Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/01422

 

  

 

Арвайн үр ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/00271 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 745 дугаар магадлалтай,

 

Арвайн үр ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

Н.Буяннэмэхэд холбогдох,

 

Зээлийн гэрээ-ний үүрэгт 70,980,228 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү.Халиун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Арвайн үр ХЗХ нь Н.Буяннэмэхэд 2019.04.26-ны өдөр 1904/20 тоот зээлийн гэрээгээр 66,489,000 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Арвайн үр ХЗХ нь Н.Буяннэмэхтэй 2019.04.26-ны өдөр 1904/20 тоот үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгө барьцааны гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр түүний өмчлөлийн Ү-2204024367 дугаартай, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Намъяанжугийн гудамж 170 А дугаар байрны 79 тоот хаягт орших 70.25 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 3 өрөө байр, Ү-2206016189 дугаартай, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр-2 /17042/ ХД-76 дугаар байрны зоорийн давхрын 1 тоот хаягт орших 18 м.кв авто зогсоол бүхий үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан. Зээлдэгчтэй байгуулсан 1904/16 тоот зээлийн гэрээний хугацаа 2019.07.26-ны өдөр дууссан боловч зээлдэгч нь энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчин 73 хоногийн хугацааг хэтрүүлэн, хадгаламж, зээлийн хоршооны 400 гаруй гишүүдийн эрх ашгийг хохироосоор байна. Хадгаламж, зээлийн хоршооны зүгээс зээлдэгч талд зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх талаар удаа дараа бичгээр болон бусад хэлбэрээр мэдэгдэж, анхааруулсан боловч зээл төлөлтийн тал дээр ямар нэг үр дүн гарахгүй байгаа болно. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар буюу 2019.12.10-ны өдөр зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 66,489,000 төгрөг, зээлийн хүүнд 4,575,923 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 915,184 төгрөг, нийт 71,980,228 төгрөгийн өр төлбөртэй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 1,000,000 төгрөг төлсөн тул хариуцагч Н.Буяннэмэхээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 70,980,228 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ү-2204024367 дугаартай, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Намъяанжугийн гудамж 170 А дугаар байрны 79 тоот хаягт орших, 70.25 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 3 өрөө байр, Ү-2206016189 дугаартай, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр-2 /17042/ ХД-76 дугаар байрны зоорийн давхрын 1 тоот хаягт орших 18 м.кв авто зогсоол бүхий үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаяр төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2019.04.26-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан боловч 66,498,000 төгрөг бодитой олгогдоогүй. Талуудын хооронд 2018.09.11-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 4, 000,000 төгрөг, 2018.09.22-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 51,000,000 төгрөг авсан. Зээлийн гэрээ байгуулснаас хойш 2018.11.28-ны өдөр 790,000 төгрөг, мөн өдрөө өөр данснаас 1,000,000 төгрөг, 2019.07.02-ны өдөр 1,000,000 төгрөг тус тус төлсөн. 2019.08.09-ний өдөр 1,000,000 төгрөг, 2019.08.16-ны өдөр 3,500,000 төгрөг, 2019.12.2-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019.12.-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 10,290,000 төгрөгийг төлсөн. Энэ төлөлт бол 2018.09.11-ний өдрийн зээлийн гэрээ болон 2018.09.22-ны өдрийн зээлийн гэрээний төлөлт юм. Нэхэмжлэлийн шаардлагад дурдаж байгаа 2019.04.26-ны өдрийн гэрээ бол хүчин төгөлдөр бус зээл олгох зорилгоор байгуулагдаагүй. Тухайн өдөр зээлийг бодитойгоор олгоогүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/00271 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Буяннэмэхээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 71,980,228 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай Арвайн Үр Хадгаламж, зээлийн хоршооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 588,051 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 745 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/00271 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Буяннэмэхээс зээлийн гэрээний үүрэгт нийт 70,980,107 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Арвайн үр ХЗХ-д олгож, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, үйлдвэр-2, /17042/, ХД-76 дугаар байрны зоорийн давхрын 1 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206016189 дугаартай, 18 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Намяънжугийн гудамж, 170А дугаар байрны 79 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024367 дугаартай, 70.25 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 3 өрөө орон сууцыг тус тус шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 588,051 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Буяннэмэхээс улсын тэмдэгтийн хураамжид 588,051 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Арвайн үр ХЗХ-нд олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 517,855 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.01-ний өдрийн 745 дугаартай магадлалд хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Магадлалын хянавал хэсэгт Талууд 2018 оноос хойш зээлийн гэрээний харилцаа үүсгэж, зээлдүүлэгч нь гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгчийн өмчлөлд өмнө шилжүүлсэн байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон ба 2019.04.26-ны өдрийн байдлаар мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөөгүй гэх нөхцөл байдал нь хариуцагч Н.Буяннэмэхийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх шууд үндэслэл болохгүй юм гэжээ.

Хариуцагч Н.Буяннэмэх нь 2018.09.11-ний өдрийн Зээлийн гэрээний дагуу 44,000,000 төгрөг, 2018.09.22-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу 10,000,000 төгрөг, 2018.09.18-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу 2,500,000 төгрөгийг Арвайн үр ХЗХ-оос зээлж авсан бөгөөд нийт 56,500,000 төгрөг зээлж авсан. Харин 2019.04.26-ны өдрийн 1904/20 тоот Зээлийн гэрээний дагуу 66,489,000 төгрөгийг зээлж аваагүй, бодитоор 66,489,000 төгрөг Н. Буяннэмэхд олгогдоогүй. Иймд 66,489,000 төгрөгийн үндсэн зээлийн төлбөр төлөх ёсгүй. Зөвхөн өмнө нь үүссэн зээлийн харилцааны дагуу 56,500,000 төгрөгийн үндсэн зээлийн төлбөр төлөх ёстой. Магадлалд дурдсан зээлийн үлдэгдэл 65,489,000 төгрөгөөс 8,989,000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Зээлдэгчид 66,489,000 төгрөгийн зээл бодитоор олгогдоогүй тул 66,489,000 төгрөгөөс тооцсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг зөвшөөрөхгүй байгаа. Учир нь энэ дүн бол өмнө нь авсан 3 удаагийн зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийлбэр дүн юм. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдлээс дахин хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018.09.11-ний өдрөөс хойш дээр дурдсан 3 зээлийн гэрээний дагуу нийт 10,290,000 төгрөгийг төлсөн ба энэ нь зээлийн хүү, болон нэмэгдүүлсэн хүүнд тооцсон. 2019.04.26-ны өдрөөс хойш хугацаанд 6,500,000 төгрөг төлөгдсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмын дагуу Зээлийн хүүд 4,575,923 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 915,184 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Үүн дээр нийт зээлдсэн 56,500,000 төгрөгийн үндсэн зээлийн төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч нийт 61,991,107 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд Н.Буяннэмэхээс зээлийн гэрээний үүрэгт гаргуулахаас шийдвэрлэсэн 70,980,107 төгрөгөөс 8,989,000 төгрөгийг хасч тооцож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.01-ний өдрийн 745 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Арвайн үр ХЗХ нь хариуцагч Н.Буяннэмэхэд холбогдуулан Зээлийн гэрээ-ний үүрэгт 70,980,228 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

 

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын заримыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

1.   Нэхэмжлэгч Арвайн үр ХЗХ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...зээлдэгч Н.Буяннэмэх 2019.04.26-ны өдөр 1904/20 тоот Зээлийн гэрээгээр 66,489,000 төгрөгийг сарын 2.8%-ийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлж авсан, ...гэрээний хугацаа дууссан боловч зээл эргэн төлөх үүргээ зөрчин 73 хоногийн хугацаа хэтрүүлэн ХЗХ-ны 400 гаруй гишүүдийн эрх ашгийг хохироосоор байна. ...иймд үндсэн зээл 66,489,000 төгрөг, хүүнд 4,575,923 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 915,184 төгрөг, нийт 71,980,228 төгрөг болсон. Хариуцагч нь 2019.12.15-ны өдөр 1,000,000 төгрөгийг төлсөн тул хасч, 70,980,228 төгрөгийг гаргуулах, зээлдэгч нь үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү ... гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: ...2019.04.26-ны өдрийн Зээлийн гэрээгээр гэрээнд заагдсан 66,498,000 төгрөг бодитоор олгогдоогүй, талуудын хооронд 2018.09.11, 2018.09.18, 2018.09.25-ны өдрүүдэд Зээлийн гэрээ байгуулагдаж, нийт 51,000,000 төгрөгийг авсан. ...гэрээний үүрэгт нийт 10,290,000 төгрөгийг төлсөн. ...2019 оны гэрээ хүчин төгөлдөр бус, зээл олгох зорилгоор байгуулагдаагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй... гэж маргажээ.

 

2.   Хэрэгт цугларсан баримтаар зээлдэгч Н.Буяннэмэх 2018.09.11-ний өдөр Арвайн үр ХЗХ-д гишүүнээр элсэх хүсэлт гаргаж, гишүүний анкет бөглөсөн, тухайн өдөр зохигч №18/135 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, Арвайн үр ХЗХ нь Н.Буяннэмэхэд 44,000,000 төгрөгийг сарын 2.8%-ийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлдүүлэхээр, улмаар 2018.09.18-ны өдөр 2,500,000 төгрөгийг, 2018.09.25-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус 3 сарын хугацаатай, сарын 2.8%-ийн хүүтэй зээлдүүлэхээр №18/36, №18/41 дугаартай нэмэлт зээлийн гэрээ байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Намъянжугийн гудамж, 170А байрны 79 тоот 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр-2/17042/-ХД-76 дугаар байрны зоорийн давхрын 1 тоот автозогсоолыг тус тус барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан, зээлдүүлэгч гэрээнд заасан хөрөнгийг шилжүүлсэн байна.

 

Харин 2019.04.26-ны өдөр №1904/20 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр зээлдүүлэгч 66,489,120 төгрөгийг сарын 2.8%-ийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлэхээр, зээлдэгч эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг буцаан төлөх үүрэг тус тус хүлээсэн боловч гэрээний дагуу зээлийн хөрөнгийг шилжүүлээгүй үндэслэлээр зээлдэгч тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж маргажээ.

 

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийгээгүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

3.   Арвайн үр ХЗХ нь гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг үзүүлдэг хуулийн этгээд болохын хувьд гишүүн бус этгээдэд зээл олгохыг хориглоно гэж Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.-т зохицуулсан.

 

Хэрэгт хариуцагч Н.Буяннэмэхийн 2018.09.11-ний өдөр тус хоршооны гишүүнээр элсэхийг хүссэн хүсэлт, гишүүний анкет гэсэн баримт байх боловч энэ нь хоршооны гишүүний эрх, үүргийг хүлээж, бодитой гишүүн болоогүй зөвхөн зээл авахын тулд бүрдүүлсэн шинжтэй гэж үзэхээр байна.

 

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т ...хоршоо гишүүнээр элсүүлэх асуудлыг дүрэмд өөрөөр заагаагүй бол тэргүүлэгчдийн хурлаар 30 хоногийн дотор шийдвэрлэнэ, 20 дугаар зүйлийн 20.1.-д тэргүүлэгчдийн зөвлөл гишүүдийн бүртгэлийг хөтөлж, ...өөрчлөлтийг хууль заасан хугацаанд Хороонд мэдэгдэнэ, 20.2.-т гишүүний эрх нь хадгаламж, зээлийн хоршоонд оруулах хөрөнгийг доод хэмжээг бүрэн оруулснаар үүснэ... гэж тус тус зохицуулжээ.

 

Хариуцагчийг хоршооны гишүүн болохыг нотолсон, тухайлбал, хоршоонд хувь хөрөнгө оруулсан, гишүүний хураамж төлсөн тухай болон түүний хоршооны гишүүнээр элсэх хүсэлтийг шийдвэрлэсэн тэргүүлэгчдийн хурлын шийдвэр, гишүүдийн бүртгэлд өөрчлөлт оруулсан тухай баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагч Н.Буяннэмэхийг Арвайн үр ХЗХ-ны гишүүн гэж үзэх боломгүй.

 

4.   Үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9., 56.5.-д зохицуулсан.

 

Дээр дурдсан үндэслэлээр Арвайн үр ХЗХ үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж, гишүүн бус этгээдэд зээл олгосон байх тул зохигчийн хооронд байгуулсан 2018.09.11, 2018.09.18, 2018.09.25-ны өдрүүдийн зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.

 

Харин нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2019.04.26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчид ямар нэг хөрөнгө шилжүүлээгүй тул энэ хэлцэл дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл, ямар нэг үр дагавар үүсэхгүй.

 

Иймд хариуцагч 2018.09.11, 2018.09.18, 2018.09.25-ны өдрүүдэд байгуулсан зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 56,500,000 /44,000,000+2,500,000+10,000,000/ төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй бөгөөд үүнээс төлсөн 7,500,000 төгрөгийг хасвал 49,000,000 төгрөгийг төлөхөөр байна.

 

Гэрээ хүчин төгөлдөр бус тул гэрээгээр хүлээсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хариуцагчид үүсэхгүй.

 

5.   Барьцааны гэрээ нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор байгуулагдсан, зээлийн гэрээтэй салшгүй холбоотой хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн барьцааны гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10.-т зааснаар хүчин төгөлдөр бус, иймд барьцааны хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийг хангуулах шаардлага үндэслэлгүй.

 

6.   Хариуцагч Н.Буяннэмэх нь хоршооны гишүүн биш боловч гэрээний дагуу авсан зээлийн хөрөнгийг буцаан төлөх үүрэгтэй, шүүх талуудын зарчимд үндэслэн хэргийг шийдвэрлэх тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд, зээлийн төлбөрт 61,991,107 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 745 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/00271 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9., 56.5., 56.1.10.-т зааснаар хариуцагч Н.Буяннэмэхээс 61,991,107 төгрөгийг гаргуулан Арвайн үр ХЗХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,989,121 төгрөг болон барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын ...56.1. гэснийг ...56.2. гэж, үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагчаас 467,905 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаярын гомдлын заримыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаяраас 2020.04.20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

 

Г.БАНЗРАГЧ

 

Х.СОНИНБАЯР

 

Х.ЭРДЭНЭСУВД