Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 24

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Б.Ш-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 

Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П хариуцагчийн төлөөлөгч Б.Х, Д.О шинжээч А.Б  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие Архангай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 08-ны өдрийн 515 дугаартай шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 24 тоот магадлал, УДШ-ийн 2018 оны 1850 тоот тогтоолоор иргэн П.О , Г  нарт 97.699.880 төгрөгийн төлбөрийг төлөхөөр болж уг материал шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар очсоноор гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж эхэлсэн. Уг төлбөрөөс миний бие нь хэсэгчилсэн хэлбэрээр 15.000.000 төгрөгийг төлсөн. Үлдэх төгрөгийг төлүүлэхээр албадлага хэрэглэж миний эзэмшлийн /хувьчлагдаагүй/ Эрдэнэбулган сумын 3-р баг, 1-р 10-н жилийн зүүн урд байрлах залуучуудын гудамж 5-503 тоотод байрлах нэгж талбарын 65113010014 дугаартай 340 мкв орон сууцны зориулалттай газар, мөн дутуу баригдсан барилгыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар үнэлгээчин томилж үнэлүүлсэн. Ингэж үнэлэхдээ газрыг 36.926.000, дутуу баригдсан барилгыг 100.126.400 төгрөгөөр тус тус үнэлсэн гэсэн мэдэгдлийг надад хүргүүлсэн. Миний бие тухайн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Орон нутгийн зах зээлийн үнэлгээнд тухайн газар 36.926.000 төгрөгөөс хавь илүү давсан үнэлгээтэй. Газрын үнэлгээ бодитой гараагүй гэж үзэж гомдол гаргаж байна. Газар дээр баригдсан орон сууцны /дутуу/ барилгын үнийг хэт доогуур үнэлсэн байна. Тухайн барилгыг барихад зарцуулсан материал, ажлын хөлс, тээврийн зардал гэх мэт зүйлийг тооцож үзэхэд 100.126.400 төгрөгнөөс хэт давсан тооцоо байдаг. Төлбөртэй хүний юм үнэгүй гэх ойлголт байхгүй гэж ойлгож байгаа бөгөөд ямар тооцоо судалгаагаар дээрх үнэлгээг гаргасан нь ойлгомжгүй байна. Мэдэгдлээс өөр барих баримтгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар нь надад ямар хүнээр үнэлгээ тогтоолгох гэж буй талаар мэдэгдээгүй, мөн үнэлгээ тогтоосон тухай баримттай танилцуулаагүй бөгөөд үүнийг танилцуулах шаардлагагүй гэж тайлбарлаад байгааг зөвшөөрөхгүй байна. Учир нь надад тухайн шинжээч буюу үнэлгээчинг татгалзах эрх байх ёстой гэж үзэж байна. Ямар үнэлгээчиний хэдний өдрийн хэдэн тоот эрхийн актаар яаж энэ үнэлгээг хийсэн нь тодорхойгүй бөгөөд тодорхойлж өгөхгүй байгаа нь нөгөө талд үйлчлээд байгаа гэх хардлагыг төрүүлж байна. Иймээс Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 сарын 22-ны өдрийн 01/1329 тоот мэдэгдэл хүргүүлэх албан бичигт дурьдсан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Архангай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 08-ны өдрийн 515 дугаартай шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 05-ны өдрийн 24 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 1850 тоот тогтоолоор Б.Ш  97.699.880 төгрөг гаргуулж П.О , Г.Г нарт олгохоор шийдвэрлэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Б.Ш-н  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, 1 дүгээр 10-н жилийн зүүн урд залуучуудын гудамж 5-503 тоотод байрлах 340 мкв газар, мөн дутуу баригдсан барилгын хамт 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 19010136, 19010139/09 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авч төлбөр төлөгч, авагч нараас үнийн саналыг шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулан авахад зөрүүтэй харилцан тохиролцоогүй тул ШШГТхуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачлагаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно гэж ШШГТХуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 19010136, 19010139/10 дугаар тогтоолоор шинжээчийг томилсон. Төлбөр төлөгч Б.Ш-т 2019-09-19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийг хураахдаа шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд шинжээч томилж албадан дуудлага худалдаанд оруулах талаар мэдэгдэж хууль тайлбарлаж өгсөн байна. Иймд төлбөр төлөгч Б.Ш-н  гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү   гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 10 сарын 22-ны өдрийн 1329 тоотоор мэдэгдэл Б.