Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 732

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ж. Д-д холбогдох 

16.404.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , прокурор Н.Ц хариуцагчийн өмгөөлөгч Б.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд хариуцагч Ж.Д-ын илүү авсан 16.404.500 төгрөгийг гаргуулж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч Ж.Д-д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би улс нийгэмдээ саальчин, төлчин, мужаан, бичээч  зэргээр 20 гаруй жил тасралтгүй ажилласан. Нийт 29  жил ажилласан. Хоёр ч хөдөлмөрийн дэвтэртэй бөгөөд уг хөдөлмөрийн дэвтрээрээ тэтгэвэр тогтоолгох боломжтой хүн. Би төр улсаа хуурах, хуурамч бичиг баримт бүрдүүлэх хүн биш. Намайг нутгийн засаг захиргаа, ард түмэн мэднэ. Надад бичиг баримт хуурамчаар бүрдүүлэх шаардлага байхгүй. Иймээс 16.404.500 төгрөгийг төлөхгүй гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жаргалан сумын Ж  овогтой Д нь  2011 оны 09 сарын 26-ны өдөр материалаа бүрдүүлж өгөөд 2011 оны 10 сарын  01-ний өдрөөс эхлэн тахир дутуугийн тэтгэврээ тогтоолгон авсан юм байна. Тахир дутуугийн тэтгэвэр авч байх үедээ 15 жил ажилласан гээд хөдөлмөрийн дэвтрээрээ тэтгэвэр тогтоолгосон. Тахир дутуугийн тэтгэврээ авч байх үедээ ажилласан жилээ шүүхийн шийдвэрээр тогтоолгохоор хөдөлмөрийн дэвтрээ авч явсан гэдэг талаар тухайн үед нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан хүнээс мэдээллийг авсан. Тухайн үед энэ хүн 21 жилээр өндөр насныхаа тэтгэврийг 180.300 төгрөгөөр тогтоолгоод 10 сарын 01-ний өдрөөс авсан байдаг. Тэтгэвэр тогтоолгохоор хандаж байгаа хүмүүс өргөдлөө өөрсдөө бичиж чадахгүй ихэвчлэн хүнээр бичүүлдэг. Гэр бүлийн гишүүдээр бичүүл гэсэн шаардлагыг бид нар тавьдаг. Ж.Д-д гуайн тэтгэврийн материалыг өгсөн О  гэдэг нь түүний хүүхэд. Хөдөлмөрийн дэвтрээр өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй. Шүүхийн шийдвэрээр тогтоолгосон боловч 2009 оны 09 сарын 30-ны өдрийн 675 дугаар шүүхийн шийдвэр нь хуурамч байсан. Иймд 2017 онд тэтгэврийг нь зогсоож одоо Ж.Д-с 2011 оноос хойш 2017 он хүртэл олгосон тэтгэвэр 16.404.500 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байгаа. Архангай аймгийн Нийгмийн даатгалын байгууллагаас нэр бүхий иргэдийн ажилласан байдлаа тогтоолгосон шүүхийн шийдвэр нь шүүхэд хадгалагдаж байгаа шийдвэртэй утга агуулга, огноо зэргээр тохирохгүй байгаа асуудлыг гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоолгохоор албан бичгийг ирүүлсэн. Үүний дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээж, шалгах ажиллагаа явуулсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар тухайн үед Д гэдэг иргэний асуудал бол хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, баримт бичиг үйлдэж ашигласан гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн байгаа. Үүний дараа нийгмийн даатгалын хэлтсээс шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудтай танилцсан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд тухайн үед нотлогдоод байсан нөхцөл байдлууд арай өөрөөр тогтоогдсон байна. Гарын үсгэнд хийсэн шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас өөр нөхцөл байдал тогтоогдож байна гэж харагдаж байна. Нэгдүгээрт Доржханд гэдэг хүний ажилласан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэр бол шүүхэд хадгалагдаж байгаа шүүхийн шийдвэрүүдтэй утга агуулга, огноо зэрэг тохирохгүй байгаа. Хоёрдугаарт анх шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд гаргасан өргөдөл дээрх гарын үсэг шинжээчийн дүгнэлтээр өөрийнх биш болох нь тогтоогдсон. Иймд Доржханд гэдэг хүн шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгож байсан асуудал байхгүй юм байна гэж харагдаж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: :   Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нь Д  нь 1956 онд төрсөн. Одоо 63 настай. Эрүүл мэндийн хувьд хүний байнгын хүний асаргаанд байдаг, ядарсан хөгшин эмэгтэй юм. Д нь 2005 оны 11 сард тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсээд 2011 оны 10 сар хүртэл тахир дутуугийн тэтгэврээ авсан байдаг. Тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгохдоо 10 жилийн ажил хөдөлмөрийн хөдөлмөрийн дэвтрээ, мөн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон комиссын шийдвэр зэрэг  холбогдох бичиг баримтын хамт сумын нийгмийн даатгалын байцаагч Ө өгсөн байдаг. 2011 онд 55 нас хүрээд тэтгэвэрт орох  нас болсон тул өөрт байсан нэгдлийн гишүүний том улаан хавтастай хөдөлмөрийн дэвтрээ сумын нийгмийн даатгалын байцаагч О  гэх хүнд өөрийн биеэр өгсөн байдаг. Энэ хөдөлмөрийн дэвтэрт ажилласан он сар өдөр, авч байсан цалинг бичиж тамга тэмдэг дарсан нэгдлийн боловсон хүчний эрхлэгч Ч.Б хөдөлмөрийн дэвтрийг цалин хөлсний 70 дугаар данстай тулгаж баталгаажуулсан дэвтрийг өгсөн байдаг. Д нь хөдөлмөрийн 2 дэвтэртэй. 1971-1977 онд хүртэл 6 жилийн нэг хөдөлмөрийн дэвтэртэй. 1977-1992 оны 08 сарын нийт 15 жилийн 2 хөдөлмөрийн дэвтэртэй. Энэ 2 дэвтэр нь тамга тэмдэг бүх юм нь хангагдсан. Энэ 2 дэвтрээрээ бүрэн тэтгэвэр тогтоолгох бүрэн боломжтой. Нотлох баримтаар гаргаж өгсөн Б-ын тайлбар байгаа. Хоёр хөдөлмөрийн дэвтрийн нийт ажилласан жил нь 21 жил. Д нь улс нийгэмдээ саальчин, малчин, төлчин, мужаан зэргээр 20 гаруй жил тасралтгүй ажилласан эмэгтэй юм. Нийгмийн даатгалын байгууллагын нэхэмжлэлд дурдсанчлан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 27, 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх зүйл, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасныг тус тус зөрчсөн болох нь тогтоогдоогүй. Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 01 сарын 29-ний өдрийн 66 дугаартай тогтоолоор гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж үзээд хуурамч баримт бичиг үйлдэж ашигласан болох нь тогтоогдоогүй гэсэн. Мөн шүүхийн шүүгч байсан Д.Д-ын  ажилласан байдлыг тогтоохдоо илт хууль бус шийдвэр гаргасан гэж нотлогдоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын хэлтэс хариуцагч Ж.Д-с хууль бусаар авсан тэтгэвэр болох 16.404.500 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. 

Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын хэлтэс “2011 онд хариуцагч Ж.Д-ын өндөр насны тэтгэврийг түүний ажилласан байдлыг тогтоосон 2009 оны 09 сарын 30-ны өдрийн 675 дугаар шүүхийн шийдвэрийг үндэслэн тогтоосон” гэж тайлбарладаг, хариуцагч Ж.Д  “би тэтгэвэрт гарахдаа өөрийнхөө 2 хөдөлмөрийн дэвтрийг өгч тэтгэвэр тогтоолгосон, Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 04 сарын 29-ний өдрийн 66 тоот тогтоолоор Ж.Д-г хуурамч бичиг баримт үйлдэж ашигласан болох нь нотлогдоогүй гэж дүгнэсэн” гэж маргадаг. 

Гэрч Б.О-ын  “Тухайн үед Ж.Д-д хөдөлмөрийн дэвтэр байсан. Нийгмийн даатгалд байсан хувийн хэргээсээ хөдөлмөрийн дэвтрээ авч шүүхэд өгсөн” гэсэн мэдүүлэг, “хөдөлмөрийн дэвтэр байхгүй байв” гэсэн Ж.Д-ын хувийн хэрэгт хийсэн үзлэг зэргээр хөдөлмөрийн дэвтрийг үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон гэсэн хариуцагчийн тайлбар няцаагддаг. 

Хариуцагч Ж.Д-ын 1971 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант амьдрал нэгдэлд саальчинаар ажиллаж байсныг тогтоосон Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 09 сарын 30-ны өдрийн 675 дугаар шийдвэр, холбогдох хэрэг Архангай аймгийн Шүүхийн тамгын газрын архивт байхгүй, уг 2009 оны 09 сарын 30-ны өдрийн 675 дугаартай шийдвэрт өөр хэргийг шийдвэрлэсэн шийдвэр шүүхийн архивт байдаг нь Архангай аймгийн Шүүхийн тамгын газрын 2019 оны 05 сарын 17-ны өдрийн 136 тоот албан бичгээр тогтоогдож байна. 

Хариуцагч Ж.Д  нь 2011 оны 10 сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгож тэтгэвэр авч эхэлсэн нь 2011 оны 09 сарын 26-ны өдрийн тэтгэвэр тогтоолтын хуудас, Ж.Д-ын тэтгэврийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогддог ба ийнхүү тэтгэвэр тогтоолгосон үйл баримттай хариуцагч маргаагүй бөгөөд Ж.Д-ын өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо Нийгмийн даатгалын байгууллагад гаргасан өргөдөл нь түүний гараар бичигдээгүй боловч тэрээр нийгмийн даатгалын сангаас 2011 оны 10 сараас 2017 оныг дуустал өндөр насны тэтгэвэр 16.404.500 төгрөг авсан гэдэгтэйгээ маргадаггүй.

Хариуцагч Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 09 сарын 30-ны өдрийн 675 дугаар шийдвэрийг үндэслэж тэтгэвэр тогтоолгоогүй,нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авсан үйлдлээ өөрийн буруугаас болоогүй гэдгээ нотлох баримтаар нотолж чадахгүй байна.  Мөн Ж.Д-ын хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийж өгсөн талаар тодорхойлсон Ч.Б-ын  тодорхойлолт нь хариуцагчийн хөдөлмөрийн дэвтрийг нийгмийн даатгалын байгууллагад өгснийг гэрчилсэн нотлох баримт биш, Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 04 сарын 29-ний өдрийн 66 тоот тогтоол нь Ж.Д-ын гэм буруугийн талаар дүгнэсэн шийдвэр биш юм. 

Хариуцагч Ж.Д нь ажилласан байдлаа тогтоолгосон хууль бус шүүхийн шийдвэрээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож 2011 оны 10 сараас 2017 оныг дуустал нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр аван нийгмийн даатгалын санд хохирол учруулсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу хариуцагч Ж.Д-с нийт 16.404.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон     

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Ж.Д-с 16.404.500 /арван зургаан сая дөрвөн зуун дөрвөн мянга таван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Ж.Д-с улсын тэмдэгтийн хураамж 239.973 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай. 

3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, прокурор шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.