Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 541

 

                                                                                     

                                            

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 02 өдөр                   Дугаар 183/ШШ2020/00541                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Б” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Б холбогдох,

нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардалд 1,738,686 /нэг сая долоон зуун гучин найман мянга зургаан зуун наян зургаа/ төгрөг гаргуулахыг хүссэн  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Пүрэвцэнд, хариуцагч М.Б, нарийн бичгийн дарга Б.Сарангуа нар оролцов.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: СӨХЭЗБНЗОСБДӨЭХтХ-ийн 4.1.4-т сууц өмчлөгчид ноогдох хэсэг гэж орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, сууц өмчлөгчдийн холбоог санхүүжүүлэхэд тухайн сууц өмчлөгчдийн оролцох хувь хэмжээ гэж, Иргэний хуулийн 148.2.1-д дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж хадгалж хамгаалахдаа бусад өмчлөлийн хамтын аж байдлын хэв журамыг зөрчихгүй байх үүрэгтэй гэж, 148.3-т өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, мөн хуулийн 147.1, 147.2 болон СӨХЭЗБНЗОСБДӨЭХтХ-ийн 16.2-т орон сууцны 1 буюу хэд хэдэн сууцанд хамаарах дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн эд хөрөнгийг ашиглаж байгаа сууц өмчлөгчид хувааж төлнө гэж заасан байдаг учраас нийт сууц өмчлөгчид эдгээр нийтлэг үйлчилгээтэй холбоотой зардлыг цаг хугацаандаа төлөх ёстой. Гэтэл эдгээр хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, СӨХ-ны үйлчилгээтэй холбоотой зардлыг төлөхгүй байгаа учраас сууц өмчлөгч М.Бод дээрхи хууль тогтоомжуудыг хэрэгжүүлүүлэх үүднээс хуулийн дагуу зохих шийдвэр гаргуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллах нь зүйтэй гэж үзсэн. М.Б нь 2016 оны 2 сараас 2019 оны 11 сар дуустал 1,738,686 төгрөг төлөөгүй бөгөөд түүнд Иргэний хуулийн зарим зүйл заалтуудад заасан үүргээ биелүүлэхийг мэдэгдэх хуудсаар болон биечлэн, утсаар мэдээллийн самбарт төлбөрийг тавьж шаардах зэргээр мэдэгдэж байгаа ч үл ойшоон өнөөдрийг хүрсний улмаас тус холбооны ажил бүрэн явагдаж чадахгүй цахилгааны болон хог хаягдал хураамж зэрэг татварын өр төлбөрийн дарамтад орсон байдалтай байгаагаас бусад оршин суугчид СӨХ-оос үйлчилгээгээ бүрэн авч чадахгүй хохирч байгаа тул М.Боос 1,738,686 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Уг барилгыг барьсан компани хийх дутуу ажлуудаа өөрийн байгуулсан СӨХ-оор дамжуулан хийлгэхээр болсон ба хийж өгтөл төлбөрийг нь төлөхгүй гэж мэдэгдсэн. Анхны СӨХ-г ажлаа хийхгүй гэж үзэн шүүхийн захирамжаар бүх оршин суугчдын хурал зарлуулан шинэ СӨХ байгуулагдсан. Тухайн үед хоорондын асуудал байгаа тул хуучин СӨХ-ийн төлбөрийг төлөх боломжгүй, харин шинэ төлбөрөө салган нэхэмжилж авах талаар хэлсэн ч заавал бүгдийг авна гэсэн. СӨХ “Өртөй айлуудад үйлчилгээ үзүүлэхгүй” гэсний дагуу би “Зарим төлбөрүүдийг чинь бас төлөх боломжгүйг” хэлсэн гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Б” СӨХ нь М.Бод холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардалд 1,738,686 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь барилгыг барьсан компани хийх дутуу ажлуудаа өөрийн байгуулсан СӨХ-оор дамжуулан хийлгэхээр болсон, хийж өгтөл төлбөрийг төлөхгүй гэж мэдэгдсэн, анхны СӨХ-г ажлаа хийхгүй гэж үзэн шинэ СӨХ байгуулагдсан тул хуучин СӨХ-ийн төлбөрийг төлөх боломжгүй, харин шинэ төлбөрөөс хог зэрэг үйлчилгээг авсан төлбөрөө төлнө гэж маргалаа.

 

Сууц өмчлөгч нь заавал тухайн сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байх ёстой бөгөөд тус холбооны гишүүн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг Сууц өмчлөгчдийн холбоонд төлнө” гэж заасан байна.

 

Хариуцагч нь тухайн орон сууцны өмчлөгч мөн гэж тайлбарласан тул дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлбөр төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч нь зардлыг шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-д “Орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторхи дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны тоонд хуваана” гэж, 148 дугаар зүйлийн 148.2.3-т “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр сууц өмчлөгч нь оролцох үүрэгтэй” гэжээ.

 

Тус Сууц өмчлөгчдийн холбооны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн протоколоор 81-1 байрны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдон төлөх зардалд орон сууц өмчлөгч нь сар бүр 24,250 төгрөг гэж, гарааштай бол нэмж 10,000 төгрөг төлөхөөр  тогтоосон байх тул энэ хэмжээгээр сууц өмчлөгч М.Б нь сар бүр төлөх үүрэгтэй байна.

 

Иймд хэмжээг тогтоосон өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны төлбөрийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй бөгөөд 11 сарын 34,250 төгрөгөөр 376,750 төгрөг дээр 2019 оны 5 болон 6 дугаар сард 67,200 төгрөг болсныг нэмж, нийт 511,150 төгрөгөөр тооцлоо.

 

Хэрэгт авагдсан Төрийн банкны нэхэмжлэх баримтаар 2018 оны 5 дугаар сараас хойшхи тоцоолол байгаа боловч 2016 оноос 2018 оны 11 сар хүртэлх хугацааны сар бүр төлөх баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлээ нотлох үүргээ биелүүлээгүй тул хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасан ба шаардах эрх үүссэн үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсэхийг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь заалтаар тодорхойлжээ.

 

Тухайн тохиолдолд нэхэмжлэгч эрх нь зөрчигдсөнийг сар бүр төлбөр төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй үеэс мэдсэн, 2016 оны 02 сараас шаардах эрх үүссэн байхад нэхэмжлэл гаргаж байгаагүй тул 2019 оны 12 сард нэхэмжлэл гаргаж, 2016 оны 02-12 сарын зардлыг нэхэмжилсэн нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

 

Иймд хариуцагчаас 511,150 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, шаардлагаас үлдэх 1,227,536 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь өмнөх СӨХ-ы үйл ажиллагаа болон худалдан авсан орон сууцныхаа доголдлын талаар татгалзаж байгааг хүлээн авах боломжгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэлийг тусдаа бие даан гаргах эрх нь нээлттэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 42,770 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 15,985 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 75 дугаар зүйлийн 75.2.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн  зориулалттай орон  сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар Б нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардалд 511,150 /таван зуун арван нэгэн мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулан, “Б” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, шаардлагаас үлдэх 1,227,536 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 42,770 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 15,985 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