Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 203

 

187/2019/0701/Э

 

 

 

  2020             02            13                                        2020/ДШМ/204    

 

Г.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Агар,

хохирогч М.Х-,

иргэний хариуцагч Д.Батзаяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунчимэг,

иргэний хариуцагч Т.Олзвойн өмгөөлөгч Х.Даваахүү,

шүүгдэгч Г.Ц-гийн өмгөөлөгч А.Мөнхтулга,

хохирогч М.Х-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунчимэг нарын өмгөөлөгч Л.Чинбат,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2019/ШЦТ/722 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч Т.Олзвой, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, шүүгдэгч Г.Ц-гийн өмгөөлөгч А.Мөнхтулга нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Ц-д холбогдох эрүүгийн 1903007980405 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Г.Ц- нь 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, Айцын давааны замд “Beinben ND1250” /Бэйнбэн-Энди 1250/ загварын УБулсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж, мөн дүрмийн 24.1-т “Ачааны жин болон тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас “Toyota vitz” загварын УН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч О.М-ийн амь насыг хохироож, зорчигч У.Д-ын эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч М.Х-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас:  Г.Ц-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Г.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц- нь оршуулгын зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунчимэгт 4.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, иргэний хариуцагч Т.Олзвойгоос 11.243.671 төгрөг, иргэний хариуцагч Д.Батзаяагаас 11.243.671 төгрөг тус тус гаргуулж, хохирогч М.Х-д 14.691.710 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунчимэгт 7.795.631 төгрөгийг тус тус олгож, хохирогч М.Х- өөртөө болон насанд хүрээгүй хохирогч У.Д-ын эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч Г.Ц-гоос Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Г.Ц-гийн “В, С” ангиллын №10229 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч Г.Ц-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаанд хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, шүүгдэгч Г.Ц- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Иргэний хариуцагч Т.Олзвой давж заалдах гомдолдоо: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2019/ШЦТ/722 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Тухайн үед Г.Ц-гийн жолоодож явсан “Веibеn ND1250” /Бэйбэн ЭНДИ 1250/ загварын УБулсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр энэ тээврийн хэрэгсэл нь Д.Батзаяагийн эзэмшлийнх юм. Үүгээр тус тээврийн хэрэгсэл нь Т.Олзвой миний өмчлөл, эзэмшлийнх биш, хууль ёсны эзэмшигч нь Д.Батзаяа байтал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Т.Олзвой намайг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд мөрдөн байцаагчийн Т.Олзвой миний биеийг иргэний хариуцагчаар тогтоосон тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад Т.Олзвойгоос 11.243.671 төгрөг гаргуулахаар заасан заалтыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

 

            Иргэний хариуцагч Т.Олзвойн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Т.Олзвойг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, Г.Ц-гийн жолоодож явсан “Веibеn ND1250” /Бэйбэн ЭНДИ 1250/ загварын УБулсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь иргэний хариуцагч Д.Батзаяагийн нэр дээр байдаг ба давхар Хас банкны нэр дээр байдаг. Эдгээр нотлох баримтаас үзэхэд Т.Олзвой нь хууль ёсны эзэмшигч биш гэж үзэж байна. Т.Олзвой нь тухайн тээврийн хэрэгслийг худалдан авах тухай Мягмарсүрэн, Насанбаяр нартай амаар тохиролцсон байдаг. Гэтэл хууль ёсны эзэмшигч, өмчлөгч нь Д.Батзаяа болон Хас банк, эдгээрийн амаар тохиролцсон тохиролцоо нь хууль ёсны биш бөгөөд тээврийн хэрэгсэл нь Т.Олзвойн өмчлөл, эзэмшилд албан ёсоор шилжээгүй. Д.Батзаяа нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг биет байдлаар хүлээн авч хохирол, мөнгийг бүрэн хариуцан төлөхөө илэрхийлсэн баримт байсаар байтал шүүх Т.Олзвойгоос хохирол гаргуулахаар заасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Т.Олзвойг иргэний хариуцагч гэж үзэж байгаа бол иргэний нэхэмжлэгчээр тогтоох ёстой байсан. Иймд, мөрдөн байцаагчийн Т.Олзвойг иргэний хариуцагчаар тогтоосон тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад Т.Олзвойгоос 11.243.671 төгрөг гаргуулахаар заасан заалтыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

