Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/00112

 

 

С.Гомбоцэрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2019/02247 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 982 дугаар магадлалтай,

 

С.Гомбоцэрэнгийн нэхэмжлэлтэй,

Модерн тайга ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохиролд 14,386,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Түвшинбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч С.Гомбоцэрэнгээс Модерн тайга ХХК-д холбогдуулан Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ээс учирсан хохиролд 14,386,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч нь ...шинжээчийн дүгнэлтээр барилгыг барилгын зураг төсөлгүйгээр барьсан гэсэн дүгнэлт гарсан, ...Гэрээний 4 дүгээр зүйлд захиалагч нь тухайн барилгын зураг төслийг гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан, нэхэмжлэгч нь энэ үүргээ хэрэгжүүлээгүйгээс учирсан хохирлыг хариуцах үндэслэлгүй гэж маргажээ.

 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2019/02247 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг баримтлан хариуцагч Модерн тайга ХХК-аас 13,096,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Гомбоцэрэнд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,640,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 982 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2019/02247 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, давж заалдах шатны шүүх хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн гомдол гаргаж байна.

4.1. Зохигч нь 2014.07.02-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан болон уг гэрээний гүйцэтгэлийг хүлээж авсан ба гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй, талуудын хооронд Иргэний хууль тогтоомжид заасны дагуу 2014.07.02-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ээс татгалзсан болон цуцалсан үйл баримт байхгүй бөгөөд талууд энэ талаар маргаагүй, Мөн нэхэмжлэгч С.Гомбоцэрэн нь уг гэрээг байгуулсан талаар маргахгүй байгаа болно.

4.2. Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо цаашид зайлшгүй хийж гүйцэтгэх шаардлагатай засвар, үйлчилгээнд 8,897,500 төгрөг, мөн засвар үйлчилгээний төлбөр 5,489,000 төгрөг, нийт 14,386,500 төгрөгийг хариуцагч компаниас шаарддаг. Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч С.Гомбоцэрэнд 2014.07.02-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний улмаас бодитоор хохирол учирсан гэх үйл баримт тогтоогддоггүй. Учир нь хх-ийн 19-31 дэх талд авагдсан хохирлын гэх 3,214,600 төгрөгийн үнэ бүхий баримтууд нь нэхэмжлэгч С.Гомбоцэрэн худалдан авсан гэх зүйлгүй бөгөөд Оюунцэцэг гэх хүний гарын үсэгтэй байдаг. Мөн хх-ийн 7-р хуудсанд авагдсан 659,000 төгрөгийн үнэ бүхий баримтууд нь мөн адил нэхэмжлэгч С.Гомбоцэрэн худалдан авсан буюу түүнд бодитоор зардал гарсан гэж үзэх боломжгүй баримтууд байдаг. Учир нь дээрх баримтууд нь С.Гомбоцэрэнгийн гарын үсэггүй, хүлээн авсан гэх баримтгүй бичгийн баримтууд юм. Нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн дээрх зарлагын баримт нь нийт 3,873,600 төгрөг болох ба шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага буюу засвар үйлчилгээний төлбөр 5,489,000 төгрөгт хүрэхгүй бөгөөд зарлагын баримтууд дээр зурагдсан буюу бараа материал хүлээн авсан гарын үсэг нь С.Гомбоцэрэнгийн биш байгаа нь уг зардал нь бодитоор нэхэмжлэгчид учирсан гэж үзэх боломжгүй юм.

4.3. Шүүхэд нэхэмжлэлийг С.Гомбоцэрэн гаргаж байгаа ба С.Оюунцэцэг нь хуульд заасны дагуу итгэмжлэл авсан, нэхэмжлэгчийг төлөөлөн оролцогч юм. Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Оюунцэцэг нь дээрх зардлыг өөрөө гаргасан болохыг удаа дараа илэрхийлдэг.

Иймд С.Оюунцэцэг нь 2014.07.02-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний оролцогч биш бөгөөд мөн гэрээний үүргийг хариуцагч Модерн тайга ХХК-иас нэхэмжлэх эрх бүхий этгээд биш гэж үзнэ. Учир нь нэхэмжлэгчид учирсан хохирол гэх хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар нийт 3,873,600 төгрөгийн зардал гарсан байх ба уг зардал нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Оюунцэцэгээс гарсан нь түүний тайлбар болон хх-ийн 19-31 дэх тал, хх-ийн 7-р хуудас 659 000 төгрөгийн үнэ бүхий баримтууд дээрх гарын үсгээр тогтоогдоно.

4.4. ...Нэхэмжлэгч нь барилгын ажил гүйцэтгэх гэрээнд заасан баталгаат хугацааны дотор буюу 2015 оны 05 дугаар сард захиалагчид гомдол гаргаж Модерн тайга ХХК нь ус зайлуулагчийг хийж өгсөн талаар талууд маргаагүй болно гэж үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн атлаа хариуцагч компаниас 5,489,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь илт хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзнэ.

Учир нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-т захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, мөн хуулийн 355.2.2-т захиалагч нь доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй гэж зохицуулсан.

Анхан шатны шүүх барилгын ажил гүйцэтгэх гэрээний талууд нь ажил гүйцэтгэгч нь гэрээгээр тохирсон ажлыг зохих төвшинд гүйцэтгэж ажлын үр дүнг захиалагч хүлээн авсан гэдгийг, мөн захиалагчийн хүсэлтийн дагуу ажил гүйцэтгэгч нь тогтоосон хугацааны дотор доголдлыг арилгасан буюу ус зайлуулагчийг хийж гүйцэтгэсэн ба энэ талаар талууд маргаагүй.

Хариуцагч Модерн тайга ХХК-ийн зүгээс гэрээ болон хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлж, захиалагчийн хүсэлтийн дагуу ажил үүргээ хүлээлгэж өгснөөс хойш бий болсон доголдлыг удаа дараа буюу хоёр удаа арилгаж, засвар үйлчилгээ хийсэн нь зохигчийн тайлбараар тогтоогдоно. Хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 352 дугаар зүйлд заасан үүргээ бодитоор биелүүлсэн байх тул 5,489,000 төгрөгийг дахин хариуцан төлөх үндэслэлгүй юм.

4.5. Анхан шатны шүүх ...талуудын тайлбараар барилгыг 2014 ондоо ашиглалтад хүлээлгэн өгсөн байх ба нэхэмжлэгч тал 2015 оны хавар 4 дүгээр сард гүйцэтгэгч компанид гомдол гаргаснаар, барилгыг үзэж, барилгад чийг өгсөн байсны улмаас гүйцэтгэгч компани 1 м өргөн, 70 см гүн хэмжээтэй ус зайлуулагч хийж өгсөн, дахин гомдол гаргасны дагуу хариуцагч тал 2015 оны 05дугаар сард үзээд, нэхэмжлэгч талыг өөрсдөө засвараа хийчих, материалынх нь мөнгийг өгнө гэж хэлснээр нэхэмжлэгч тал засвар хийсэн ч хэвийн болохгүй байснаас 2016.11.09-ний өдөр шүүхэд гэрээнээс учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ гэж дүгнэсэн.

Талуудын хооронд байгуулсан 2014.07.02-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.6-д Гүйцэтгэсэн барилгын ажилд гэмтэл, доголдол илэрвэл ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй байхаар харилцан тохиролцсон ба уг гэрээ хүчин төгөлдөр юм.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж заасан ба хуульд Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол... гэж нарийвчлан зохицуулж өгсөн бөгөөд дээрх маргаан бүхий тохиолдолд талууд гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг гэрээгээр нарийвчлан тохиролцож, хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. Мөн гэрээгээр тохиролцсон гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь Монгол улсын Иргэний хууль болон бусад хууль тогтоомжид харшлаагүй болно.

Дээр дурдсны дагуу нэхэмжлэгч нь барилгыг 2014 онд хүлээн авсан, мөн барилгын доголдолтой холбоотойгоор 2015 оны 04 болон 05 дугаар сард хариуцагчид гомдол гарган, засвар үйлчилгээг авсан байх ба мөн цаг хугацаанаас хойш гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь (талууд тохиролцсоноор нэг жил) зүйтэй юм. 2015 оны 06 дугаар сараас гомдлын шаардлага гаргах нэг жилийн хугацааг тоолох тохиолдолд 2016 оны 06 дугаар сард багтаан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан болох нь тогтоогдох ба нэхэмжлэгч нь 2016.11.09-ны өдөр шүүхэд гэрээнээс учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болно.

4.6. Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ зөрчсөний улмаас хохирол учрах шалтгаан нөхцөл болсон. 2014.07.02-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.2-т гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх, батлагдсан барилгын зураг төслийг иж бүрэн хүлээлгэн өгнө гэж талууд тохиролцсон ба нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий барилгын зураг төслийг хариуцагчид гаргаж өгөөгүй, зураг төсөлгүйгээр барилгыг бариулсан нь хариуцагчийг буруутгах үндэслэл биш юм. Маргаж буй барилгад гарсан дутагдлыг тусгай мэдлэг, эрх бүхий шинжээч нарын дүгнэлтээр барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн, үндсэн хийц суурь, хана, дээвэр, дам нуруунд орсон бетон зуурмаг болон материал нь баталгаажуулсан гарал үүслийн гэрчилгээгүй, лабораторийн батламжтай байх, барилгын норм нормативын шаардлага хангасан байх хуулийн заалтууд зөрчигдсөн гэж дүгнэсэн ба дээрх дүгнэлтэд дурдагдаж буй барилгын материалыг нэхэмжлэгч нь нийлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

4.7. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу нийт ажлын хөлс нь 23,000,000 төгрөг ба дээрх дүнд барилгын материал, ажиллах хүчний ажлын хөлс, хоол хүнс гэх мэт бүхий л зардал багтсан бөгөөд нэхэмжлэгчийн шаардаж буй 14,386,500 төгрөг нь илт үндэслэлгүй юм.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

6. Нэхэмжлэгч С.Гомбоцэрэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Модерн тайга ХХК-тай 2014.07.02-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 23,000,000 төгрөгөөр зуслангийн байшин бариулахаар тохиролцсон. Гэрээнд заасны дагуу байшингийн түлхүүрээ авч, үлдэгдэл төлбөрөө өгснөөр тооцоо дууссан боловч нэг жил бололгүй байшин мөөгөнцөрдөж, амьдрах аргагүй үнэр гарч, ...доголдолтой болох нь тогтоогдож, ...нийт 14,386,500 төгрөгийн хохирол учирсан... гэж тайлбарласан,

 

хариуцагч ...ажлыг зохих түвшинд гүйцэтгэж хүлээлгэж өгсөн, ...тухайн газар чийг ихтэй нь хүний хүчин зүйлээс үл хамааран барилгад чийг өгөн, суулт үүссэн, доголдолтой холбоотой гомдол гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн, хохирлыг баримтаар нотлоогүй тул зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

7. Зохигчийн хооронд 2014.07.02-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, тус гэрээгээр гүйцэтгэгч 1 давхар бүхий 40 м.кв талбайтай, амины орон сууцыг орчин үеийн загвар шийдлээр /SIP технологи гэх/ чанар, стандартад нийцүүлэн, нэг сарын хугацаанд барих, захиалагч ажлын төлбөрт 23,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон.

 

Гүйцэтгэгч ажлыг дуусгавар болгосон үндэслэлээр төлбөрийг бүрэн төлж, захиалагч барилгыг хүлээн авсан боловч нэг жил болоогүй байхад барилгын сууринд цууралт өгч, суурь доош сууж, хазайлт өгсөн, усны хаялагагүйгээс байшинд ус орж, ялзрал, өмхийрөл, мөөгөнцөр бий болж, гадна засал хууран унаж, өнгө үзэмжгүй болсон зэрэг гүйцэтгэсэн ажил доголдолтой болох нь илэрч, удаа дараа засвар үйлчилгээ хийсэн боловч доголдол бүрэн арилаагүй бөгөөд шүүхээс томилогдсон Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн улсын ахлах байцаагчийн ...фото зураг болон обьектод хийсэн шалгалтаас үзэхэд, сууцны урд талын хананд хөгц, мөөгөнцөр үүссэн, чийгний үнэр ихтэй байгаа нь Эрүүл ахуйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д заасан барилга байгууламж нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн байх эрүүл ахуйн нөхцөл, барилгын норм, нормативын шаардлага хангасан байх хуулийн заалт зөрчигдөж байна... гэх дүгнэлт, тус барилгын ажлыг чанаргүй хийсэнтэй холбогдох ажлын хохирлын үнэлгээг 8,897,500 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээ, ...гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт цугларсан бусад баримтаар нотлогдсон, мөн нэхэмжлэгч нь шинжээчийн дүгнэлт гарахаас өмнө доголдлыг арилгахаар 5,498,000 төгрөгийн засвар хийсэн, шинжээчийн зардалд 350,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогджээ.

 

8. Зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д нийцсэн байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ, ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй.

 

Харин гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинэчлэн гүйцэтгүүлэх, доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх шаардлага гаргах эрхтэй талаар Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.-т зохицуулжээ.

 

9. Нэхэмжлэгч буюу захиалагч ажлын доголдолтой холбогдуулан өөрт учирсан хохирлыг гаргуулахаар хариуцагч буюу гүйцэтгэгчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх үйл баримтыг үндэслэл бүхий тогтоосны үндсэн дээр хариуцагч нь гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотой зардлыг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж дүгнэн, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, хариуцагчаас 13,096,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 352 дугаар зүйлийн 352.2.2. дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, хэрэгт цугларсан баримтад тулгуурлан өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

 

10. Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүх нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн, ажил гүйцэтгэх гэрээг С.Оюунцэцэг гэх хүнтэй байгуулаагүй байхад түүний гарын үсэг бүхий баримтыг нотлох баримтаар үнэлж хохирлыг тооцсон, ...нэхэмжлэгч нь гэрээнд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байхад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө .. гэжээ.

 

10.1. Барилгын ажил гүйцэтгэх гэрээг захиалагч С.Гомбоцэрэн байгуулсан боловч барилгын доголдолтой холбоотой засварын ажлыг гүйцэтгэхээр түүнтэй ашиг сонирхол нэг С.Гомбоцэрэнгийн эх С.Оюунцэцэг барилгын материалыг худалдан авч, тухайн үйл баримтыг нотолсон падаанд гарын үсэг зурсан талаар нэхэмжлэгч маргаагүй, С.Оюунцэцэг нь тус барилгыг барих үйл ажиллагаанаас эхлээд хамт байлцаж, доголдолтой холбоотой гомдол гаргаж, засвар хийхэд нь хамт оролцсон нөхцөл, бусад байдлыг үндэслэн түүний гарын үсэг бүхий баримтыг нотлох баримтаар үнэлсэн нь хууль зөрчөөгүй тул ...гэрээний оролцогч биш С. Оюунцэцэг гэх хүний гарын үсэгтэй баримтыг нотлох баримтаар үнэлсэн... гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

10.2. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1.-д зааснаар ...хэвийн байдлаар хүлээж авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана, барилга байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргана.

 

Нэхэмжлэгч нь барилгыг 2014 оны 09 сард хүлээн авсан, 2015 оны хавраас доголдол илэрч, чийгтэж, үнэр гарч, мөөгөнцөрдөж эхэлсэн, энэ үеэс хариуцагчид доголдлын талаар хэлж, мэдэгдэж, тодорхой хэмжээгээр засвар үйлчилгээ хийсэн боловч үр дүн гараагүй, 2016 оны 05 дугаар сард хариуцагчийн төлөөлөгч Э.Энхчимэг өөрийн биеэр ирж үзээд засч янзлахад материалын мөнгийг өгнө гэж хэлсэн боловч дахин ирж уулзаагүй үндэслэлээр 2016 оны 11 сард шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Иймд нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага гаргасан гэж үзнэ.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2.-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2014 оны гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийг 2016 онд шүүхэд гаргасан байх тул ажлын доголдлын талаар гомдлын шаардлага гаргах хугацаа, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

11. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргааны үйл баримтад холбогдох хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2019/02247 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 982 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Э.Түвшинбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяраас 2020.05.28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223,435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

Х.ЭРДЭНЭСУВД