Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2020/00437

 


 

 

 

2020 оны 02 сарын 14 өдөр                   Дугаар 183/ШШ2020/00437                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- .................. тоотод оршин суух, . А- 

нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, ............ тоотод оршин суух Б- нарын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Хан-Уул дүүрэг ................. тоотод оршин суух, В-холбогдох,

гуравдагч этгээд- Хан-Уул дүүрэг, ............ тоотод оршин суух, Г-

2017-02-03-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 319.403.782 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч ............../, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..............., хариуцагчийн өмгөөлөгч ................, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Т............тэй 2017 оны 02 сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 55.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлж авсан, зээлийн барьцаанд охин Э.Б-гийн өмчлөлийн ........... аймаг, ........... сумын 4-р баг, Хэрх гүн худаг гудамж 99 тоотод байрлах, 4047 м.кв газартай, ........... дугаарын гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Г-555555555 дугаарт бүртгэлтэй, 814,7 м.кв, 4 м.кв талбай бүхий хүнсний агуулах, цэвэр усны худаг зориулалттай үл хөдлөх хөрөнгийг надад олгосон итгэмжлэлийн дагуу барьцаалах гэтэл зээлдүүлэгч Т............ барьцаа хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулан өөрийнх нь өмчлөлд шилжүүлэн өгөхийг шаардсан. Тухайн үед яаралтай мөнгөний хэрэгцээ байсан тул арга буюу 2017 оны 02 сарын 03-ны өдөр Т............тэй “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан, зээлээ төлж дуусаад барьцааны дээрх хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлж авахаар тохирсон. Миний төлөвлөсөн ажил удааширснаас орж ирэх мөнгө маань бүтэхгүй болж зээлийн гэрээний хугацаа дууссан. Тухайн үед энэ тухайгаа Т............өд утсаар хэлж хугацаа сунгах талаар учирласан боловч тэрээр “Та нартай тохиролцох юм байхгүй” гэсэн хариуг өгсөн. Дахин Т............ рүү залгаж учир байдлаа ярих гэхээр ихэнхдээ утсаа авахгүй, утсаа авсан тохиолдолд учир шалтгааныг хүлээж авах боломжгүй гэдэг байсан. Ингээд 2018 оны 6 сарын 27-нд Зүүнхараад амьдардаг танилаас “танай агуулахыг хүмүүс буулгаж байна” гэсэн мэдээлэл аваад очиход ........... нь агуулахын байрны 80 хувийг дур мэдэн зээлдэгч надад болон ёсны өмчлөгч Э.Б-д мэдэгдэлгүй буулгасан байдалтай байсан. Мөн уг газар дээр байдаг 3 айлын 60 м.кв тоосгон байрны хаалгыг эвдэн орж хүмүүс байрлуулсан байсан. Энэ газар дээр улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдаагүй 100 гаруй сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө байдаг. Иймд иргэн Т............тэй 2017 оны 02 сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны гэрээг халхавчилж, гэрээний талууд эрх тэгш байх зарчмыг зөрчин хууль бусаар хийсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х.А- нь надаас 55 сая төгрөг зээлж, бидний хооронд 2017 оны 02 сарын 03-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Улмаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ........... аймаг, ........... сумын 4-р баг, Хэрх гүн худаг гудамж, 99 тоот хаягт байршилтай, 4047 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай үл хөдөлөх эд хөрөнгийг тус газар дээр баригдсан 814,7, 4,0 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан. Зээлийн гэрээнд зааснаар гэрээний үүргийг 2 сарын хугацаанд биелүүлэх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй, гэрээний үндсэн үүргийг огт биелүүлээгүй, зээлийн эргэн төлөх хугацаа болсноос хойш удаа дараа шаардаж байсан боловч сүүлдээ бүр утсаа авахгүй төдийгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй, олдохоо больсон. Зээлийн гэрээний 4-т “зээлдэгч зээлээ хугацаандаа барагдуулаагүй тохиолдолд зээлдүүлэгч барьцаа хөрөнгийг 14 хоногийн дараа захиран зарцуулах эрхтэй” гэж заасан болохыг нэхэмжлэгч анхаарах хэрэгтэй. Хүчин төгөлдөр бусд тооцуулах гээд байгаа гэрээ нь талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулсан хүчин төгөлдөр гэрээ болно. Талууд хэн нэгэнд худалдах худалдан авах гэрээ байгуулсан болж харагдах гэж, эсхүл татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор энэ гэрээг байгуулаагүй. Харин ч илүү их итгэлцэл бий болгох үүднээс худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Барьцааны гэрээг халхавчлах ямар ч шаардлага байхгүй буюу барьцааны гэрээг халхавчлах ямар ч зорилго байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Э.