөл байдал байдаг. Бүлэглээд, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулаад байгаа зүйл байхгүй. Тэтгэмжийн асуудлыг анхан шатны шүүх буруу шийдвэрлэсэн асуудлыг давж заалдах шатны шүүх зөвтгөөд шийдвэрлэх бүрэн боломжтой гэж дүгнэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг талийгаачийн найз нөхөд хэдэн төгрөгийн согтууруулах ундааны зүйл худалдаж авсан, хэр зэрэг согтолттой байсан зэргийг тогтоогоогүй гэж байна. Эдгээрийг тогтоох нь ямар ч ач холбогдолгүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг нь камерын бичлэгээр тогтоогддог. Бичиг техникийн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой. Шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж байна. Уг гэмт хэргийн хор уршиг хэзээ ч арилахгүй. Иймд ялыг хөнгөрүүлэх боломжгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно. 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал, 1.2-д гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолно гэсэн заалтыг хангалгүй, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчин хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хохирогч Б.Шинэхүү нь 2019 оны 2 дугаар сарын 19-ний орой “Эргэн дурсахуй” цэнгээний газарт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Б.Баярмаад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэл гаргасны улмаас миний нөхрийн амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсоор байхад үл хайхран шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хэрэгт хяналт тавьж байсан хяналтын прокурор А.Намдаг нь яллагдагч Б.Шинэхүү, Б.Баярмаа нарын үйлдлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг зөрчин хохирогчийн хууль ёсны эрхийг ноцтойгоор зөрчсөн болох нь Улсын ерөнхий прокурорын газрын дотоод хяналт шалгалтын дүгнэлтээр тогтоогдсон байхад А.Намдагийн үйлдсэн яллах дүгнэлтийн хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн нь мөн л хүний эрх, хууль зөрсөн гэж үзэж байна. Тиймээс:

Б.Шинэхүү, Б.Баярмаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэж байна.

Шүүх тэжээгчээ алдсаны тэтгэмж, цалингийн зөрүүг тогтоохдоо бага насны 4 хүүхдэд маань тус бүрт нь сар бүр 26.250 төгрөг олгохоор буруу дүгнэлт гарган шийдвэрлэсэн байна. Сарын дундаж цалин 1.500.000 төгрөгөөс 4 хүүхдэд нийлээд 270.000 төгрөгийн тэтгэмж тогтоогдсоныг хасаад 1.230.000 төгрөгийг 4 хүүхдэд хуваахад хүүхэд бүрт 307.500 төгрөг олгогдож, эдийн засгийн хувьд хохирогчийн авч байсан цалинтай дүйж байх байтал багасгаж алдаатай тооцож хохиролтойгоор шийдвэрлэсэн. Харин шүүгдэгчид давуу байдал олгосон илт хууль бус шийдвэр гаргажээ. Сар бүр 1.230.000 төгрөг, 1 жилд 14.760.000 төгрөг олгохоор байна. Энэ алдааг засаж залруулах, хохирогчийн гомдол, хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөлийг үл хайхран Ч.Г-өд хэт бага ял оногдуулж, хүн амины хэрэг үйлдсэн гэмт этгээдийг нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдсэнд гомдолтой байна. Хорих ялыг нь нэмж, хаалттай хорих ангид эдлүүлэх.

Ч.Г-ийн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн амь насанд аюултай нөхцөл бий болгосны үндсэн дээр “миний нөхрийн амь бие хохирсон байдал нь” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг байтал энэхүү зүйл, заалтыг үл хэрэглэж, зөвхөн Хүнийг алах гэмт хэрэгт зүйлчилсэн нь зүйлчлэл буруу хийгдсэн гэж үзэж гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хэргийг бүхэлд нь хянан үзэж дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С-ийн өмгөөлөгч Ч.Булган тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэрэг үйлдсэн хүн Эрүүгийн хариуцлага хүлээх ёстой байтал хүн амины гэмт хэрэг гарах гол шалтгаан нөхцөлийг үүсгэсэн Шинэхүү гэх хүн ялаас мултарсан. Үүнд маш их гомдолтой байна. Анхан шатны шүүх дүгнэлт гаргахдаа үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Хавтас хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, камерийн бичлэг зэргээр Шинэхүү гэх хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд зааснаар хүний амь нас хохирсон гэмт хэрэг гаргахад гол нөлөөлсөн гэм буруутай гэдэг нь тогтоогдсон байтал хяналтын прокурор Намдаг хэргийг шүүхэд шилжүүлэхдээ үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгож хохирогчийн эрх ашгийг зөрчсөн. Шинэхүү болон Баярмаа нар уг гэмт хэргийг гарах гол нөхцөлийг бүрдүүлсэн хүмүүс байтал ялаас мултарсанд туйлын гомдолтой байна. Уг хоёр хүнийг татуулахаар хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах, анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэргийг буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С-ийн өмгөөлөгч А.Отгонжаргал тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “Ч.Г- нь өөрийн найз Б.Баярмааг үл таних Б.Шинэхүүгээс өмөөрсний улмаас бүжгийн талбайд байсан Б.Шинэхүүгийн найз Ц.М-ын араас толгойн баруун хэсэгт нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөж, хүзүүн тус газарт гараараа нэг удаа цохисон, улмаар Ч.Г- нь баруун хөлөөрөө Б.Шинэхүүгийн эрүү хэсэгт өшиглөж, мөн гараараа цохисон хэргийн үйл баримт тогтоогдсон байна. ...Шүүхээс шүүгдэгч Ч.Г-өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдэгдэхэд хөнгөн гэмт хэргийн хохирогч Б.Шинэхүүгийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байдал ... зэргийг харгалзан үзлээ” гэжээ.

