Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2020/00271

 


                                    

2020 оны 01 сарын 28 өдөр                Дугаар 183/ШШ2020/00271                                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч А.Ү ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч Н.Б холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 71 980 228 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Идэр нар оролцов.   

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Ү ХЗХ нь Э.Бэд 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ***** тоот зээлийн гэрээгээр 66 489 000 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож А.Ү ХЗХ нь Э.Бтэй 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр **** тоот үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгө барьцааны гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр түүний өмчлөлийн ****** дугаартай, ******* хаягт орших 70.25 метр квадрат талбайтай орон сууцны зориулалттай 3 өрөө байр, *******дугаартай*******тоот хаягт орших 18 метр квадрат авто зогсоол бүхий үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан. Зээлдэгчтэй байгуулсан ***** тоот зээлийн гэрээний хугацаа 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр дууссан боловч зээлдэгч нь энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн     2.2-т заасан эргэн төлөлтийн хувиарын дагуу зээл төлөх үүргээ зөрчин 73 хоногийн хугацааг хэтрүүлэн, хадгаламж зээлийн хоршооны 400 гаруй гишүүдийн эрх ашгийг хохироосоор байна. Хадгаламж зээлийн хоршооны зүгээс зээлдэгч талд зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх талаар удаа дараа бичгээр болон бусад хэлбэрээр мэдэгдэж, анхааруулсан боловч зээл төлөлтийн тал дээр ямар нэг үр дүн гарахгүй байгаа болно. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар буюу 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 66 489 000 төгрөг, зээлийн хүүнд 4 575 923 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 915 184 төгрөг, нийт 71 980 228 төгрөгийн өр төлбөртэй байна. Иймд хариуцагч Э.Бээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 71 980 228 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ******** дугаартай, ***** тоот хаягт орших, 70.25 метр квадрат талбайтай орон сууцны зориулалттай 3 өрөө байр, ******** дугаартай, ******* авто зогсоол бүхий үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан боловч  66 498 000 төгрөг бодитой олгогдоогүй. Талуудын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 11-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 41 000 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 10 000 000 төгрөг, нийт 51 000 000 төгрөг авсан. Зээлийн гэрээ байгуулснаас хойш 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 790 000 төгрөг, мөн өдрөө өөр данснаас 1 000 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 1 000 000 төгрөг тус тус төлсөн. 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр          1 000 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 3 500 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 1 000 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын15-ны өдөр 1 000 000 төгрөг, нийт 10 290 000 төгрөгийг төлсөн. Энэ төлөлт бол 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ болон 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний төлөлт юм. Нэхэмжлэлийн шаардлагад дурьдаж байгаа 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээ бол хүчин төгөлдөр бус зээл олгох зорилгоор байгуулагдаагүй. Тухайн өдөр зээлийг бодитойгоор олгоогүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч А.Ү Хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Э.Бэд холбогдуулан 2019 оны 04 сарын 26-ны өдрийн **** тоот зээлийн гэрээний үүрэгт                     71 980 228 төгрөгийг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 04 сарын 26-ны өдрийн ***** тоот зээлийн гэрээгээр Э.Бэд 66 489 000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлүүлсэн. Тэрээр зээлийн гэрээний үүргээ огт биелүүлээгүй тул үндсэн зээл 66 489 000 төгрөг, хүү 4 575 923 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 915 184 төгрөг, нийт 71 980 228 төгрөгийн зээлийн үүрэг үүссэн...” гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч татгалзлын үндэслэлээ “...зээлийн гэрээ байгуулагдсан боловч бодиттой зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг зээлдэгчиий өмчлөлд шилжүүлээгүй, талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 04 сарын 26-ны өдрийн ****** тоот зээлийн гэрээ  хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгч дээрх гэрээний үүргийг шаардах эрхгүй.” гэж маргасан.

 

Зохигчид 2019 оны 04 сарын 26-ны өдөр ***** тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч А.Ү ХЗХ нь бизнесийн зориулалтаар 66 489 120 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 2,8 хүүтэй, үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч Э.Б нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хүү, үндсэн зээлийн төлбөрийг сар бүр төлөхөөр харилцан тохиролцсон байна. Мөн өдөр талууд ****** тоот барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн                                    ******* дугаарт бүртгэлтэй, ****** тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй, ******** дугаар байрны зоорийн давхрын 1 тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус зээлийн барьцаанд бариулжээ. /хх-10-15/

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

Зохигчдын хооронд ****** тоот зээлийн гэрээ байгуулагдсан боловч нэхэмжлэгч буюу А.Ү ХЗХ нь уг гэрээний дагуу гэрээний зүйл болох 66 489 120 төгрөгийг бодитоор хариуцагч Э.Бэд хүлээлгэн өгсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Шүүх хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангаж, нэхэмжлэгчээс талуудын хооронд байгуулсан 2018-09-11, 2018-09-22-ны өдрийн зээлийн гэрээнүүдийн нотлох баримтаар гаргуулсан ба эдгээр гэрээнүүдийн дагуу зээлдэгч буюу хариуцагчийн төлөх зээлийн үндсэн үүрэг, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэгтгэн талууд 2019 оны 04 сарын          26-ны өдрийн ***** тоот зээлийн гэрээгээр Э.Бэд 66 489 000  төгрөгийн зээл олгосон агуулгаар гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Тиймээс нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болох 2019 оны 04 сарын 26-ны өдрийн ****** тоот зээлийн гэрээний зүйл мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн өгсөн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч А.Ү Хадгаламж зээлийн хоршооны Э.Бэд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 71 980 228 төгрөгийг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан 2018-09-11, 2018-09-22-ны өдрийн зээлийн гэрээнүүдийн дагуу үүргээ шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Бээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 71 980 228 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай А.Ү Хадгаламж, зээлийн хоршооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн    588 051 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Д.МӨНХЦЭЦЭГ