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ........... аймаг, ........... сумын 4 дүгээр багийн Хэрх гүн худаг гудамжны 99 тоот хаягт улсын бүртгэлийн Г-555555555 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 8888888888 дугаартай, ........... дугаарын гэрчилгээтэй, 4047 м2 талбайтай газар болон мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-555555555 дугаарт бүртгэлтэй, 814.7 м.кв, 4.0 м.кв талбайтай хүнсний агуулах, цэвэр усны худгийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль өмчлөгч нь юм. Миний бие өөрийн төрсөн эцэг Х.А-ын санал, хүсэлтийн дагуу өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээ зээлийн гэрээний гүйцэтгэлд барьцаалахыг зөвшөөрч, тэдгээрийг худалдах, зээлийн барьцаанд тавих эрхийг эцэг Х.А-таа 2017.02.02-ны өдрийн итгэмжлэлээр олгосон юм. Эцэг Х.А- нь миний олгосон итгэмжлэлийн дагуу Т............ гэж хүнтэй 2017.02.03-ны өдөр 55 сая төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээ байгуулж, тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаанд миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан байсан. Харин барьцааны гэрээ байгуулах үед Т............ийн шаардлагын дагуу миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг Т............ийн нэр дээр шилжүүлж барьцаалсан байсан. Зээлийн гэрээнд барьцаалсан миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд нь өнгөрсөн хугацаанд миний эзэмшил, ашиглалтад байсан. Тэдгээр үл хөдлхө хөрөнгүүдийг Т............ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж өгөөгүй. Гэтэл Т............ нь Х.А-ыг зээлээ хугацаандаа төлөөгүй гэдгээр шалтаглаж, өмчлөгч надад урьдчилан мэдэгдэж, миний зөвшөөрлийг авалгүйгээр, 2017.06.27-ны өдөр миний эзэмших, ашиглах, өмчлөх эрхэд байсан үл хөдлөх эд хөрөнгүүдэд маань хууль бусаар халдаж, хүнсний агуулахын барилгыг буулгаад, ачаад явсан байсан. Одоо тус барилгаас зөвхөн хундам суурь нь л үлдсэн. Холбогдох хууль тогтоомжоор тогтоосон журмын дагуу бол Т............ нь гэрээний өр төлбөрөө шүүхийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар л барьцаа хөрөнгөөс гаргуулан авах эрхтэй болохоос бус хууль ёсны эзэмших, ашиглах, өмчлөх эрхэд байгаа барьцаа хөрөнгөд дур зоргоор, хууль бусаар халдаж, буулгаж авч явах ямар ч эрхгүй. Миний бие Т............ийн буулгаж, ачиж явсан агуулахын барилгыг 2014 онд өөрийн эзэмшлийн “Эрчим арт” ХХК-ийн нэр дээр барьж байгуулсан бөгөөд сүүлд нь 2017 онд өөрийн нэр дээр өмчлөх эрхийг нь шилжүүлсэн. Тус агуулахын барилгыг 2014 онд нийт 319.403.782 төгрөгийн зардлаар, өөрийн хөрөнгө, хүч хөдөлмөрөө зориулж барьсан. Бусдын өмчлөлийн эд хөрөнгөд хууль бусаар халдсан үйлдлийн улмаас өмчлөгч надад 319.403.782 төгрөгийн бодит хохирол учраад байгаа тул уг мөнгийг Т............өөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би аливаа хууль бус үйлдэл хийгээгүй. Мөн тус шүүхэд Б-гийн аав Х.А-ын нэхэмжлэлтэй надад холбогдох үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэгдсэний дараа энэ хэргийг хянан шийдвэрлэх боломжтой тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.А- нь хариуцагчаар Т............ийг татаж, түүнд холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах /1-р хх-1-2/,

нэхэмжлэгч Э.Б- нь хариуцагчаар Т............ийг татаж, түүнд холбогдуулан өөрийн өмчлөлийн эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 319.403.782 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан /1-р хх-71-72/ байх бөгөөд нэхэмжлэгч Э.Б- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.А-, Т............ нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэмэгдүүлсэн шаардлага гаргасан /2-р хх-28/.

 

Э.Б-гийн нэхэмжлэлтэй Т............өд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШТ2018/00481 дугаартай тогтоолоор Х.А-ын нэхэмжлэлтэй Т............өд холбогдох иргэний хэрэгт нэгтгэсэн байна /1-р хх-137-138/.

 

Нэхэмжлэгч Х.А- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн итгэмжлэлээр Г.Туулд гурван жилийн хугацаатай олгосон /1-р хх-14/, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Туул нь 2018-09-03-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг өмгөөлөгч Д.Бат-Оргилтой байгуулсан /1-р хх-25/, нэхэмжлэгч Э.Б- нь эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг өмгөөлөгч Д.Бат-Оргилтой 2018-10-09-ний өдөр байгуулсан /1-р хх-115-116/.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Туул, нэхэмжлэгч Э.Б- нар шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, эзгүйд, байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулж болно, өмгөөлөгч Д.Бат-Оргил оролцох тухай хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан /2-р хх-36, 37, 78, 79/.

 

Хариуцагч Т............ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны, 2018-10-30-ны өдрийн итгэмжлэлээр Б.Тунгалагтуяад хоёр жилийн хугацаатай олгосон /1-р хх-32, 134/ байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчөөр Л.Банзрагчийг оролцуулах хүсэлтийг 2019-02-13-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан байна /хх-187/.

 

Хариуцагч Т............ нь нэхэмжлэгч Х.А-т холбогдуулан 2017-02-03-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөрт 55.000.000 төгрөг, 2 сарын хүүд 8.800.000 төгрөг, гэрээний 2.6-д заасны дагуу алдангид 27.500.000 төгрөг, нийт 91.300.000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан /хх1-р хх-33/ байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлээ татан авах хүсэлт /1-р хх-51/ гаргаснаар шүүгчийн 2018-10-19-ний өдрийн 183/ШЗ2018/12280 дугаартай захирамжаар сөрөг нэхэмжлэлээ татан авсныг баталсан байна /1-р хх-54/.

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ч.Г-ыг гуравдагч этгээдээр оролцуулах тухай шүүхийн 183/ШТ2018/00520 дугаартай тогтоол 2018-11-27-ны өдөр гарсан /1-р хх-153/ байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татагдсан гуравдагч этгээд Ч.Г- нь “...тус шүүхэд А-, Б- нарын нэхэмжлэлтэй Т............өд холбогдох хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа юм байна. Миний хувьд нэхэмжлэгч болон хариуцагч нартай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй болно. Миний бие иргэн ...оос 2017-10-30-ны өдөр ........... аймгийн ........... сумын 4-р баг, Хэрх гүн худаг гудамж 99 тоот хаягт байршилтай, Г-1307002696 дугаарын гэрчилгээтэй газрын болон үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны шударга өмчлөгч мөн. Иймд дээрх маргаан надад хамааралгүй тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлтийг гаргасан байна /1-р хх-163/.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Х.А-, хариуцагч Т............ нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 55.000.000 төгрөгийн зээлийг Х.А- нь Т............өөс авах, Ү-555555555, Г-1307002696 дугаартай үл хөдлөх хөрөнгө, газрыг зээлдүүлэгчийн өмчлөлд барьцаа хөрөнгийн зориулалтаар худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэх ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн дуусгавар болсон үед зээлдэгчийн өмчлөлд буцаан шилжүүлнэ гэж тохиролцжээ /1-р хх-5/.

 

Харин 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн огноотой үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хоёр гэрээг худалдагч Э.Б-г төлөөлж Х.А-, худалдан авагч Т............ нар байгуулсан байх бөгөөд

нэг гэрээ нь худалдагч ........... аймгийн ........... сумын 4-р баг, хэрх гүн худаг гудамж, 99 тоот хаягт байршилтай, 4047 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч тал худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр, үл хөдлөх хөрөнгийг худалдагч тал худалдан авагч 1.000.000 төгрөгөөр худалдахаар /1-р хх-6/,

нөгөө гэрээ нь худалдагч ........... аймгийн ........... сумын 4-р баг, хэрх гүн худаг гудамж, 99 тоот хаягт байршилтай, 817,4 м.кв, 4.0 м.кв талбайтай, хүнсний агуулах, цэвэр усны худаг зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч тал худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр, үл хөдлөх хөрөнгийг худалдагч тал худалдан авагч 1.000.000 төгрөгөөр худалдахаар /1-р хх-75/ тус тус тохиролцсон байна.