            Шүүгдэгч Г.Ц-гийн өмгөөлөгч А.Мөнхтулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь анхан шатны шүүх хуралдаанд “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, зүйлчлэлтэй маргахгүй, ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн байр суурьтай оролцсон. Шүүгдэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд өгч байсан. Гэтэл шүүхээс 1-5 жилийн санкцтай болгоомжгүй гэмт хэрэгт 4 жилийн хорих ял оноосонд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл нь “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй гэмт хэрэг юм. Шүүгдэгч Г.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, тээврийн хэрэгслийн тоормос гэнэт ажиллахгүй болсноос уруу газар ачаатай хүнд даацын машин инерцээрээ явж, зогсоох боломжит бүхий л арга хэмжээг авсан боловч зогсоож чадалгүй урд явсан тээврийн хэрэгслийг мөргөж осол аваар хийсэн. Шинжээчдийн дүгнэлтээр тоормосны системийн хий хураагуур ажиллагаагүй болсноос осол болсон гэдгийг тогтоосон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч нараас уучлал гуйж, өөрийн боломжоор 4.000.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Шүүхээс иргэний хариуцагч нараар хохирогч нарын төлбөрийг төлүүлэх, шүүгдэгч Г.Ц-г төлөх төлбөргүй гэж шийдвэрлэсэн. Шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгт /8, 9-р тал/ “Гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь ...хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байдагт оршино” гэсэн дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэснийг өөрөөр тайлбарласан. Бодит нөхцөл байдалд гэнэт тоормосны систем ажиллагаагүй болсныг тухайн агшинд мэдсэн, тухайн богино цаг хугацаанд зогсоох боломжит бүхий л арга хэмжээг авсан хэдий ч зогсоож чадаагүй. Тэгэхээр энэ бол санаатай гэмт хэрэг биш, харин болгоомжгүй гэмт хэрэг юм. Шүүх дээрх дүгнэлтийг хийсэн учраас хөнгөрүүлэх хуулийн шаардлагуудыг хангаж байгаа боловч хөнгөрүүлэх боломжгүй гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь санал дүгнэлтдээ, шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн өөрийн утсаар эмнэлэг бусад газарт дуудлага өгсөн нь хохирогчид эмнэлгийн бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоос 4.000.000 төгрөг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу тэнсэж үүрэг хүлээлгэх нөхцөл шаардлагыг хангаж байгаа талаар хэлсэн. Шүүх өмгөөлөгчийн санал, дүгнэлтэд хэлсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар /10-р тал/ “...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах хэдий ч шүүгдэгчийн хэт хайхрамжгүй үйлдлийн улмаас” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Шүүх ямар үндэслэлээр хэт хайхрамжгүй гэдэг дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй, түүнийгээ тайлбарлаагүй байж энэ дүгнэлтээ үндэслэн 4 жилийн хорих ял оноосон нь бодит байдалтай нийцээгүй тул гомдолтой байна. Иймд 4 жилийн хорих ялыг тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Иргэний хариуцагч Д.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Олзвойгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд, шүүхээс надад холбогдох хэсгийг хэрхэн шийдвэрлэнэ, түүний дагуу хариуцлага хүлээж, хохирол төлбөр төлнө гэж хэлсэн болохоос бүх хохирол төлбөрийг хариуцна гэж хэлээгүй. Тухайн автомашин миний эзэмшлийнх бөгөөд би 2017 оны 7 дугаар сард эхнэрээсээ салахдаа автомашинаа Мягмарсүрэн, Насанбаяр нарт өгсөн. Тэр хооронд ийм хэрэг гарсан байсан. Би уг хэрэгт ямар ч хамааралгүй хүн. ...” гэв.

 

Хохирогч М.Х- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Г.Ц-д анхан шатны шүүхээс хамгийн бага ял оногдуулсан байхад ял хөнгөрүүлж өгнө үү гэж гомдол гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрийн хэт хайхрамжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохироосон байж тээврийн хэрэгслийг зогсоох шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан гэж байгаа нь үндэслэлгүй. Автомашиных нь тоормос ажиллахгүй байна гээд сандарсандаа нэг удаа мөргөсөн бол үнэхээр гарцаагүй нөхцөл байдал гэж үзэж болно. Гэтэл 5-6 удаа мөргөсөн үйлдлийг гарцаагүй нөхцөл байдал гэж үзэх үү. Осол болсон газар нь ямар нэгэн уруу газар байхгүй, тэгшхэн байсан тул хажуу тийшээ дарах бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Т.Олзвойгийн хувьд, автомашин түүний нэр дээр байхгүй байлаа гээд иргэний хариуцагч болохгүй гэсэн үг биш. Т.Олзвой уг тээврийн хэрэгслийг худалдан авахаар болж урьдчилгаа 30.000.000 төгрөгийг өгч, өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, ачаа тээврийн үйлчилгээнд явуулж ашиг олж байсан буюу Дундговь аймаг руу жолооч хөлслөн явуулж, ажил хийлгэж байсан учраас олсон орлогоо өөрөө авдаг байж таарна. Иймээс Т.Олзвой уг хэрэгт иргэний хариуцагчаар татагдаж, хариуцлага хүлээх ёстой. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би анхан шатны шүүх хуралдаанд Г.Ц-д хандаж юу ч хэлээгүй. Гэтэл давж заалдах гомдол гаргасныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүний амь нас хохироосон байж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж байгаад гомдолтой байна. Ямар ч хохирол төлбөр төлөөгүй, надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй, зөвхөн автомашины тухай л яриад байна. Мөрдөгчийн “М.Х-гийн биеийн байдал муу байна, хохирогч нарт хохирол төлбөр өг” гэсэн шаардлагын дагуу л 4.000.000 төгрөг өгсөн. ...” гэв.

 

Хохирогч М.Х-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунчимэг нарын өмгөөлөгч Л.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хавтас хэрэгт хуулийн дагуу цуглуулсан нотлох баримтуудад үндэслэсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Г.Ц-гийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэм хэмжээ зэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иргэний хариуцагч Т.Олзвой нь “Beinben ND1250” загварын УБулсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авахаар болж, урьдчилгаа 30.000.000 төгрөгийг өгч өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, ачаа тээврийн үйлчилгээнд явуулж ашиг олж байсан болохоор уг хэрэгт иргэний хариуцагчаар татаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх явцад хууль буруу хэрэглэсэн зүйл байхгүй, хуулийн дагуу шийдвэрлэсэн гэж хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс хүсэхэд, хохирогч М.Х- нь цалингийн зээл авч, автомашин худалдаж авсан ба уг автомашин нь ашиглагдах боломжгүй болсон. Гэтэл автомашины зээлд 7-8 сарын хугацаанд 2.704.000 төгрөг төлсөн. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны үед яригдсан боловч хэрхэн шийдвэрлэх талаар тусгаагүй. Мөн осол гарах үед жирэмсэн байсан учраас ямар ч эмчилгээ хийлгээгүй, төрснийхөө дараа эмчилгээ хийлгэхэд 586.160 төгрөгийн зардал гарсан тул шийтгэх тогтоолд нэмж оруулах саналтай байна. ...” гэв.

 

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иргэний хариуцагч Т.Олзвойн гаргасан давж заалдах гомдлын хувьд, уг автомашин нь Д.Батзаяагийн өмчлөлийнх, гэхдээ Т.Олзвой тухайн автомашиныг Мягмарсүрэн, Насанбаяр нараас худалдан авахаар тохирч, урьдчилгаа 30.000.000 төгрөгийг өгч өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, ачаа тээврийн үйлчилгээ хийлгэхээр Г.Ц-д шилжүүлж өгсөн байдаг. Хавтас хэргийн 72 дугаар хуудаст иргэний хариуцагч Т.Олзвойн мэдүүлэг байдаг. Т.Олзвой нь Өрнөх гэх найзаараа дамжуулан Г.Ц-той танилцсан. Г.Ц-д 1 сарын 1.500.000 төгрөг өгч, тээвэрт явуулах аман гэрээ байгуулсан байдаг. Тухайн үед автомашиныг Г.Ц- Т.Олзвойгоос авсан байдаг тул Т.Олзвой иргэний хариуцагч мөн. Иймд түүнийг иргэний хариуцагчаар татсан тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн ял хөнгөрүүлэх гомдлын тухайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд “гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан. Гэтэл гэм хор арилаагүй, иргэний нэхэмжлэлтэй холбоотой хохирол төлөгдөөгүй байхад шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

            Г.Ц- нь 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, Айцын давааны замд “Beinben ND1250” /Бэйнбэн-Энди 1250/ загварын УБулсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж, мөн дүрмийн 24.1-т “Ачааны жин болон тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас “Toyota vitz” загварын УН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч О.М-ийн амь насыг хохироож, зорчигч У.Д-ын эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч М.Х-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч М.Х-гийн “...бид нар дөнгөж хотоос гараад явж байтал гэнэт араас хүчтэй мөргөсөн, дахиад зөндөө мөргөсөн. Хэсэг чимээгүй болоод машин зогссон. ...Тэр үед нэг эрэгтэй хүн “мэдсэн бол ийшээ дарчихдаг байж” гэж хэлж байхыг сонссон. ...Манай хүүгийн аарцаг хугарсан, толгойны заадас цуурч гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Харин миний баруун хөл хугарсан. ...” /1хх 35-36/,

гэрч Я.Эрдэнэбаатарын “...Айцын даваа уруудаад явж байтал араас нэг машин мөргөх шиг болохоор нь тоормос гишгээд зогсох гэтэл дахин мөргөсөн. ...Би 200 метр гаран яваад бүрэн зогсоод бууж хартал араас жижиг тэрэг, том тэрэг хоёр орчихсон байдалтай байсан. ...Арын том тэрэгний жолооч тэр үед “тоормос барихгүй болчихсон, зогсоох арга хэмжээ авч болохгүй байсаар байгаад ийм зүйл болчихлоо” гэж хэлж байсан. ...” /1хх 122-124/,

гэрч О.Төрбатын “...Айцын даваа өнгөрөөд уруудаад явж байхад гэнэт араас хүчтэй мөргөсөн. ...Эхлээд нэг мөргөхөд нь машин түлхэгдээд урагшаагаа болсон, дахиад араас мөргөхөд манай автомашин тоормослоод байхад зогсож чадахгүй түрэгдсээр бараг ойролцоогоор 50-60 метр яваад зогссон. Тэгээд машинаасаа буугаад шууд том машин луу очих гээд явахад манай машины араас нилээн орчихсон жижиг машин байсан. ...” /1хх 129/,

шинжээч С.Мөнхжаргалын “...гэхдээ жолооч тоормос дээр хэрхэн яаж, хэдэн удаа гишгэснээс шалтгаалан хий хураах савны хийн даралт багасна. Уулын уруу уруудах үед тоормосны ажиллагаа их шаардагдана. Түүнээс болж хий хураах савны хийн даралт багаснаас болж тоормос барихгүй байж болно. Жолооч “хойд дугуйн тоормосны хувиарлах хоолой хий” алдаж байгааг урьдчилан мэдэж болно. Машин асаалттай хий хураасан үед жолооч тоормос дээр гишгээд барьсан үед хянах самбар дээр хийн заалт багасаж байгаагаар хянаж болно. Харин хэзээ, хэрхэн, яаж эвдэрсэнг тогтоох боломжгүй, гэхдээ уг гэмтэл нь ослоос өмнө ашиглалтын явцад үүссэн гэмтэл байна. ...” /1хх 144/,

