Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00348

 

“...........” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 453 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 60 дугаар магадлалтай,

“...........” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Н.С, Б.А нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэг болон хохиролд 103,425,640.09 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгсдэн төлөөлөгч Д.Наран, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “...........” ХХК нь хариуцагч Н.С, Б.А нарт холбогдуулан 2018.07.31-ны өдрийн ЗГ/20184373188 тоот зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэг болон хохиролд 103,425,640.09 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар зарим хэсгийг зөвшөөрөөгүй байна.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 453 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т зааснаар хариуцагч Н.С, Б.А нараас нийт 103,425,640.09 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “...........” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Н.С, Б.А нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Х.Мөнхчимэгийн өмчлөлд бүртгэлтэй, Дархан сум, 8-р баг, Нарантолгой 3 гудамж, 9 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн ........... дугаарт бүртгэлтэй, 268.0 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын ........... дугаартай, эрхийн бүртгэлийн Г-...........дугаарт бүртгэлтэй, 1.552 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж болохыг мэдэгдэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 745,278 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.С, Б.А нараас улсын тэмдэгтийн хураамжид 745,278 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “...........” ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 60 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 453 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...........ны нэхэмжлэлтэй Н.С, Б.А нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны магадлалыг эс зөвшөөрч тус шүүхэд хандаж дараах гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. Шийдвэр, магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг хангаагүй буюу анхан шатны шүүх тус хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон этгээд болох Х.Мөнхчимэгийн тус шүүхэд гаргасан хүсэлтүүдийг хангалгүй хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа дараах үндэслэлүүд байна.

4.1. Энэ хэргийн хариуцагч Н.С нь Х.Мөнхчимэгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний газрыг ...........анд 100 сая төгрөгийн барьцаанд тавихдаа уг зээлсэн 100 сая төгрөгөөр 3 сарын хугацаанд амины орон сууц барьж уг барьсан амины орон сууцаа ...........ны барьцаанд тавьж Х.Мөнхчимэгийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгнө гэсэн хэлцлийг Х.Мөнхчимэгтэй хийж 100 сая төгрөгийг банкнаас авсан байна. Н.С, Б.А нар нь ...........наас зээлсэн хөрөнгөөр амины орон сууц барьж уг барилга нь 50 хувийн гүйцэтгэлтэй байхад нь барьцаалуулагч Х.Мөнхчимэгт мэдэгдэлгүй барьсан барилгаа Л.Ганшагай гэдэг этгээдийн өмчлөлд хууль бусаар шилжүүлж 33 сая төгрөг зээлсэн байдаг. Х.Мөнхчимэг нь Н.Сэлэнгийн энэхүү хууль бус үйлдлээс болж өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг банканд алдах эрсдэлд орсон тул шүүхэд хандаж “...Н.Сэлэнгийн өмчлөлд улсын бүртгэлийн Ү-2003021630 дугаарт бүртгүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт байгаа бүх баримтыг Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулах, Х.Мөнхчимэгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг ........... барьцаанд авахдаа бодит үнээс нь хэт өндөр үнэлж авсан гэж үзэж байгаа тул Х.Мөнхчимэгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- 2003008164 дугаарт бүртгэлтэй амины орон сууц, Г-...........дугаарт бүртгэлтэй өмчлөх эрхтэй газрыг үл хөдлөх эд хөрөнгө үнэлэх эрхтэй компаниар үнэлүүлэх, ...........наас Н.С, Б.А нарт 100 сая төгрөгийн зээл олгохдоо уг зээлийн талаар хийсэн судалгааны бүх баримтыг зээлийн хувийн хэргээс нотлох баримтаар гаргуулах” хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолгүй гэсэн үндэслэлээр хангахгүй орхисонд гуравдагч этгээд Х.Мөнхчимэг гомдолтой байгаа болно.

4.2. Шүүхийн энэ шийдвэр гарснаас хойш энэ хэргийн хариуцагч Н.С нь өөртэй нь хамт ажиллаж байсан сувилагч н.Мэндбаярийн өмчлөлийн орон сууцыг банкны барьцаанд тавьж 25 сая төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийн улмаас 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялаа эдэлж байгаа нь цаашид ...........анд төлөх 103 сая төгрөгийн төлбөрөө төлж чадахгүй болсон нь тодорхой болж гуравдагч этгээд Х.Мөнхчимэгийн барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгө эрсдэлд орсон тул Х.Мөнхчимэг нь Н.С, Б.А нараас хохирлоо шүүхээр нэхэмжлэх эсвэл Цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах асуудлыг шийдэхийн тулд өөрт нь гуравдагч этгээдийн хувьд хуулиар олгогдсон эрхийн дагуу давж заалдах гомдол гаргаж хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан болно. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалынхаа “Хянавал” хэсэгт хийсэн дүгнэлтдээ “Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь ........... зээлдэгчтэй байгуулсан гэрээндээ үл хөдлөх эд хөрөнгийн үнийг өсгөж бодит үнээс илүүгээр тооцож барьцааны гэрээ байгуулсан, зээлийг сайтар судлалгүй олгосон гэх үндэслэлийг гаргаж нотлохыг хүсч байгаа боловч талуудын байгуулсан гэрээг энэ үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцох, барьцаа дуусгавар болгох хууль зүйн үр дагаврыг үүсгэхгүй юм. Иймд дээрх ажиллагааг явуулах шаардлагагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байх бөгөөд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлт хийн шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байгаа болно.

4.3. Х.Мөнхчимэгийн хувьд шүүхийн шийдвэрээр Н.С, Б.А нараас гаргуулахаар шийдвэрлэсэн 103,425,640 төгрөгийн үнийн дүн дээр маргаагүй, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.4-т зааснаар ...нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эвлэрэхээс бусад эрхийг эдэлдгийн хувьд зөвхөн шүүхэд гаргасан хүсэлтийг нь хангаагүй эрхийг нь зөрчсөн гэж үзэж гомдол гаргаж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн болно. Энэ хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч “...........” ХХК нь хариуцагч Н.С, Б.А нарт холбогдуулан 2018.07.31-ний өдрийн ЗГ/20184373188 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2020.01.20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 94,938,931.48 төгрөг, зээлийн хүү 8,381,331.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 87,577.39 төгрөг, нотариатын зардал 17,800 төгрөг, нийт 103,425,640.09 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нар “...фэйсбүүк залиланд өртөж 250,000,000 орчим төгрөгөө алдсан учир банкны зээлийг төлж чадаагүй, нэхэмжилсэн 103,425,640.09 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрнө, барьцаа хөрөнгийн зарим хэсгийг нь чөлөөлүүлэх, өөр хөрөнгөөр солих саналтай” гэжээ.

Энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Х.Мөнхчимэг оролцож, тайлбар гаргахдаа “итгэлцлийн үндсэн дээр өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, амины орон сууцаа барьж дуусаад барьцаа хөрөнгөө сольё гэж тохирсон, ........... барьцаа хөрөнгийг судлахгүйгээр, гуравдагч этгээдэд ямар ч мэдээлэл өгөхгүйгээр зээл олгосон, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэсэн байна.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн ба шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

8. Зохигчийн хооронд 2018.07.31-ний өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ, эдгээрийн хүчин төгөлдөр байдлын талаар, олгосон 100,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 84 сарын туршид буцаан төлөх үүргээ хариуцагч нар зохих ёсоор биелүүлээгүй ноцтой зөрчлийн улмаас нэхэмжлэгч 2020.01.20-ны өдрөөр тасалбар болгож гэрээг цуцлан, уг хугацаа хүртэл гүйцэтгэвэл зохих үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд 103,425,640.09 төгрөг шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцсэн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

9. Барьцааны зүйл нь гуравдагч этгээдийн өмчлөлийн хөрөнгө байж болдог бөгөөд Х.Мөнхчимэг нь өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сум 8-р баг, Нарантолгойн 3-р гудамжны 9 тоотод байршилтай, 268 м.кв талбайтай хувийн сууц, 1552 м.кв талбайтай газрыг барьцаанд тавих эрхийг итгэмжлэлээр олгосны дагуу “...........” ХХК болон Н.С нарын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр, хариуцагч нар зээлээ хугацаанд нь төлөөгүйгээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

10. Гуравдагч этгээд Х.Мөнхчимэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийг олгохдоо судалгаа хийгээгүй, барьцааны зүйлийн үнийг бодит үнээс өсгөж үнэлсэн гэж эдгээртэй холбогдуулж нэхэмжлэгч “...........” ХХК-аас зээл олгоход бүрдүүлсэн баримтыг гаргуулах, өөрийн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг үнэлгээний компаниар тогтоолгох, түүнчлэн Н.Сэлэнгийн өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн талаарх баримт бичгийг улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулах хүсэлтийг гаргасныг шүүх хэрэгт ач холбогдолгүй гэж үзэн хангахгүй орхисныг буруутгах үндэслэлгүй.

Учир нь хэргийн оролцогчийн өөрөө бүрдүүлэх боломжгүй бөгөөд хэрэгт ач холбогдолтой, хамааралтай буюу зохигчийн хооронд үүссэн маргаанд нөлөөлөх нотлох баримтыг хүсэлтийн дагуу шүүх бүрдүүлэх үүргийг хүлээх ба зээл олгох үеийн судалгаа хийсэн байдал, барьцааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгох гуравдагч этгээдийн хүсэлт нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад аливаа хууль зүйн үр дагаврыг үүсгэх боломжгүй, энэ тухай хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөлгүй байна.

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн, нотлох баримт шүүхээр бүрдүүлэх гуравдагч этгээдийн эрхийг хязгаарласан ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 453 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 60 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Мөнхчимэг /итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа/ 2020.06.23-ны өдөр 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД