Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 202/МА2018/00015

 

    2018            05              09                                             202/МА2018/00015

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн 

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай  

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 136/ШШ2018/00138 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 42-т байрлах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Нарлаг шанд хороолол, 54 дүгээр байрны .... тоотод оршин суух, 1973 онд төрсөн, 44 настай, эрэгтэй, Хар хиргис овогт Ж-ын М /РД:ТБ73091071/,

Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Данзанваанчиг гудамжны ..... тоотод оршин суух, 1985 онд төрсөн, 32 настай, эмэгтэй, Дамбынхан овогт Б-ын Э /РД: ЕК85041164/ нарт холбогдох,

Журам зөрчиж сургалтын төлбөрт олгосон 11300000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Эрдэнийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа, Б.Болор-Эрдэнэ, хариуцагч Ж.М, Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа  нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч УБТЗ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ж.М, Б.Э нар нь УБТЗ-ын даргын 2012.04.18-ны өдрийн А-78 дугаар тушаалаар батлагдсан “Их дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцагч оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх журам”-ыг зөрчиж 2013-2017 онуудад Б.Б, Э.Х нарын сургалтын төлбөрт 11300000 төгрөг төлсөн нь 2017 оны 11 дүгээр сард хийгдсэн Дотоод аудит хяналтын албаны шалгалтаар илэрч, дотоод аудит хяналтын албаны аудиторын СТ-01/03/113 тоот акт тавигдсан байна. Дээр дурдсан журамд төмөр замын ажилтны төрсөн нэг хүүхдэд нь их дээд сургууль, коллежид суралцах хугацаанд нэг удаа төгсөх ангид нь сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ гэж заажээ. Гэтэл эдгээр хүүхдүүдэд суралцах бүх хугацаанд нь төлбөрийг нь төлсөн бөгөөд эцэг эх нь УБТЗ-д ажилладаггүй байна. Шалгалтын дараа удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргын үүрэг гүйцэтгэгч Г.Ганболдын удирдан хийлгэсэн шуурхай хурлаас “эрх мэдлээ хэтрүүлэн журам зөрчиж, мөнгө зарцуулсан тухайн үеийн ажил хариуцсан хүмүүсээр төлүүлэх” шийдвэр гарсан ба Ж.М тухайн үед Замын 4 дүгээр ангийн даргаар, Б.Э хүний нөөцийн менежерээр ажиллаж байхдаа Б.Б, Э.Х нарын сургалтын төлбөрийг төлөх шийдвэр гаргаж бичиг баримтыг бүрдүүлж байжээ. Иймд, журам зөрчин байгууллагад 11300000 төгрөгийн хохирол учруулсан Ж.М, Б.Э нараас энэ мөнгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч Ж.М шүүхэд гаргасан тайлбартаа:  Миний бие 2012.09.22-2016.11.01-ний өдөр хүртэл УБТЗ-ын Замын 4 дүгээр ангийн даргаар ажилласан. Говийн бүсэд тогтвор суурьшилтай ажиллах инженер, техникч нар цөөн байдгаас тус байгууллагад мэргэжилтэй боловсон хүчин хомсдолтой байдаг. Бид мэргэжилтэй боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх үүднээс шат дараатай арга хэмжээнүүд авч байсан. Тухайлбал Тээврийн дээд сургуульд эчнээ хөтөлбөр хичээллүүлж өөрийн ажилтнуудаас сурган, дунд боловсролтой замын техникч нар бэлдэх саналыг анх гаргаж байсан нь үр дүнтэй хэрэгжиж одоогоор 10 замын техникч нар төгссөн, суралцаж байгаа 10 ажилтан байна. Мөн жил бүр Тээврийн дээд сургуулийн төгсөгчидтэй Замын 4 дүгээр анги тусгай уулзалт хийж, байгууллагынхаа онцлог давуу талуудыг сурталчлан, инженерээр төгсөж байгаа залуусыг татах оролдлого хийж байна. Уг ажлын үр дүнд залуу инженерүүд манайд ажилд ордог боловч богино хугацаанд өөр орон нутаг руу шилждэг. Энэ хүндрэлтэй байдлыг УБТЗ ХНН анхааралдаа авч, шийдвэрлэх гарц гаргалгааг хайсаар ирсэн. Миний бие тухайн үеийн хүний нөөцийн албаны дарга Огторгуй, хүний нөөцийн асуудал хариуцсан замын орлогч дарга Мижиддорж нартай зөвлөлдөж, сурлага сайтай, төмөр замын чиглэлээр ажиллах чин эрмэлзэлтэй орон нутгийн хүүхдүүдийг Тээврийн дээд сургуульд байгууллагын зардлаар сургаж, төгссөний дараа байгууллагадаа тогтвортой ажиллуулах шийдэлд хүрсэн. Үүний дараа орон нутгийн FM радиод зар өгч мөн ажилтнуудынхаа хүүхдүүдээс тухайн жил дунд сургууль төгсөж байгаа, инженерээр суралцах хүсэлтэй сурагчдыг судалж үзсэн. 3 ажилтны хүүхэд байснаас нэг нь ИЗИС, нөгөө нь Тээврийн дээд сургуулийн ашиглалтын ангид сурна гээд манай байгууллагатай гэрээ байгуулахаас татгалзсан. Ингээд Б.Быг сонгосон. Тэрээр аймаг, орон нутгийн олон удаагийн олимпиадад оролцож байр эзэлсэн, сурлага сайтай хүүхэд байсан. 2013.03.13-ны өдрийн 58/112 тоот албан бичгээр хүний нөөцийн асуудал эрхэлсэн замын орлогч дарга Мижиддоржид хүсэлт явуулсан. Хүний нөөцийн алба 2 хүүхэд сургах зөвшөөрлийг өгсөн. Үүний үндсэн дээр Э.Хыг нэмж сонгон 2013.08.16-ны өдөр 58/286 дахин албан бичгийг хүргүүлсэн. Ингээд Тээврийн дээд сургуультай уулзахад математик, физикээр элсэлтийн ерөнхий шалгалт өгч 500 ба түүнээс дээш оноо авсан хүүхдийг сургах боломжтой гэсэн. Энэ болзлыг Б.Б, Э.Х нар хангаж байсан тул гурван талт гэрээ байгуулж суралцуулсан. Энэ хүүхдүүд 5 жил сахилга баттай суралцаж төгсөөд одоо гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Замын 4 дүгээр ангийн 5, 11 дүгээр хэсэгт бригадын даргаар ажиллаж байгаа. Гэрээний талууд үүргээ биелүүлж, гэрээний үр дүн УБТЗ ХНН-д үр ашгаа өгсөөр байтал байгууллагад ямар хохирол учраад надаас мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. 2-рт энэ хүүхдүүдийг сургах үүргийг тухайн үеийн удирдлагууд надад өгсөн. Би тэдний үүрэг даалгаврыг биелүүлснийхээ төлөө ийнхүү өрөнд унаж байгаагаа хүлээн зөвшөөрөх боломжгүй билээ. Дархан-Уул аймагт зохиогдсон хүний нөөцийн ажилтнуудын сургалт зөвлөгөөн дээр хүний нөөцийн албаны дарга Огторгуй Замын 4 дүгээр анги өөрийн орон нутгаас сурагчдыг сонгон байгууллагын зардлаар суралцуулж, тогтвор суурьшилтай ажиллах боловсон хүчин бэлтгэж байгааг сайшаан тэмдэглээд бусад салбарын дарга нар жишээ авууштай туршлага болж байгааг дурдсан байдаг. Нэгэн үе шилдэг туршлага гэж нэрлэгдэж байсан санал санаачилга, улс төрийн сонгуулийн үр дүнгээр дарга, удирдлагууд солигдмогц алдаа дутагдал болон хувирч байна. УБТЗ ХНН-ийн дотоод аудитаас жил бүр санхүүгийн бүх бичиг баримтад үзлэг шалгалт хийдэг уламжлалтай. 2013, 2014, 2015, 2016 онуудад Замын 4 дүгээр ангид хийгдсэн аудитын шалгалтуудаар оюутан сургаж байгаа асуудал хянагдаад явж байсан. Гэтэл 2017 онд буюу анх гэрээ байгуулагдсанаас хойш бүтэн 4 жилийн дараах аудитын үзлэг үүнийг зөрчил гэж үзэж байгаа нь хөндлөнгийн үзлэг тэс өөр зүйлд чиглэсэн байна гэж үзэх хардлага төрүүлж байна. УБТЗ-ын даргын 2012.04.18-ны өдрийн А78 дугаар тушаалаар батлагдсан их дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцагч оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх журам нь төмөр замын байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан ажилтны хүүхэд их, дээд сургууль, коллеж төгсөн жилд Тээврийн дээд сургуулийн төлбөрийн 50 хувиар тооцож нэг удаа сургалтын төлбөрийн хөнгөлөлт олгодог. Б.Б, Э.Х нартай байгуулсан гэрээнд энэ журмыг хэрэглэж, зөрчил гэж үзэж байгаа нь үүссэн эрх зүйн харилцаа түүнд холбогдуулж хэрэглэх эрх зүйн хэм хэмжээг буруу сонгож хэт муйхарласан явдал гэж үзэж байна. Учир нь маргаж буй харилцаа нь Замын 4 дүгээр анги буюу захиалагч, Тээврийн дээд сургууль буюу гүйцэтгэгч, суралцагч нар болох Э.Х, Б.Б нарын хооронд мэргэжилтэй ажилтан бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллуулах хэрэгцээн дээр үндэслэж бий болсон гэрээний харилцаа байдаг. Энэ харилцаанд иргэний хуульд заасан үндсэн дээр, холбогдох албадын дарга нарын зөвшөөрөл, өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж энэ гэрээг байгуулсан. Тус гэрээ нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж, суралцаж төгссөн ажилтнууд нь тус байгууллагад ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Харин 2012.04.18-ны өдрийн А78 дугаар тушаалаар батлагдсан дээрх журам энэ гэрээнд хамаарч үйлчлэх боломжгүй гэдгийг дурдаж байна. Өмнө дурдсанчлан энэ асуудлыг зөрчил гэж үзэх болсон шалтгаан нь намайг ямар нэг зүйлд холбогдуулж буруутгах гэсэн, өө хайсан үйлдэл болно. Эцэс сүүлд нь тухайн үедээ зөв санал санаачилга гэж нэрлэгдэж байсан энэ сургалтын гэрээг холбогдолгүй дүрэм журамд хамаатуулан мушгиж, алдаа болгон энэхүү нэхэмжлэлийг гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Тээврийн дээд сургууль, Замын 4 дүгээр анги, суралцагч Э.Х, Б.Б нарын хооронд байгуулсан гэрээгээр нэг талаас захиалагч замын 4 дүгээр анги сургалтын төлбөрийг төлөх, Тээврийн дээд сургууль инженерийн мэдлэг, боловсрол олгох Э.Х, Б.Б нар сахилга, дэг журамтай суралцах, төгсөөд 5 жилийн хугацаанд Замын 4 дүгээр ангид тогтвор суурьшилтай ажиллах үүргийг хүлээсэн байдаг. Энэ гэрээний эрх зүйн харилцаанд Монгол Улсын Иргэний хууль үйлчлэх байтал хуулиас давуулж, байгууллагын дотоодод мөрдөгдөх, ажилтнуудад хамааралтай дүрэм, журмыг Монгол Улсын хуулиас өмнө тавьж, зөрчил болгохоор оролдож байгаа нь бүдүүлэг алдаа болжээ. Монгол Улсын Иргэний хуульд зохицуулсан гэрээний эрх зүйн зохицуулалтаас үзвэл суралцагч нартай байгуулсан тус тусын гэрээгээр үүрэг хүлээсэн талууд гэрээний харилцааг дуусгавар болгох, гэрээг хүчингүйд тооцох эрх зүйн үр дагаварт хүргэх зөрчил дутагдал гаргаагүй, гэрээний үүргээ зөрчөөгүй байдаг нь уг гэрээ одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгааг харуулах тус сургалтын төлбөр болох мөнгийг нэхэмжилж байгаа нь хууль бус гэж үзэх эхний үндэслэл болно. Э.Х, Б.Б нарыг байгууллагын зардлаар сургасан асуудал одоогоос 5 жилийн өмнө буюу 2013 онд болсон. Миний бие Б.Э нь 2012.11.22-ны өдрөөс УБТЗ ХНН-ийн Замын 4 дүгээр ангид хүний нөөцийн менежерээр ажиллаж байна. Миний бие ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, байгууллагын дотоод журмыг чанд мөрдөн ажиллаж ирсэн. 2012 оны төгсгөл, 2013 оны эхээр ангийн дарга Ж.М Дорноговь аймгийн уугуул, төмөр замын мэргэжлээр тууштай ажиллах хүсэлтэй дунд сургууль төгсөж байгаа, сурлага сайтай хүүхдийг байгууллагын нэр дээр сургах саналыг хүний нөөцийн албанд тавьж, зөвшөөрөл авсан. Ажилтнуудын хүүхдүүдээс сонговол сайн байна, гол нь сурлагын дүн сайн байх хэрэгтэй гэдэг үүрэг өгсөн. Энэ үүргийн дагуу ажилтнуудаас судалж үзэхэд үйлчлэгч Д.Бадамцэцэгийн охин Б.Энхцэцэг, бичээч-бичиг хэрэг Б.Одонтуяагийн хүү Б.Хатансайхан, сэв хайгч Б.Одонбаатарын хүүхэд нар төгсөх ангийн сурагчид байсан боловч Б.Энхцэцэг нягтлан бодогчийн мэргэжлээр, Б.Хатансайхан төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр суралцах хүсэлтэй тул замын чиглэлээр суралцах хүүхэд олдоогүй. Дарга Ж.Мад энэ талаар танилцуулахад орон нутгийн FM радиод зар өг, сургуулиудын багш нараар дамжуулж судал. Гол нь энэ нутгийн уугуул хүүхэд байх ёстой, төгсөж ирээд тогтвор суурьшилтай ажиллах, сурлагын үзүүлэлт сайтай сурагч байх ёстой, ар гэрийн амьдралыг нь давхар харгалзаж үзэхэд гэмгүй гэж хэлсэн. Ингээд судлах явцдаа Зүүнбаян багийн 10 жилийн сурагч Б.Бтай холбогдож, олимпиадад оролцож байсан гэрчилгээ дипломуудыг нь авч даргад танилцуулсан. Албан бичиг төлөвлөөд хүний нөөцийн асуудал хариуцсан замын орлогч дарга Ч.Мижиддоржид явуул гэсэн. Албан бичгийг би төлөвлөж даргаар хянуулан, Б.Бы бичиг баримтын хуулбартай явуулсан. Ангийн дарга Ж.М Улаанбаатар хотод ажиллаж ирээд хүний нөөцийн албанаас Б.Быг сургахыг зөвшөөрсөн. Дээрээс нь ахиад нэг хүүхэд олоод 2 хүүхэд сургаж ав гэсэн чиглэл өгсөн. Харин Тээврийн дээд сургуульд элсэхэд элсэлтийн ерөнхий шалгалтанд математик, физикийн хичээлээр шалгалт өгсөн байх ёстой гэсэн. Энэ шалгуурт нийцсэн сурагч Э.Хыг сонгож, суралцуулах хүсэлтийг дахиж явуулсан. Ингээд Тээврийн дээд сургууль, Замын 4 дүгээр анги, суралцагч нарын хооронд 3 талт гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу тус байгууллагад ажиллаж байгаа билээ. Одоо эдгээр ажилтнууд гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 5 жилийн хугацаанд Замын 4 дүгээр ангийн хэрэгцээт газарт томилогдон ажиллах үүргээ биелүүлж байгаа болно. Гэтэл гэрээ анх байгуулагдсанаас хойш 5 жилийн дараа Б.Б, Э.Х нарыг суралцуулсан нь хууль бус гэж аудитын шалгалтаар дүгнэгдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд жил бүр хийгддэг дотоод аудитаар энэ гэрээ 4 жил шалгагдсан. Гэтэл  5 дахь жилийн шалгалт буюу 2017 оны дотоод аудитын үзлэгээр зөрчил болж илэрсэн нь аудитын үзлэг өөр зорилготой байж гэх хардлагыг төрүүлж байна. Миний бие ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3, 4.8-д заасан үүргээ биелүүлж, өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлсний төлөө мөнгөн төлбөрт унаж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нэхэмжлэл нь намайг ажлаас халах гэсэн оролдлогын үргэлжлэл гэж үзэж байна. Эцсийн дүндээ Э.Х, Б.Б нартай байгуулсан гэрээний үр дүн замын 4 дүгээр анги тогтвортой ажиллах боловсон хүчин бэлтгэгдэж үр өгөөжөө өгч байгаа байтал сургалтын төлбөрийг хохирол гэж үзэх боломжгүй юм. Миний УБТЗ ХНН-д хохирол учруулсан зүйлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.3-т зааснаар хариуцагч Ж.М, Б.Э нараас журам зөрчиж олгосон сургалтын төлбөрт 11300000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 195750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрсөнөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардаж аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулуийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ давж заалдсан гомдолдоо болон, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Замын ангийн боловсон хүчнийг сонгон шалгаруулах, сургах үүрэг нь 10 дугаар анги төгссөн 2 хүүхдийг ангийн зардлаар сургах биш, мэргэжлийн боловсон хүчин ажиллуулахаар сонгон шалгаруулах, ажилтнуудаа сургаж боловсруулах талаар авсан үүрэг гэж ойлгогдож байна. Харин мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, тэтгэлгээр суралцуулах асуудал нь салбар нэгжүүдийн хувьд хийгддэггүй, учир нь энэ асуудлыг УБТЗ-ын хүний нөөцийн алба хариуцан явуулдаг.  