Ш очсон байдаг. Тэр мэдэгдэл дээр зөвхөн үнэлгээ гаргасан  талаар мэдүүлсэн байгаа юм. 340 мкв газрын үнэлгээ нь 39.926.000 төгрөг, барилгын үнэлгээ 100.126.400 төгрөгөөр үнэлсэн гэсэн мэдэгдэл очсон. Тэгэхээр үүнийг нь үнэлгээчингийн гаргасан үнэлгээ гэж үзэх юм уу? гэдэг дээр нэхэмжлэгч талд ойлгомжгүй байдал үүсээд байгаа юм. Бид нар үнэлгээг биш мэдэгдэл дээр дурдсан үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа юм. Газар дээр барилга барих гээд нилээдгүй хэмжээний хөрөнгө зарцуулаад бариад эхэлчихсэн. Үүний зардал, зардлын тооцоог яаж гаргаж байгаа гэдгийг хариуцагч тал мэдэхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа  хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймээс 2019 оны 10 сарын 22-ны өдрийн 1329 тоотоор мэдэгдэлд дурдсан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Дахин шинжээч томилуулж шийдвэр гүйцэтгэлийг ажиллагааг явуулах хүсэлттэй байна. Төлбөр төлөгч нарт өөрийн эдлэх эрх гэж бий. Шинжээчээр хэн гэж хүн томилсон, хөрөнгийн үнэлэхэд туршлага мэдлэг, тусгай мэргэшсэн буюу хөрөнгийн үнэлгээ гаргасан шинжээчид үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой мэдлэг байна уу? хөрөнгөнд бүхэлд нь үнэлгээ гаргадаг эсэхийг бид мэдэх эрхтэй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь асуудалтай байгаа гэж харагдаж байгаа нэг зүйл нь ахлах шийдвэр гүйцэтгэгч энд хариуцагчийн төлөөлөгчөөр оролцож байна. Гэтэл хэрвээ энэ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргавал ахлах шийдвэр гүйцэтгэгч яах вэ?, ахлах шийдвэр гүйцэтгэгчийг алгасаад гомдол гаргах зохицуулалт нь шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд байхгүй. Энэ мэт эргэлзээтэй асуудлаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль ёсны  дагуу явагдаж чадахгүй байна. Бусад материалтай танилцаагүй байгаа учраас 2019 оны 10 сарын 22-ны өдрийн 1329 тоотоор мэдэгдэлд дурдсан үнэлгээг хүчингүй болгуулах хүсэлттэй байна. Бусад зүйлийг төлбөр төлөгч нарт танилцуулаагүй. Хариуцагч байгууллагаас Б.Ш-т  утсаар мэдэгдсэн, ирж танилц гэж хэлсэн гэх тайлбарыг хэлсэн гэж байна. Ш над дээр энэ мэдэгдлийг авч ирэхэд нь би тайлантай нь танилцах хэрэгтэй тайланг нь авчир гэсэн.  Тэгээд Б.Ш-г тайлантай танилцах гэхэд чамд хамаагүй гээд танилцуулаагүй, хуулбарлаж авах гэсэн мөн л өгөөгүй байсан. Тийм учраас би тайлан дээр биш мэдэгдэх хуудас дээр гомдол гаргаад байгаа. Газар болон дутуу баригдсан барилгын үнэлгээ хэт доогуур байна, үнэлэхдээ Б.Ш-г оролцуулаагүй, шинжээч томилсон тогтоол болон үнэлгээний тайланг танилцуулаагүй, гол нь газрын үнэлгээ хэт доогуур үнэлэгдсэн гэсэн үндэслэлүүдээр үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Иймд мэдэгдэлд дурдсан үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгуулах хүсэлттэй байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 10 сарын 22-ны өдрийн 01/1329 албан тоотоор үнэлгээг төлбөр төлөгчид мэдэгдсэн байгаа. Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх тухай хуулийн 55.3 дахь заалтыг үндэслэн үнэлгээтэй холбоотой мэдэгдлийг Б.Ш-т хүргүүлсэн. Үнэлгээг тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн “Мэргэн гүн” ХХК-ээр гүйцэтгүүлэхээр ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргасны дагуу үнэлгээтэй холбоотой гомдлыг төлбөр  авагч, төлөгч нарт тус тус мэдэгдсэн. Б.Ш  үнэлгээ хийлгэх, албадан дуудлага худалдаа явуулах талаар мэдэгдэж эрх үүргийг тайлбарлаж өгсөн. Үнэлгээг ямар үндэслэлээр, ямар аргачлалаар хийсэн талаар “Мэргэн гүн” ХХК-ийн шинжээч тайлбар өгөх байх. Б.Ш-т  мэдэгдэх гэхээр утас нь холбогддоггүй, хаяг дээрээ байдаггүй зэрэг хүндрэлтэй асуудлууд гаргадаг.  Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудсан хугацаанд Б.Ш  ирдэггүй, хаягтаа байхгүй утас нь холбогдохгүй зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулдаг. Шинжээч томилсон тогтоолыг танилцуулахаар утас руу нь залгаж, утсанд нь мессеж бичээд үлдээсэн байгаа. Шинжээчийн дүгнэлтийг Б.Ш-т  утсаар танилцуулж, үнэлгээний мэдэгдлийг түүний хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн.  Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ш нь хариуцагч Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, 1-р 10-н жилийн сургуулийн зүүн урд, Залуучуудын гудамж 5-503 тоотод байрлах, 6513010014 нэгж талбарын дугаартай 340 мкв газар, түүн дээр баригдсан дутуу барилгыг 100.126.400 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч эд хөрөнгийг үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “хөрөнгийг хэт бага үнээр үнэлсэн, гол нь газрын үнэлгээ хэт доогуур үнэлэгдсэн. Шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн тайлан танилцуулаагүй” гэж тайлбарлаж байна. 

Хариуцагч Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад хуульд заасны дагуу шинжээч томилж үнэлгээ хийгдсэн гэж нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй. 

Нэхэмжлэгч Б.Ш Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 08-ны өдрийн 515 дугаартай шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 05-ны өдрийн 24 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 1850 тоот тогтоолоор 97.699.880 төгрөгийг П.О Г.Г  нарт төлөх үүрэгтэй байсан нь зохигчийн тайлбараар тогтоогддог . 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, 1-р 10-н жилийн сургуулийн зүүн урд, Залуучуудын гудамж 5-503 тоотод байрлах, 6513010014 нэгж талбарын дугаартай 340 мкв газар, түүн дээр баригдсан дутуу барилгыг хураах ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчсөн талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна. 

Хураан авсан дээрх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахад төлбөр төлөгч Б.Ш 540.000.000 төгрөгийн, төлбөр авагч Д.О Г.Г  нар 50.000.000 төгрөгийн үнийн санал өгч, төлбөр авагч Д.О хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргажээ. Үүрэг гүйцэтгэгч Б.Ш үүрэг гүйцэтгүүлэгч Д.О Г.Г  нар дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй тул хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээч томилж хураан авсан эд хөрөнгийг үнэлүүлсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.   

2019 оны 10 сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, 1-р 10-н жилийн сургуулийн зүүн урд, Залуучуудын гудамж 5-503 тоотод байрлах, 6513010014 нэгж талбарын дугаартай 340 мкв газрыг 36.926.000 төгрөгөөр, дуусаагүй барилгыг 100.126.400 төгрөгөөр үнэлснийг 2019 оны 10 сарын 22-ны өдрийн 01/1329 дугаар мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгч Б.Ш-т  мэдэгдсэн ба мэдэгдэх хуудсанд бичигдсэн хөрөнгийн үнэлгээний дүн 2019 оны 10 сарын 09-ны өдрийн 146 дугаар дүгнэлттэй тохирдог. Хариуцагчийн төлөөлөгч нь “Б.Ш-т шуудангаар мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн” гэж тайлбарлаж байх ба нэхэмжлэгч мэдэгдэх хуудсыг хүлээн авч шүүхэд эд хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч гомдол гаргасан тул шийдвэр гүйцэтгэгч нь шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч Б.Ш-т  мэдэгдсэн гэж үзнэ. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотолж, нотлох баримтыг шүүхэд өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “надад шинжээчийг татгалзах эрх байсан” гэсэн байх бөгөөд ийнхүү татгалзах үндэслэлээ тайлбарлаагүй. 

Мөн шинжээч хураан авсан газрыг 36.926.000 төгрөгөөр үнэлснийг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлэгдсэн гэж, дуусаагүй барилгыг 100.126.400 төгрөгөөр үнэлснийг тухайн барилгыг барихад зарцуулсан материал, ажлын хөлс, бусад зардлын үнэлгээнээс доогуур үнэлэгдсэн гэж маргаж буйгаа нэхэмжлэгч нотлох баримтаар нотолж чадахгүй байна. 

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, 1-р 10-н жилийн сургуулийн зүүн урд, Залуучуудын гудамж 5-503 тоотод байрлах, 6513010014 нэгж талбарын дугаартай 340 мкв газар, түүн дээр баригдсан дутуу барилгыг 100.126.400 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэгч Б.Ш-н  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Б.Ш-ын хариуцагч Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, 1-р 10-н жилийн сургуулийн зүүн урд, Залуучуудын гудамж 5-503 тоотод байрлах, 6513010014 нэгж талбарын дугаартай 340 мкв газар, дутуу барилгын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ш-с улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.  

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Д.БАЙГАЛМАА