Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 613

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч, О.Одончимэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Ч.Г ийн төлөөлөн нэхэмжлэгч: Булган аймаг ... оршин суух, Д овогт Э.А

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг ... оршин суух, Б овогт Ц.Н нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Рашаант сум, 2 дугаар багт оршин суух, Б овогт О. Э  

Хариуцагч: Төв аймаг, Өндөрширээт сум ... оршин суух, Б овогт Ш.Б нарт холбогдох,

Гэм хорын хохирол 8 229 720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2019/00103/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,

Хариуцагч Ш.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг ... оршин суух, Б овогт Ю.С, хариуцагч О.Э , иргэдийн төлөөлөгч П.О , нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Төлөөлөн нэхэмжлэгч Э.А  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Г  нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Land cruiser 120 prado” маркийн **-** УНК улсын дугаартай авто машинаар Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот орохоор орой 1900 цагийн орчим Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт явж байхад О.Э  “МТЗ-50” маркийн авто машинд өвс хаддаг тармуур зүүж замын хөдөлгөөнд оролцож замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан юм. О.Э  нь 5 метр, 75 см-ийн урттай өвс хаддаг тармуур чирж явсан бөгөөд уг тармуур нь эсрэг урсгал руу орсон байсан боловч түүнд гэрэл, таних тэмдэг зүүгээгүй, мөн ослын зогсолтын тэмдэг тавиагүй байснаас болж тармуур дээгүүр гарч жолоодож явсан авто машинд нь маш их эвдрэл, гэмтэл учирсан. Энэ байдал нь осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хялбаршуулсан журмаар шийтгэл ногдуулсан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шийтгэлийн хуудас зэргээр нотлогддог. Энэ байдлаас болж “Land cruiser 120 prado” маркийн **-** УНК улсын дугаартай авто машинд дараах хохирлууд учирсан. Авто машинд учирсан бодит хохирол нь “Вендо” ХХК-ийн үнэлснээр 4108200 төгрөг, үнэлгээ хийхэд гарсан зардал 118000 төгрөг, авто машинд оношлогоо хийлгэхэд 35000 төгрөг, хэрэг шийдвэрлэхэд ирсэн, явсан замын зардал 300020 төгрөг, нотариатын зардал 18500 төгрөг, нийт 4579720 төгрөгийн хохирол одоогоор учирсан байна. Иймд О.Э , Ш.Б  нараас гэм хорын хохирол 4579720 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Н  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос Төв аймаг руу “Prius 11 ” маркийн **-** УНЭ улсын дугаартай авто машинаар явж байхад О.Э  нь “МТЗ-50” маркийн тракторт өвс хаддаг тармуур зүүж замын хөдөлгөөнд оролцож замын хөдөлгөөний дүрэм зөрчиж ямар ч гэрэлгүй харанхуйд явж байснаас үзэгдэх орчин хязгаарлагдмал байсны улмаас зам тээврийн осол гаргасан юм. Урдаас ирж явсан жипний гэрэл цохиод юу ч харагдахгүй болсон учраас би замын хажууд гарч зогссон. Гэтэл “МТЗ-50” маркийн трактор ардаа чирч явсан хадуураараа миний машиныг мөргөж эвдсэн. Ш.Б ын эхнэр нь хохиролд 1000000 төгрөг өгөөд өөр мөнгө өгөөгүй. Миний амьдралыг залгуулдаг машиныг эвдчихээд одоог хүртэл төлөхгүй гээд байгаа нь үндэслэлгүй. Бид нар хот ороод машиныг чинь засаад өгнө гэж худлаа яриад өдийг хүргэсэн. Би эмнэлгийн хяналтад байдаг. Нийт нэхэмжлэлийн шаардлагаас 1000000 төгрөг авсан учраас энэ мөнгийг хасаад 3650000 төгрөг нэхэмжилж байна. Үүнийг задалбал авто машинд хийгдэх засварт 2157500 төгрөг, баримт бүрдүүлэхэд гарсан зардал 33000 төгрөг, баримтуудыг нотариатаар батлуулсан зардал 16000 төгрөг, Булган аймагт ирсэн замын зардал 50000 төгрөг, олох байсан орлого 1800000 төгрөг, нийт 3650000 төгрөгийг хариуцагч О.Э , Ш.Б  нараар  гаргуулна гэжээ.

Хариуцагч О.Э  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1800 цагийн орчим Төв аймгийн Эрдэнэсант сумын орчим замаар хөндлөн гараад явж байтал “Prius 11” маркийн **-** УНЭ улсын дугаартай авто машин хурдтай ирэхээр нь би зогсож өгсөн боловч чирч явсан тармуурын дугуйг мөргөсөн. Тэгэхээр нь шууд хөдлөөд зам чөлөөлж зогсоод авто машин дээр очоод эргээд явах хооронд эсрэг урсгалаар орж ирсэн “Land cruiser 120 prado” маркийн **-** УНК улсын дугаартай авто машин тармуур дээр мордоод зогссон. Замын хөдөлгөөний дүрмийн 2.3А-д зааснаар намайг буруутгасан. Ослын дүгнэлт гаргахад намайг оролцуулаагүй. Захиргааны хариуцлага ноогдуулж 100 000 төгрөгөөр торгосон. Ямар хууль дүрэм журам зөрчиж арга хамжээ авч байгааг надад танилцуулаагүй. Шинжээчийн дүгнэлт дахин гаргаж өгөөч гэсэн хүсэлт гаргасан боловч дахин дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариу ирсэн. **-** ӨВ улсын дугаартай “МТЗ-50” маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл биш, Ш.Б аас аваагүй байсан ажлын хөлс 1 000 000 төгрөгийг осол гарсны дараа Ц.Н т өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Ш.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт: Гэм хор яаж учирсан бэ гэхээр үнэлгээний байгууллагын гаргасан дүгнэлтэнд үндэслэж нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ гаргасан. Гэтэл гэм хор нь тухайн машиныг засаж сэлбэхэд гарсан зардлаар илэрнэ. Гэм хорын хохирлоо зөв тодорхойлоогүй, үүнийгээ нотлоогүй байна. Хоёрдугаарт: Ш.Б ыг хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “МТЗ-50” маркийн тракторын эзэмшигчээр “Х” нэгдэлд бүртгэлтэй ба хариуцагч жолооч нь Ц  гаас Д.А д 1980 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээлгэж өгсөн байдаг. Ш.Б ын эзэмшилд тркатор байдаг гэсэн нотлох баримт хэрэгт байхгүй. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан. Ийм учраас Ш.Б  хариуцагч биш юм. Гуравдугаарт: Уг үйл явдлыг зөрчилийн хэргээр шалгаж, Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а, 2.3 а-д заасныг зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухай хуулиар 100 000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан. Хохирол учруулсан талаар зөрчлийн материалд авагдаагүй. Хэргийн газарт дахин үзлэг хийж эсрэг урсгалд тармуур орсноор замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна гэж үзсэн. Зөрчлийн хуулиар шийдсэн маргаанд нэхэмжлэгч гэж өөрсдийгөө үзээд байгаа нь үндэслэлгүй юм. Дөрөвдүгээрт: Н ын машин ХААН банкны машин байсан ба машинаа зарсан гэдэг. Машинаа зарсан бол гэм хорын хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Г , нэхэмжлэгч Ц.Н  нар нь О.Э , Ш.Б  нараас гэм хорын хохирол 8 229 720 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эс зөвшөөрч хариуцагч О.Э  нь **-** ӨВ улсын дугаартай “МТЗ-50” маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл биш, би гаргасан зам тээврийн зөрчилдөө тохирох хариуцлагыг хүлээсэн тул хохирлыг хариуцан төлөхгүй гэж, хариуцагч Ш.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С  нь машинд үнэлгээ хийсэн дүгнэлтээр гэм хорын хохирол учирсан гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, **-** ӨВ улсын дугаартай “МТЗ-50” маркийн тракторын эзэмшигч нь “Х” нэгдэл бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нь Ш.Б  биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргажээ.

Хариуцагч О.Э  нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсант сумын 198 тоот км-ийн шонгийн хажуугийн замд **-** ӨВ улсын дугаартай “МТЗ-50” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1А, 2.3А дахь заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогджээ.

Үүнтэй холбоотойгоор зөрчил гаргагч О.Э д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар 100 /зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. /хх-ийн 113/

Уг ослын улмаас **-** УНК улсын дугаартай, “Land cruiser 120 prado” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Ч.Г т тухайн  тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийн үнэлгээ 4108200 төгрөг, үнэлгээний зардал 118000 төгрөг, хэрэг шийдвэрлэхэд ирсэн, явсан замын зардал 135000 /бензиний зардал/ төгрөг, нотариатын зардал 18500 төгрөг, нийт 4379700 төгрөгийн хохирол бий болсон болох нь хэрэгт авагдсан бензиний баримт, нотариатын хөлсний баримтын хуулбар, бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар, “BENDO” хөрөнгө үнэлгээний компаний үнэлгээний хуулбар, бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 103-104,108-109/

Автомашины оношлогооны зардал 35000 төгрөг, хэрэг шийдвэрлэхэд ирсэн, явсан замын зардал 300020 төгрөгөөс 165020 төгрөгийн замын зардал тус тус бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

Мөн **-** УНЭ улсын дугаартай, “Рrius 11” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Ц.Н т тухайн тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийн үнэлгээ 2157500 төгрөг, нотариатын зардал 16000 /хэргийн 129-р хуудас/ төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн УБ-БУ явсан замын зардал 21000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ЭТ-БУ явсан замын зардал 19000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр УБ-ЭТ явсан замын зардал 19000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ЭТ-УБ явсан замын зардал 19000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр УБ-БУ явсан замын зардал 21000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ЭТ-УБ явсан замын зардал 19000 төгрөг бүгд 118000 төгрөгийн хохирол учирсан нь “Хөрөнгө-Эстимэйт” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн үнэлгээний тайлан, хот хоорондын зорчих эрхийн тасалбар, нотариатаар үйлчлүүлсний хөлс төлсөн тухай баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 12-15, 200/

Харин нэхэмжлэгч Ц.Н  нь дээрх хохирол дээр олох байсан орлого 1800000 төгрөг, нотлох баримтгүй зардал 532000 төгрөг, нотлох баримт бүрдүүлэхэд гарсан зардал 33000 төгрөгийг нэмж нэхэмжилснээс хариуцагч Ш.Б ын өгсөн 1000000 төгрөгийг хасч 3656000 төгрөгийн хохирол гаргуулахаар нэхэмжилсэн боловч тэрээр олох байсан орлого 1800000 төгрөг, нотлох баримт бүрдүүлэхэд гарсан зардал 33000 төгрөг,  нотлох баримтгүй зардал 484000 төгрөгийн хохирол учирсан болохоо баримтаар нотлоогүй, 48000 төгрөгийн замын зардлын баримтыг шүүхэд ирүүлсэн боловч хэрэгт хамааралгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар “...тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нарын эд зүйлийн үнэлгээ болон учирсан хохиролд хариуцагч нар маргаж мэтгэлцээний байр суурь илэрхийлээгүй болно.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хорыг учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.

  Хариуцагч тээврийн хэрэгслийг өмнө байсан байдалд нь сэргээж өгөөгүй тул нэхэмжлэгч нар учирсан хохирлоо мөнгөөр нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

**-** ӨВ улсын дугаартай, “МТЗ-50” маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь “Х” нэгдэл болох нь тээврийн хэрэгслийн хувийн хэргээр тогтоогдож байгаа хэдий ч уг тээврийн хэрэгслийг хариуцагч Ш.Б ын эцэг  н.Ш худалдан авсан, тухайн тээврийн хэрэгсэл хариуцагч Ш.Б ын эзэмшилд байдаг болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д “Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно” гэж заасан тул хариуцагч Ш.Б ыг тухайн эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч гэж үзнэ.

Мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна” гэж заажээ.

Шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагч О.Э гийн...Ш.Б ын ногоон тэжээл хадах ажилд тусалж түүний эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан” гэх тайлбар, хэрэгт нотлох баримтаар судалсан зөрчлийн материалд Ш.Б ын өгсөн “...О.Э  нь САА-д трактор барьдаг байсан болохоор нь трактор барих уу гэж асуугаад сүүлийн 3 жил манайд ажиллаж байгаа. Манайх хувь малдаа өвс хаддаг. Энэ жилийн хувьд О.Э  нь Эрдэнэсант сумын 4 дүгээр бригадад ногоон тэжээл хадсан” гэх тайлбараас үзвэл тэрээр Ш.Б аас олгосон эрхийн дагуу түүний эрх ашиг сонирхлын үүднээс **-** ӨВ улсын дугаартай “МТЗ-50” маркийн тээврийн хэрэгслийг өөрийн мэдэлд байлгаж жолоодож явсан нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Ч.Г т учирсан хохирол 4.379.700 /дөрвөн сая гурван зуун далан есөн мянга долоон зуу/ төгрөг,  нэхэмжлэгч Ц.Н т учирсан хохирол 2 291.500 /нэг сая хоёр зуун ерэн нэг мянга/ төгрөгөөс хариуцагч Ш.Б ын төлсөн гэх 1000 000 төгрөгийг хасч үлдэх 1291500, нийт 5671200 /таван сая зургаан зуун далан нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийг хариуцагч Ш.Б аас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Н ын нэхэмжлэлээс олох байсан орлого 1800000 төгрөг, нотлох баримт бүрдүүлсэн зардал 33000 төгрөг, нотлох баримтгүй зардал 532000 төгрөг,  нийт 2365000 төгрөг, нэхэмжлэгч Ч.Г ийн нэхэмжлэлээс автомашины оношлогооны зардал 35000 төгрөг, хэрэг шийдвэрлэхэд ирсэн, явсан замын зардал 165020 төгрөг нийт 200020 төгрөг, хариуцагч О.Э д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц.Н  нэхэмжлэлийн шаардлага 3.656.000 төгрөг нэхэмжлэхдээ улсын тэмдэгтийн хураамж 4900 төгрөгийг дутуу төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Ц.Н аас улсын тэмдэгтийн хураамж 4900 төгрөгийг нөхөн гаргуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ш.Б аас нийт 5670700 /таван сая зургаан зуун далан мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Г т 4.379.700 /дөрвөн сая гурван зуун далан есөн мянга долоон зуу/   төгрөгийг, нэхэмжлэгч Ц.Н т 1291.500 /нэг сая хоёр зуун ерэн нэг мянга таван зуу/ төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэгч Ц.Н ын нэхэмжлэлийн шаардлагаас 2365000 /хоёр сая гурван зуун жаран таван мянга/ төгрөг, Ч.Г ийн нэхэмжлэлийн шаардлагаас 200020 /хоёр зуун мянга хорь/ төгрөг гаргуулах, хариуцагч О.Э д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Г ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88300 /наян найман мянга гурван зуу/ төгрөг, нэхэмжлэгч Ц.Н ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68450 /жаран найман мянга дөрвөн тавь/ төгрөгийг Төрийн санд тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Н аас 4900 /дөрвөн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж Төрийн санд,  хариуцагч Ш.Б аас 120571 /нэг зуун хорин мянга таван зуун далан нэг/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Г т 85025 /наян таван мянга хорин тав/ төгрөгийг, нэхэмжлэгч Ц.Н т 35546 /гучин таван мянга таван зуун дөчин зургаа/  төгрөгийг тус тус олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тrухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.МЯГМАРСҮРЭН

                                       ШҮҮГЧИД                                О.ОДОНЧИМЭГ                                                                                                                                                    Л.ХИШИГДЭЛГЭР