 

Дээрх гэрээний зүйл болох ........... аймгийн ........... сумын 4-р баг, хэрх гүн худаг гудамж, 99 тоот хаягт байршилтай, 4047 м.кв талбайтай зүйл нь гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар байх бөгөөд уг газрын хууль ёсны өмчлөгч нь А-ын Б- болох нь 000347961 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбараар /1-р хх-8/

........... аймгийн ........... сумын 4-р баг, хэрх гүн худаг гудамж, 99 тоот хаягт байршилтай, 817,4 м.кв, 4.0 м.кв талбайтай, хүнсний агуулах, цэвэр усны худаг зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь А-ын Б- болох нь 00381056 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбараар /1-р хх-76/ тус тус тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Э.Б- нь ........... аймгийн ........... сумын 4-р баг, Хэрх Гүн худаг гудамж, 99 тоот хаягт байрлах, 000347961 тоот гэрчилгээтэй, 4047 м.кв талбайтай, Г-1307002696 улсын бүртгэлийн дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай, 814,7 м.кв, 4.0 м.кв талбайтай, Ү-555555555 улсын бүртгэлийн дугаартай, хүнсний агуулах, цэвэр усны худаг зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, зээлийн барьцаанд тавих гэрээ хэлцэл байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, нотариатаар гэрчлүүлэх бүрэн эрхийг Х.А-т 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэлээр гурван жилийн хугацаатай тус тус олгосныг Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч гэрчилсэн байна /1-р хх-7, 74/. 

 

Нэхэмжлэгч Х.А- нь хариуцагч Т............өөс 55.000.000 төгрөг зээлсэн, зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээнд нэхэмжлэгч Э.Б-гийн дээрх өмчлөлийн Г-1307002696 улсын бүртгэлийн дугаартай газар, Ү-555555555 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаа хөрөнгийн зориулалтаар худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн дуусгавар болсон үед зээлдэгчийн өмчлөлд буцаан шилжүүлэхээр зээлийн гэрээний 3.1-д тусгасан байх бөгөөд уг гэрээг ........... аймгийн ........... сумын тойргийн 331 дугаартай нотариатч гэрээний үнэн зөвийг гэрчилсэн байна /1-р хх-5/.

 

Дээрх гэрээ, итгэмжлэл хэрэгт авагдснаар нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ “...Т............өөс нэхэмжлэгч Х.А- зээл авсан, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцаа хөрөнгө шаардсан тул нэхэмжлэгч Э.Б-гийн өмчлөлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан боловч энэ талаарх гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, Т............ийн шаардснаар худалдах худалдан авах гэрээ байгуулсан, зээлийн гэрээ 2 сарын хугацаатай, зээлийн төлбөрийг бүрэн төлснөөр барьцаа хөрөнгө чөлөөлөгдөх тохиролцоог хийсэн боловч энэ үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг халхавчилж хийгдсэн учир хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа.  Ингээд Х.А- зээлийн төлбөр төлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байхад Т............ нь нэхэмжлэгч Э.Б-гийн өмчлөлийн хөрөнгийг буулгаж хохирол учруулсан...” гэж,

хариуцагч тал татгалзлын үндэслэлээ “...нэхэмжлэгч Х.А- зээлийн гэрээний үүрэгт нэг ч удаа төлөлт хийгээгүй тул худалдах худалдан авах гэрээний зүйл болох хөрөнгийг иргэн ...од худалдсан, зээлийн гэрээний үүргийн шаардлага гаргаагүй байгаа нь зээлийн гэрээний үүрэгт хөрөнгө тооцохыг зөвшөөрч байна гэж үзэх үндэслэлтэй, Т............ уг хөрөнгийг буулгаж нэхэмжлэгчид хохирол учруулаагүй, биет байдлаар нь бусдад худалдсан, одоо энэ хөрөнгийн өмчлөгч нь Г- болсон байх тул хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тус тус тайлбарласан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” тул нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.

 

Нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээ өөрчлөх, нэмэгдүүлэх, багасгах, тодруулах эхртэй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шаардлага тус бүрийг нарийвчлан тогтоож, нэхэмжлэгч чухамхүү юу хүсч буйг тодорхой болгон, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг хооронд нь зааглан ялгахгүйгээр зохигчидын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, эсхүл шүүхэд гаргасан шаардлагынхаа үндэслэлийг нэмэгдүүлж буйг анхаарч, эрх зүйн үндэслэл, үр дагавар, зорилго зэргийг нь анхааран, шийдвэрлэж буй маргааны зүйлийг шүүх тодорхойлох үүрэгтэй.

