Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2022/00446

 

“...........” ХХК дахь Банкны эрх

хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/00712 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1791 дүгээр магадлалтай,

“...........” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

А.У, Ш.Х, Ц.А нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 201,341,256.60 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “...........” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч А.У, Ш.Х, Ц.А нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 159,799,090.75 төгрөг, зээлийн хүү 41,167,438.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 346,227.62 төгрөг, нотариатын хөлс 28,500 төгрөг, нийт 201,341,256.60 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нар Ц.Агийн өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах болон зээлийн хүү 41,167,438 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэж маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/00712 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.У, Ш.Х, Ц.А нараас 201,341,256.60 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “...........” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.У, Ш.Х, Ц.А нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны гэрээнд заасан А.Уын өмчлөлийн улсын эрхийн улсын бүртгэлийн Ү-..........дугаартай, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16020/ Дундгол гудамж 34б байр, 38 тоот хаягт байршилтай, 70.26 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Ц.Агийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-..........дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, “Хүнс трейд” ХХК-ийн 48 дугаар байр, 22 тоот хаягт байршилтай, 27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцнаас тус тус үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч А.У, Ш.Х, Ц.А нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,164,656 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1791 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/00712 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 46,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн авч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. Хариуцагч нар нь 2015.11.30-ны өдөр Капитал банкнаас 161,598,000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй зээлж авсан байдаг. Ингээд 2017 оноос хойш зээлийн төлөлтөд асуудал гарч эхэлсэн. Учир нь Капитал банк тухайн үед дампуурч зээлээ хаана төлөхөө мэдэхгүй байдал үүссэн. Ингээд зээлээ төлөхгүй хугацаа хэтэрснээс болж сүүлдээ төлөөгүй зээлийн хуримтлал үүсч хэт өндөр дүнгээр төлөхөөр болсон учир зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүсэхэд мөн нэхэмжлэгчийн буруутай байдал бас нөлөөлсөн гэж үзэхээр байна. Зээлийг ашигласан хугацаанд хариуцагч нар нийт 11,994,029 төгрөг төлсөн бөгөөд үүнээс 1,798,909 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцсон. Гэтэл үндсэн зээлээс 3,798,909 төгрөг хасагдахаар байна. Иймд үндсэн зээлээс нэмж 2,000,000 төгрөг хасч тооцох үндэслэлтэй байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийг буруу хэрэглэж зээлдэгчийн төлсөн төлбөрийг хүүнд тооцож шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

6. Нэхэмжлэгч “...........” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч А.У, Ш.Х, Ц.А нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 159,799,090.75 төгрөг, зээлийн хүү 41,167,438.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 346,227.62 төгрөг, нотариатын хөлс 28,500 төгрөг, нийт 201,341,256.60 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нар “...банк дампуурснаас зээлээ хаана төлөхөө мэдэхгүй байснаас эргэн төлөгдөх хуримтлал үүсч, улмаар А.Уын эрхэлж байсан бизнес зогссон Ц.Агийн өмчлөлийн орон сууцаар үүрэг хангуулахыг болон үндсэн хүү 41,167,438 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээсэн байна.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан болон тэдний хүсэлтээр шүүхээр бүрдүүлсэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, үндсэн зээлийн үлдэх төлбөр, гэрээний хугацаанд төлбөл зохих зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаарх нэхэмжлэгчийн гаргасан тооцооллын хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангасан нь хууль зөрчөөгүй байна.

8.1. “Капитал банк” ХХК болон А.У, Ш.Х, Ц.А нарын хооронд 2015.11.30-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, эдгээр гэрээгээр хариуцагч нар орон сууц худалдан авах зориулалтаар 161,598,000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлж, зээл, зээлийн хүүг тогтоосон хуваарийн дагуу, хугацаа хэтрүүлбэл зээлийн гүйцэтгээгүй үлдэгдлээс үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон, зээлийн үүргийг хангуулахаар хариуцагч А.Уын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-..........дугаартай, Баянгол дүүргийн 3-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс /160/20/ Дундгол гудамж 34б байр, 38 тоот хаягт байршилтай 70.26 м.кв, 3 өрөө орон сууц, Ц.Агийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-..........дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Хүнс трейд” ХХК-ийн 48 дугаар байрны 22 тоот, 27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан нь тогтоогджээ.

Зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

8.2. Нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн, хариуцагч нар гэрээний хавсралтад зааснаар зээлийн хүүг болон үндсэн зээлээс сар тутамд төлж гэрээний хугацаа дуусахад үүргийг бүрэн гүйцэтгэх нөхцөлийг талууд тохиролцсон боловч энэ үүргээ биелүүлээгүй байна.

8.3. Хариуцагч зээл авснаас хойш 2017 оны 04 дүгээр сар хүртэл үндсэн зээлд 1,798,909.25 төгрөг, үндсэн хүүд 10,173,107.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,012,63 төгрөг, нийт 11,994,029.16 төгрөг төлж, уг хугацаанаас хойш хуваарийг зөрчсөн тул нэхэмжлэгч гэрээг цуцалж 2019.12.14-ний өдөр шүүхэд хандсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 227 дугаар зүйлийн 227.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэгч үүргээ гүйцэтгэхийг урьдчилан сануулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, хариуцагч нар зөрчлийг арилгаагүй, тухайн зөрчлийг ялимгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд зээлийн гэрээг цуцлах гэрээ болон хуульд заасан нөхцөл бүрдсэн, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

8.4. Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.2.5, 2.2.6-д зааснаас үзвэл зээлийн гэрээ нь ерөнхий болон хэсэгчилсэн хугацаатай, гэрээнд заасан хэсэгчилсэн хугацаанд үндсэн зээлийг төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээний 2.2.4-р тохиролцсон байна.

8.5. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ”, 452 дугаар зүйлийн 452.2-т “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно.”, 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол... гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэсний дагуу үндсэн зээл 159,799,090.75 төгрөг, зээлийн хүү 41,167,438.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 346,227.62 төгрөг, хариуцагч нар үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол буюу шүүхэд нэхэмжлэл гаргах нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой нотариатын зардал 28,500 төгрөг, нийт 201,341,256.60 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

9. Барьцааны гэрээ хүчин төгөлдөр, нэхэмжлэгч барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байх тул шүүх энэ шаардлагын хүрээнд хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлээгүй бол А.У, Ц.А нарын өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн 2 болон 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцсэн байна.

10. Хариуцагчийн төлсөн мөнгөнөөс үндсэн зээлд 3,798,9009 төгрөг хасагдах байтал 1,798,909 төгрөг хассан тул зээлээс нэмж 2,000,000 төгрөг хасуулах, зээлээ төлж чадаагүйд нэхэмжлэгч буруутай гэх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Хариуцагч нар 2017 оны 04 дүгээр сараас эхлэн зээлээ төлөөгүй бөгөөд хожим нь буюу 2019.04.08-ны өдрөөс “Капитал банк” ХХК-ийг албадан татан буулгаж тус банканд эрх хүлээн авагч томилсон байх тул “зээлээ хаана төлөхийг мэдээгүйгээс төлбөрийн хуримтлал үүссэн” гэж үзэх нөхцөлгүй, зээлийн төлбөрийг буруу тооцсон нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/00712 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1791 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаа 2020.09.28-ны өдөр 50,000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД