Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 59

 

Ж.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00154/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 354 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ж.Э-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.Х-д холбогдох

“Хашаа, байшингийн үнэ 20.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагч А.Х-гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хариуцагч А.Х-, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Э-гаас:

            Анх би Дархан сумын 16 дугаар баг, Мангиртын 9 дүгээр хэсэг, 3-237 тоот хашаа байшинг 30.000.000 төгрөгөөр авахаар Б.Э-тай аман хэлцэл хийж худалдаж авахаар тохироод 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр байшингийн урьдчилгаа 20.000.000 төгрөгийг А.Х-д Хаан банкны дансаар шилжүүлж өгсөн. Манайх 2015 оны  09 дүгээр сарын 01-ний өдөр нүүж очсон. 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байшиндаа байж чадахгүй байшин хөлдөөд түрээсийн байранд орсон. Б.Э-тай 01 дүгээр сард утсаар яриад байранд амьдрах боломжгүй юм байна, би түрээсийн байранд орлоо гэж хэлсэн. 2016 оны 04 дүгээр сард байшиндаа буцаад иртэл Хас банкнаас хүмүүс ирсэн. Тэд энэ байр банкны зээлийн барьцаанд тавигдсан удахгүй суллаж өгөөрэй, та ямар учиртай хүн бэ гэж асуусан. Тэгэхээр нь би энэ байрыг авах гээд урьдчилгаа 20.000.000 төгрөг өгсөн байгаа гэж хэлсэн. Хас банкны хүмүүс байшингаа суллаж өгөөрэй гэсэн. Б.Э- хөдөө гадаа яваад олдохгүй байсан.

2017 оны 07 дугаар сард шийдвэр гүйцэтгэгч Бадамханд гэж хүн ирээд Б.Э-ын шийдвэрийг гүйцэтгэх гэж байна. Байрыг хурааж авах шийдвэр гарсан. Мөнгө төгрөгийн асуудлаа өөрсдөө шүүхээрээ яваад шийдүүл гэж хэлсэн. Манайх 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байшингаа суллаж хүлээлгэж өгсөн. Одоо түрээсийн байранд амьдарч байна. А.Х-д 2015 оны 09 сарын 01-ний өдөр Хаан банкны дансаар нь мөнгөө шилжүүлж өгсөн учир одоо түүнээс энэ мөнгөө нэхэмжилж байна. Би 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байшинд ороод 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Олон улсын худалдааны төвийн нотариат дээр А.Х-тэй хамт ороод би байшин худалдаж авч байгаа, би урьдчилгаа мөнгөө өгсөн одоо нотариатаар батлуулъя гэж хэлсэн. Нотариат хэлэхдээ манайх худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй нөхцөлд батлахгүй. Та нар мөнгө төгрөгөө банкаар шилжүүлээд, банкны хуулгаа хадгал, ямар нэг асуудал үүсвэл тэр хуулга чинь баталгаа болж өгнө шүү гэж хэлсэн. Би А.Х-гийн данс руу 20.000.000 төгрөгөө шилжүүлж хуулгыг нь хадгалсан. Иймд 20.000.000 төгрөгийг А.Х-гээс гаргуулж өгнө үү гэж нэхэмжилжээ.

Хариуцагч А.Х-гээс:

Энэ байрыг би зарж байгааг мэдээгүй, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр  миний дансанд мөнгө орсныг утсанд мессеж ирээд л харсан. 20.000.000 төгрөг орсон байсан. Түүнээс өмнө хамт явж мөнгө төгрөг бэлнээр авсан асуудал байхгүй. Тэр өдрийн орой нөхөр Б.Э-тай ярилцаад байрыг зарна гэхээр нь зөвшөөрөөгүй. Тэгээд тэр өдрөө мөнгөө өгөхгүй байж байгаад 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Б.Э-т за үнэхээр чи байраа зараад өр ширээ дарах гэж байгаа бол надад баталгаа хийж өг тэгж байж энэ мөнгийг чамд өгнө гэж хэлсэн. Тэгээд өөрийнх нь гарын үсгийг зуруулж байж 20.000.000 төгрөгийг өгсөн. Тэр мөнгөнөөс нэг ч төгрөг би аваагүй. Байшин бол Б.Э-ын нэр дээр байсан. Хамтран өмчлөгчөөр охин бид хоёрын нэр байсан. Нөхөр Б.Э-, охин Э.Уянга болон миний нэр байрны өмчлөх эрхийн гэрчилгээн дээр байдаг. Одоо Хас банкнаас хүсэлт гаргаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад тус хашаа байшинг хурааж авсан байгаа. Гэрчилгээ нь Хас банкинд байгаа. Өмчлөх эрх нь шилжсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Иймд 20.000.000 төгрөгийг Б.Э- төлөх ёстой. Тэр мөнгө миний дансанд орсон нь үнэн. Гэхдээ мөнгөнөөс би аваагүй. Б.Э-т тэр мөнгийг өгөхдөө түүний гарын үсгийг нь зуруулж мөнгийг нь хүлээлгэж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тайлбар гаргасан байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатараас:

Энэ хэрэгт нэхэмжлэгчээр оролцож байгаа Ж.Э-гийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлага бол байшингийн урьдчилгаа төлбөрт төлсөн 20.000.000 төгрөгийг хариуцагч А.Х-гээс гаргуулж авъя гэсэн байгаа. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон нотлох баримт шинжлэн судлахад энэ 20.000.000 төгрөгийг А.Х-гээс гаргуулах эрх бүрэн байгаа нь тогтоогдож байна гэж үзэж байна. Энэхүү хашаа байшинг 3 өмчлөгч нь Хас банкинд зээлийн барьцаанд тавиад байшинг Ж.Э-д зарж 20.000.000 төгрөгийн урьдчилгаа авсан боловч Хас банкинд төлөх байсан мөнгөө төлөөгүй байсан учир байшинг шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр албадан гаргуулж авсан байна. Энэ хоёр хүн маань хууль ёсны гэр бүлийн хүмүүс. Өр төлбөр төлөхгүй гэсэн үүднээс одоо би аваагүй, хамт амьдардаггүй гэх тайлбарыг ярьж байна. Тухайн үед байр зарахад А.Х- оролцсон, хамт явсан байсан. Шүүхэд гаргаж байгаа тайлбар нь үндэслэлгүй тайлбар гэж үзэж байна. Нэхэмжлэгч маань 20.000.000 төгрөгөөс илүү хохирсон байгаа. Энэ байшинг хашааны блокоор барьсан байсан учир халахгүй байсан. Анхнаасаа эрхийн хувьд ч, эд хөрөнгийн хувьд ч доголдолтой хөрөнгө шилжүүлсэн байна. А.Х-гийн нэр дээр 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 20.000.000 төгрөг шилжүүлсэн, түүнийгээ л авах нэхэмжлэл гаргаж байгаа. Нотлох баримтаас харахад шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байгаа. Хариуцагч тайлбар тавиад байгаа боловч тайлбараа өөрөө нотолж чадахгүй байгаа юм. Тийм учраас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Тэрбишээс:

Нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө учир дутагдалтай байна. Нотлох баримтаар Б.Э-, А.Х- нар эхнэр нөхөр гэсэн баримт авагдаагүй байна. Нэхэмжлэгч нь Б.Э-тай хэлцэл хийсэн А.Х- мэдэж байгаа гэж яриад байна. А.Х-г мэдэж байгаа гэсэн зүйл хавтаст хэргээс харахад тогтоогдохгүй байна. “Дархан стейк” ХХК-д Хас банкнаас удаа дараа мэдэгдэл явуулсан байдаг. Гэтэл Б.Э- А.Х-гээс 20.000.000 төгрөгийг аваад зээлд хийсэн эсэхийг мэдэх боломжгүй байсан. Харин А.Х- Б.Э-т энэ мөнгийг хүлээлгэн өгсөн болох нь хавтаст хэрэг шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байгаа. Тэгэхээр энэ хэргийн хариуцагч нь А.Х- биш. Ж.Э- нь Б.Э-тай анхнаасаа хэлцэл хийгээд А.Х-гийн дансаар уг мөнгийг авсан байна гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 354 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч А.Х-гээс 20.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Эрдэнэтуяад олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Х-гээс 257.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Х- давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт: Нэхэмжлэгч Ж.Э- нь А.Х-, Б.Э- нартай харилцан тохирч...урьдчилгаа 20.000.000 төгрөгийг хариуцагч А.Х-гийн дансанд хийсэн..., Хариуцагч А.Х- нь 20.000.000 төгрөгийг Б.Э-т бэлнээр өгсөн талаар нотлох баримт ирүүлсэн боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна...гэжээ.

А.Х- миний бие Ж.Э- гэдэг хүнтэй хэзээ ч уулзаж байр зарах талаар ярилцаж тохиролцож байгаагүй. Тухайн үед хамтран амьдардаг байсан нөхөр болох Б.Э-, Ж.Э- хоёр нь надад мэдэгдэлгүйгээр хоорондоо наймаа хийхээр тохиролцож намайг орон гэргүй болгосон. Энэ бүх асуудлаас болж Б.Э- бид 2 тус тусдаа амьдрах болсон. Ямар учраас энэ хоёр үгсэн хуйвалдаж миний эзэмшлийн дансанд мөнгө хийсэн.  Ж.Э- нь хэнээс миний дансны дугаарыг авсан. Б.Э- нь дансаар орж ирсэн мөнгийг юунд зарцуулсан гээд л...үнэхээр асуудалтай. Б.Э- нь өөрийн дансаар мөнгөө авахгүй миний дансыг ашиглаж мөнгөө авсан байдаг. Бид тухайн үед тусдаа амьдралтай болсон учраас миний бие Б.Э-т мөнгийг өгөхдөө мөнгийг хүлээн авлаа гэсэн бичиг хийлгэж авсан юм. Анхан шатны шүүх нотлох баримтыг бодитойгоор тал бүрээс нь үнэлэхгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргасан. Учир нь миний бие анхан шатны шүүхэд Б.Э- мөнгийг хүлээж авсан талаарх нотлох баримтыг гаргаж өгсөөр байхад нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж үзсэн. Б.Э-тай албан ёсны эхнэр нөхөр биш бүр хамт амьдардаггүй цаашлаад хавтаст хэрэгт албан ёсны эхнэр, нөхөр гэсэн нотлох баримт байхгүй байхад эхнэрийнх нь дансаар мөнгө орсон байна гэж анхан шатны шүүх үзэж шийдвэрээ гаргасанд маш их гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.      

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ж.Э- нь хариуцагч А.Х-д холбогдуулан хашаа, байшингийн урьдчилгаанд өгсөн 20.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч А.Х- нь 20.000.000 төгрөг миний дансанд орсон нь үнэн. Би 4 хоногийн дараа нөхөр Б.Э-т 20.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

Анхан шатны шүүх хариуцагч А.Х- нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1-д заасан үүргээ биелүүлээгүй, эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн, хууль зөрчсөн хэлцэл гэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагч шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдсан гомдолдоо анхан шатны шүүх ...нэхэмжлэгч Ж.Э- нь А.Х-, Б.Э- нартай харилцан тохирч...урьдчилгаа 20.000.000 төгрөгийг хариуцагч А.Х-гийн дансанд хийсэн..., хариуцагч Х- нь 20.000.000 төгрөгийг Б.Э-т бэлнээр өгсөн талаар нотлох баримт ирүүлсэн боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна...гэжээ. “А.Х- миний бие Ж.Э- гэдэг хүнтэй хэзээ ч уулзаж байр зарах талаар ярилцаж тохиролцож байгаагүй. Б.Э-тай албан ёсны эхнэр, нөхөр гэсэн нотлох баримт байхгүй байхад эхнэрийнх нь дансаар мөнгө орсон байна” гэж анхан шатны шүүх үзэж шийдвэрээ гаргасанд маш их гомдолтой байна гэжээ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т зааснаар ...шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана... гэснийг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Үүнд:

Нэхэмжлэгч Ж.Э- нь А.Х- нарын хооронд  хашаа, байшин худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь талуудын тайлбараар тогтоогдож байна гэж шүүх дүгнэсэн боловч хэргийн оролцогч буюу хариуцагч талын тайлбарт ... А.Х- миний бие Ж.Э- гэдэг хүнтэй хэзээ ч уулзаж байр зарах талаар ярилцаж тохиролцож байгаагүй, дансанд мөнгө орж ирснийг утсанд ирсэн мeссeжээр мэдсэн, уг мөнгийг Б.Э-т хүлээлгэн өгсөн гэж тайлбарласнаас үзвэл зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн эсэх нь эргэлзээтэй байна.

Ийм учраас худалдах, худалдан авах гэрээний талаар болсон үйл баримтыг бүрэн гүйцэд тогтоохгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйтэй холбоотой үүссэн маргаан байх тул гэрээний оролцогч талууд хэн болохыг зөв тогтоох шаардлагатай.

Дан ганц хариуцагч А.Х-гийн данс руу мөнгө шилжсэнээр зохигчдын хооронд худалдах, худалдан гэрээ хийгдсэн гэж дүгнэх нь учир дутагдалтай.

Иймд хэргийн үйл баримтыг тогтоож, нэхэмжлэлийн  шаардлагын үндэслэлийг тодруулж, гэрээний талуудыг зөв тодорхойлж шийдвэрлэх нь зүйтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Ж.Э-гийн нэрийг Ж.Эрдэнэтуяа” гэж ташаа бичсэнийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 354 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцаасугай.

            2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т  зааснаар хариуцагч А.Х-гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагч А.Х-д олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

           

                                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ       

                                                                   ШҮҮГЧИД                                  С.ЭНХЖАРГАЛ                               

                                                                                                                      С.ОЮУНЦЭЦЭГ