Харин ажиллаж буй ажилтнуудаа сургаж боловсруулах чадваржуулах нь салбар нэгжүүдийн хийх ёстой үүрэг мөн. Мөн Замын 4 дүгээр анги дээрх хүүхдүүдийг суралцуулахаар УБТЗ-ын боловсон хүчин нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга Ч.Мижиддорж нарт хандан албан бичгүүд хүргүүлж байсан ч шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй, тухайн үед өгсөн хариу байхгүй, харин өнөөдөр өөр ажил эрхэлж байгаа Ч.Мижиддорж, Д.Огторгуй нарын 2018 оны 04 сарын 02-ны өдөр өөрсдийн гараар бичсэн тодорхойлолтыг үндэслэж шүүх шийдвэрээ гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Энэ 2 хүүхдийг шалгаруулж авах ямар ч сонгон шалгаруулалт явагдаагүй, үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Шийдвэрийн үндэслэх хэсэгт, журам зөрчсөн гэх үндэслэл нь ажлын байрны тодорхойлолт, дүрэмд заасан эрх, үүрэг Ж.Мын шүүх хуралдаанд гаргасан 250 сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээ хийж байсан, надад гэрээ хийх эрх нь байсан гэх тайлбар, тодорхойлолт, албан бичгүүдээр няцаагдаж байна гэжээ. Гэтэл ангийн дүрэм, ажлын байрны тодорхойлолтоор Замын даргын мэдлийн бус боловсон хүчнийг сонгон шалгаруулж хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах, замын даргаас олгосон эрх хэмжээний дагуу бусад этгээдтэй гэрээ байгуулах биелэлтийг хангуулах эрхтэй байна. Гэрээ хийх эрхийг замын даргаас итгэмжлэл хэлбэрээр олгодог бөгөөд хэрэв эдгээр хүүхдүүдтэй сургалтын гэрээ байгуулах эрх олгосон гэж байгаа бол замын даргаас олгосон итгэмжлэл байх ёстой бөгөөд хариуцагч нар түүнийгээ нотлох баримтаар гаргаж нотлох ёстой, гаргаж өгөх боломжгүй бол шүүхэд хүсэлт гарган гаргуулах эрх нь нээлттэй л байгаа. Гэтэл түүний амаар ярьсныг шүүх нэхэмжлэлийг няцаах үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна. Шүүх, ажилтан Ж.М нь дотоод журмын дагуу боловсон хүчин бэлтгэх ... саналыг ажил олгогч талд мэдэгдэж танилцуулах, зөвшилцөх замаар гэрээ байгуулах эрхээ хэрэгжүүлж боловсон хүчнийг бэлтгэх, сургах, хөдөлмөрийн сахилгын тогтоосон журмыг сахих гэх мэт үүргийг гүйцэтгэжээ гэж дүгнэжээ. Юуг үндэслэж ингэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Саналаа танилцуулсан боловч ажил олгогч зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй, зөвшилцсөн бол гэрээ байгуулах эрх олгосон баримт, итгэмжлэл байхгүй байхад шүүх ийнхүү дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Эдгээр ажилтнуудыг 2013-2016 онуудад дээрх журам зөрчсөнд ажил олгогчоос сахилгын шийтгэл ногдуулаагүй талаар Ж.Мын тайлбар үндэслэлтэй, Замын ангийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар гэрээ хэлцэл хийж ажил үүрэг гүйцэтгүүлэх эрхтэй зэргээс дүгнэхэд акт хууль зүйн үндэслэлгүй, түүнчлэн хариуцагч нарын зөрчилд тавьсан актад гомдол гаргах эрхээр хангаагүйн дээр танилцуулаагүй, эрх нь зөрчигдсөнийг мэдэгдээгүй байна гэж шүүх үзлээ гэжээ. Дотоод хяналт аудитын алба шалгалтыг тусгай удирдамжийн дагуу явуулдаг. Хамгийн сүүлд төлбөр хийсэн огноо 2016.12.31-ээр байна. Иймд дотоод хяналт аудитын алба 2016 оны тайлан блансад хийсэн шалгалтаар энэ зөрчил илэрсэн байгаа. Актыг хууль зүйн үндэслэлгүй гэсэн дүгнэлт нь илтэд үндэслэлгүй, учир нь ангийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой гэрээ хэлцэл хийх эрхтэй гэснээс харахад Замын ангийн үндсэн үйл ажиллагаа нь юу вэ гэсэн асуулт урган гаргана. Актыг хариуцагч нарт танилцуулаагүй, гомдол гаргах эрхээр хангаагүй гэдэг нь үндэслэлгүй, акттай танилцсан хүний гарын үсэг  актан дээр байхаас гадна, шүүх хуралдаан дээр ч энэ асуудал хангалттай яригдсан. Актанд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан ч актанд гомдол гаргаагүй, хаана хандахаа мэдэхгүй байсан гэдэг нь эрхээ хэрэгжүүлээгүйг зөвтгөх үндэслэл болохгүй. Сургалтын гэрээ нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан журамд хамаарахгүй гэжээ. Замын ангийн хувьд бие даан ангидаа боловсон хүчин бэлтгэх эрх зүйн үндэслэл ч, эрх ч байхгүй. УБТЗ ХНН-ийн салбар нэгжийн хувьд хууль тогтоомж, УБТЗ-ын хэмжээнд мөрддөг дүрэм журмыг мөрдөж ажиллах ба зохицуулагдаагүй болон тодорхой зарим асуудлын хувьд Замын даргаас олгогдсон эрх хэмжээний хүрээнд үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй. Замын ангийн даргад боловсон хүчнийг сургах сургалтын гэрээ байгуулах эрх байхгүй ба ангийн дүрэм болон хариуцагчдын ажлын байрны тодорхойлолтод ч ийм эрх байхгүй байна. Ийм байтал анхан шатны шүүх, нотлох баримтыг буруу үнэлж, үндэслэлгүй шийдвэр гаргасан байх тул шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд энэ журмын дагуу бүх ажилтнууд олгогдох мөнгөө аваад хүүхдүүдээ сургасан байгаа. Энэ асуудал нь журамтай ямар ч хамаагүй. Нөхцөл нь юу байсан бэ гэхээр тогтвортой боловсон хүчин сургах, бэлтгэх байсан. Энэ нь ангийн даргын ажлын байрны тодорхойлолт болон тухайн жилийн төлөвлөгөөнд батлагдсан байдаг. Ажил олгогчид ийм эрх байхгүй нь үнэн, ийм эрх байхгүй учраас бид нар эрх бүхий албан тушаалтан буюу тухайн үед Ч.