Г.Ц-гийн яллагдагчаар өгсөн “...Айцын даваа руу өгсөөд цаашаагаа уруудаад Өлзийтийн пост руу дөхөж байтал унаж явсан машины тоормосны хийн даралт нь 4 дэх заалт руу унаад байсан. Би тухайн үед ойр ойрхон тоормос гишгээд яваад байсан. Гэтэл гэнэт машины их ачаанд машин түрэгдээд хурд аваад эхэлсэн. Би тоормос нь ажиллахаа байлаа гэж бодоод шууд гар тоормосоо татсан. Гэтэл машин зогсохгүй бүр хурд аваад урд явж байсан нэг жижиг тэрэгний араас нь очиж мөргөсөн. Тэр жижиг машин надад мөргүүлсэн эхний инерцээрээ урдаа байсан нэг том машиныг очиж мөргөсөн. Би машинаа зогсоож чадалгүй уг жижиг тэргийг араас нь шахаад мөргөсөн. Тэр үед хамгийн урд явсан том тэрэг жаахан явж байгаад зогссон. Миний машин бас урд явсан жижиг тэрэгтэй наалдаад зогссон. Машинаасаа буугаад харахад миний урд явсан жижиг тэрэг урдаа явсан том машины арын доод хэсэг рүү шахагдаад орсон байдалтай байсан. ...” /1хх 222-224/ гэх мэдүүлгүүд,

 

“...талийгаач нь учрах үедээ амь насанд аюултай, амьдрах боломжгүй шууд үхэлд хүргэх, гавал тархины гэмтлийн улмаас нас барсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1527 дугаартай дүгнэлт /1хх 153-157/,

“...М.Х-гийн биед баруун шилбэний тахилзуур ясны хугарал, умайн булчингийн чангарал, баруун шанаанд шарх, зүүн бугалга, баруун гуя, баруун өгзгөнд цус хуралт, хэвлий, баруун, зүүн сарвуунд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8732 дугаартай дүгнэлт /1хх 160/,

“...У.Д-ын биед тархи доргилт, баруун талын лямбда заадас дайрсан диастазан хугарал, баруун сүүжний дэлбээ яс, ууц, сүүжний үе дайрсан зөрөөтэй хугарал, дух, баруун, доод зовхины зүсэгдсэн шарх бүхий хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 8504 дугаартай дүгнэлт /1хх 162/,  

 

“...“Beinben ND1250” загварын УБулсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Г.Ц- нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, мөн дүрмийн 24.1-т заасан заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон. ...” Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 327 дугаартай дүгнэлт /1хх 200-201/,

“...“Beinben ND1250” загварын УБулсын дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. ...Уг тээврийн хэрэгслийн тоормосыг гадаа шороон тэгш нойтон зам дээр шалгаж үзэхэд тоормос зогссон. Тоормос нь хийн дамжуулгатай. Хойд дугуйн тоормосны хувиарлах хоолой хий алдаж байна. ...” гэх “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 055837 дугаартай дүгнэлт /1хх 171-174/,

 

эд зүйлийн үнэлгээний тайлан /1хх 178-180/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 3-15/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Ц-г Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин О.М-ийн амь насыг хохироож, У.Д-ын эрүүл мэндэд хүнд, М.Х-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ц-гийн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс нэг хүний амь нас хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Г.Ц-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Г.Ц-гийн өмгөөлөгч А.Мөнхтулгын гаргасан “...Г.Ц-д оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иргэний хариуцагч Т.Олзвой, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нар “...тухайн үед Г.Ц-гийн жолоодож явсан УБулсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр хууль ёсны өмчлөгч, эзэмшигч нь Д.Батзаяа байхад Т.Олзвойг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүгдэгч Г.Ц-гийн жолоодож явсан “Beinben ND1250” загварын УБулсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Д.Батзаяа /бичиг баримтаар/ боловч уг тээврийн хэрэгслийг Т.Олзвой нь Д.Мягмарсүрэн, Г.Насанбаяр нараас 55.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч, урьдчилгаа 30.000.000 төгрөгийг Г.Насанбаярт шилжүүлэн өөрийн эзэмшилд авч, тухайн тээврийн хэрэгслээр “Номин” ХХК-ийн барааг орон нутаг дахь салбаруудад хүргэхээр гэрээ байгуулан, Г.Ц-д нэг сарын 1.500.000 төгрөгийн хөлс өгөхөөр тохирч, түүнд шилжүүлэн өгсөн талаар иргэний хариуцагч Д.Батзаяагийн “...“Beinben ND1250” загварын УБулсын дугаартай автомашин нь миний нэр дээр байдаг боловч 2015 онд найз Мягмарсүрэн нь уг автомашиныг бусдаас худалдаж аваад, миний нэр дээр гэрчилгээ гаргасан. ...” /1хх 69/,

 иргэний хариуцагч Т.Олзвойн “...“Beinben ND1250” загварын УБулсын дугаартай автомашин нь Батзаяа гэдэг хүний нэр дээр байдаг боловч машины жинхэнэ эзэмшигч болох Мягмарсүрэнд 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 30.000.000 төгрөг бэлнээр өгч, хэлцэл байгуулан үлдэгдэл мөнгө болох 24.000.000 төгрөгийг өгснөөр гэрчилгээг би өөрийн нэр дээр болгохоор тохиролцсон. ...намайг анх автомашиныг худалдаж авах үед жолооч Ц-г санал болгосон. Би түүнийг жолоочоор аваад, сарын 1.500.000 төгрөг өгөхөөр амаар тохирсон байсан. Тэрээр 3 дахь удаагийн явалт дээрээ осол гаргасан. ...” /1хх 72/,

гэрч Д.Мягмарсүрэнгийн “...би уг автомашиныг анх 2015 онд хүнээс худалдаж аваад, найз Батзаяагийн нэр дээр шилжүүлсэн. ...2018 оны 11 дүгээр сард байх Батзаяагийн ээжийн бие өвдөөд машинаа надад хүлээлгэн өгөөд явсан, түүнээс хойш машин хөдөлгөөнд оролцоогүй байж байгаад 2019 оны 5 дугаар сард Олзбаатар гэх залуутай хэлцэл байгуулаад, 55.000.000 төгрөгөөр зарахаар болоод, урьдчилгаа 30.000.000 төгрөг аваад, үлдэгдэл мөнгийг машинаа нэр дээр шилжүүлэн тооцоо дуусгахаар тохиролцсон. ...” /1хх 134/,

гэрч Г.Насанбаярын “...2019 оны 7 дугаар сард байх Олзвой гээд залууд 55.000.000 төгрөгөөр зарахаар тохирсон. ...Машины мөнгө өгөх үед Олзвой нэг дэвтэр гаргаж ирээд 30.000.000 төгрөг авсан, өгсөн гээд тэмдэглэл хийсэн. ...Түүнээс хойш уг автомашин Олзвойн эзэмшилд очсон. ...” /1хх 152/,

Г.Ц-гийн яллагдагчаар өгсөн “...Олзвой надад “...“Beinben ND1250” загварын УБулсын дугаартай тээврийн хэрэгсэл байна. Уг машин нь “Номин” ХХК-ийн хүнсний барааг орон нутагт тээвэрлэдэг бөгөөд жолооч байхгүй учир энэ машиныг бариад өгөөч...” гэж хэлсэн. ...Би Олзвойгоос нэг сарын 1.500.000 төгрөгийн цалин авахаар хоорондоо тохиролцсон байсан. ...” /1хх 222-224/ гэх мэдүүлгүүд, УБмашины урьдчилгаа 30.000.000 төгрөгийг Г.Насанбаярын охин Халиуны дансанд шилжүүлсэн /1хх 108/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд, Т.Олзвой нь худалдах, худалдан авах хэлцлийн дагуу тухайн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд авч, уг тээврийн хэрэгслийг Г.Ц-д шилжүүлэн өгснөөр тэрээр тээврийн хэрэгслийн ашиглалтаас бусдад учирсан гэм хорыг арилгах үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй болж, түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагчаар татсан нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.”,  499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж тус тус заасантай нийцэж байна.

 

Харин тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээ Д.Батзаяагийн нэр дээр байгаа нь түүнийг уг тээврийн хэрэгслийн өмчлөгч гэж үзэх хэдий ч тэрээр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт заасан тухайн тээврийн хэрэгслийг өөрийн буруугаас ашиглах боломж олгосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолын 5 дахь заалтын иргэний хариуцагч Д.Батзаяагаас 11.243.671 төгрөг гаргуулахаар заасныг өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй.

 

Түүнчлэн шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэхдээ хохирогч М.Х-гийн зам тээврийн ослын улмаас эвдэрсэн “Iphone 7 plus” загварын гар утсыг “Хөрөнгө-Эстимэйт” ХХК нь 900.000 төгрөгөөр үнэлсэн байхад 1.600.000 төгрөгөөр тооцон гаргуулсан, мөн хохирогч М.Х- нь Худалдаа, Үйлчилгээний Тэс Петролиум ХХК-ийн ШТС-28-д нефть хангамжийн эрхлэгчээр ажиллаж, сард дунджаар 728563 төгрөгийн  цалин авдаг талаар тус компанийн гүйцэтгэх захирлын тодорхойлолтоос /2хх 160/ өөр баримт хэрэгт авагдаагүй, тодруулбал хохирогч нь хэдий хугацаанд өвчний улмаас ажилдаа очоогүй акттай байсан, улмаар хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлстэй тэнцэх олговор хэдэн төгрөг болох талаар баримтгүй байхад шүүх хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хохирогч М.Х-гийн /2019 оны 7 сараас 11 сарын цалин 3.642.815 төгрөгөөс нийгмийн даатгалаас авсан 1.332.795 төгрөгийг хасаж 2.310.020 төгрөг/ 2 дугаар хавтас хэргийн 154 дүгээр талд гаргаж өгсөн хохирлын тооцоогоор тооцсон нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

 

Иймээс энэ талаарх нэхэмжлэлийг шүүх хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, харин хохирогч нарын гаргасан шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд тооцож, нийт 19.477.321 төгрөгийг  иргэний хариуцагч Т.Олзвойгоос гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунчимэгт 7.795.631 төгрөг, хохирогч М.Х-д 11.681.690 төгрөг тус тус олгож, мөн хохирогч М.Х- өөртөө болон насанд хүрээгүй хохирогч У.Д-ын эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний орлогоо иргэний хариуцагч Т.Олзвойгоос Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсан өөрчлөлтүүдийг шийтгэх тогтоолын 5, 6 дахь заалтад оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, иргэний хариуцагч Т.Олзвой, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, шүүгдэгч Г.Ц-гийн өмгөөлөгч А.Мөнхтулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 9-ны өдрийн 2019/ШЦТ/722 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц- нь оршуулгын зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунчимэгт 4.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, иргэний хариуцагч Т.Олзвойгоос 11.243.671 төгрөг, иргэний хариуцагч Д.Батзаяагаас 11.243.671 төгрөг тус тус гаргуулж, хохирогч М.Х-д 14.691.710 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунчимэгт 7.795.631 төгрөгийг тус тус олгосугай. ...” гэснийг “...Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Ц- нь оршуулгын зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунчимэгт 4.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, иргэний хариуцагч Т.Олзвойгоос 19.477.321 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунчимэгт 7.795.631 төгрөг, хохирогч М.Х-д 11.681.690 төгрөг тус тус олгосугай. ...” гэж,

6 дахь заалтад “...Хохирогч М.Х- өөртөө болон насанд хүрээгүй хохирогч У.Д-ын эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч Г.Ц-гоос Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. ...” гэснийг “...Хохирогч М.Х- өөртөө болон насанд хүрээгүй хохирогч У.Д-ын эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч Т.Олзвойгоос Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч Т.Олзвой, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, шүүгдэгч Г.Ц-гийн өмгөөлөгч А.Мөнхтулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН