Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2021/0709/З |
Дугаар | 128/ШШ2022/0183 |
Огноо | 2022-03-14 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2022/0183
2022 оны 03 сарын 14 өдөр | Дугаар 128/ШШ2022/0183 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ох” НҮТББ //,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Ц,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Д,
Гуравдагч этгээд: “Ц” ХХК //,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.О нарын хоорондын ашигт малтмалын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ё нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ох” ТББ нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “...Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар шийдвэрээр Дундговь аймгийн Сайхан овоо сумын нутаг “*******” нэртэй газарт 1129.20 гектар талбайд “Ц” ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар шийдвэрээр “Ц” ХХК-нд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт орших “*******” нэртэй 1129.20 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон.
3. Нэхэмжлэгчээс хариуцагчийн тус шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 18 дугаар албан бичгээр хандан гомдол гаргасныг Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1/2141 дугаар албан бичгээр “Геологи уул, уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 36 дугаар шийдвэрийг цуцлах боломжгүй”-г нэхэмжлэгчид мэдэгдсэнийг эс зөвшөөрч, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр анх тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаартай шийдвэрээр Дундговь аймгийн Сайхан сумын нутаг ******* нэртэй газарт 1129,20 гектар талбайд сонгон шалгаруулалт зарлан “Ц" ХХК-д Ашигт малтмалын хайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг эс зөвшөөрч байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д ...эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй... гэдгийг үндэс болгож байна. Говийн бүс нутаг хуурай эмзэг хөрстэй бөгөөд өвс ургамал, хур борооноос шалтгаалан отор нүүдэл ихтэй бүс нутаг. Гэтэл арай гэж байгаа хэдэн тооны малаа өсгөж үржүүлэх өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн газар дээр нь уул уурхайн үйл ажиллагаа эхлүүлэх нь тухайн бүс нутгийн иргэдээс гадна хөрс ургамал, ус, хүрээлэн буй орчинд нөлөөл үзүүлэх нь тодорхой. Ийм учраас Монгол улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах бүрэн эрхтэй билээ.
Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар захиргааны акт гаргаж, шийдвэр гаргах ажиллагаа хийхдээ шийдвэр гаргаж буй захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч буюу захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдийг тодорхойлон мэдэгдэх, оролцуулах, сонсох үүрэгтэй.
Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар “ Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно" гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын хайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй Дундговь Сайхан-Овоо сумын "*******" гэх газарт амьдардаг иргэд, малчид, тариаланчид болон иргэдийн нийтийн хурал, иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газарт мэдэгдэж оролцуулах үүрэгтэй байсан.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж заасны дагуу тухайн орон нутагт амьдралын эх үүсвэр болсон мал аж ахуй эрхлэн амьдардаг олон зуун малчин иргэд тэдний хууль ёсны төлөөлөл болох иргэдийн нийтийн болон Төлөөлөгчдийн Хурал, орон нутгийн засаг захиргааны хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байхад биднээс тайлбар, санал авах, сонсох ажиллагааг огт хийлгүй Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 3 дугаар сарын 36 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгож, орон нутгийн иргэдийн хууль ёсны эрхийг зөрчиж, хууль болон бусад тогтоол шийдвэрийг зөрчиж хууль бус шийдвэр гаргасан байна.
Мөн түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар шийдвэрээр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг "*******" нэртэй газарт 1129,20 гектар талбайд сонгон шалгаруулалт зарлан "Ц" ХХК-д Ашигт малтмалын Хайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрөл олгохдоо Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн "Талбайн солбицол тогтоох" тухай 243 дугаар тогтоолоор баталсны дагуу сонгон шалгаруулсан байна.
Монгол Улсын Засгийн газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар дараах эрх, үүрэгтэй байна.
Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг Засгийн газар батлах бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс нь Засгийн газрын баталсан талбайд сонгон шалгаруулалт явуулах үүрэгтэй.
Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн "Талбайн солбицол тогтоох" тухай 243 дугаар тогтоол, түүний хавсралтаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт сонгон шалгаруулалт зарлах тухай тогтоол баталсан байхад Дундговь аймгийн Сайхан Овоо сумын ******* нэртэй газарт сонгон шалгаруулалт зарлаж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгож, шийдвэрлэсэн нь Засгийн газрын эрх хэмжээний асуудлыг хууль болон Засгийн газрын тогтоолыг хууль бусаар үндэслэж шийдвэрлэжээ.
Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоол болон холбогдох дүрэм журмыг ноцтой зөрчсөн илт хууль бус захиргааны шийдвэр гаргасан байна.
Мөн Ашигт малтмалын газрын даргад зохих журмын дагуу гомдол гаргасан бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр татгалзсан хариу өгсөн бөгөөд Захиргааны ерөнхий хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тайлбар гаргах сонсох ажиллагааг хийгээгүй.
Иймд, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар шийдвэрээр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг "*******" нэртэй газарт 1129,20 гектар талбайд сонгон шалгаруулалт зарлан "Ц" ХХК-д Ашигт малтмалын Хайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр гаргаж, Захиргааны ерөнхий хуулийн хуулийн 47 дугаар зүйлд заасан утга агуулгын илэрхий алдаатай, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан түүнчлэн иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль болон Засгийн газрын тогтоолд заасан талбайгаас өөр газарт үндэслэлгүйгээр сонгон шалгаруулалт зарласан, илт хууль бус захиргааны акт гаргасан байх тул дээрх Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа “...Ох бол 2001 оноос өнөөг хүртэл Онги гол дагуу амьдардаг нийт 20,000 иргэн болон 60,000 орчим мал, араатан амьтдын эрх ашгийн төлөө өдийг хүртэл ажиллаж ирсэн. Энэ гаргаж байгаа нэхэмжлэл нь нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс гаргасан нэхэмжлэл байгаа. Мөн ******* нэртэй газар ямар онцлогтой гэхээр говийн бүс нутаг бол эко системийн хувьд маш эмзэг хур бороо хавар ордог. Дээрээс нь ус гол, өвсөө дагаж амьдардаг. Ийм газар нутагт уул уурхайн үйл ажиллагаа эрхэлнэ гэдэг нь эргээд байгаль орчинд маш аюултай байгаа. Дээрээс нь хүмүүсийн орон нутгаасаа дайчих, бусад газар руу бэлчээрлэх зэрэг аюул тулгарсан. Үүний тод жишээ бол 2019-2020 онд маш их ган зуд болсны үндсэн дээр Дундговь аймгийн 80 орчим хувь нь өөр бусад нутагт бэлчээрлэж, уснаас болж бие биенээ гэмтээх байдалд хүрсэн байгаа. Тэгэхээр говийн бүс нутагт уул уурхайн лиценз болон тэр дундаа хууль бус байдлаар олгогдсон лиценз байх нь зохимжгүй юм гэдэг үүднээс нэхэмжлэл гаргасан. Өнөөдөр Монгол Улс эрх зүйт төртэй улс мөн юм бол хууль дээдлэх ёсны зарчмаа баримталж ажиллах ёстой. Иймд Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заагаад өгсөн байдаг. Усны тухай хуулийн 17.2-т заагаад өгсөн байгаа. Өнөөдөр бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал буруугүй гэдэг үгийн дагуу Улсын Их хурлын гишүүд өчнөөн хоног хуралдаж хэлэлцэж, энэ хэрэгтэй юм байна гэж хуульд тусгагдсан зүйл заалтыг төрийн захиргааны байгууллагын нэг ажилтан нь биелүүлэх шаардлагагүй гэж хэлж байгаа нь өөрөө хууль ёсны зарчмаа баримтлахгүй байна. Энэ бол хууль бус гэж үзэж байна. Дээрээс нь хүний эрх гэж зүйл байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагад үндсэн хууль орууллаа гэж байна. Нэхэмжлэлийн шаардлага бол тусдаа зүйл юм. Үүнийг үндэслэж тайлбарлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийг барина. Яагаад гэхээр хүний эрхийн мэдрэмжгүй байгаа учраас өнөөдөр тэр газар нутагт амьдарч байгаа хүмүүс хөрөнгөө оруулаад барьсан зүйл дээр нь тэнд амьдрах эрх зүйн орчныг нь үгүйсгээд шууд лиценз олгоно гэдэг нь хүний жам ёсны эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь ноцтой зөрчиж байгаа үйлдэл гэж үзэж байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 19.3-т байдаг. Хүний эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэсэн заалт байдаг. Мөн гуравдагч этгээд нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан аж ахуй нэгж байгууллагын үүргийг огт биелүүлээгүй. Үүнийгээ цаг хугацаатай холбож тайлбарладаг. 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон энэ лиценз өнөөдрийг хүртэл бид 10 сард хэрэг үүсээд явсан. Бид нар өнөөдөр хууль ёсны зарчим гэж яриад байгаа. Хуулийн дагуу яагаад нэг сарын хугацаанд тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбайд байрших сум, дүүргийн хяналтын албатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах гэсэн заалтаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй юм. Мөн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулж ажиллаагүй. Гуравт байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүйгээр энэ уул уурхайн компани өнөөдөр ямар үйл ажиллагаа явуулна. Тэндээс яаж байгаль орчинд нөлөө үзүүлэхийг мэдэхгүйгээр өнөөдөр уул уурхайн компани ажиллуулна гэж байгаа нь хууль ёсны биш юм.
Ашигт малтмалын газрыг харахаар Ашигт малтмалын тухай хууль нь хууль бусад хууль нь хууль биш байдлаар хандаад байна. Усны тухай хуулийн 17.2-т заагдсан хууль өнөөдөр хүчин төгөлдөр байхад үүнийг заавал хууль ёсны зарчмаараа баримтлах ёстой юм. Ашигт малтмалын тухай хууль нь хууль байж болно. Гэхдээ бусад хуулиудыг баримтлах ёстой. Өнөөдрийг хүртэл энэ хуулийг Ашигт малтмал, газрын тосны газар нэг ч удаа хэрэгжүүлээгүй уул уурхай лицензүүдийг хэрэгжүүлж ирсэн. Өнөөдөр Монгол Улсын нийт ундны усны 80 хувь нь гүний ус байдаг юм. Тийм учраас өнөөдөр сав газрын захиргаануудаас тодорхой хэмжээний саналыг нь аваач, тэр дундаа говийн ус гэдэг бол цэвэр усны нөөц юм. Тийм учраас говьд уул уурхайн асуудал эрхлэх нь эмзэг асуудал учраас сав газрын захиргаанаас бол зөвшөөрөл авах зайлшгүй гэдэг утгаараа энэ хуульд чинь зүйл заалт оруулсан байна. Тэгэхээр Ашигт малтмал, газрын тосны газар нь зөвхөн ухуулж, мөнгө авах биш, үүний цаана асар их хүний эрх ашиг, байгалийн тэнцэл алдагдал явагдаж байдаг. Түрүүн хэлсэн тэнд байдаг айл өрхүүд чинь байж л байна. Үгүй юм. Лицензийн талбайд орсон тэр хүмүүс чинь ямар ч газар нутаггүй хөөгддөг. Мал нь бэлчээрлэх газаргүй болдог. Өмнө нь хэлсэн олон улсын конвенцийг хэлсэн. Энд байгаа айл өрхүүдийн амьжиргааны эх үүсвэр нь хэдэн мал нь юм. Энэ малаа хаана бэлчээрлүүлэх юм. Нэхэмжлэлийн шаардлагаа бол дэмжиж байна. Иймд хууль зүйн эрх зүйн актыг цуцалж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д зааснаар хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д зааснаар хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэсэн зохицуулалтын хүрээнд тайлбараа хэлье. Хариуцагч талаас маргаан бүхий актыг зөвтгөж нэхэмжлэлийн шаардлагад тайлбар өгөхдөө Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг олгосон гэдэг тайлбарыг хэлдэг. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т энэ хуулийн 17.3-т заасны дагуу Засгийн газраас баталсан талбарын солбицлын хүрээнд төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг ялгаж гэж байгаа. Ялгаж гэдэг зохицуулалтын хүрээнд төрийн захиргааны байгууллага нь тухайн хууль тогтоомжид заасан зохицуулалтуудыг хэрэглээгүй. Энэ хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо тодорхой хуулиудыг зөрчиж, эрх зүйн зөрчилтэй актыг гаргасан.
Өмнөх хурал дээр ч гэсэн тайлбарлаж хэлж байсан. Хамгийн гол зохицуулалт бол Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ гэсэн энэ зохицуулалтыг авч хэрэгжүүлээгүй. Энэ нь өөрөөр хэлбэл эрх зүйн зөрчил үүсгэлээ.
Ашигт малтмалын тухай хууль өөрөө тодорхой зохицуулалтыг зааж зохицуулсан хэдий боловч, мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т Монгол Улсын, олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэсэн байгаа. Энэ зохицуулалтыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо анхаарч үзэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа тухайн бүс нутаг дээр хэдэн айлын өвөлжөө, хаваржаа болон хэдэн өрх айл амьдардаг гэдгийг талаар анхаарч үзэж, судалж үзэх ёстой байсан гэж үзэж байгаа. Маргаан бүхий акт нь эрх зүйн зөрчилтэй, тодорхой хууль тогтоомжийг зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10-т зааснаар захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн эрх ашиг зөрчигдөж болзошгүй гэдэг нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох гэсэн энэ зохицуулалтын хүрээнд маргаан бүхий актыг хүчингүй болгож өгнө үү.
Нийтийн эрх ашиг зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон гэдэг нь нотлох баримт шинжлэн судлах үед тодорхой болох байх, өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан өөрийн эрх хууль ёсны үүргээ биелүүлээгүй. Энэ нь тухайн сум, багын Засаг даргын тодорхойлолт, улсын байцаагчийн шүүхэд ирүүлсэн баримтуудаас тодорхой харагдана. Өнөөдрийг хүртэл энэ компани тусгай зөвшөөрөл эзэмшиж эхэлснээс хойш Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж, батлуулаагүй. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгээгүй. Сумын Засаг даргатай хамтарч ажилласан Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлж ажиллахгүй байгаа нь энэ бүс нутагт байгаа иргэдийн Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалт буюу эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх нь зөрчигдөж болзошгүй нөхцөл тогтоогдож байна гэж үзэж байна. Ийм учраас маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нар Усны тухай хуулийн 17.2-т заасныг өөр байдлаар ойлгож тайлбарлаад байна. Сав газрын захиргааны саналыг үндэслэнэ гээд тодорхой заагаад өгсөн байгаа. Тэгэхээр энэ зохицуулалтаар заавал сав газрын захиргаатай холбогдож, саналыг тодорхой хэмжээгээр авч байж захиргааны акт гарах ёстой байсан. Гэтэл энэ заалтыг огт хэрэгжүүлээгүй байж Усны тухай хуулийн усны энгийн хамгаалалтын бүсийг онцгой хамгаалалтын бүстэй холиод, Гол, мөрний урсац Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуультай хамааруулж үзээд байгаа нь үндэслэлгүй буруу гэж үзэж байгаа. Энэ хэдийгээр төрийн захиргааны байгууллагаас Засгийн газрын тогтоолоор баталсан солбицлын хүрээнд олгогдсон гэж байгаа боловч, Ашигт малтмалын тухай хуулийн 17.4 дээр 17.3-т заасан солбицлын хүрээнд төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг ялгаж гэж байгаа. Үүнд тодорхой Засгийн газрын тогтоолоор батлагдсан солбицлыг тэр тусгай зөвшөөрөл олгох талбайгаа ялгах ёстой гэсэн зохицуулалтыг огт харж үзэхгүйгээр хууль бусаар гаргасан захиргааны актаа зөвтгөх үндэслэл болохгүй. Үүнд Ашигт малтмалын тухай хуулийн 2.2-т олон улсын гэрээ конвенцийг дагаж мөрдөнө. Үүнийг би өмнөх шүүх хурлууд дээр ч хэлж байсан. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын саналын 1 дүгээр зүйл дээр тодорхой зохицуулалт байдаг. Аль ч ард түмний ямар ч тохиолдолд оршин тогтнох хэрэглүүрээс нь хагацааж үл болно гэсэн байгаа. Үнэхээр төрийн захиргааны байгууллага хуулиа хэрэгжүүлээд, өөрөө олон улсын гэрээгээ дагаж мөрдсөн бол 10 өрхийн амьжиргаагаа залгуулдаг. Малын бэлчээрийг уул уурхайн хайгуул болгох үндэслэлгүй гэж үзээд тусгай зөвшөөрөл олгохгүй байсан.
Хоёрдугаарт нь гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч хэллээ. Нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсонгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.10-т зааснаар үзэж байгаа бол захиргааны хууль бус үйл ажиллагаа гэж юу гэж үзэж байгаа юм. Зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон гэдэг зүйлийг анхаарч үзээгүй гээд байна. 106.3.10-т зааснаар нийтийн эрх ашиг зөрчигдөж болзошгүй гэдгийг юугаар тайлбарлаад байна гэхээр ерөөсөө хуулиа хэрэгжүүлээгүй энэ үйлдлүүд нь хуулиар заагаад өгсөн. Ашигт малтмалын тухай хуулийн 38.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигч ийм ийм байна гэдгийг заагаад өгсөн. Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуулиар тухайн төсөл хэрэгжихээс өмнө заавал байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх зохицуулалттай зүйлийг биелүүлээгүй байж, үүнийг нэхэмжлэгч тодорхойгүй байна гэж зөвтгөх үндэслэл байхгүй. Тэгэхээр энэ зүйлүүдийг нотлох баримт шинжлэн судалсны дараа тодорхой болох байх гэж бодож байна.
Хариуцагчийн зүгээс хууль бус захиргааны актаа зөвтгөсөн тайлбарыг шүүхэд хангалттай хэлж чадсангүй. Маргаан бүхий захиргааны актыг өөрөө нотлоод хэлсэн. Хэрвээ Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг үндэслэх юм бол улсын хэмжээгээр олгосон бүх хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчингүй болно. Энэ нь тийм үндэслэлтэй юм. Усны тухай хуульд 2012 онд энэ зохицуулалт орсон. 2012 оноос хойш зөвхөн тусгай зөвшөөрөл нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчингүй болох ёстой. Нэхэмжлэгч өмнөх шүүх хуралдаан дээр хэлж байсан. Энэ бол зөвхөн Онги голынхны тухайн бүс нутгийн хэдхэн айл өрхийн, төрийн бус байгууллагын асуудал биш, энэ бол стратегийн өмгөөлөл хийж байгаа асуудал юм. Ашигт малтмал, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зөвхөн Ашигт малтмалын хуулийг хууль гэж үздэг. Бусад хууль тогтоомжийг хууль тогтоомж хэлбэрээр нь зохицуулалтаар нь авч үзэхгүй байгаа хамгийн том жишээ бол энэ юм. Нэгэнт төрөөс батлан гаргасан хууль тогтоомжийг төрийн байгууллага иргэн, хуулийн этгээд гээд хүн болгон дагаж мөрдөх ёстой гэдэг үндэслэлээр хэлж байгаа юм. Хоёр дахь заалт нь энд байгаа иргэдийн эрх ашиг зөрчигдөж болзошгүй гэж нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргасан. Сая нэхэмжлэгчийн төлөөлөгч хэлсэн. Тэр бүс нутагт байгаа иргэдийн амьжиргааны эх үүсвэр болсон. Өөрөөр хэлбэл оршин байх хэрэглүүр нь тэр газар нутаг юм. Өөрсдийнх нь хэрэглэж сурсан хэрэглүүр нь мал аж ахуй юм. Тэгэхээр оршин байх хэрэглүүрээс нь салгаж үл болно гэж байгаа. Улс санхүүгийн хямралтай байна. Ашигт малтмал, уул уурхайн салбараас асар их мөнгө олж, санхүүгийн хямралаас гарна гэж байгаа боловч, Засгийн газрын баталсан тэр солбицол дээр үндэслээд, төрийн захиргааны байгууллага нь хуулиа хэрэгжүүлээд, анхаарч үзэх ёстой. Тэгэхээр Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.2-т заасныг ч гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маш буруу тайлбарлаад байгаа. Гэтэл хайх, ашиглахаас өмнө заавал үнэлгээ хийнэ гэх мэт байна. Тэгэхээр хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй энэ актыг нэхэмжлэгч тал тодорхойлж хэлсэн. Энэ үндэслэлүүдийг харгалзан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Ох" ТББ-аас гаргасан "Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар шийдвэрээр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт орших "*******" нэртэй газарт 1129.20 гектар талбайд "Ц" ХХК-д ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* дугаартай тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах" гэсэн утга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Нэг: Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т "Энэ хуулийн 11.1.25-д заасны дагуу төрийн захиргааны байгууллага нь талбайн солбицлыг тодорхойлохдоо тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд талбайн зургийг хавсаргана" гэж заасны дагуу манай байгууллага Дундговь аймгийн Засаг даргад 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 7/628 дугаартай албан бичгийг хүргүүлсэн байна. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т "Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно" гэж заасны дагуу Дундговь аймгийн Засаг даргаас хуулийн хугацаанд хариу ирүүлээгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т "Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрсөн санал болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална" гэж заасныг үндэслэн мөн хуулийн 9.1.11-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол улсын Засгийн газар 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр "Талбайн солбицол тогтоох тухай" 243 дугаар тогтоолыг гаргаж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх үүргээ хэрэгжүүлсэн байна.
Хоёр: Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т "Энэ хуулийн 17.3-т заасны дагуу Засгийн газраас баталсан талбайн солбицлын хүрээнд төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг ялгаж, сонгон шалгаруулалт явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сонгон шалгаруулалтын урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ" гэж заасан болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/28 дугаартай тушаалаар батлагдсан "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ын дагуу СШ-47 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлаж байгаа тухай мэдэгдлийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн байгууллагын веб сайтаар болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтэд мэдээлсэн.
Төрийн захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 20 дугаар зүйл болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/28 дугаартай тушаалаар батлагдсан "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион явуулж шалгарсан оролцогч болох "Ц" ХХК-д Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт орших "*******" нэртэй 1129.20.га бүхий /СШ-47-6/ талбайд ашиг малтмалын хайгуулын XY-******* дугаартай тусгай зөвшөөрлийг тус байгууллагын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар шийдвэрээр олгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд "Ох" ТББ-аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Усны тухай хуулийн дагуу усны сав газрын захиргаанаас зөвшөөрөл аваагүй гэж яриад байна. Тэгэхээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо Монгол Улсын Засгийн газар солбицлыг нь тогтоож баталдаг. Энэ тогтоолыг батлахын тулд Засгийн газрын бүх яам агентлагуудаас санал авдаг. Энэ саналд Байгаль орчин, аялал жуулчлалын яам саналаа оруулсан. Ямар нэгэн байдлаар давхцалгүй байна гэж, Сав газрын захиргаа нь байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд ажиллана гэдгийг Усны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д тодорхой заагаад өгсөн. Дээд шатны байгууллага буюу энэ газарт ямар нэгэн зүйл хийхэд хориглосон зүйл байхгүй гэдгийг зөвшөөрөөд Засгийн газрын тогтоол батлагдсан юм. Энэ тогтоолоор батлагдсан талбай байвал төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Иймд ямар нэгэн хууль зөрчигдөөгүй. Дараа нь тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 38 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 30 хоногийн дотор зөвшилцөн батлуулаагүй. Энэ асуудлын хүрээнд 38.1-д заасныг зөрчсөн байх юм бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл болохгүй. 10 иргэний өвөлжөө, хаваржаатай давхцалтай гэж яриад байна. Одоогоор хүчин төгөлдөр байгаа бүх хуулиар тусгай зөвшөөрлийн хайгуул хийхэд малчин иргэдийн өвөлжөө, хаваржаатай давхцалтай байгаа эсэхээс үл хамаараад тусгай зөвшөөрөл олгож байгаа. Энэ малчин иргэдийн талбай давхцалтай байсан ч гэсэн тусгай зөвшөөрөл олгож байгаа гэсэн үг юм. Энэ бол тусгай зөвшөөрөл олгохыг хязгаарласан талбай биш юм. Ийм учраас хайгуул хийхэд ямар нэгэн саад болохгүй. Дараа нь Улсын Дээд шүүхийн тайлбар байгаа. Үндсэн хуулийн ерөнхий заалтыг нэхэмжлэлийн шаардлага болгож тавьж болохгүй. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулиар олгосон ерөнхий эрхийг нэхэмжлэлийн шаардлага болгож болохгүй. Ингээд нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Монгол Улсын Засгийн газар гэж гүйцэтгэх засаглал байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.3-т ямар заалт байдаг гэхээр улсын тусгай хамгаалалтаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал ирэх хайх асуудлыг Засгийн газар өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхээр заагаад өгсөн. Өөрөөр хэлбэл ямар нэгэн хориглосон хамгаалсан талбай байлаа ч гэсэн Засгийн газар өөрийн бүрэн эрхийн хүрээнд тэр талбай дээр тусгай зөвшөөрөл олгох эрх нь Засгийн газарт байгаа.
Хоёрдугаарт нь тусгай зөвшөөрлийг олгохдоо 17.1.4-т заасныг тайлбарлаад байна. 17.4-т энэ хуулийн 17.3-т заасны дагуу Засгийн газраас баталсан талбайн солбицлын хүрээнд төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг ялгаж гэж байгаа. Солбицлыг нь Засгийн газар баталдаг юм. Баталсан солбицлыг нь бүгдэд нь нэг зэрэг хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт явуулж болохгүй учраас аль талбай дээр нь тэргүүний ээлжид эхэлж олгох вэ гэдгийг төрийн захиргааны байгууллага гаргадаг. Түүнээс биш Засгийн газрын баталсан солбицол дотроос төрийн захиргааны байгууллага дэс дараагаар оруулаад мэдэгдэл явуулсан ямар нэгэн байдлаар ялгадаг. Түүнээс биш ялсан талбай дээр дахиад ямар нэгэн компаниас санал авахгүй. Байгаль орчны яамнаас санал авдаг юм. Усны сав газрын захиргааны байгууллагын дээрх байгууллага юм. Энэ байгууллага нь талбай дээр тусгай зөвшөөрөл олгоход татгалзах зүйлгүй гээд цуг батлаад олгож байгаа. Хоёрдугаарт нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 4 хувьд нь тусгай зөвшөөрөл байдаг.
Гуравдугаарт нь 10 иргэний өвөлжөө, хаваржаа дээр учир зүггүй газрыг нь эвдэнэ гэсэн зүйл биш юм. Хайгуул хийнэ гэж байгаа. Монгол Улсын газрын доор ямар хэмжээтэй байгаа юм. Бид ирээдүйд ямар хэлбэрээр арвижуулах боломж байгаа юм. Тэнд уурхай нээгдэх боломжтой эсэх талаар хайгуул хийх гэж байгаа. Түүнээс биш өнөөдөр очоод шууд байгаль орчны төлөвлөгөө батлуулаагүй байж ухаад эхэлнэ гэсэн ойлголт байхгүй. Дараагийн асуудал бол байгаль орчны ерөнхий үнэлгээ хийгээгүй гэж яриад байна. Байгаль орчны ерөнхий үнэлгээ хийгдсэн. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авахдаа байгаль орчны ерөнхий үнэлгээ хийгдээд, дараа нь нарийвчилсан үнэлгээ хийдэг юм. Хайгуулын тусгай зөвшөөрлийг байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаад, дараа нь тэр төлөвлөгөөний дагуу хайгуул хийгээд, нөхөн сэргээлт хийдэг үйл ажиллагаа юм. Тэгэхээр өвөлжөө, хаваржаа, иргэдийн эрх ашиг ямар нэгэн байдлаар хөндөгдөхгүй. Хэрвээ өвөлжөө, хаваржаа нь хөндөгддөг. Усны сав газраас заавал санал авах ёстой гэж үзэх юм бол одоо хүчин төгөлдөр байгаа болон одоо олгогдсон бүх тусгай зөвшөөрлүүд өөрөө хүчингүй болно. Тэгэх юм бол Монголын эдийн засаг яах вэ гэдгийг бас бодох ёстой. Төрийн захиргааны байгууллага хуулийн хүрээнд ажилласан. Ашигт малтмалын тухай хуульд юу гэсэн гэхээр тухайн сум, аймаг, нийслэлийн Засаг даргаас санал авна гэж байгаа. Дараа нь саналаа үндэслээд солбицлыг нь Засгийн газар баталж байгаа. Засгийн газар хууль зөрчөөгүй. Нэхэмжлэл гаргаад байгаа хүмүүс Засгийн газрын солбицлоо ерөөсөө барахгүй байгаа. Энд тэнд нь гаргаад байгаа. Засгийн газрын солбицол өөрөө хүчин төгөлдөр байсан тохиолдолд гуравдагч этгээд болоод байгаа компанид эсхүл өөр нэг компанид очно. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох гээд Засгийн газар солбицлыг нь баталсан. Тэр нь хүчин төгөлдөр байгаа цагт тусгай зөвшөөрөл олгогдоно. Төрийн захиргааны байгууллага бол хэрэгжүүлэгч агентлаг юм. Хуулийг хэрэгжүүлж ажилласан хууль зөрчөөгүй гэж хэлэх байна.
Ашигт малтмал, газрын тосны газар гэж төрийн захиргааны байгууллага хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоод, мөнгө аваад байгаа юм бол биш. Энэ тусгай зөвшөөрөл олгогдсоноороо улсын төсвийн 4/1 хувийг бүрдүүлж байгаа юм. Энэ тусгай зөвшөөрөл нийт нутаг дэвсгэрийн 4 хувийг эзэлж байгаа юм. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно гэдэг нь тэр чигээр нь ухаад ав гэсэн зүйл бол биш юм. Газрын хэвлийн дор юу байгаа гэдгийг нь судал гэсэн зүйл юм. Орчин үед бүр дээж авахгүйгээр сансраас судалж байгаа. Ийм учраас хайгуул дээр маш бага байдаг учраас байгаль орчныг хамгаалах ерөнхий үнэлгээг хийлгэдэггүй юм. Дараа нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэж юу юм гэдгийг Байгаль орчны үнэлгээний тухай хуулийн 3.1-д бичсэн байгаа. Нөлөөллийн үнэлгээ гэж иргэн, аж ахуй нэгж байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөллийг урьдчилан тогтоох, түүнийг бууруулах арга хэмжээг тогтоохыг хэлж байгаа. Хайгуулын ажил бол ямар нэгэн төсөл хэрэгжүүлж болох эсэхийг хэлж байгаа. Ийм учраас ашиглалтын тусгай зөвшөөрөл авсны дараа хайгуулын тусгай зөвшөөрлийг авдаг юм. Өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттайгаас бусад газарт ашигт малтмал ирэх, хайх, олох эрхийг Засгийн газарт байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаараа Монгол Улс нь нэгдмэл улс юм. Засгийн газрын шийдвэрийг бүх төрийн захиргааны байгууллага биелүүлэх үүрэгтэй байдаг. Энэ утгаараа биелүүлж байгаа юм. Усны сав газар гэдэг нь өөрөө Байгаль орчны яамны харьяа нэгж юм. Сайд нь өөрөө Засгийн газрын гишүүн байдаг. Энэ хүрээндээ бүх мэдээлэл нь байгаа учраас солбицлыг нь баталсан юм. Түрүүн өмгөөлөгч хууль зүйн үндэслэлийг нь тайлбарлаагүй гэж хэлсэн. 9.1.3 гэж заалт байгаа. Засгийн газрын бүрэн эрх байгаа юм. Ашигт малтмалын тухай хуулийн 17.3, 17.4 гэсэн заалтууд байгаа. 17.1-д зааснаар Засаг даргаас саналаа авч байгаа юм. Усны тухай хуулийн 16.1.1-д Усны сав газар нь Байгаль орчны яамны харьяаллын газар гээд заагаад өгсөн байгаа. Ийм учраас Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль гэж нэг хууль байдаг. Тэр нь дээр агентлаг хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагтай байна. Хэрэгжүүлэгч агентлаг нь өөрөө Монгол Улсын Их хурал, Ерөнхийлөгч, Засгийн газраас баталсан хууль эрх зүйн актуудыг биелүүлэх үүрэгтэй гэж заагаад өгсөн. Түүний дагуу биелүүлж байгаа юм. Ус ховордож байгааг хүлээн зөвшөөрч байна. Иргэд, төрийн бус байгууллагууд санаа зовж байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ түүнд ямар нэгэн төсөл хэрэгжүүлнэ гэсэн зүйл байхгүй. Хайж байгаад олно. Дараа нь нэхэмжлэгч тал сонгон шалгаруулалтын процесстой маргахгүй байгаа. Сонгон шалгаруулалт хуулийн дагуу явуулсан байна гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Гарсан шийдвэр нь өөрөө хууль бус акт болж гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй юм. Ашигт малтмалын тухай хууль бол ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг нарийвчилсан зохицуулсан хууль юм. Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлэхийн тулд бүх хуулийг үзээд, тэнд эндээс салаалах юм байна гэх юм бол энэ байгууллага ажиллах боломжгүй. Ийм учраас Засгийн газар үүнийг хялбаршуулаад солбицлыг нь батлаад өгч байгаа юм. Тэр хүрээнд нь бүх яамнаас санал авдаг юм. Тэр яам усны сав газраасаа саналаа авна. Тийм учраас тэр саналыг авах ямар ч шаардлагагүй. Харин орон нутгаас нь төрийн захиргааны байгууллага санал аваад, ийм солбицол боломжтой юм байна гэдгийг бас бодолцох хэрэгтэй. Тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр нь өөрөө хууль зүйн үндэслэлтэй, хууль зөрчөөгүй. Нэхэмжлэгч нарт энэ захиргааны актыг хууль бус болохыг нь нотолж байгаа гэж тайлбарлаж байгаа боловч, тэрийг бүрэн тайлбарлаж чадаагүй. Усны тухай хуулийн 17.2, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлээс өөр юм хэлж чадаагүй. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... Дээрх маргаанд “Ц” ХХК нь гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд миний бие “Ох” ТББ-аас гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар шийдвэрээр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг *******” нэртэй газарт 1123.20 гектар талбайд “Ц” ХХК-д Ашигт малтмалын хайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад шүүхэд дараах тайлбарыг гаргаж байна. Манай компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1-д заасан хуулийн этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ энэ хуулийн 10.1.2-т заасан журмын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэж заасны дагуу 18.1.1 дэх хэсгээс 18.1.7 дахь хэсэг хүртэл бүх баримт бичгийг бүрдүүлж сонгон шалгаруулалтад хуулийн дагуу оролцож шалгарсан. Бидний зүгээс ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн зүйлгүй, төрийн эрх бүхий байгууллагын зарласны дагуу оролцсон бөгөөд өнөөдрийн байдлаар 52.700.000 төгрөгийн урьдчилгаа төлбөрт төлсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнө нь гаргасан тайлбараа дэмжиж оролцоно. Усны тухай хуультай холбоотой сүүлийн хурал хойшилсон. Энэ тусгай зөвшөөрөл бүхий талбай нь сав газрын захиргаанд хамаарна. Усны сав газарт хамаарч байвал тусгай зөвшөөрөл олгож болохгүй гэсэн үг бол биш юм. Гол мөрний урсгал бүрдүүлэх усны сан бүхий хамгаалалтын бүс, ой сан бүхий газарт ашигт малтмал ашиглахыг хориглох тухай хуулийн 4.1, 4.5-д зааснаар бол усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ой сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн зүгээс говийн бүс нутагт хайгуулын үйл ажиллагаа явуулах л юм бол эргээд байгаль орчиндоо сөрөг нөлөө үзүүлэхийг ерөнхий байдлаар тогтоодог. Үүнд Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд усны нөөцийг хомсдох бохирдохоос хамгаалах сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоосон байгаа. 50 метрээс доошгүй зайд онцгой хамгаалалтын бүс, 200 метрээс доошгүй зайд энэ бол энгийн хамгаалалтын бүс гэж тогтоосон. Энэ төслөөс дотогш байх юм бол байгаль орчинд нөлөөлөхөөр байна гэж тогтоосон гэж үзэж байгаа. Энэ өөрөө усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалж байгаа хилийн замын бүс гэдгийг тогтоож байгаа. Тэгэхээр энэ бүсдээ давхцалгүй байна гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас лавлагаа ирүүлсэн байгаа.
Хоёрт менежментийн төлөвлөгөө батлуулаагүй юм байна. Хуульд бол зөвшилцөж батлуулна гэсэн байгаа. Өнөөдрийн хувьд шууд авч очоод батлуулдаг зүйл биш юм. Энэ бол хуульд зааснаар батлуулна. Өнөөдрийг хүртэл энэ асуудлаар тусгай зөвшөөрлийг 2021 оны 03 дугаар сард олгож байгаа газар юм. Түүнээс биш ажил дээр ямар нэгэн ажиллагаа эхлүүлсэн зүйл байхгүй. Байгаль орчны менежмент төлөвлөгөө гэдэг нь тухайн журмаараа батлуулж байж хайгуулын үйл ажиллагаа явуулах үндэс болно. Өнөөдрийн хэмжээнд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг зөвшилцөөд батлуулсан зүйл байхгүй байна. Холбогдох тайланг батлуулахаар Ашигт малтмалын газар руу явуулсан гэж гуравдагч этгээд мэдэгдэж байгаа. Нөгөө талаар өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зөв тодорхойлж чадахгүй байна гэж үзэж байгаа. Өнөөдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.1-д зааснаас 52.5.6-д зааснаар бол шаардлагаа тодорхойлж, үүний дагуу шүүхээс ямар шийдвэр хүсэж байгаагаа тодорхойлох ёстой. Үүнийг өнөөдрийг хүртэл тодорхойлж чадахгүй байна гэж үзэж байна. Захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас гэж байгаа. Хууль бус үйл ажиллагаа гэдгээ юу гэж үзээд байгаа юм бэ. Дээрээс нь нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон гэж байгаа. Өнөөдөр ерөнхий байдлаар л илэрнэ. Уул уурхайн үйл ажиллагаа явуулах л юм бол байгаль орчинд нөлөөлнө гэдэг нь тодорхой байгаа. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, хамгаалалтын бүс гээд хориглосон талбайд бол хамаарахгүй байна. Ийм нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гуравдагч этгээдийг хуульд заасан үүргээ биелүүлж ажиллахгүй байна гэж яриад байна. Энэ нь тусгай зөвшөөрөл олгохтой ямар хамааралтай вэ. Энэ менежментийн төлөвлөгөөг батлуулах, тусгай зөвшөөрөл олгохоос хойш хийгдэж байгаа ажил юм. Тэгэхээр энэ бол үүргээ биелүүлээгүй гэдэг нь нэхэмжлэгчид ямар ч хамаагүй асуудал юм.
Хоёрт нь сав газрын захиргааны саналыг үндэслэнэ гээд байна. Тэгэхээр санал авах ажиллагааны ач холбогдол нь өөрөө юу юм бэ. Хуульд заасны дагуу хариу өгөх ёстой. Сав газарт хамаарч байгаа газарт Ашигт малтмалын газар хуульд хориглосон усны сан бүхий газарт нь хамаарч байна уу гэдгийг өгөх ёстой. Үүнд давхцалгүй байна гэдэг хариу ирсэн учраас тухайн сав газрын эрх ашиг зөрчигдсөн гэсэн зүйл байхгүй байна. Засгийн газрын 243 дугаар тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Үүний дагуу сонгон шалгаруулж авсан. Сонгон шалгаруулалттай холбоотой энэ бол хууль бус талаар нэхэмжлэгч маргахгүй байна. Засгийн газар өнөөдөр эцсийн байдлаар талбайн солбицлыг тогтоосон шийдвэр гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл Ашигт малтмал, газрын тосны газрын санал дээр үндэслэн Засгийн газар эцсийн шийдвэр гаргасан. Тэгэхээр өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч талаас тогтоолтой маргаагүй. Тэгэхээр үүний дагуу явагдсан ажиллагаа хууль бус явагдсан гэдэгтэй маргахгүй байна. Нэмж хэлэх зүйл бол алга байна. Усны тухай хуулийн 17.2-т заасны дагуу хэлэхэд сав газрын захиргааны бүрэн эрх үүрэгт хамаарч байгаа заалт юм. Иймд шүүх анхаарч үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч “Ох” ТББ-иас гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй байна хэмээн үзлээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 36 дугаар шийдвэрийг хууль бус хэмээн маргаж байна. Үүнд:
1. Ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийг олгосон шийдвэрийг гаргахдаа тухайн шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын "*******" нэртэй газарт амьдардаг иргэд, малчид болон Иргэдийн нийтийн хурал, иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газарт мэдэгдээгүй, оролцоог хангаагүй,
2. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн "Талбайн солбицол тогтоох" тухай 243 дугаар тогтоол, түүний хавсралтаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт сонгон шалгаруулалт зарлах тухай тогтоол баталсан байхад Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ******* нэртэй газарт сонгон шалгаруулалт зарлаж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгож хууль болон Засгийн газрын тогтоолыг хууль бусаар үндэслэж шийдвэрлэсэн,
3. “Ц” ХХК нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан аж ахуй нэгж байгууллагын үүргийг огт биелүүлээгүй. Тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбайд байрших сум, дүүргийн хяналтын албатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах гэсэн заалтаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй,
4. Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан шаардлагыг зөрчиж, сав газраас саналыг нь авалгүй тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны зарчмыг зөрчсөн зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.
3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,
Төрийн бус байгууллагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 4-т заасан журмын дагуу 2018-2020 оны үйл ажиллагааны тайлангаа улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өгч байсан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.5-д заасан маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлэх үүргийнхээ хүрээнд маргаан бүхий актыг эсэргүүцсэн талаарх Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 1, 2 дугаар багийн иргэдийн гарын үсэг, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын болон Сайхан-Овоо сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
2. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ....”, 17.3-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрсөн санал болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” хэмээн тус тус заасанчлан Ашигт малтмал газрын тосны газрыг Кадастрын хэлтсээс 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Засаг даргад хандан “...танай аймгийн нутагт 329.576.74 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой байгааг мэдэгдэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2- зааснаар ... тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзэхийг анхааруулна уу” гэсэн агуулга бүхий 7/628 дугаар албан бичгийг хүргүүлсэн.
Дундговь аймгийн Засаг даргаас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн албан бичгийн дагуу ямар нэгэн хариуг өгөөгүйтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас 2018 оны “Талбайн солбицол тогтоох тухай” 243 дугаар тогтоолоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоосон.
Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/114 дүгээр тушаалаар СШ-47 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд сонгон шалгаруулалт коронавируст цар тахлын улмаас тодорхой хугацаагаар хойшилж байсан. Уг сонгон шалгаруулалтын СШ-47-6-д маргаан бүхий талбай болох Дундговь аймаг, Сайхан-Овоо сум, “*******” нэртэй 1129.20 га талбай орсон бөгөөд тус сонгон шалгаруулалтад гуравдагч этгээд “Ц” ХХК оролцож, шалгарсантай холбоотойгоор Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 36 дугаар шийдвэрээр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг “*******” нэртэй газарт 1129.20 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээд “Ц” ХХК-нд олгосон болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Ашигт малтмал газрын тосны газрыг даргын 2020 оны А/114, А/118 болон А/129 дүгээр тушаал, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 36 дугаар шийдвэр, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2018 оны 7/628, 2022 оны 8/965 дугаар албан бичиг, Дундговь аймгийн Засаг даргын 2021 оны 1/1773 дугаар албан бичиг болон хариуцагчийн архив, бичиг хэрэгт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, холбогдох бусад баримтаар,
3. Маргаан бүхий захиргааны актад хамаарах Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг орших “*******” нэртэй 1129.20 гектар талбай нь Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасанчлан “Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газар”-т хамаарах бөгөөд хариуцагчаас маргаан бүхий акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 36 дугаар шийдвэрийг гаргахдаа Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан журмын дагуу тус сав газрын захиргааны саналыг аваагүй буюу тухайн шийдвэрийг гаргахад хамааралтай бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 06/1197 дугаар албан бичгийн хавсралт Лавлагааны мэдээлэл, Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газрын захиргааны 2022 оны 40, 41 дүгээр албан бичгүүд, хариуцагчийн архив, бичиг хэрэгт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.
4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1. “хуульд үндэслэх”, 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” хэмээн,
Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” хэмээн,
Усны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Усны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, 17 дугаар зүйлийн 17.2-т “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ” хэмээн тус тус хуульчилсан.
5. Үүнтэй холбогдуулан шүүх, “Ох” ТББ-иас тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл нь объектив эрхийн нэхэмжлэл бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 36 дугаар шийдвэр нь Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан журмыг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1. “хуульд үндэслэх” зарчимд нийцэхгүй, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт болох нь дээр дурдсан үйл баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Мөн, гуравдагч этгээд “Ц” ХХК нь дээрх хууль бус захиргааны актаас учирсан хохирлоо хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.10 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 37 дугаар зүйлийн 37.6, Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Ох” ТББ-иас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 36 дугаар шийдвэрийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М