Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/00745

 

 

А- ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/00271 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А- ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Буяннэхэмэд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 70 980 107 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Бат-Эрдэнэ, Б.Мөнх-Од,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А- ХЗХ нь Н.Б-эд 2019 оны 4 сарын 26-ны өдөр 1904/20 тоот зээлийн гэрээгээр 66 489 000 төгрөгийг, сарын 2.8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, А- ХЗХ нь Н.Б-тэй 2019 оны 4 сарын 26-ны өдөр 1904/20 тоот үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгө барьцааны гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр түүний өмчлөлийн Ү-2204024367 дугаартай, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Намъяанжугийн гудамж, 170А дугаар байрны 79 тоот хаягт орших 70.25 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 3 өрөө байр, Ү-2206016189 дугаартай, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр-2 /17042/ ХД-76 дугаар байрны зоорийн давхрын 1 тоот хаягт байрлах 18 м.кв авто зогсоол бүхий үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан. Зээлдэгчтэй байгуулсан 1904/16 тоот зээлийн гэрээний хугацаа 2019 оны 7 сарын 26-ны өдөр дууссан боловч зээлдэгч нь энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчин, 73 хоногийн хугацааг хэтрүүлэн, хадгаламж зээлийн хоршооны 400 гаруй гишүүдийн эрх ашгийг хохироосоор байна. Хадгаламж зээлийн хоршооны зүгээс зээлдэгч талд зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх талаар удаа дараа бичгээр болон бусад хэлбэрээр мэдэгдэж, анхааруулсан боловч зээл төлөлтийн тал дээр ямар нэг үр дүн гарахгүй байгаа болно. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар буюу 2019 оны 12 сарын 10-ны өдөр зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 66 489 000 төгрөг, зээлийн хүүд 4 575 923 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 915 184 төгрөг, нийт 71 980 228 төгрөгийн өр төлбөртэй байна. Иймд хариуцагч Н.Б-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 71 980 228 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2019 оны 4 сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан боловч 66 498 000 төгрөг бодитой олгогдоогүй. Талуудын хооронд 2018 оны 9 сарын 11-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 41 000 000 төгрөг, 2018 оны 9 сарын 22-ны өдөр 10 000 000 төгрөг, нийт 51 000 000 төгрөг авсан. Зээлийн гэрээ байгуулснаас хойш 2018 оны 11 сарын 28-ны өдөр 790 000 төгрөг, мөн өдрөө өөр данснаас 1 000 000 төгрөг, 2019 оны 7 сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг тус тус төлсөн. 2019 оны 8 сарын 09-ний өдөр 1 000 000 төгрөг, 2019 оны 8 сарын 16-ны өдөр 3 500 000 төгрөг, 2019 оны 12 сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2019 оны 12 сарын 15-ны өдөр 1 000 000 төгрөг, нийт 10 290 000 төгрөгийг төлсөн. Энэ төлөлт бол 2018 оны 9 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ болон 2018 оны 9 сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний төлөлт юм. Нэхэмжлэлийн шаардлагад дурьдаж байгаа 2019 оны 4 сарын 26-ны өдрийн гэрээ бол хүчин төгөлдөр бус зээл олгох зорилгоор байгуулагдаагүй. Тухайн өдөр зээлийг бодитойгоор олгоогүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан, хариуцагч Н.Б-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 71 980 228 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай А- ХЗХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 588 051 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заажээ. 2019 оны 4 сарын 26-ны өдөр хариуцагч Н.Б- нь А- ХЗХ-нд урьд байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн төлбөр, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг төлөх үүрэгтэй байсан бөгөөд энэхүү үүргээ бүрэн биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул талууд харилцан тохиролцож, зээлийн гэрээг байгуулсан. Буяннэмэх нь мөнгө бодитоор олгогдоогүй гэж маргадаг тухайн үед зээлдэгч гэрээний үүргийн дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээ гүйцэтгэж чадахгүй байсны улмаас талууд харилцан тохиролцож, өмнөх зээлийн гэрээний нөхцөлийг өөрчлөлгүйгээр 2019 оны 1904/20 тоот зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан. Н.Б- нь 2019 оны 4 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг байгуулахгүй, гэрээнд гарын үсэг зурахгүй байх бүрэн боломжтой байсан, гагцхүү өөрийн эрх ашиг сонирхлоо илэрхийлж, чанаргүй зээлдэгчээр бүртгэгдэхгүйн тулд өөрөө хүсэлт гаргаж, энэхүү гэрээг байгуулсан бөгөөд үндсэн зээлийн гэрээг дагалдуулж нэмэлт үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг шинэчлэн байгуулсан байдаг. Хариуцагч Н.Б- нь эрх зүйн чадамжтай этгээд бөгөөд гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй зээлдэгчийг хохироосоор байна. Түүнчлэн, 2019 оны 11 сарын 18-ны өдөр Н.Б- нь баталгаа гаргасан нь гэрээ байгуулагдсаныг хүлээн зөвшөөрч үүрэг бий болохыг хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн. Талууд 2018 оны 9 сарын 11, 9 сарын 18, 2018 оны 9 сарын 25-ны өдрүүдэд зээлийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээнүүдийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч шүүх 2017 оны 9 сарын 18-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг орхигдуулан зөвхөн хариуцагчийн хариу тайлбарт үндэслэн гэрээний үүргийн шаардлагыг багасгасан. Мөн хариуцагчийн гаргаж өгсөн дансны хуулга нь нотлох баримтын шаардлага хангагдаагүй байхад хүлээж авсан. Шүүгч болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь шүүх хуралдааны тэмдэглэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт заасныг зөрчиж процессийн алдаа гарган бидний эрх ашгийг хохироосон. Түүнчлэн шүүх хурлын үед нотлох баримтыг бүрэн дүүрэн тал бүрээс нь хянан шинжлээгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг орхигдуулсан зэрэг нь хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд нөлөөлж хариуцагч талд давуу байдлыг бий болгосон. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч А- ХЗХ нь хариуцагч Н.Б-эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 71 980 107 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг багасган 70 980 107 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2018 оны 9 сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч А- ХЗХ нь хариуцагч Н.Б-эд 44 000 000 төгрөгийг, сарын 2.8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай /хх-ийн 75-76-р тал/,

2018 оны 9 сарын 18-ны өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулж, 2 500 000 төгрөгийг, сарын 2.8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай /хх-ийн 79-80-р тал/

2018 оны 9 сарын 25-ны өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг, сарын 2.8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай тус тус зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбар, талуудын байгуулсан гэрээ, хариуцагч Н.Б-ийн гаргасан баталгаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 84-87-р тал/

 

Улмаар зохигчид 2019 оны 4 сарын 26-ны өдөр дээрх зээлийн гэрээнүүдийг нэгтгэх байдлаар дахин зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Н.Б- нь нийт 66 489 120 төгрөгийн үүргийг, сарын 2.8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байх бөгөөд мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, хариуцагч Н.Б-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, үйлдвэр-2, /17042/, ХД-76 дугаар байрны зоорийн давхрын 1 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206016189 дугаартай, 18 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, иргэн П.Орхоны өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Намъяанжугийн гудамж, 170А дугаар байрны 79 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024367 дугаартай, 70.25 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалжээ. /хх-ийн 10-11, 12-19-р тал/

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

Тодруулбал, талууд 2018 оны 9 сарын 11-н, 2018 оны 9 сарын 18-н, 2018 оны 9 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг нэгтгэж, 2019 оны 4 сарын 26-ны өдөр 66 489 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан байх бөгөөд хариуцагч Н.Б- нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 71 788 068 төгрөгийг төлөхөө илэрхийлж 2019 оны 11 сарын 19-ний өдөр баталгаа гаргасан байна. /хх-н 33-р талын ар/ Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж,

189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж,

199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж тус тус заасан. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч А- ХЗХ нь 2019 оны 4 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч Н.Б-эд мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, талууд 2018 оноос хойш зээлийн гэрээний харилцаа үүсгэж, зээлдүүлэгч нь гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд өмнө шилжүүлсэн байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон ба 2019 оны 4 сарын 26-ны өдөр мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөөгүй гэх нөхцөл байдал нь хариуцагч Н.Б-ийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх шууд үндэслэл болохгүй юм.

 

Хариуцагч Н.Б- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2019 оны 4 сарын 26-ны өдрийн гэрээ байгуулагдсанаас хойш 4 удаагийн төлөлтөөр нийт 6 500 000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1 000 000 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. 2019 оны 4 сарын 26-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2019 оны 12 сарын 10-ны өдөр хүртэл 7 сар 14 хоног болж байгаа бөгөөд хариуцагч Н.Б-ийн төлсөн 7 500 000 төгрөгийг үндсэн зээл 66 489 000 төгрөгөөс хасвал үндсэн зээлийн үлдэгдэл 58 989 000 төгрөг, зээлийн хүү 12 940 260 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 588 052 төгрөг, нийт 74 517 312 төгрөг болж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмын дагуу нэхэмжлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийнхээ хүрээнд тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд багасган шийдвэрлэх боломжтой байна. /хх-ийн 34-66-р тал/

 

Иймд хариуцагч Н.Б-ээс үндсэн зээлийн үлдэгдэл 65 489 000 төгрөг, зээлийн хүүд 4 575 923 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 915 184 төгрөг, нийт 70 980 107 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч А- ХЗХ-нд олгож, хариуцагч Н.Б- нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/00271 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 70 980 107 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А- ХЗХ-д олгож, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, үйлдвэр-2, /17042/, ХД-76 дугаар байрны зоорийн давхрын 1 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206016189 дугаартай, 18 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Намяънжугийн гудамж, 170А дугаар байрны 79 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024367 дугаартай, 70.25 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 3 өрөө орон сууцыг тус тус шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 588 051 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 588 051 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А- ХЗХ-нд олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 517 855 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

 

Г.ДАВААДОРЖ