Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 00002

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

2020        01             23                                            2019/ДШМ/02

 

О.Хт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Ё.Бямбацэрэн, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Ч.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Б

Хохирогч: Ц.О,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Ц,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: О.О,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Э.,

Нарийн бичгийн дарга: Х.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 359 дүгээр шийтгэх тогтоолтой О.Хт холбогдох 1938004760408 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Батбаяр, Б.Цолмон-Эрдэнэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Оюунчимэг нарын  давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Хачгин овогт О.Х, 1990 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, урьд 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан /регистрийн дугаар ............................../.

Шүүгдэгч О.Х нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 00-25 улсын дугаартай Хондо Кроссроад загварын тээврийн хэрэгслийг жолоодон яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Ц.Отгонбаатарын жолоодож явсан 21-17 УБТ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Ц.Отгонбаатар, О.Мөнхтүвшин, А.Анар нарын эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч А.Доржийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, Б.Хулангийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 359 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Хачгин овогт О.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироосон, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хт оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.Хаас 16,011,170 /арван зургаан сая арван нэгэн мянга нэг зуун дал/ төгрөгийг гаргуулж хохирогч Ловон овогт Цэнджавын Отгонбаатар /УМ90071713/-т, 558,087 /таван зуун тавин найман мянга наян долоо/ төгрөгийг гаргуулж амь хохирогч Б.Хулан, арван найман насанд хүрээгүй хохирогч О.Мөнхтүвшин нарын хууль ёсны төлөөлөгч Боржигон овогт Оргодолын Оюунчимэг /НХ64090405/-т тус тус олгож, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын бусад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч О.Хын 1185137дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах С.Дэмбэрэлсамбууд даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Х нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Батбаяр давж заалдах гомдолдоо: ... Тус шүүх О.Хт ял оногдуулахдаа “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг, мөн шүүгдэгчийн эрүүл мэнд, нас, хувийн байдлыг тус тус харгалзан үзлээ.” гэж шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгтээ дурьджээ. Шүүхийн дээрхи дүгнэлт нь ЭХЕА-ийн 5.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилгод нийцээгүй байх төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-т заасан  хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилтод мөн адил нийцээгүй, шүүгдэгчид оногдуулсан ял, хариуцлага хэргийн бодит байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүй, улсын яллагч, хохирогч нарын ял оногдуулахад харгалзан үзнэ үү гэсэн саналыг харгалзан үзэлгүй хэт нэг талыг барьсан шийтгэх тогтоолыг тус шүүхээс гаргасан байна.

Тодруулбал:

1.Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг, байр суурь нь түүний гаргаж байгаа ухамсарт үйлдлээр илрээгүй, хохирогч Ц.Отгонбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт хандаж буй хандлага нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа шинжийг агуулаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан  хохирол зардлыг шүүх хянан хэлэлцэх хүртэл бүрэн барагдуулаагүй, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна гэх боловч түүнийгээ хэрэгжих боломжтой эсэхийг баримтаар нотлоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-р зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг ял оногдуулахдаа хөнгөрүүлэн харгалзсан нь үндэслэлгүй юм.

2.Учирсан хохирол, хор уршгийн шинж чанарын хувьд: Тухайн гэмт хэргийн улмаас шүүгдэгч О.Х нь 1 хүний амь хохироосон, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх бөгөөд хүний амь нас хохирсон хор уршиг хэзээ ч арилах боломжгүй юм. Түүнээс гадна О.Х нь амь хохирогчийн буяны ажилд гарсан зардал, хохирогч Ц.Отгонбаатар нарын эмчилгээний зардал буюу тэдгээрт учирсан хохирлыг бүрэн гүйцэт нөхөн төлөөгүй байхад шүүх ял оногдуулахдаа учруулсан хохирлоо нөхөн төлсөн хүнд оногдуулах хэмжээний ялыг О.Хт үндэслэлгүйгээр оногдуулсан. Түүнчлэн тухайн хэргийн мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх үедээ, прокурор мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих явцдаа, шүүх хэргийг хянан хэлэлцэх үедээ шүүгдэгч О.Хын гэмт хэрэг үйлдэх үедээ жолоодож явсан 00-25 УНЭ улсын дугаартай Хонда кроссроад автомашины өмчлөгч Хосбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6-р зүйлд заасны дагуу иргэний хариуцагчаар оролцуулж шийдвэрлээгүйн улмаас хохирогч Ц.Отгонбаатар, О.Оюунчимэг нарын учирсан хохирлоо гэм буруутай этгээд болон хуульд зааснаар хариуцах этгээдээс нэхэмжлэх эрхийг ноцтойгоор хохироож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийг бий болгожээ. Дээрхи үндэслэл шалтгаануудын улмаас Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/359 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага, Эрүүгийн хариуцлагын зорилго, "хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилт, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд тус тус нийцээгүй байх тул 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/359 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Хохирогч Ц.Отгонбаатарын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа О.Хт 1/нэг/ жил 8 /найм/ сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхээр оногдуулж байгаа нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлтийг хийлгүйгээр хэт хөнгөн ял оногдуулж, ял завших боломжийг олгосон байна.

Учир нь О.Х гэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчилсан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих’’ гэмт хэргийн хэд хэдэн шинжийг агуулсан болох нь нотлогдож гэм буруутайд тооцсон, мөн хууль зүйн ойлголтоор бол гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдөөгүй, хохирогч нарт учирсан хор уршиг огт арилаагүй болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдсоор байхад энэхүү байдлуудад шүүх эрх зүйн бодит дүгнэлтийг хийлгүйгээр 1 \нэг\ жил 8 \найм\ сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхээр хэт хөнгөн ял оногдуулж буй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд “Эрүүгийи хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилсныг ноцтой зөрчсөн байна.

Тус шийтгэх тогтоолын “ТОГТООХ нь” хэсгийн 5-д “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.Хаас 16.011.170 /арван зургаан сая арван нэгэн мянга нэг зуун дал/ төгрөгийг гаргуулж хохирогч Ловон овогт Цэнджавын Отгонбаатар /УМ90071713/-т, 558.087 /таван зуун тавин найман мянга наян долоо/ төгрөгийг гаргуулж амь хохирогч Б.Хулан, арван найман насанд хүрээгүй хохирогч О.Мөнхтүвшин нарын хууль ёсны төлөөлөгч Боржигон овогт Оргодолын Оюунчимэг /НХ64090405/-т тус тус олгож, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын бусад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай” гэж  заасан байгаа нь  ойлгомжгүй бөгөөд мөн бодит байдлыг орхигдуулсан байна. Тухайлбал хохирогч нь цаашид гарах зардлыг бус харин шүүхээс хохиролд тооцон О.Хаас гаргуулахаар шийдвэрлэсэн 16.011.170 /арван зургаан сая арван нэгэн мянга нэг зуун дал/ төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй мэтээр дурьдсан байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд ЭХХШтухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт: “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасныг ноцтой зөрчөөд байна.

 Мөн ингэж шийдвэрлэхдээ анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан ач холбогдол бүхий нотлох баримтуудад бодит дүгнэлтийг хийгээгүй байна. Учир нь шүүгдэгч О.Хын жолоодон явсан 0025УНЭ улсын дугаартай Хонда Кроссроад маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь шүүгдэгч этгээд биш бөгөөд Х.Хосбаяр гэх хүний эзэмшлийнх байдаг. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт Х.Хосбаяр нь гэрчээр мэдүүлэхдээ “тухайн тээврийн хэрэгслийг О.Хт худалдах худалдан авах гэрээ хийж худалдсан, уг тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх биш” гэж мэдүүлсэн байдаг боловч түүний энэхүү мэдүүлэгт дурьдагдаад буй худалдах худалдан авах гэрээ хэрэгт нотлох баримтаар огт авагдаагүй байна. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн 0025УНЭ улсын дугаартай Хонда Кроссроад маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл хохирлын үнэлгээг гаргасан дүгнэлтэд эзэмшигч нь Х.Хосбаяр гэх хүний нэр дээр бичигдсэн байдаг бөгөөд үүгээр шүүгдэгч О.Хын эзэмшлийнх биш болох нь нотлогдож байна. Нөгөө талаас харахад Улаанбаатар хотод оршин суудаг О.Х нь Хөвсгөл аймагт аялж явж байсан ба Х.Хосбаярын зөвшөөрлийн үндсэн дээр түүний эзэмшлийн Х0025УНЭ улсын дугаартай Хонда Кроссроад маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явж байсан нь хэрэгт авагдсан мэдүүлгүүдээр нотлогдож байна. Гэтэл шүүх энэхүү байдалд хэрэгт авагдсан баримтад тулгуурлан бодит дүгнэлт хийгээгүйн улмаас Монгол улсын Иргэний гухай хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4-д заасны дагуу миний үйлчлүүлэгчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг буюу гэм хорыг хариуцах үүргээс тээврийн хэрэгслийн эзэмшигч Х.Хосбаярыг хууль бусаар чөлөөлж шийдвэрлэсэн нь миний үйлчлүүлэгчийн эрхэнд ноцтой халдсан байх ба ЭХХШтухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэж заавал тогтоох шинж бүхий хуульчлагдсан заалтын биелэлтийг огт хангаагүй байна.

... Иймд дээр дурьдсан нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь судлан үзэж анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/359 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Оюунчимэг давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх охины минь амь насыг 3,000,000 төгрөгөөр үнэлж, бүтэн байсан амьдралыг нь үнэ цэнэгүй мэт үнэлж, өнчирч үлдсэн хоёр хүүг нь болон хань, ээж, аавыг нь насаараа гомдол тээж амьдрах нөхцлийг бүрдүүлчихлээ. Ямар ч тохиолдолд талийгаачийн буяны ажлыг 3,000,000 төгрөгөөр хийхгүй нь тодорхой. Тэр тусмаа Улаанбаатар хотоос олон хүн 700 км замыг туулж, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд буяны ажил хийсэн байхад ямар хэмжээний зардал гарах нь тодорхой.

... Иймд бидний гомдлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Хыг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Хоохны таг гэх газарт 2019 оны 07 дугаар сарын 14-ний 00-25 УНЭ улсын дугаартай “Хондо Кросс Роад” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Ц.Отгонбаатарын жолоодож явсан 21-17 УБТ улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Ц.Отгонбаатар, О.Мөнхтүвшин, А.Анар нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, А.Доржийн эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Хулангийн амь насыг хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2.3, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт шүүгдэгч О.Хыг согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэжээ. Гэтэл О.Хыг согтуугаар гэмт хэрэг үйлдсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй гэх үндэслэлд хамаарах бөгөөд шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болно.

Мөн О.Хт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй, шүүх хуралдааны явцад хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотлоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр аймгийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь хэрэгт авагдсан материалуудыг үндэслэн хэргийг хянахад шүүгдэгч О.Хын жолоодож явсан 00-25 УНЭ улсын дугаартай “Хондо Кросс Роад” маркийн тээврийн хэрэгсэл нь хэний өмчлөл, эзэмшлийнх болох нь тодорхойгүй, уг тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийг иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй байна.

Өөрөөр хэлбэл 00-25 УНЭ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 198 тал/-т өмчлөгч нь Халтарын Хосбаяр байх ба өөрчлөгдсөн тэмдэглэгээ хийгдээгүй. Х.Хосбаяр нь 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ “...00-25 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг бөгөөд би 2018 оны 8 дугаар сард манай ажилчин О.Хт машинаа худалдсан ба нэр шилжүүлж амжаагүй байсан” гэжээ. Гэтэл худалдах худалдан авах гэрээ хэрэгт авагдаагүй байна. Иймд хэрэг үйлдэхэд хэрэглэсэн автомашин нь хэний өмчлөлд байгааг тогтоосны дараа хэргийг шийдвэрлэх нь хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйл, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6-д заасантай нийцэх юм.

Тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч гэм хорыг арилгах үүрэгтэй тул 00-25 УНЭ улсын дугаартай “Хондо Кросс Роад” маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийг иргэний хариуцагчаар татах нь зүйтэй.

Хэрэгт ач холбогдол бүхий иргэний хариуцагчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.СОСОРБАРАМ

           ШҮҮГЧИД                                                       Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                                   Н.БАЯРХҮҮ