Мижиддорж, Д.Огторгуй гэсэн 2 хүнд хандсан, энэ хүмүүс болно, хүүхдээ судал гэсний дагуу судалсан.  Сонгон шалгаруулалтыг хийгээгүй гэж байна. Сонгон шалгаруулалт хийх ёстой ч байсан юм уу, үгүй юм уу.  Итгэмжлэл олгогдох ёстой гээд байна. Энэ итгэмжлэл юун дээр олгогддог вэ гэхээр тухайн оны эхэнд ирэх онд гарах гэрээ байгуулах, худалдах худалдан авах юм уу, төмөр замын бус байгууллагуудтай харилцах ажил үүргүүд дээр хэдэн төгрөгөнд таарч гэрээ байгуулах талаар итгэмжлэл олгогддог болохоос биш сургалтын хүрээнд итгэмжлэл олгогдох боломжгүй. Үүнийг баталгаажуулахын тулд тухайн албаны дарга нар хүлээн зөвшөөрсөн талаар өөрсдөөр нь бичүүлж авсан. Аудитын шалгалт жил болгон 10 сард ирдэг. 2016.12.31-нд сургалтын төлбөр хийгдсэн гээд байгаа. Энэ үед Ж.М нь ажлаа өгчихсөн, Б.Э миний бие нь суралцах шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгээгүй үе. Тухайн үед ажил хийж байсан албан тушаалтнуудаар мөнгийг төлүүлнэ гэснээс биш хаана нь алдаа гарсаныг шалгасан зүйл байхгүй. Акттай танилцсан. Гол нь шүүх актанд гомдол гаргах талаар эрх нь зөрчигдсөн байна, акт буруу байна гэж үзвэл хаана хандах вэ гэдэг боломжийг нь гаргаж өгөөгүй байгаа тул актыг хүчин төгөлдөр гэж үзэхэд хэцүү гэж үзсэн байгаа. Ийм үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хариуцагч Ж.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх УБТЗ-ын хүний нөөцийн албаны дарга Д.Огторгуй гэдэг хүн энэ саналыг тавьсан байгаа. Шалгуур нь математик нь 600, физик нь 500 оноогоос дээш оноо авсан хүүхдүүдийг сургая гэсэн. Үүний дагуу 1 хүүхэд тэнцсэн байдаг. 7-8 хүүхэд ирсэн бол бид нарын зүгээс сонгон шалгаруулалтыг явуулах байсан. УБТЗ нь блансын шалгалтыг жилдээ 4 удаа хийдэг. Аудитыг жилдээ нэг удаа хийдэг. Өмнөх оны 10 дугаар сараас дараа жилийн 10 дугаар сарын хооронд аудитын шалгалт хийдэг. Энэ нь 20 удаагийн шалгалтаар нэг ч удаа яригдаагүй асуудал юм. Би 2012.10.25-ны өдөр энэ ажлыг аваад, 2016.10.25-ны өдөр ажлаасаа түдгэлзээд 2016 оны 11 сард ажлаасаа халагдсан байгаа. 2016.10.30-ны аудитын хуралд өөрийн хүсэлтээр УБТЗ-ын аудит албаны хуралд би суусан. Аудитын албаны актыг надад танилцуулаагүй ба энэ талаар юу ч яригдаагүй. Энэ аудитын шалгалт нь 2016.10-2017.10 сарын хооронд буюу миний дараачийн үеийн асуудлыг ярьж байгаа. Сая Б.Э ярилаа. 2016.12.31-нд хичээлийн жилийн сургалтын төлбөрийг шилжүүлсэн байдаг. Энэ мөнгийг би шилжүүлээгүй. Хэрвээ буруу байсан бол энэ гэрээг буруу гэж үзсэн бол мөнгийг шилжүүлэхгүй байх эрх нь байгаа. Мөн би өөрөө шийдвэр өгөөд, мөнгийг бариад шилжүүлдэг хүн биш. Миний доод албан тушаалтан болох ерөнхий нягтлан бодогч гэж хүн бий. Тэр хүн мэргэшсэн нягтлан бодогч хүн. Нягтлан бодогчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4 дэх хэсэгт нягтлан бодох бүртгэл хөтлөлт нь энэ хууль болон санхүүгийн бусад хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах үүрэгтэй гэж байгаа. Мөн хуулийн 20.2.9 дэх хэсэгт аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг цаг хугацаанд нь үнэн, зөв мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах гэж заасан байгаа. Би буруу шийдвэр гаргаж болно. Тэгвэл таны гаргаж байгаа шийдвэр буруу байна,  энэ хүн энэ 2 хүүхдийн төлбөрийг хууль бусаар төлүүлэхээр шаардлаа гээд дээд газарт мэдэгдэх байсан, тийм зүйл энэ 4 жилийн хугацаанд байхгүй. Энэ асуудал нь дуусчихаад байхад намайг халагдсанаас хойш 1 жилийн дараах асуудлыг ярьж байгаад үнэхээр их гайхаж байна. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам нь хариуцагч Ж.М, Б.Э нарт холбогдуулан журам зөрчиж сургалтын төлбөрт олгосон 11300000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлээ Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын даргын 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А-78 дугаар тушаалаар батлагдсан “Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцагч оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх журам” болон Улаанбаатар төмөр замын Дотоод аудит хяналтын албаны аудиторын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн актанд үндэслэжээ. 

Хариуцагч Ж.М, Б.Э нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Ж.М нь актыг танилцуулаагүй, УБТЗ-ын Замын 4 дүгээр анги болон Тээврийн дээд сургууль, суралцагч нарын хооронд байгуулсан гэрээний харилцаанд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын даргын 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А-78 дугаар тушаалаар батлагдсан “Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцагч оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх журам” үйлчлэхгүй, эрх хэмжээгээ хэтрүүлээгүй гэж, 

хариуцагч Б.Э 5 жилийн дараа аудитын шалгалт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, байгууллагын дотоод журмыг зөрчөөгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн гэж тус тус маргажээ. 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 136 дугаар зүйлийн 136.3-т заасныг хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ эс зөвшөөрч “... нотлох баримтыг буруу үнэлсэн” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргасан байна. 

Гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзвэл нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэл тодорхойгүйгээс талууд маргааны талаар бодитой мэтгэлцээгүй, улмаар анхан шатны шүүх маргааны зүйлийг зөв тодорхойлох, шүүхээс хуулийг зөв хэрэглэх нөхцөл бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэснээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ журам зөрчиж, сургалтын төлбөрт олгосон 11300000 төгрөгийг хариуцагч нараар төлүүлэх буюу Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын даргын 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А-78 дугаар тушаалаар батлагдсан “Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцагч оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх журам”-ыг зөрчиж эцэг, эх нь УБТЗ-д ажилладаггүй хүүхдүүдэд сургалтын дэмжлэг үзүүлсэн гэж, улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг үндэслэж байгууллагад гэм хор, хохирол учруулсан гэж  нэхэмжлэлээ үндэслэжээ. 

Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн байгууллагын дотоод аудит хяналтын албаны аудиторын актаар төлүүлэхээр тогтоосон төлбөрийг нэхэмжилсэн гэж үзэхээр байх ба актыг хариуцагч Б.Эд танилцуулсан хэдий ч хариуцагч Ж.Мад актыг танилцуулаагүй, улмаар хариуцагч нар актад дурдсан журмын дагуу тухайн сургалтын төлбөрийг олгоогүй, байгууллагын боловсон хүчин, хүний нөөцийн асуудлын хүрээнд даргын эрх хэмжээнд шийдвэрлэсэн гэснээс үзэхэд талууд актын үндэслэлийн талаар маргасан байна. 

Улаанбаатар төмөр замын Дотоод аудит хяналтын албаны аудиторын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн СТ-01/03/113 тоот акт нь Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт болохынхоо хувьд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар захиргааны актыг хаяглагдсан этгээд ...-д хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар захиргааны акт нь ийнхүү мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болох ба 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар ... холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй бөгөөд энэхүү хуульд заасан ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан эсэх үйл баримт тогтоогдоогүй нөхцөлд захиргааны актын биелэлтийг шаардах үндэслэлийн талаар ерөнхий харъяаллын шүүх дүгнэлт хийх боломжгүй.

 

Өөрөөр хэлбэл дээрх Захиргааны Ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцах бөгөөд захиргааны актын биелэлтийг хангуулахаар гаргасан нэхэмжлэлтэй хариуцагч танилцсанаар түүнийг мэдэгдсэн гэж үзэх боломжгүй ба захиргааны акт хүчин төгөлдөр болсон эсэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул энэ тохиолдолд захиргааны актын биелэлтийг шаардах хууль зүйн үндэслэлгүй. 

Харин хариуцагч нарыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр байгууллагад гэм хор учруулсан гэсэн нэхэмжлэгч талын тайлбар болон хариуцагч нарын  “актаар тогтоосон төлбөр болох 11300000 төгрөгийн хувьд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын даргын 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А-78 дугаар тушаалаар батлагдсан “Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцагч оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх журам” –ын дагуу олгосон дэмжлэг биш тул маргаанд журам хамааралгүй ба хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтод заасан эрх, үүргийн хүрээнд боловсон хүчний асуудлыг шийдвэрлэхийн тулд хийсэн ажиллагаа” гэсэн тайлбарт тус тус үндэслэвэл энэ талаар буюу гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл буюу учирсан хохирол нь хариуцагч нарын гэм буруутай ямар үйлдэл, эс үйлдэхүйгээс болсон буюу үйлдэл, учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх зэрэг нөхцөл байдлын талаар зохигчдын хооронд мэтгэлцээн явагдаагүй байна. 

 

Улмаар анхан шатны шүүх дээрх маргаантай харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3 дахь хэсэгт заасан ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн нэхэмжлэл гэж тодорхойлон дүгнэлт хийсэн нь талуудын мэтгэлцээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслээгүй гэж үзнэ. 

Учир нь дээрх тохиолдолд ажилтныг хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулснаас эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх асуудал бөгөөд хэрэгт хариуцагч Ж.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам авагдаагүй нөхцөлд шүүх энэхүү маргаантай харилцааны талаар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 132, 133, 134, 135, 136 дугаар зүйлийг хэрэглэх болон ажилтанд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй юм.

Түүнчлэн зохигчдын тайлбараас үзэхэд аль ч тохиолдолд хариуцагч нарыг байгууллагад тогтоосон журмыг /“Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцагч оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх журам”, “Замын 4 дүгээр ангийн дүрэм”/ зөрчиж байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдлын талаар талууд маргасан гэж үзвэл хохирол гэх 11300000 төгрөг байгууллагын хөрөнгө санхүүгийн ямар эх үүсвэрээс төлөгдсөн, УБТЗ-ын Замын 4 дүгээр ангийн даргын хувьд байгууллагын төсөв хөрөнгийг захиран зарцуулах эрх хэмжээ, энэ талаарх тогтоосон журам, заавар, төсвийн ангилал, задаргаа зэрэг нөхцөл байдал тодорхойгүй буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй нөхцөлд шүүхээс маргаантай харилцааг зөв тодорхойлох, улмаар хуулийг зөв хэрэглэх нөхцөл хангагдахгүй болно. 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэл тогтоогдсон тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нотлох баримтыг буруу үнэлсэн ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.  Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 136/ШШ2018/00138 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 195750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                     Г.ТЭГШСУУРЬ 

                                                                                     Х.БАЙГАЛМАА