Дээрх дүгнэлтээс үзвэл, тухайн гэмт хэрэг буюу шүүгдэгч Ч.Г- нь талийгаач Ц.М-ын хүзүүн тус газар өшиглөж алсан хэрэгт хохирогч Б.Шинэхүүгийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байна гэж ойлгогдож байна.

Гэвч мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн эд мөрийн баримтаар хураагдсан тухайн газрын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн “...Шинэхүү нь Баярмааг хүзүүдсэн байрлалаас зүүнээс баруун тийш цээжийг нь доош даран тонгорох үйлдэл хийх үед Б.Баярмаа нь цээжээ дээш өргөн босоод Б.Шинэхүүтэй зууралдах бөгөөд энэ үед талийгаач Ц.М- Б.Шинэхүүг баруун гараараа барих гэж хий үйлдэл хийж байв. Яг энэ үед Ч.Г- талийгаач Ц.М-ын хойд талаас баруун хөлөөрөө талийгаачийн шилэн хүзүүний хэсэгт нэг удаа өшиглөх бөгөөд...” гэсэн хэсэг /1хх-32/,

хохирогч Б.Шинэхүүгийн “...ингээд би бүжгийн талбай дээр бүжиглэж байхад намхан нуруутай жижиг залуу намайг дуудахаар нь би очсон. Тэгээд би тэр залууг найзын ёсоор тэвэрсэн. Тэр залуу надад нэг эмэгтэй хүний тухай яриад байсан бөгөөд тэр залуу надад найзыгаа аваад яв гэж хэлсэн. ...Би тухайн үед уг нь асуудал үүсгэмээргүй байна, төрсөн өдрөө тэмдэглэж байна гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу миний хүзүүнээс тэвэрсэн байсан гарыг тавиулах гэж оролдох үед ноцолдож эхэлсэн. Тэр жижиг залуу миний зүүн нүд рүү гараараа цохьсон бөгөөд уг нь хэд хэдэн удаа цохих гэж оролдсон боловч тухайн цохилтууд нь орохгүй байсан. Тэгтэл жижиг залуутай хамт явж байсан өндөр нуруутай залуу нь миний толгой руу өшиглөсөн. Тэр өшиглөлт нь миний зүүн талын хацарны хэсэгт оносон байдаг. ...Зодоон дууссны дараа би богино хэмжээнд ухаан балартсан бөгөөд нэг ухаан ороод харахад Ц.М- газар уначихсан дээшээ хараад хэвтэж байсан. ...Миний биед учирсан гэмтлийг жижиг нуруутай залуу буюу Баярмаа гараараа зүүн шанаанд цохиж, харин өндөр нуруутай залуу буюу Гантөгс баруун хөлөөрөө зүүн шанаанд өшиглөх үед үүссэн гэмтэл байгаа юм” /1хх-57,58/ гэж мэдүүлсэн мэдүүлэг зэргээс үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Ч.Г-өд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болгосон дүгнэлтэд дурьдсан “хохирогч Б.Шинэхүүгийн зүй бус үйлдэл нөлөөлсөн” болох нь тогтоогдохгүй байна.

Түүнчлэн шүүх “Ч.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “шүүгдэгчид хорих ял оногдуулсан бол уг ялыг эдлүүлэх хорих байгууллагын дэглэмийг заасан үндэслэл”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана гэснийг хангаагүй бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн ямар нөхцөл байдал нөлөөлсөн, эсхүл ямар хувийн байдал тогтоогдсон учраас нээлттэй хорих байгууллагад ял эдлэх болсон талаараа хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө гэж хуульчилжээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх эрхгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй.

Хэргийг дээрх үндэслэлээр хүчингүй болгосон тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдсан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг тэмдэглэж, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 975 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Г-өд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцтэл шүүгдэгч Ч.Г-өд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР                              

                                    ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