 

Тиймээс хариуцагч талын гэрээг сайн дурын үндсэн дээр чөлөөтэй байгуулсан, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдээгүй гэх тайлбар татгалзал үндэслэлгүй байна. Учир нь хүсэл зориг гэж тодорхой этгээдийн иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох буюу хэлцэл хийх эрмэлзлэлийг хэлэх бөгөөд уг эрмэлзлэлийн гадаад илэрлийг хүсэл зоригийн илэрхийлэл гэж ойлгох юм. Тиймээс Х.А-, Т............ нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 3.1-т Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-р заалтыг үндэслэн үл хөдлөх хөрөнгө, газрыг зээлдүүлэгчийн өмчлөлд барьцаа хөрөнгийн зориулалтаар шилжүүлэх, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон үед зээлдэгчийн өмчлөлд буцаан шилжүүлэхээр тохирсон тохиролцоо нь нэхэмжлэгч Х.А-ын хүсэл зоригийн илэрхийлэл байна.

 

Хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Х.А- нь хариуцагчаас 55 сая төгрөгийн зээлийг 2 сарын хугацаатай авсан атлаа нэхэмжлэгч Э.Б-гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болон газрыг тус бүр 1.000.000 төгрөгөөр худалдсан мэтээр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь зээлдүүлэгч 55 сая төгрөгийн зээлийн гэрээнд 2.000.000 төгрөгний үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө газрыг, зээлдэгч нь 55.000.000 төгрөгийн үүрэгт дээрх үл хөдлөх хөрөнгө, газрыг харилцан тооцож шилжүүлэх хүсэл зориг гэрээний оролцогч талын хэн алинд нь байгаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийг зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлгох бөгөөд зохигчид үл хөдлөх хөрөнгө барьцаалах гэрээг бичгээр байгуулаагүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар эдгээр гэрээ талуудын хооронд амаар байгуулагдсан байсан ч хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүйгээр хүчин төгөлдөр бус хэлцэл болох юм.

 

Өөрөөр хэлбэл үүрэг нь Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар үүсдэг ба талууд анхнаасаа зээлийн гэрээний харилцаанд орж байгаа бол зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон үл хөдлөх хөрөнгө барьцаалуулж байгаа бол барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болохоор байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлбэрийн шаардлага хангасан хэлцэл боловч агуулгын хувьд барьцааны гэрээг халхавчлах зорилгоор хийгдсэн байх тул уг гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болох бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

 

Тиймээс нэхэмжлэгч нарын Х.А-, Т............ нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай хоёр гэрээг хүчин төгөлдөр бус болохыг шүүх тогтоосноор нэхэмжлэгч Э.Б-гийн нэхэмжлэлийн шаарлага нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар хангагдах үндэслэл болно.

 

Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжиж ирсэн хөрөнгийг өмчлөгч өөр этгээд байгаа тул манайх хариуцахгүй гэх хариуцагч талын татгалзал мөн үндэслэлгүй байна. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаар дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн зүйл болох  ........... аймгийн ........... сумын 4-р баг, хэрх гүн худаг гудамж, 99 тоот хаягт байршилтай, 4047 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын анхны өмчлөгч нь Н.Энхболд байх бөгөөд газар худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Ч....д, дараа нь Х.А-т, дараа нь Э.Б-д, дараа нь Т............өд, дараа нь Г....од, дараа нь Ч.Г-д,

мөн хаягт байршилтай, 817,4 м.кв, 4.0 м.кв талбайтай, хүнсний агуулах, цэвэр усны худаг зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн анхны өмчлөгч нь Ч.... байх бөгөөд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Х.А-т, дараа нь Э.Б-д, дараа нь Т............өд, дараа нь Г....од, дараа нь Ч.Г-д тус тус шилжиж бүртгэгдсэн байна /2-р хх-45-74/.

 

Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэхийн тулд анхны хэлцлийн хүчин төгөлдөр бус байдал дараагийн хэлцлийн хүчин төгөлдөр байдалд шууд нөлөөлөх эсэх, хэлцлийн зүйл болох эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрх, улсын бүртгэлийн үнэн зөв байдлын зарчимд нийцэх эсэх зэрэг эрх зүйн тухайн маргаанд хамааралтай байдлын талаар хариуцагч маргаагүй бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцлийн зүйл болох дээрх газар нь 2013-10-16-ний өдрөөс 2017-10-30-ны өдрийг хүртэлх цаг хугацаанд хийгдсэн худалдах худалдан авах гэрээнд үнийн дүн нь 1.000.000 төгрөгөөр, үл хөдлөх хөрөнгө нь 2016-11-04-ний өдрөөс 2017-10-30-ны өдрийг хүртэлх цаг хугацаанд хийгдсэн худалдах худалдан авах гэрээнд үнийн дүн нь мөн адил 1.000.000 төгрөгөөр бичигдсэн байна.

 

Нөгөө талаар, аливаа хэлцлийн хүчин төгөлдөр байдлын асуудлаар маргаан үүсч буй тохиолдолд тухайн хэлцлийн оролцогч тал энэ талаар мэдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй ба тухайн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцвол зохих этгээд болох Ч.Г- нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө, газрын хууль ёсны өмчлөгч байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцохдоо энэ хэргийн нэхэмжлэгч болон хариуцагч нартай ямар нэгэн эрх зүйн харилцаанд оролцоогүй, иргэн ...оос 2017-10-30-ны өдөр худалдан авсан шударга өмчлөгч тул уг маргаан надад хамааралгүй, миний эзгүйд хэргийг шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргасан /1-р хх-163/ байна.

 

Ийнхүү хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч, өмчлөгч болсон үл хөдлөх хөрөнгө, газрыг хариуцагч Т............ нь иргэн Г....од худалдсан буюу гуравдагч этгээдэд шилжүүлснээр нэхэмжлэгч Э.Б-гийн өмчлөлийн газар дээр баригдсан үл хөдлөх хөрөнгө бодитойгоор байхгүй болсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч тал үгүйсгэж, няцаагаагүй бөгөөд нэхэмжлэгч Э.Б- нь шаардах эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, шинжээчээр “Тод үнэлгээ” ХХК-ийг шинжээчээр томилсон байна /1-р хх-234-235/.

 

Шинжээчийн үнэлгээний тайланд Т............ийн буулгаж ачиж явсан сэндвич хийцийн барилгын өртгийн үнэ цэнийг 2018 оны буулгах үеийн байдлаар 188.076.000 төгрөгийн үнээр, уг буулгасан үл хөдлөх хөрөнгө буюу ган караказ бүхий сэндвич хана дээвэртэй барилгын өмнөх хэвийн байдалд сэргээх буюу элэгдэл тооцсон өртгийн үнэ цэнийг 189.461.000 төгрөгөөр тус тус үнэлгээ тогтоосон байна /2-р хх-3-18/.

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж, мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заасан бөгөөд хохирлын хэмжээ нь эд хөрөнгөд учирсан бодит хохирол болон олох ёстой байсан орлого хамаарах юм.

 

Нэхэмжлэгч Э.Б-гийн шаардлага нь өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр урьдчилан мэдэгдэлгүй хууль бусаар халдаж, буулгаж, ачиж авч явснаар хохирол учирсан гэж, уг үл хөдлөх хөрөнгийг 319.403.782 төгрөгийн өртөг зардлаар барьж бий болгосон талаар нэхэмжлэлдээ дурдсан.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн зүйл болох  ........... аймгийн ........... сумын 4-р баг, хэрх гүн худаг гудамж, 99 тоот хаягт байршилтай, 4047 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын анхны өмчлөгч нь Н.Энхболд байх бөгөөд газар худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Ч....д шилжиж түүнээс мөн гэрээний үндсэн дээр Х.А-т 2016-11-21-ний өдөр шилжсэн байх бөгөөд 2017-02-01-ний өдрийн худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр 2017-02-01-ний өдөр Э.Б-гийн өмчлөлд бүртгэгдсэн, мөн хаягт байршилтай, 817,4 м.кв, 4.0 м.кв талбайтай, хүнсний агуулах, цэвэр усны худаг зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн анхны өмчлөгч нь Ч.... бөгөөд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Х.А-т 2016-11-21-ний өдөр шилжиж, 2017-02-01-ний өдрийн худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр 2017-02-01-ний өдөр нэхэмжлэгч Э.Б-гийн өмчлөлд бүртгэгдсэн байх тул уг нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болох өөрийн хөрөнгө, хүч хөдөлмөр болон 319.403.782 төгрөгийн зардлаар бий болсон гэх үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Тиймээс шинжээчийн дүгнэлт нь байхгүй болсон үл хөдлөх хөрөнгийг дахин барих зардлын хэмжээг тогтоосон нь бодит хохирол биш тул 2018 онд буулгах үеийн сэндвич хийцийн барилгын өртгийн үнэ 188.076.000 төгрөг нь бодит хохирол юм.  

 

Хариуцагч Т............өд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрх олгогдоогүй, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн үйлдлийн улмаас учирсан хохирлын талаар шаардсан тул өнөөдөр тухайн үл хөдлөх хөрөнгө хэний өмчлөлд байх нь энэ хэрэг маргаанд хамааралгүй бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүссэн үр дагавар нь нэхэмжлэгч Э.Б-гийн өмчлөлийн хөрөнгөд хохирол учирсан байх тул бодит хохиролд 188.076.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

 

Гэм хор учирснаас хариуцлага хүлээх үндэслэл нь хохирогчид гэм хор учруулсан хууль бус үйлдэл, уг үйлдэл болон учирсан гэм хорын хоорондох шалтгаант холбоо тогтоогдсон байх явдал бөгөөд бусдын эрх, амь, нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээдийг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан. Иймд хариуцагч талын нэхэмжлэгч Х.А-ыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноор барьцаа хөрөнгийг худалдсан гэх тайлбараар нэхэмжлэгч Э.Б-гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Э.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болсон.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Х.А-, хариуцагч Т............ нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хүнсний агуулах, цэвэр усны худаг зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоосноор мөн хуулийн 56.4-т зааснаар нэхэмжлэгч Э.Б-гийн эд хөрөнгөд учруулсан хохиролд 188.076.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд томилогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд хэргийн оролцогчид иргэдийн төлөөлөгчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэхэд тухайлан гаргах санал хүсэлтгүй гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн оролцоогүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгч Х.А-аас 2018-07-27-ны өдөр төлсөн 432.950 төгрөг /1-р хх-3/, нэхэмжлэгч Э.Б-гоос 2018-09-11-ний өдөр төлсөн 1.754.970 төгрөг /1-р хх-73/, 2019-12-27-нд төлсөн 433.000 төгрөг /2-р хх-29/ тус тус төлсөн байна.

 

Нэхэмжлэгч Х.А-ын нэхэмжлэлийн шаардлага нь 2017-02-03-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах бөгөөд уг хоёр гэрээний дүн нь 2.000.000 төгрөг байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-т зааснаар уг шаардлагад ногдох хураамж нь 46.950 төгрөг байх тул 432.950 төгрөгөөс 46.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 386.000 төгрөгийг төрийн сангийн данснаас, хариуцагч Т............өөс 46.950 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х.А-т олгож,

нэхэмжлэгч Э.Б-гийн 2018-09-11-ний өдөр төлсөн 1.754.970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2019-12-27-ны өдөр төлсөн 433.000 төгрөгний 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 386.050 төгрөгийг төрийн сангийн данснаас, хариуцагч Т............өөс 46.950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.Б-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.4, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан Х.А-, Т............ нарын хооронд 2017-02-03-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай хоёр гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож,

хариуцагч ............/-өөс хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан бодит хохиролд 188.076.000 /нэг зуун наян найман сая далан зургаан мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хотгойд овогт А-ын Б-/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 131.327.782 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.А-аас төлсөн 432.950 төгрөгний 46.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 386.000 /гурван зуун наян зургаан мянган/ төгрөгийг төрийн сангийн данснаас, хариуцагч Т............өөс 46.950 /дөчин зургаан мянга есөн зуун тавин/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х.А-т,

нэхэмжлэгч Э.Б-гийн төлсөн 1.801.920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 386.050 /гурван зуун наян зургаан мянга тавин/ төгрөгийг төрийн сангийн данснаас, хариуцагч Т............өөс 46.950 /дөчин зургаан мянга есөн зуун тавин/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.Б- нарт тус тус олгосугай.

 

3. Нэхэмжлэгч Х.А-ын хүсэлтээр авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШЗ2018/09328 дугаартай захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Д.ЯНЖИНДУЛАМ

 

           ШҮҮГЧИД                                                    Б.МӨНХЖАРГАЛ

 

                                                                           Д.ЭНХЦЭЦЭГ