| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 171/2016/0036/Э |
| Дугаар | 139 |
| Огноо | 2018-04-04 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | М.Буяннэмэх |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 139
Д.С, А.О нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, хохирогч Г.Даваажав, түүний өмгөөлөгч Н.Төгсбаяр, Ц.Тодгэрэл, шүүгдэгч А.О-гийн өмгөөлөгч Ж.Оюунболд, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 258 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар магадлалтай, 201509000606 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.О-гийн өмгөөлөгч Ж.Оюунболдын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Д-ийн С нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироох” гэмт хэрэгт,
2. Монгол Улсын иргэн, 1970 онд төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнес менежментийн мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт А-ын О нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2-т заасан “Бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргасны улмаас хүний амь нас хохирох” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар А.О-д прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Д.С-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Д.С-ад хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах эрх хязгаарлах арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.
Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.С, А.О нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.О-гийн өмгөөлөгч Ж.Оюунболд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалын тодорхойлох хэсэгт шинжээчийн дүгнэлтийн 1 дэх заалтад "Автомашины зүүн хойд талын дугуйн хээ харилцан адилгүй таллаж элэгдэж, элэгдлийн хязгаарт хүрсэн нь MNS4598:2011 стандартын 5.14.3-т заасан шаардлага хангахгүй байна”, Замын Цагдаагийн албаны техник, замын хяналтын хэлтсийн “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт 3.5-д “Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавихыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн нь гэмт хэрэг гарах үндсэн шалтгаан болсон байх магадлалтай” гэсэн санал, 2015 оны 38 дугаар ослын талаар гаргасан шинжээчийн дүгнэлтэд "Осол үйлдэгдсэн үндсэн шалтгаан нь техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтаас шалтгаалсан” гэсэн баримтуудад шүүхээс хэрхэн үнэлж байгаа талаар анхаарч үзээгүй байна” гэж дүгнэжээ. Дээр дурдсан нөхцөл байдлыг А.О үүсгээгүй тул хариуцлагыг хүлээх үндэслэлгүй юм. Учир нь хавтаст хэргийн 51 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтаас үзэхэд: А.О нь 47-81 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр худалдан авахдаа Авто тээврийн газрын харьяа Баянгол дүүргийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд оруулж авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын 39579 дугаартай дүгнэлтээр тухайн тээврийн хэрэгсэл нь бүх үзүүлэлтээр замын хөдөлгөөнд оролцоход тэнцсэн тухай баримт авагдсан байна. Энэхүү нотлох баримт нь А.О төрийн эрх бүхий байгууллагын дүгнэлтэд итгэн сайн машин авсан гэсэн итгэл үнэмшилтэй явснаас биш, бүрэн биш тээврийн хэрэгсэл гэж огт ойлгоогүй, мэдээгүй, мэдэх ч боломж байхгүй гэдгийг харуулж байна.
Тус тээврийн хэрэгсэл бүрэн бус нөхцөлд А.О худалдаж авахгүй байхаас гадна уг тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохгүй байх байсан. Мөн гэрч З.Санчир "Оношилгоонд оруулаад авсан бүрэн бүтэн тээврийн хэрэгсэл байсан. ...машин авахдаа Японоос орж ирсэн хээ сайтай дөрвөн дугуй аваад уг машинд тавьсан. Машины үндсэн дугуйнаас хээ сайтай 2 дугуйг нь обудын хамт запас дугуй болгож уг машины өөрийнх нь үндсэн запас дугуй байсан " гэж мэдүүлдэг ба ийм л авто машиныг А.О хүлээлгэж өгсөн. 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр осол гарч үзлэг шинжилгээ хийхэд "...Автомашины зүүн хойд талын дугуйн хээ харилцан адилгүй таллаж элэгдэж, элэгдлийн хязгаарт хүрсэн байгаа нь машины дугуйг муутган сольсон байх магадлал өндөр байна” гэсэн дүгнэлт гарсан. А.О нь “Hijet” загварын тээврийн хэрэгслийг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр худалдан авсан бөгөөд осол гарах хүртэлх хугацаа буюу 2015 оны 08 дугаар сарын 18-ны хүртэлх хугацаанд А.О машиныг эргүүлж авч эд ангийг солиогүй, мөн машиныг жолоочид хүлээлгэн өгснөөс хойш 1 сар 10 хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийн ашиглалтаас шалтгаалан нэг дугуй таллаж элэгдэхээр нөхцөл үүсгэх хэмжээний замыг уг машин туулаагүй байх ба А.О нь жолоочид бүрэн бүтэн тээврийн хэрэгсэл хүлээлгэж өгсөн. Харин уг машины дугуйг муутган сольсон байх үйлдлийг хэрэг хянан шийдвэрлэх явцад тогтоогоогүй, уг үйлдэл нь А.О-гийн хүсэл зоригоос гадуур хийгдсэн байдаг.
Улсын дээд шүүхийн 2016 оны 245 дугаартай тогтоолд “Энэ хэргийн хариуцагчаар хуулийн этгээдийг татах ёстой атал иргэн А.О-г иргэний хариуцагчаар татаж шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хохирлыг “Грэйт Грийн Партнерс” ХХК-иас гаргуулсан нь буруу гэсэн дүгнэлт зэрэгт А.О-гийн үйлдэл, холбогдлын талаар хэрэгт цугларсан нотлох баримтуудад шүүхээс дүгнэлт хийхдээ хэрхэн үнэлж байгаа талаар анхаарч үзэлгүй хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн. Компанийн тухай хуулийн 9.2-т “Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй", 9.3-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй" гэж тус тус заасан байна. “Грейт Грийн Партнерс” ХХК-ийн дүрэмд ерөнхий захирал байгууллагын тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын аюулгүй ажиллагаанд албаны хувьд хяналт тавих үүрэг заагдаагүй байхад түүнийг уг гэмт хэргийн субъект гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. А.О нь тухайн тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн шаардлага хангаснаар иргэн Д.Цогтбаатарт хүлээлгэж өгч ажилд гаргасан байдаг тул Д.Ц-ын амь нас хохирсон үйлдэлд А.О-гийн зүгээс нөлөөлсөн гэм буруугийн шалтгаант холбоо байхгүй хэмээн үзэж байна. Харин осол гаргасан жолооч Д.С гэм буруугаа зөвшөөрч, хохирол төлбөрөө хуулийн дагуу төлж барагдуулсан байтал А.О-г давхар буруутгах үндэслэлгүй болно. А.О нь сайн дураараа талийгаачийн ар гэрийнхэнд оршуулгын зардал болон бусад хэрэгцээнд зориулж 4,849,000 төгрөгийн мөнгөн тусламж үзүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас харагдана. Дээрх үйл баримтуудад үндэслэн А.О нь 2002 оны Эрүүгийн хуулийн 220.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүйгээс гадна 2015 оны Эрүүгийн хуульд гэмт хэрэг болгон хуульчлаагүй буюу гэмт хэрэгт тооцохоо болсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Мөн хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Ц.Тодгэрэл хэлсэн саналдаа “Тухайн машин нь элэгдэлд орсон ашиглах боломжгүй тээврийн хэрэгсэл байсан гэдэг нь техникийн шинжээчийн 2 удаагийн дүгнэлтээр тогтоогдсон. Шүүгдэгч А.О-г тухайн компанийн хувьцаа эзэмшигч эсхүл захирал гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна. Дээрх зөрүүтэй мэдүүлгийн зөрүүг нь арилгаагүй байж хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Мөн хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Н.Төгсбаяр хэлсэн саналдаа “Бидний зүгээс шүүгдэгч А.О-г гэм буруутай гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Мөн хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх шүүгдэгч Д.С-д Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах эрх хязгаарлах арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үзэж байна. Шүүгдэгч А.О-гийн хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн 220 дугаар зүйлийн 220.2-т заасан гэмт хэргийн субъект биш, энэ хэрэгт хамааралгүй. Нөгөө талаар А.О-гийн үйлдэл 2015 оны Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохгүй болсныг дурдах нь зүйтэй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлийг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболдын гаргасан гомдлыг үндэслэн Д.С, А.О нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн, хэрэгт чухал ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг дүгнэлгүй орхигдуулсан гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй болжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Х.О-ийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ дараах алдаануудыг гаргасан байна.
Орчиндоо аюул учруулж болзошгүй аливаа хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын аюулгүй ажиллагааг албаны хувьд хариуцсан этгээд илт бүрэн биш байхад ажиллагаанд оруулсан, ажилд гаргасны улмаас хүнд хохирол учирсныг гэмт хэрэгт тооцохгүй болсон болон Х.О нь хууль, хуульчилсан акт, гэрээгээр үүрэг хүлээгээгүй мэтээр тайлбарласан нь 2015 оны Эрүүгийн хуулийн үзэл санаа, зарчимд нийцэхгүй байна. Хэрвээ Х.О дээрх үүргийг биелүүлсэн гэж үзэж буй тул ямар үүрэг хүлээсэн, түүнийг яаж биелүүлсэн талаар дүгнэх шаардлагатай.
Мөн “Грэйт грийн партнерс” ХХК-ийн захирал Х.О нь эрүүгийн хэрэгт гэм буруугүй нь түүнийг уг компанийн хоёр ажилтан мөн компанийн томилолтоор ажил үүрэг гүйцэтгэж яваад осолд орж нэг нь амь хохирсон хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийг иргэний хариуцагчийн хувьд хариуцахаас чөлөөлөх шууд үндэслэл болохгүй бөгөөд Х.О-г энэ хариуцлагаас чөлөөлөх бусад үндэслэл байгаа бол түүнийг тогтоолд тайлбарлаж тусгах шаардлагатай.
Давж заалдах шатны шүүх хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболдын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболдын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН